A

A

A

Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/187 дугаар тушаалын  хоёрдугаар хавсралт

 

 Хувийн туслах үйлчилгээнд тавигдах шалгуур

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа төлөвлөх, хэрэгжүүлэх болон холбогдох байгууллагаас үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээний зөвшөөрөл олгох, хяналт үнэлгээ хийх, магадлан итгэмжлэхэд энэ шалгуурыг ашиглана.

           

Хоёр.Үйлчилгээний төрөл

 

2.1.Хувийн туслах нь дараах үйлчилгээг үзүүлнэ.

                    2.1.1.олон нийт, нийгмийн харилцааны арга хэмжээний хүрээнд:

                  2.1.1.1.олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцоход нь хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээс хамааран биечлэн болон цахим хэлбэрээр дэмжлэг үзүүлэх;

                              2.1.1.2.дэлгүүр, худалдаа, банк зэрэг үйлчилгээний байгууллагаас үйлчилгээ авахад нь тусламж дэмжлэг үзүүлэх;

                            2.1.1.3.эрүүл мэндийн үйлчилгээ авах, эм тариаг эмчийн зааврын дагуу хэрэглэхэд нь туслахын дэмжлэг үзүүлэх;

                              2.1.1.4.хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх;

           2.1.2.мэдээллийн хүртээмжийн хүрээнд:

                              2.1.2.1.ном, сонин сэтгүүл уншиж өгөх, мэдээллийн хэрэгцээг хангах;

                              2.1.2.2.сонсголгүй иргэдэд үзүүлэх дохионы хэлний хэлмэрчийн дэмжлэг үзүүлэх;

                   2.1.3.ахуйн хүрээнд:

                              2.1.3.1.агаар салхинд гарах;

                              2.1.3.2.хоол цай хийх, хооллох;

2.1.3.3.усанд оруулах;

2.1.3.4.цагаан хэрэглэл, хувцсыг нь угааж индүүдэх, солих;

2.1.3.5.бие засахад туслах;

2.1.3.6.хэвтрийн өвчтөнийг сэлгүүлж хэвтүүлэх, ор дэвсгэрийг засч өгөх;

2.1.3.7.ус, түлш, хүнс бэлтгэх, цэвэрлэгээ хийх.

 

Гурав.Үйлчилгээ үзүүлэх байгууллага, иргэнд тавигдах шаардлага

                        3.1.Үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага дараах шаардлагыг хангасан байна.  

            3.1.1.нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас үйлчилгээ явуулах магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан байх;

                      3.1.2.үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ авагч хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн болон туршлагатай хүний нөөцтэй байх;

                        3.1.3.байгууллагын дотоод журам, үйл ажиллагааны төлөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх заавартай байх;

            3.1.4.сургалтын жишиг хөтөлбөрийг үндэслэн үйл ажиллагааны онцлогийг тусгасан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;

                        3.1.5.үйлчилгээ авагчийн санал хүсэлт, шаардлагыг хангах, эрэлт, хэрэгцээг үнэлэх аргачлал, үнэлгээний хуудастай байх;

            3.1.6.үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь үйлчилгээг хэрэгжүүлэх ажилтантай гэрээ байгуулсны үндсэн дээр үйлчилгээг үзүүлэх;

            3.1.7.үйлчилгээ авагч болон үйлчилгээ үзүүлэх ажилтны гэрийн хаяг, утасны дугаар болон дэлгэрэнгүй бүртгэлтэй байх;

            3.1.8.үйлчилгээ үзүүлэгчийг мэргэшүүлэх, чадавхижуулах зорилгоор эрх бүхий байгууллагын сургалтад жилд нэгээс доошгүй удаа хамруулсан байх;

            3.1.9.шашны номлол, улс төрийн үзэл, бодлогыг албадан тулгахгүй, аль нэгэн нам эвсэл, шашныг сурталчилсан нөхцөл байдал бүрдүүлэхгүй байх;

                       3.1.10.архи, мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг, гаж зуршилтай, халдварт өвчтэй хүн ажиллуулахгүй байх.

                 3.2.Үйлчилгээ үзүүлэх иргэнд тавигдах шаардлага

            3.2.1.үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ авагчийн хүсэл, сонирхол, хараат бус бие даасан байдал, сонголт, нэр төрийг нь хүндэтгэн үзэх, хувь хүний нууцыг хадгалах үүрэгтэй байна.

            3.2.2.үйлчилгээ үзүүлэгч нь ёс зүйн өндөр хариуцлага, хувийн ашиг сонирхолгүй  байна.

           3.2.3.үйлчилгээ үзүүлэгч нь хувийн туслах бэлтгэх сургалтад хамрагдаж ур чадвар эзэмшсэн байна.

                  3.2.4.үйлчилгээ үзүүлэгч нь хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, ажиллах арга зүйн ерөнхий мэдлэгтэй байна.

                     3.2.5.үйлчилгээ үзүүлэгч нь анхны тусламж үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрах туршлагатай байна.

                     3.2.6.хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллахад тулгарах эрсдэл, шинэ хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, шийдвэрлэх, даван туулах чадвартай байна.

                     3.2.7.хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохирсон харилцааны ур чадвартай байна. /сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнтэй харилцах дохионы хэлний харилцааны ур чадвар/.

                  3.2.8.үйлчилгээ үзүүлэгч нь гэрээний үндсэн дээр ажиллах бөгөөд байнгын болон цагийн ажилтан байж болно.

                        3.2.9.үйлчилгээ үзүүлэгч нь өдөрт нэг ба түүнээс дээш тооны хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлж болно.

           3.2.10.үйлчилгээ үзүүлэгчийн ажлын цагийн хуваарь нь уян хатан байх ба өдөрт 8 хүртэл цаг ажиллаж болно.

3.3.Үйлчилгээ нь дараах шаардлагыг хангасан байна.

                      3.3.1.үйлчилгээ авагчийн эрхийг дээдлэн, эрх тэгш, хүндэтгэлтэй хандаж, ялгаварлан гадуурхахгүй байх;       

          3.3.2.үйлчилгээ авагчтай тус шалгуурын 2.1 заасан үйлчилгээний төрлөөс зөвшилцсөний үндсэн дээр бие даан сонголтоо хийх боломжийг олгосон байх;

                      3.3.3.хүчирхийллийн аливаа хэлбэр, гадуурхал, үл хайхрах байдлаас ангид үйлчилгээг аюулгүй орчинд үзүүлдэг байх; 

                     3.3.4.үйлчилгээ нь чанартай, сэтгэлд нийцсэн тухайн үйлчилгээ авагчийн асуудлыг шийдвэрлэсэн байх;

           3.3.5.үйлчилгээ үзүүлэгч нь эрүүл мэндийн үзлэгт жилд 1 удаа хамрагдах ба халдварт өвчин, эмгэггүй, муу зуршилгүй байх.

 

Дөрөв.Үйлчилгээний хяналт, үнэлгээ

4.1.Үйлчилгээ авагчийн гарын үсгээр баталгаажсан үйлчилгээ үзүүлэгчийн харилцаа, хандлага, ур чадварын талаарх өдөр тутмын тэмдэглэл хөтөлсөн байна.

            4.2.Сургалтад хамрагдсан иргэдийн амьдралын чанарт гарсан өөрчлөлтийн талаар үнэлгээ хийж, баримт бичиг, мэдээллийг тайланд хавсаргасан байна.

4.3.Үйлчилгээ авагчийн амьдралын чанарт гарсан өөрчлөлт болон үйлчилгээний талаар үнэлгээ хийж, баримт бичиг, мэдээллийг тайланд хавсаргасан байна.

4.4.Байгалийн гамшиг болон онцгой байдлын үед ажиллах бэлэн байдлын төлөвлөгөөтэй, түүний дагуу ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

            4.5.Үйлчилгээг чанаргүй гүйцэтгэсэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хохироосон тохиолдолд сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэрээг зогсоох тухай эрх бүхий байгууллагад санал хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

            4.6.Энэхүү үйлчилгээний хэрэгжилтэд аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.

Тав.Бусад

 

5.1.Гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэн, хуулийн этгээд тайлан мэдээ, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тайлагнасан бол гэм буруутай этгээдийн гэрээг цуцлах болон хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

5.2.Үйлчилгээ үзүүлэгч нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл, тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасан тэтгэмжид давхар хамрагдахгүй аль нэг үйлчилгээг сонгоно.

 

 

 

 

__o0o__