- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 14
Улаанбаатар хот
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 6, 14 дэх заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Засгийн газрын тохируулагч агентлаг-Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгасугай.
2. Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам шинээр байгуулагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай:
2.1. татан буугдсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын байр, эд хөрөнгө, архив, албан хэргийн материал, албан хаагчдыг орон тооны хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, Үндэсний хөгжлийн газрын байр, эд хөрөнгө, архив, албан хэргийн материал, албан хаагчдыг орон тооны хамт Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус шилжүүлэх;
2.2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяанд шилжүүлж, дүрмийг шинэчлэн батлуулах;
2.3. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зохих удирдлагыг хууль тогтоомжийн дагуу томилуулж, яамдын үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг зохион байгуулах.
3. Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудалд өөрчлөлт орсонтой холбогдуулан чөлөөт бүсийн хөгжил, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хөгжлийн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал, улсын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, макро эдийн засгийн судалгаа, төлөвлөлт, зээл тусламжийн нэгдсэн бодлогод хамаарах чиг үүргийг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлж, холбогдох баримт, материалыг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцэд тус тус өөрчлөлт оруулах санал боловсруулж батлуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
