A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 394

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрөөс хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх дэмжлэгийг хүртээмжтэй, үр дүнтэй үзүүлэх, зах зээлийн бодит эрэлт, хэрэгцээнд тулгуурласан ашигт ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсугай.

2. "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг тогтоосугай.

3. "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

4. "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 80 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-ын 2.10 дахь заалтын "Биокомбинат" гэсний дараа "ХХК, Хөдөө аж ахуйн корпораци" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН