A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЦАХИМ ТООЦООЛЛЫН ПРОГРАММ  ХАНГАМЖИЙГ БАТАЛГААЖУУЛЖ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн

268 дугаар тушаалын хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЦАХИМ ТООЦООЛЛЫН ПРОГРАММ  ХАНГАМЖИЙГ БАТАЛГААЖУУЛЖ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэ журмыг барилгын үйл ажиллагаанд зураг төсөл төлөвлөлт, тооцоолол, удирдлага зохион байгуулалтын ажилд хэрэглэх программ хангамж /цаашид "программ хангамж" гэнэ/-ийг бүртгэх, баталгаажуулах, хэрэглэхэд мөрдөнө.

1.2. Программ хангамж зохиогч/эзэмшигч болон хэрэглэгч талуудын эрх ашгийг хамгаалах, инженерийн тооцооллын ажлын чанар, найдвартай байдал, техникийн түвшинг дээшлүүлэх, төсөв, тооцооны үр дүнг сайжруулах, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах замаар барилга байгууламжийн чанар, хяналт, хөрөнгө оруулалт, үр ашгийг нэмэгдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.3. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулагдаагүй ерөнхий зураглал, бичиг хэрэг, ерөнхий хэрэглээний зориулалттай программууд энэ журамд хамаарахгүй болно.

 

1.4.  Программ хангамжид сайжруулалт, өөрчлөлт, шинэчлэлт хийхэд энэхүү журмыг нэгэн адил мөрдлөгө болгоно.

 

1.5. Энэ журмаар бүртгэгдсэн болон баталгаажсан дотоод, гадаадын программ хангамжийг сонгон хэрэглэнэ.

 

Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт

 

2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

2.1.1. "Программ хангамж" гэж гадаад, дотоодын бүх төрлийн зураг төсөл төлөвлөлт, тооцоолол, удирдлага зохион байгуулалтын нээлттэй болон арилжааны программ хангамжийг;

 

2.1.2. "Эзэмшигч" гэж гадаадын программ хангамжийн албан ёсны гэрчилгээ /сертификат/ бүхий программ хангамжийг борлуулагчаас худалдан авагч этгээдийг;

 

2.1.3. "Зохиогч" гэж дотоодын программ хангамжийг хөгжүүлж, оюуны өмчийн гэрчилгээ /патент/-г авсан этгээдийг;

 

2.1.4. "Суурь бааз" гэж Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм, нормативын баримт бичгийн хүрээнд боловсруулагдсан өгөгдөл /database/, мэдээллийн цогцыг;

 

2.1.5. "Хэрэглэгч" гэж тухайн программ хангамжийг худалдан авсан эсвэл үйл ажиллагаандаа ашиглагч этгээдийг.

 

Гурав. Программ хангамжид тавигдах шаардлага

 

3.1.   Программ хангамж нь холбогдох стандарт, техникийн шаардлагуудыг хангасан байхаас гадна төсөв, тооцооны программ хангамжийн суурь өгөгдөл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм, нормативын баримт бичигт нийцсэн байна.  

 

3.2.   Барилга байгууламжийн инженерийн болон төсөв, тооцооны ажилд хэрэглэх программ хангамж нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

 

3.2.1. Гадаадад хөгжүүлсэн программ хангамж нь:

 

3.2.1.1. гэрчилгээ (сертификат)-тэй, нээлттэй программ хангамжийн хувьд зохиогчийн мэдэгдэл, лицензийн төрлийн талаар мэдээлэлтэй байх;

 

3.2.1.2. өгөгдөл бэлтгэх, түүнийг ажиллуулах, үр дүнгийн тооцооллыг хэрхэн хийх, хэрэглэх заавар /гарын авлага, видео хичээл гэх мэт/-тай байх;

 

3.2.1.3. гадаадын норм, дүрэм, стандартын дагуу зохиогдсон бол тухайн программ хангамжийн өгөгдлийн санг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм, нормативын баримт бичиг болон түүний шинэчлэл, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх, сайжруулах боломжтой байх;

 

3.2.2. Дотоодод хөгжүүлсэн программ хангамж нь:

 

3.2.2.1. зохиогчийн оюуны өмчийн гэрчилгээ (патент)-тэй байх;

 

3.2.2.2. өгөгдөл бэлтгэх, түүнийг ажиллуулах, үр дүнгийн тооцооллыг хэрхэн хийх, хэрэглэх заавар /гарын авлага, видео хичээл, хэрэглэгчийн туслах цэстэй гэх мэт/-тай байх;

 

3.2.2.3. программ хангамж нь зураг төсөл зохиогч, хэрэглэгч байгууллага, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй инженер, төсөвчин туршиж хэрэглэсэн 10-аас доошгүй ажлын үр дүнгийн дүгнэлт гаргуулсан байх. Төсвийн программ хангамжийн хувьд барилга байгууламжийн төрлөөр туршиж хэрэглэсэн дүгнэлтийг хийсэн тооцооны хамт ирүүлсэн байх;

 

3.2.2.4. суурь мэдээллийн санд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм, нормативын баримт бичгийн шинэчлэл, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх, сайжруулах боломжтой байх.

