- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ХӨДӨӨ АЖ АХУЙН КОРПОРАЦИ" ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2021 оны 394 дүгээр
тогтоолын хавсралт
"ХӨДӨӨ АЖ АХУЙН КОРПОРАЦИ" ТӨРИЙН ӨМЧИТ
ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ
КОМПАНИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрэм нь (цаашид "Дүрэм" гэх) "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, чиглэл, удирдлагын бүтэц, тэдгээрийн эрх, үүргийг тодорхойлсон эрх зүйн үндсэн баримт бичиг мөн.
1.2."Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (цаашид "компани" гэх) нь Компанийн тухай хууль, Иргэний хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Инновацийн тухай хууль, Тариалангийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэр, энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
1.3.Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, банкинд харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг хүлээдэг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, санхүүгийн тайлан гаргадаг, ашгийн төлөө хуулийн этгээд мөн.
1.4.Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосон хуулийн этгээд байна.
Хоёр.Компанийн оноосон нэр, байршил
2.1.Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд 1 (нэг) хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна.
2.2.Компанийн оноосон нэр нь "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, товчилсон нэр нь "ХААК" ТӨХХК болно.
2.3.Компанийн байршил нь түүний ерөнхий захиргаа оршин байгаа газраар буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлогдоно. Компанийн албан ёсны хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг III хороо, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэрлэлийн баруун бүс, "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК.
2.4.Хаягийн өөрчлөлтийг компанийн гүйцэтгэх удирдлага тухай бүр Улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Гурав.Компанийн бэлгэдэл, тамга, тэмдэг
3.1.Компани нь өөрийн бэлгэдэл (эмблем)-тэй байхаас гадна хууль тогтоомжид заасны дагуу албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тамга, тэмдэг хэрэглэнэ.
3.2.Компанийн бэлгэдэл, албан бичгийн хэвлэмэл хуудасны загварыг Төлөөлөн удирдах зөвлөл баталж, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байх бөгөөд тэдгээрийг хэрэглэх эрхийг зөвхөн компани эдэлнэ.
3.3.Компанийн тамга, тэмдгийг компанийн гүйцэтгэх удирдлага, эсхүл түүнээс итгэмжлэн хариуцуулсан ажилтан түшнэ.
Дөрөв.Компанийн үйл ажиллагааны зарчим
4.1.Компани ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэн, хувьцаа эзэмшигчийн үр өгөөжийг тогтвортой хангаж, компанийн үнэ цэнийг өсгөхийг эрмэлзэнэ.
4.2. Компанийн үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хариуцлагатай, улс төрөөс ангид байна.
4.3.Компани хөрөнгө оруулалт, хөрөнгийн удирдлагын талаар аливаа шийдвэр гаргахдаа тухайн хөрөнгө оруулалтын эдийн засаг, санхүүгийн үр өгөөж, тооцоо, судалгаанд суурилсан байна.
4.4.Компани олон улсын стандартад нийцсэн эрсдэлийн удирдлага болон эрсдэлээс сэргийлэх арга хэрэгсэлтэй байна.
Тав.Компанийн үндсэн зорилт, үйл ажиллагааны чиглэл,
үйл ажиллагаа явуулах хугацаа
5.1.Компанийн үндсэн зорилт нь хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, дэмжлэгийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх ажил, үйлчилгээг зохион байгуулахад оршино.
5.2.Компани нь дор дурдсан үндсэн чиглэлийн үйл ажиллагааг эрхэлнэ:
5.2.1.таримал ургамлын сорт сорих, үр үржүүлэх;
5.2.2.хүнсний болон үрийн улаанбуудай, тэжээлийн ургамлын үрийн нөөц бүрдүүлэх;
5.2.3.уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, үрийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх;
5.2.4.хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, техник, тоног төхөөрөмж, хүлэмж, усалгааны багаж, хэрэгсэл, таримлын үр, суулгац, эрдэс болон органик бордоо, түлш, шатах тослох материал, ургамал хамгааллын бодисыг дотоодын үйлдвэрээс хангах, дотоодод үйлдвэрлэдэггүй бараа, материалыг импортоор нийлүүлэх, борлуулах;
5.2.5.мал аж ахуйн болон хадлан, тэжээл, судалгаа, шинжилгээ, лабораторийн техник, тоног төхөөрөмж, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, борлуулах;
5.2.6.хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх;
5.2.7.зах зээлийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөдөө аж ахуйн дэмжлэгийн бодлогыг харилцан үр ашигтай байхаар хэрэгжүүлэх;
5.2.8.үйл ажиллагааны борлуулалтын орлогоос болон авлага барагдуулах замаар хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх;
5.2.9.орлого нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хуулиар хориглоогүй бизнесийн үйл ажиллагаа явуулах;
5.2.10.үр ашигтай хөшүүргийн бодлого хэрэгжүүлэн авлага, барагдуулалтыг нэмэгдүүлэх, байгууллагын санхүүгийн чадавхыг дээшлүүлэх;
5.2.11.үйлдвэрлэлийн менежментийг сайжруулан элеватор, агуулахын ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, шаардлагатай засварууд, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж, улаанбуудай, малын тэжээлийн хадгалалтын нөхцөлийг сайжруулах;
5.2.12.дэд бүтцийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
5.2.13.хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх;
5.2.14.хөдөө аж ахуйн техникийн болон элеватор, агуулахын түрээсийн үйлчилгээг хөгжүүлэх;
5.2.15.инноваци, шинэ технологи нэвтрүүлэх;
5.2.16.зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
5.3.Орлого нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хуулиар хориглоогүй бизнесийн үйл ажиллагаа явуулах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргана.
