A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх үйлчилгээнд тавигдах шалгуур
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/187 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

Зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх үйлчилгээнд тавигдах шалгуур

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хүнд тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу амьдралын итгэл, үнэмшил бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа төлөвлөх, хэрэгжүүлэх болон холбогдох байгууллагаас үйлчилгээний чанарыг сайжруулах, зөвшөөрөл олгох, магадлан итгэмжлэхэд энэ шалгуурыг ашиглана.

 

Хоёр.Үйлчилгээний чиглэл

2.1.Энэхүү үйлчилгээ нь үйлчилгээ авагчийн тулгамдсан асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд зөвлөгөө, туслалцаа үзүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг хуримтлуулах, хөгжин дэвших, харилцан итгэлцэлд суурилсан дадал, чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын үйл ажиллагаа юм.

2.2.Амьдралын итгэл үнэмшил бий болгох, бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулна. Үүнд:

          2.2.1.эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, өөдрөг хандлага ба амьдралыг үзэх үзэл, үнэлэмжээ дээшлүүлэх, харилцаа хандлага, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд өөрийгөө зөв илэрхийлж, бусадтай харилцах чадвар олгох сургалт;

          2.2.2.өдөр тутмын үйлдэл хийхэд шаардлагатай ахуйн болон тэргэнцэр, туслах хэрэгсэл зэргийг ашиглах сургалт;

                    2.2.3.өдөр тутмын харилцаанд орох дохионы хэлний анхан шатны сургалт;

                2.2.4.цагаан таяг эзэмшиж сурах болон хөдөлгөөн, орон зайн чиг баримжаа олгох сургалт;

2.3.Хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих сургалт зохион байгуулна. Үүнд:

           2.3.1.гар урлал, сүлжмэл эдлэл, модон эдлэл, бэлэг дурсгал, оёдол,  компьютерийн хэрэглээний болон цахим орчинд ажиллах анхан шатны мэдлэг, чадвар олгох сургалт;

           2.3.2.санхүүгийн болон бизнес эрхлэх суурь мэдлэг олгох, хуримтлал үүсгэх, өрхийн төсөв хөтөлж сурахад чиглэсэн сургалт;

           2.3.3.мэргэшсэн ур чадвартай хүний туршлага, мэдлэгийг хуваалцах уулзалт, ярилцлага зохион байгуулах;

2.4.Хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудал, бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр дараах зөвлөгөө, мэдээлэл өгнө. Үүнд:

                        2.4.1.нийгмийн үйлчилгээний төрлөөр зөвлөгөө өгөх үйлчилгээ;

                        2.4.2.эдийн засаг, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээ;

2.4.3.сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ;

2.4.4.хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ;

2.4.5.хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээ.

 

Гурав.Үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавих шаардлага

 

    3.1.Үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

3.1.1.нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас үйлчилгээ явуулах магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан байх;

3.1.2.өөрийн өмчийн болон түрээсийн байртай байх;

              3.1.3.байгууллагын дотоод журам, үйл ажиллагааны төлөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх заавартай байх;

3.1.4.мэргэжлийн боловсон хүчинтэй байх;

              3.1.5.ажилтан бүр ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолттой байх;

              3.1.6.байгууллагын зорилго, зорилт, бүтэц, ажилтны талаарх мэдээлэл болон сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээний нэр, төрлийг нээлттэй байршуулсан байх;

                  3.1.7.сургалтын жишиг хөтөлбөрийг үндэслэн үйл ажиллагааны онцлогийг тусгасан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;

              3.1.8.сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, дадлага хийх орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх;

                  3.1.9.үйлчилгээ авагчийн талаар түүний зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, нийтлэл тараахгүй байх;

                  3.1.10.байгууллагын нэр, холбоо барих утас, байршил, ажиллах цагийн хуваарь дэлгэрэнгүй байх;

                  3.1.11.үйлчилгээ авагчийн гэрийн хаяг, утасны дугаар болон дэлгэрэнгүй  бүртгэл, мэдээлэлтэй байх;

                  3.1.12.улс төрийн аль нэгэн нам эвсэл, шашныг сурталчилсан нөхцөл байдал бүрдүүлэхгүй байх;

                  3.1.13.архи, мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг, гаж зуршилтай, халдварт өвчтэй хүн ажиллуулахгүй байх.