 

3.3. Дотоодын программ хангамжийн бүртгэл, баталгаажуулалтын хугацаа нь 5 хүртэл жил байх ба тухайн программд энэ журмын 5.1-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд бүртгэлийн хугацааг цуцална. Мөн энэхүү журмын 5.1-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд зохиогч/эзэмшигч нь барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

 

3.4. Гадаадын программ хангамжийн бүртгэлийн хугацаа нь лицензийн хугацаатай ижил байна.

 

3.5. Программ хангамжийг зохиогч/эзэмшигч нь тухайн программ хангамжийг баталгаажуулах, сунгах, бүртгүүлэхтэй холбогдох зардлыг хариуцна.

 

Дөрөв. Программ хангамжийг бүртгэж, баталгаажуулах

 

4.1. Программ хангамжийг бүртгэх, баталгаажуулах ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.

 

4.2.   Программ хангамж бүртгүүлэх хүсэлтийг арилжааны программ хангамжийн хувьд зохиогч/эзэмшигч нь, нээлттэй программ хангамжийн хувьд хэрэглэгч гаргах бөгөөд хүсэлтэд энэ журмын 3.2-т зааснаас гадна дор дурдсан материалын хавсарган барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Үүнд:

 

         4.2.1. программ хангамжийг бүртгүүлэх хүсэлт;

 

         4.2.2. танилцуулга;

 

4.2.3. арилжааны программ хангамжийн хувьд зохиогчийн оюуны өмчийн гэрчилгээ (патент);

 

4.2.4. иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь үндсэн мэдээлэл /гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар/-тэй холбоотой нотлох баримт;

 

4.2.5. арилжааны программ хангамжийн хувьд итгэмжлэгдсэн худалдагчаас авсан албан ёсны баримт бичиг (сертификат, төлбөр төлсөн баримт);

 

  4.2.6. дотоодын программ хангамжийн хувьд энэ журмын 3.2.2.3-т заасан дүгнэлт.

 

4.3. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 4.2-т заасны дагуу ирүүлсэн материалын бүрдлийг хянаж, холбогдох орон тооны бус мэргэжлийн зөвлөлд ажлын 10 хоногт багтаан хүргүүлнэ.

 

4.4. Тухайн чиглэлийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь энэхүү журмын 4.2-т заасан материалыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн зөвлөлүүдтэй хамтран хуралдаж болно.

 

4.5. Нэмэлт тодруулга шаардлагатай гэж үзэж ажлын хэсэг томилж ажиллуулсан тохиолдолд энэ журмын 4.4-т заасан хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно.

 

4.6.  Тухайн чиглэлийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь программ хангамжид тохирох тооцоо, харьцуулалтыг хэрэглэнэ.

 

4.7.  Хүсэлт гаргагч /иргэн, аж ахуйн нэгж/ нь тухайн чиглэлийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлд уг программ хангамжийг танилцуулах бөгөөд зөвлөлөөс шаардсан нэмэлт мэдээлэл, материалыг тогтоосон хугацаанд гаргаж өгнө.

 

4.8. Зөвлөл нь программ хангамжийг бүртгүүлэхээр ирүүлсэн материалыг доорх байдлаар магадлан шалгаж программ хангамжийг бүртгэх болон бүртгэх боломжгүй талаарх зөвлөмжийг гаргана. Зөвлөмжид доорх үндэслэлийг тусгасан байна.

 

4.8.1. программ хангамж нь барилгын үндэсний норм, нормативын баримт бичигтэй нийцсэн эсэх;

 

4.8.2. программ хангамж нь гадаадын болон манай улсын норм, нормативын баримт бичгийн шаардлага хангасан эсэх;

 

4.8.3. төсөв, үнэ бүрдлийн программ хангамжийн мэдээллийн сан нь суурь нормуудтай тохирч байгаа эсэхийг хянан үзнэ.

 

4.9. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн зөвлөмж /хурлын тэмдэглэл/-ийг холбогдох материалын хамт барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 10 хоногийн дотор хүргүүлнэ. 

 

4.10. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гаргасан зөвлөмжийг үндэслэн цахим мэдээллийн санд тухайн программ хангамжийн мэдээллийг /нэгдүгээр хавсралт/ байршуулах ба энэ журмын хоёрдугаар хавсралтад заасан агуулга бүхий гэрчилгээ олгоно.

 

4.11. Бүртгэхээс татгалзсан бол холбогдох материалыг хүсэлт гаргагчид буцаана.

 

Тав. Программ хангамжийн бүртгэлийг цуцлах

 

5.1.   Программ хангамжийг дараах тохиолдолд хүчингүйд тооцож, бүртгэлийг цуцална. Үүнд:

 

5.1.1. Программ хангамжийг зохиогч, үйлдвэрлэгч уг программ хангамжийг цаашид хэрэглэхээс татгалзсан талаар мэдэгдсэн;

 

5.1.2. Холбогдох барилгын норм, нормативын баримт бичиг болон программ хангамжийн өгөгдөл бааз суурь өөрчлөгдсөн;

 

5.1.3. Гэрчилгээнд бичигдсэн үзүүлэлт, хэрэглэгдэх хүрээг өөрчлөх шаардлагатай болсон.

 

            5.2. Энэ журмын 5.1.2, 5.1.3-д заасан асуудлаар гаргасан хүсэлт, мэргэжлийн байгууллагын саналыг мөн журмын 4-р зүйлд заасан журмаар шийдвэрлэж, зөвлөмжийн дагуу зохих төлөвийн өөрчлөлтийг цахимд оруулна.

 

5.2.  Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн программ хангамжийн бүртгэлийн хугацаа дууссаныг программ хангамж эзэмшигч/зохиогчид сануулах бөгөөд цахим санд түдгэлзүүлсэн төлөвтэйгөөр /30 хоногийн хугацаанд/ байршуулж, тус хугацаанд сунгалт хийлгээгүй бол хүчингүй болсныг нийтэд мэдээлнэ.

 

Зургаа. Бусад

 

6.1.  Программ хангамж хэрэглэх, бүртгэх, сунгах ажиллагаатай холбогдсон санал, гомдлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

 

6.2. Программ хангамж хүчингүй болох нөхцөл үүссэн бол мэргэжлийн зөвлөлөөр хянагдах бөгөөд зөвлөл "төлөв" өөрчлөгдөх шаардлагатай гэж үзвэл барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.

 

6.3.  Программ хангамж хэрэглэгч нь барилгын инженерийн болон төсвийн тооцоог ажлын зураг төсөл, техникийн шаардлагыг үндэслэн үнэн зөв гүйцэтгэж, үр дүнг хариуцна.

 

6.4. Программ хангамжийг бүртгүүлээгүй, баталгаажуулаагүйгээр барилгын үйл ажиллагаанд ашигласан тохиолдолд зохиогч/эзэмшигчид Зөрчлийн тухай хууль болон холбогдох хуульд заасан хариуцлага ноогдуулна.

 

 

---------------- о О о -----------------

 

 

 

Журмын нэгдүгээр хавсралт

 

Цахим системд байрших мэдээллийн самбарын загвар

Д/д

Программ хангамжийн нэр

Хувилбар

Программын зориулалт

Хүчинтэй хугацаа

Нийтэд мэдээлсэн огноо

Төлөв

1.

...

...

....

...

...

...

2.

...

...

....

...

...

...

...

 

 

 

 

 

 

 

 









Журмын хоёрдугаар хавсралт /Загвар/




МОНГОЛ УЛС

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


 






ГЭРЧИЛГЭЭ

Бүртгэлийн дугаар .../...


Олгосон огноо: .... он .... сар .... өдөр

Эзэмшигч/ Зохиогч/Бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр: ...........................................

Программ хангамжийн нэр: ..................................................................................

Хүчинтэй хугацаа: ..................................................................................................

Барилгын салбарын норм дүрмийн баримт бичгийн шаардлага хангасан:

............................................................................................................................................ ............................................................................................................................................

Эзэмшигч/ Зохиогчийн хаяг: ............................................................................................

Барилгын салбарын орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн нэр/ дүгнэлтийн огноо:

............................................................................................................................................

............................................................................................................................................

Зөвшөөрсөн:                                                                        Хянасан:

БХБЯ-ны холбогдох нэгжийн дарга                              Холбогдох орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн дарга

______________________                                              _______________________

        /Албан тушаал/                                                                   /Албан тушаал/            

_____________________                                                _______________________

          /Гарын үсэг/                                                                        /Гарын үсэг/      

_____________________                                             _______________________       

   /Гарын үсгийн тайлал/                                                        /Гарын үсгийн тайлал/       

  

УЛААНБААТАР ХОТ