5.4.Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулахдаа эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авч, Улсын бүртгэлд бүртгүүлсний дараа тухайн үйл ажиллагааг эрхэлнэ.
5.5.Хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд компани нь үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулна.
5.6.Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах үйл ажиллагааг Иргэний хууль болон бусад холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.
Зургаа.Компанийн өөрийн хөрөнгө, хувьцаа, салбар
6.1.Компани нь хувьцаа гаргаж болох ба энэ тухай шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргана.
6.2.Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бусад үнэт цаас гаргаж болно.
6.3.Хувьцаа нэмж гаргах замаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж болно.
6.4.Компанийн хувьцаа нь хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд компанийн аливаа эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.
6.5.Компани нь салбар, төлөөлөгчийн газартай байж болно:
6.5.1.Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулна;
6.5.2.Салбар, төлөөлөгчийн газар нь түүнийг байгуулсан компаниас баталсан орлогын төлөвлөгөөний дагуу орлого төвлөрүүлэх үүргийг хүлээнэ;
6.5.3.Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна;
6.5.4.Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь албан бланк, дардасыг гүйцэтгэх удирдлагаас баталсан журмын хүрээнд ашиглана.
Долоо.Компанийн удирдлага
7.1.Компанийн удирдлага нь дараахь бүтэцтэй байна:
7.1.1.Хувьцаа эзэмшигчдийн хурал;
7.1.2.Төлөөлөн удирдах зөвлөл;
7.1.3.Гүйцэтгэх удирдлага.
Найм.Хувьцаа эзэмшигчдийн хурал
8.1.Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг Засгийн газар, түүнээс эрх олгосноор Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ.
8.2.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 4 (дөрвөн) сарын дотор хуралдуулна.
8.3.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дор дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
8.3.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх, тэдний цалин, урамшууллын хэмжээг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
8.3.2.компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах;
8.3.3.компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгөх;
8.3.4.компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
8.3.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн жилийн ажлын тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
8.3.6.Компанийн тухай хууль болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэхээр оруулсан бусад асуудал.
8.4.Хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд хэлэлцсэн асуудал, хурлын явцын талаар тэмдэглэл хөтөлнө.
Ес.Төлөөлөн удирдах зөвлөл
9.1.Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна.
9.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 (есөн) гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.
9.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх асуудлыг Компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
9.4.Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.4.1.Хувьцаа эзэмшигчдийн хурлаас өгсөн чиглэлийн дагуу баталсан үйл ажиллагааны төсөвт үндэслэн компанийн бизнес төлөвлөгөө, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлах;
9.4.2.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
9.4.3.компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах;
9.4.4.үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлах;
9.4.5.компанийн гаргасан хувьцаа, бусад үнэт цаасыг худалдан авах буюу эргүүлэн авах шийдвэр гаргах;
9.4.6.компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;
9.4.7.компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох цалин, шагнал, урамшуулал, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх, хариуцлагын хэмжээг тогтоох, гэрээ байгуулах;
9.4.8.аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох, компанийн тайлан, тэнцэлд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргах;
9.4.9.компаниас хуваарилах ногдол ашгийн хэмжээ болон түүнийг төлөх журам, хугацааг тодорхойлох;
9.4.10.Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны болон компанийн засаглалын дотоод журмыг батлах;
9.4.11.компанийн салбар болон төлөөлөгчийн газар байгуулах;
9.4.12.хууль тогтоомжийн дагуу их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох;
9.4.13.компанийг өөрчлөн байгуулах талаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн төслийг бэлтгэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
9.4.14.Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй бусад асуудлыг шийдвэрлэх;
9.4.15.компанийн үйл ажиллагаа, тухайн жилийн үйл ажиллагааны төсөв болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэх;
9.4.16.компанийн шинээр худалдаж авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгөтэй холбогдох асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргах;
9.4.17.өр авлага барагдуулах талаар чиглэл өгөх, эргэн төлөлтийг бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр барагдуулах талаар хэлэлцэх.
9.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл нь хуралдаан байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.