 

Дөрөв.Үйлчилгээ үзүүлэх ажилтанд тавих шаардлага

 

4.1.Үйлчилгээ үзүүлэх ажилтан нь тухайн сургалт, зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшсэн байх;

4.2.Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

4.3.Үйлчилгээ авагчтай харилцан зөвшилцөж чаддаг, тэдний зан үйл, бэрхшээлийн хэлбэрт тохируулан тэднийг дэмжин сурган хүмүүжүүлэх ур чадварыг эзэмшсэн, харилцааны соёлтой байх;

4.5.Мэдээллийн технологийн ололт амжилтыг эрэлхийлэн, үйлчлүүлэгчдийн онцлог хэрэгцээнд тохируулан практикт хэрэгжүүлэх талаар бүтээлчээр сэтгэж ажилладаг байх;

4.6.Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнтэй харилцах дохионы хэлний харилцааны ур чадвартай байх;

4.7.Зөвлөн туслах, ойлгуулан таниулах, багаар ажиллах чадвартай байх;

4.8.Үйлчилгээ авагчийн өөрийнх нь давуу талыг мэдрүүлж, суралцах, өөрийгөө удирдах, хөгжүүлэх аргыг зааж сургах чадвартай байх;

4.9.Үйлчилгээ авагчийн мэдээлэл, үйлчилгээний үр дүн, өөрчлөлтийн талаар тэмдэглэл хөтөлсөн байх;

4.10.Мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиглэлээр эрх бүхий байгууллагын сургалтад жилд нэгээс доошгүй удаа хамрагдсан байх.

 

Тав.Үйлчилгээнд тавих шаардлага

 

5.1.Үйлчлүүлэгчийн эрхийг дээдлэн, хувийн шинж чанарыг хүндэтгэн үзэж, ялгаварлан гадуурхахгүй байх;

5.2.Үйлчилгээний зорилго, агуулга, арга зүй нь үйлчлүүлэгчдийн эрэлт, онцлог хэрэгцээг хангахад чиглэсэн, ажил, мэргэжлийн болон хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц агуулгатай байх;

5.3.Үйлчилгээ үзүүлэх анги танхим, техник, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн гэх мэт сургалтын орчныг бүрдүүлсэн байх;

5.4.Үйлчлүүлэгчдэд сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээний хөтөлбөр, аргачлал, холбогдох журмыг танилцуулах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, төлөвлөгөө боловсруулах, хэрхэн тусалж, зөвлөж болох талаар мэдээлэл өгч ажиллах;

5.5.Үйлчилгээнд хамрагдсан иргэдийн мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшилд гарч буй өөрчлөлтөд үнэлэлт, дүгнэлт өгөх;

5.6.Үйлчлүүлэгчдээс сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнд хамрагдахаас өмнө болон хамрагдсаны дараах мэдлэг чадварын түвшинг тогтоосон сорил, сэтгэл ханамжийн судалгаа авсан байх;

5.7.Үйлчлүүлэгчид үзүүлсэн үйлчилгээний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөх, холбогдох мэдлээллийг мэдээллийн санд нэгтгэн оруулах, тайлан мэдээ гаргах;

    5.8.Үйлчлүүлэгчийн санал хүсэлт, шаардлагыг хангах, эрэлт хэрэгцээг үнэлэх аргачлалтай байх;

5.9.Үйлчлүүлэгчид өгч буй зөвлөгөө нь үнэн зөв, бодитой, тухайн үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн байх;

5.10.Нийтлэг асуудлаар зөвлөгөө өгөх тохиолдолд бүлгийн зохион  байгуулалтад оруулж хамтаар нь зөвлөгөө өгч болох бөгөөд 20-иос илүүгүй хүн байх;

5.11.Хууль, журамд заагаагүй болон гэрээнд тусгагдаагүй ажил үйлчилгээг үзүүлэхгүй байх.

 

 

 

Зургаа.Ажлын байр, орчны эрүүл ахуйн шаардлага

 

 

6.1.Хот, сууринд байгаа бол төвийн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны  хангамжинд холбогдсон, цахим харилцаа холбоотой байх;

6.2.Сургалт зохион байгуулах өрөө нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байхаас гадна  шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж бүхий орчныг бүрдүүлсэн байх;

6.3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирсон хүртээмжтэй, ээлтэй орчныг бүрдүүлсэн байх;

6.4.Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байх;

6.5.Байгалийн гамшиг болон онцгой байдлын үед ажиллах яаралтай тусламжийн бэлэн байдлын төлөвлөгөөтэй, түүний дагуу ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

6.6. Галын аюулгүй байдлын самбар, гал унтраах хэрэгслээр хангагдсан байх.

 

Долоо.Үйлчилгээг үнэлэх

 

7.1.Үйлчилгээг дараах үзүүлэлтээр үнэлнэ.

              7.1.1.үйлчлүүлэгчдээс ирсэн өргөдөл, гомдол, түүнийг хэрхэн барагдуулсан талаарх бүртгэл, ирцийн тэмдэглэл;

          7.1.2.үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо, давтамж, сэтгэл ханамжийн судалгааны дүн, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт;

          7.1.3.сургалтад хамрагдсан иргэдийн амьдралын чанарт гарсан өөрчлөлтийн талаар үнэлгээ хийж, баримт бичиг, мэдээллийг тайланд хавсаргасан байна.

7.2.Энэхүү үйлчилгээний хэрэгжилтэд сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага болон хөндлөнгийн байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.

7.3.Үйлчилгээ үзүүлэгч нь тайлан мэдээ, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн болон тайлагнасан тохиолдолд гэрээг цуцлах, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

__o0o__