9.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг Төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар сонгоно.
9.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих үүргийг хүлээнэ.
9.8.Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан тогтоол, тэмдэглэлд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж, компанийн тэмдгийг дарснаар хүчин төгөлдөр болно.
9.9.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын томилсон, эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлийн томилсон гишүүн гүйцэтгэнэ.
9.10.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
9.11.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлах, хуралдуулах, хурал хүчинтэй байх, гишүүдийн хуралд оролцох, асуудлыг хэлэлцэх, хурлын дэгийг тогтоох, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын эрх болон бусад холбогдох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмаар зохицуулна.
9.12.Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас томилно. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу ажиллах бөгөөд шаардлагатай бол нэмэлт үүргийг Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгаж болно.
9.13.Төлөөлөн удирдах зөвлөл нь жилд нэгээс доошгүй удаа Хувьцаа эзэмшигчдийн хуралд ажлаа тайлагнана.
9.14.Төлөөлөн удирдах зөвлөл нь үйл ажиллагаандаа Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрийг удирдлага болгоно.
9.15.Энэ дүрмээр болон хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхээр тогтоогоогүй Төлөөлөн удирдах зөвлөл, түүний үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг Компанийн тухай хуульд заасан бүрэн эрхийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
Арав.Гүйцэтгэх удирдлага
10.1.Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Гүйцэтгэх удирдлага нь компанийн Гүйцэтгэх захирал байна.
10.2.Гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө.
10.3.Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна. Гэрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж түүний дарга гарын үсэг зурна. Гэрээнд Гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.
10.4.Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
10.5.Гүйцэтгэх захирал нь дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, салбарын эрхлэгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөнө.
10.6.Гүйцэтгэх захирал нь дараахь шалгуурыг хангасан байна:
10.6.1.магистр болон түүнээс дээш зэрэгтэй, төрийн албаны удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажиллаж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, агрономич, хөдөө аж ахуйн техникийн инженер эсхүл эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
10.6.2.зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
10.6.3.ял шийтгэлгүй байх;
10.6.4.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх.
10.7.Гүйцэтгэх захирлын дэргэд өдөр тутмын болон шуурхай ажиллагааны талаар Гүйцэтгэх захиралд зөвлөх эрх бүхий Захирлын зөвлөл ажиллана. Захирлын зөвлөлийн ажиллах журмыг Гүйцэтгэх захирал батална.
10.8.Гүйцэтгэх захирал дор дурдсан үүрэг хүлээж, эрх эдэлнэ:
10.8.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө компанийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнан дүгнүүлэх;
10.8.2.компанийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тэнцлийг хуульд заасан хугацаанд гаргаж, холбогдох этгээдэд тайлагнаж мэдээлэх, түүний үнэн зөвийг хариуцах;
10.8.3.компанийн үйл ажиллагаа, тухайн жилийн үйл ажиллагааны төсөв болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулах;
10.8.4.компанийн бизнесийн төлөвлөгөөний төслийг батлагдсан төсөв болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үндэслэн боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулах;
10.8.5.энэ дүрэм болон холбогдох хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, стандарт, норм, норматив, компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах;
10.8.6.гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, удирдаж буй компанийн санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах;
10.8.7.компанийн эрх ашгийг дээдлэн, мэргэжил, ажлын дадлага, туршлагаа бүрэн дайчлан компанийг удирдах;
10.8.8.Гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлэх явцад олж авсан мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлоор ашиглахгүй байх;
10.8.9.Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилтныг томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх, ажлын байрны тодорхойлолт, тарифт мэргэжлийн лавлахыг баталж, мөрдүүлэх;
10.8.10.компанийн шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгийн асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
10.8.11.компанийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргах, биелэлтийг хангах;
10.8.12.ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах;
10.8.13.Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийн дагуу зарим эрх, үүргээ итгэмжлэлийн үндсэн дээр компанийн холбогдох эрх бүхий албан тушаалтанд шилжүүлж болно. Ийнхүү эрхээ итгэмжлэн шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Арван нэг.Компанийн эрх бүхий албан тушаалтан
11.1.Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирал, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, салбарын эрхлэгч, хэлтсийн дарга нарыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.
11.2.Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хууль болон бусад хууль, дүрэм, журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана.
11.3.Компанийн эрх бүхий албан тушаалтан Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан үүрэг, хариуцлага хүлээнэ.
Арван хоёр.Компанийн хяналтын тогтолцоо
12.1.Компанийн хяналтын тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна:
12.1.1.Өмчлөгчийн хяналт;
12.1.2.дотоод хяналт;
12.1.3.хөндлөнгийн аудит.
12.2.Өмчлөгчийн хяналтыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын хороо хэрэгжүүлнэ.
12.3.Аудитын хороо 3 гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг Төлөөлөн удирдах зөвлөл томилно.
12.4.Аудитын хорооны дарга нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн байна.
12.5.Компанийн Аудитын хорооны ажиллах журмыг Төлөөлөн удирдах зөвлөл, Дотоод хяналтын журмыг компанийн гүйцэтгэх удирдлага тус тус батална.
12.6.Аудитын хороо нь дараахь чиглэлээр дүгнэлт гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна:
12.6.1.компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэх, дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн бусад мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавих;
12.6.2.шаардлагатай тохиолдолд дотоод хяналтын багийг томилох, ажлын төлөвлөгөөг батлах;
12.6.3.их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт гаргах;
12.6.4.компанийн дүрэмд заасан болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.
12.7.Аудитын хороо нь компанийн дүрэм, Хувьцаа эзэмшигчийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, компанийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гарган, үйл ажиллагаагаа Хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлагнана.
12.8.Аудитын хороо нь компанийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгахдаа энэ дүрэм болон холбогдох хуулиар олгогдсон эрхийг эдэлнэ.
12.9.Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих дотоод хяналтыг Гүйцэтгэх захирлын томилсон дотоод хянан шалгагч хэрэгжүүлнэ.
12.10.Дотоод хянан шалгагч нь компанийн үйл ажиллагаанд өдөр тутмын хяналтыг тавьж, гүйцэтгэл нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, энэ дүрэм, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд нийцэж байгаа эсэхийг хангаж ажиллана.
12.11.Дотоод хянан шалгагч нь шалгалтаар илэрсэн алдаа, зөрчил, дутагдлыг арилгах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн зөвлөмжийг Гүйцэтгэх захиралд танилцуулна.
12.12.Компанийн хөндлөнгийн аудитыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгосон мэргэшсэн аудитын байгууллагаар хийлгэнэ.
12.13.Хөндлөнгийн аудитын тайланг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дүгнэлт гаргана.
Арван гурав.Их хэмжээний болон сонирхлын
зөрчилтэй хэлцэл
13.1.Их хэмжээний хэлцэл гэж тухайн хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцлийг хэлэх бөгөөд түүнийг Компанийн тухай хуулийн 87, 88 дугаар зүйлд заасны дагуу хийнэ.
13.2.Сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж эрх бүхий албан тушаалтан болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдийн компанитай хийж байгаа аливаа хэлцлийг хэлэх бөгөөд түүнийг Компанийн тухай хуулийн 89, 91, 92 дугаар зүйлд заасан журмын дагуу хийнэ.
13.3.Компани нь тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн энэ дүрмийн 12.1, 12.2-т заасан хэлцлийн талаарх мэдээллийг нийтэд (компани нь өөрийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан хэвлэл мэдээллийн хэрэгслээр) мэдээлэх үүрэгтэй.
Арван дөрөв.Компанийн нягтлан бодох
бүртгэл, тайлан
14.1.Компани нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн, санхүүгийн тайлан гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна. Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг компанийн Гүйцэтгэх захирал хариуцна.
14.2.Компанийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлнө.
14.3.Компани нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй байна.
14.4.Компанийн санхүүгийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусна.
Арван тав.Компанийн санхүүгийн болон
үйл ажиллагааны тайлан
15.1.Компани Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт заасны дагуу анхан шатны нягтлан бодох бүртгэл хөтөлж улирал, жилийн санхүүгийн тайлан гаргана.
15.2.Компани санхүүгийн тайлангаа шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаандаа бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудиторыг томилон ажиллуулж болно.
15.3.Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн санхүүгийн болон жилийн үйл ажиллагааны тайланг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ.
Арван зургаа.Компанийн баримт бичгийн хадгалалт
16.1.Компани нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу баримт бичгийг хадгалах үүрэгтэй.
16.2.Компани нь баримт бичгийг удирдлагын байрлаж байгаа газар буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн газарт хадгална.
16.3.Компани нь өөрийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг өөрийн архивд хадгална. Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтын дагуу баримт бичгийг хадгалах бөгөөд хугацаа дууссаны дараа улсын архивд шилжүүлнэ.
16.4.Компанийн талаарх мэдээлэл, компанийн нэгдмэл сонирхолтой этгээд болон тэдгээртэй холбогдох мэдээлэл авах асуудлыг Компанийн тухай хуулийн 98, 99 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.
Арван долоо.Компанийг өөрчлөн байгуулах,
татан буулгах
17.1.Компанийг Иргэний хууль, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгана.
17.2.Татан буулгах комисс томилогдсоноор компанийн Гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болж, эрх нь татан буулгах комисст шилжинэ.
Арван найм.Бусад
18.1.Энэ дүрэмд тусгагдаагүй асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
18.2.Энэ дүрэм болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
18.3.Энэ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нэмэлт, өөрчлөлт нь энэ дүрмийн 18.2-т заасан байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
---о0о---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх