A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 13 дугаар

   тогтоолын хавсралт                          

 

 

 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН

БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Оршил

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь  Монгол Улсын Засгийн газар (цаашид "Засгийн газар" гэх), Цахим хөгжил, харилцаа холбооны сайд (цаашид "сайд"   гэх)-ын эрхлэх асуудлын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологи, радио давтамж, сансар, өргөн нэвтрүүлэг, шуудан, цахим засаглал, нийтийн мэдээллийн дэд бүтэц, кибер аюулгүй байдал, цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаарх бодлого, зохицуулалт, салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвор суурьшилтай ажиллуулах, салбарын инновацийг хөгжүүлэх  талаарх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын стратеги, бодлого, төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, эрсдэлд суурилсан салбарын хяналтыг хэрэгжүүлэх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино. (Засгийн газрын 2023 оны 91 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

 

1.2.Үндэслэл

 

Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 1996 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэтгэлийн талаар баримтлах бодлого", Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсруулав.

 

1.3.Хууль, эрх зүйн орчин

 

1.3.1.Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

 

-Монгол Улсын Үндсэн хууль;

 

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

 

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

 

-Төрийн албаны тухай хууль;

 

-Төсвийн тухай хууль;

 

-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;

 

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль;

 

-Захиргааны ерөнхий хууль;

 

-Хөдөлмөрийн тухай хууль;

 

-Шилэн дансны тухай хууль;

 

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;

 

-Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль;

 

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;

 

-Олон улсын гэрээний тухай хууль;

 

-Харилцаа холбооны тухай хууль;

 

-Шуудангийн тухай хууль;

 

-Радио долгионы тухай хууль;

 

-Цахим гарын үсгийн тухай хууль;

 

-Өргөн нэвтрүүлгийн тухай хууль;

 

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль;

 

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль;

 

-Кибер аюулгүй байдлын тухай хууль;

 

-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;
 

 -Төрийн хяналт шалгалтын тухай хууль; (Засгийн газрын 2023 оны 91 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)


-Зөрчлийн тухай хууль; (Засгийн газрын 2023 оны 91 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)


-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль; (Засгийн газрын 2023 оны 91 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)  

        
-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль; 
(Засгийн газрын 2023 оны 91 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
 

-Бусад холбогдох хууль тогтоомж.

 

1.4.Арга зүй

 

Хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэтгэлийн талаар баримтлах бодлого"-ыг баримтлан хуульд заасан Сайдын эрхлэх асуудлыг хүрээнд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн төрийн захиргааны шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, байгууллагын өөрчлөлт болон бусад төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт харьцуулалт хийх замаар яамны үйл ажиллагааны мөн чанар, тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, стратегийн зорилт болон зохион байгуулалтын нэгжүүдийн чиг үүргийг тодорхойлов.

 

1.5.Яамны үүрэг, хариуцлагын хуваарь

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яам эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг, хариуцлага хүлээж, Сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. (Засгийн газрын 2023 оны 91 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

 

1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тодорхойлоход чухал ач холбогдолтойг харгалзан энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг хамруулав.

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны стратегийн удирдлага,

зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар (танхим) болно. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэнэ.

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

Хоёр.Яамны үйл ажиллагааны стратеги
 

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

 

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх асуудал (харилцаа холбоо, мэдээллийн технологи, радио давтамж, сансар, өргөн нэвтрүүлэг, шуудан, цахим засаглал, нийтийн мэдээллийн дэд бүтэц, кибер аюулгүй байдал, цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаарх бодлого, зохицуулалт, салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэн мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, салбарын инновацийг хөгжүүлэх)-ийн хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино. (Засгийн газрын 2023 оны 91 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

 

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

 

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

 

2.2.1.харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансар, өргөн нэвтрүүлэг, шуудан, радио давтамж, бүх нийтийн үйлчилгээний үүргийн бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

 

2.2.2.эдийн засаг, нийгмийн харилцааны өсөн нэмэгдэж байгаа мэдээлэл, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангахуйц харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь дэд бүтцийн бэлэн байдлыг хангах;

 2.2.3.кибер орчинд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэн, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах;

 2.2.4.технологи, инновацид суурилсан цахим засаглалыг хөгжүүлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртал, шат дамжлагыг бууруулах, иргэн төвтэй төрийн удирдлагын дэвшилтэт тогтолцоог бүрдүүлэх;

 2.2.5.нийгэм, эдийн засгийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн инновацийг нэвтрүүлж, бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх;

 2.2.6.харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нутагшуулах, программ хангамж, тоон контент, электроникийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах замаар дижитал эдийн засгийг хөгжүүлэх;

 2.2.7.харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах;

 2.2.8.мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвор суурьшилтай ажиллуулахыг дэмжих, бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэн, тоон хуваагдлыг бууруулах, иргэдийн мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх.

 

2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

 

Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлнэ.

 

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

 

Яам нь үйл ажиллагааны эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

2.4.1.харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан, өргөн нэвтрүүлэг, радио давтамж, сансрын технологи, кибер аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, урт болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулах, шаардагдах судалгаа шинжилгээ хийх, хөгжлийн бодлогын уялдааг хангах, бодлогын удирдамжаар хангах; 

 2.4.2.мэдээллийн технологи, цахим засаглал болон нийтийн мэдээллийн дэд бүтэц, инновац, үйлдвэрлэлийг хөгжүүлэхтэй холбоотой хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 2.4.3.харилцаа холбоо, радио давтамж, хиймэл дагуул, шуудан, өргөн нэвтрүүлэг, сансрын технологийн орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нутагшуулах, төсөл хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 2.4.4.кибер аюулгүй байдлыг хангах асуудлыг нэгдсэн бодлого төлөвлөлтөөр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах;

 2.4.5.хүний нөөцийн удирдлагын шилдэг арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар яамны аппаратыг цомхон, чадварлаг болгон өөрчлөн хөгжүүлэх, сайдын эрхлэх ажлын хүрээний үйл ажиллагаанд Засгийн газраас төсөвлөсөн хөрөнгө, нөөцийг хуваарилан зохицуулах, хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгууллагын санхүүг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

 2.4.6.салбарын стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөмж өгөх.

2.4.7.эрсдэлд суурилсан салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх замаар хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилт, харилцаа холбоо, мэдээллийн технологийн ашиглалт, үйлчилгээний тасралтгүй, хэвийн, найдвартай ажиллагааг хангуулах.  (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 91 дүгээр тогтоолоор нэмсэн)
 

2.5.Үйл ажиллагааны гол зорилт

 Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дараахь гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.1.1.харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан, өргөн нэвтрүүлэг, радио давтамж, сансрын холбоо, цахим засаглалын бодлогыг төлөвлөх, салбарын хөгжлийн бодлого, стандарт, төсөл, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.5.1.2.харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан, сансрын  холбооны техник хангамж, суурь дэд бүтэц, гамшгийн болон онцгой байдлын үеийн холбооны сүлжээний зохион байгуулалтыг төлөвлөх, үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалтыг боловсруулах;

2.5.1.3.Монгол Улсын цахим засаг, төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хууль тогтоомж, бодлого, стратегийг төлөвлөх;

2.5.1.4.төрийн цахим үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх нэгдсэн бодлого төлөвлөлт, мэргэжил, арга зүй, технологийн шийдэл, удирдлагаар хангах; 

2.5.1.5.кибер аюулгүй байдал, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, хүний хувийн мэдээллийг хамгаалах талаарх бодлогыг тодорхойлох, төлөвлөх;

2.5.1.6.алслагдсан сум, суурин газарт харилцаа холбооны үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх болон бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаарх бодлогыг тодорхойлох;

2.5.1.7.төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох;

2.5.1.8.харилцаа холбоо, мэдээлэл технологийн судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж, мэдээллийн технологийн инноваци, судалгаа хөгжлийн нэгдсэн тогтолцоог бий болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.1.9.шуудангийн логистик, цахим худалдаа, олон улсын, бүсийн, гадаадын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг үзүүлэх;

2.5.1.10.харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийн бодлого боловсруулах, төлөвлөлт хийх.

 

2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1.цахим засаглалыг хөгжүүлэх, нэвтрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.2.2.нийгэм, эдийн засгийн салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээ бий болгох хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.2.3.төрийн байгууллагуудын мэдээллийн сан, мэдээллийн систем, нээлттэй өгөгдлийг уялдуулах, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн тогтолцоо, нийтийн мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх, зохион байгуулах, зохицуулах;

2.5.2.4.боловсролын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, судалгаа шинжилгээний төв, лабораториудын үйл ажиллагааг уялдуулах, судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.2.5.дэвшилтэт технологийг нэвтрүүлж нийгэм, эдийн засгийн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх;

2.5.2.6.мэдээллийн технологийн инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

 2.5.2.7.мэдээллийн технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжихэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө багтаан шийдвэрлэх.


2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

 2.5.3.1.харилцаа холбооны хөгжлийн бодлого, стандартыг хэрэгжүүлэх, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг өргөтгөх, нөөц сүлжээ байгуулах төсөл, хөтөлбөрийг зохицуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ;

 2.5.3.2.үндэсний радио давтамжийн төлөвлөлтийн газрын сүлжээний (хөдөлгөөнт холбоо, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт бус холбоо болон бусад) радио давтамжийн нөөцийг хуваарилах ажлын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 2.5.3.3.үндэсний радио давтамжийн төлөвлөлтийн сансрын сүлжээний (нам, дунд, геостанционар орбитод байрлах хиймэл дагуулын өгөгдлийн холбоо, өргөн зурвасын интернетийн үйлчилгээ, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, гамшгийн үеийн харилцаа холбоо) радио давтамжийн нөөцийг хуваарилах ажлын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.4.сансрын технологи, сансрын холбооны хиймэл дагуулын үйлчилгээг нэвтрүүлж, газар, сансар хосолсон өргөн зурвасын сүлжээг бий болгох, үндэсний хэмжээнд ашиглах, хэрэглээг нэвтрүүлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;

2.5.3.5.тандан судалгааны хиймэл дагуулын мэдээг үндэсний хэмжээнд ашиглах, хэрэглээг нэвтрүүлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;

2.5.3.6.Монгол Улсын нутаг дэвсгэрээр олон улсын транзит урсгалыг дамжуулах сүлжээний газар зүйн шинэ чиглэлийг тодорхойлох, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг өргөтгөх, нөөц сүлжээ байгуулах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, холбооны бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд арга зүйн удирдамжаар хангах;

 2.5.3.7.радио өргөн нэвтрүүлгийн системийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

 2.5.3.8.цахим орчинд харилцаа холбоо, мэдээллийн технологийн зөв зохистой хэрэглээний соёл, бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх, тоон контент үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, иргэдийн мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын стандартыг нутагшуулах;

 2.5.3.9.шуудан, цахим худалдаа, логистикийн салбарт гарч байгаа шинэ техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, шуудангийн үндсэн сүлжээг төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан өргөтгөн хөгжүүлэх, хөтөлбөр, төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 2.5.3.10.үндэсний цахим контент үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх.

 

2.5.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

 2.5.4.1.кибер аюулгүй байдал, хүний хувийн мэдээллийг хамгаалах талаарх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, стратеги, дүрэм журам боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах;

 

2.5.4.2.кибер халдлага, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чадавхыг бий болгох, энэ чиглэлийн үйл ажиллагаатай төвүүдийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;

 

2.5.4.3.кибер халдлага, зөрчлийн талаарх мэдээлэл солилцооны тогтолцоог бий болгох, хэрэгжилтийг зохион байгуулах;

 

2.5.4.4.кибер аюулгүй байдлын чиглэлээр дотоод, гадаадын болон  олон улсын байгууллагатай хамтарч ажиллах;

 

2.5.4.5.мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийхтэй холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавих;

 

2.5.4.6.кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинэ технологи, инноваци судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг нэмэгдүүлэх;

 

2.5.4.7.кибер аюулгүй байдлын мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, олон нийтэд мэдлэг олгох арга хэмжээг зохион байгуулах;

2.5.4.8.хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик болон генетик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлыг хангах нөхцөл шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтийг хангуулах;

 

2.5.4.9.кибер аюулгүй байдлын талаар иргэд, хувийн хэвшил рүү чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах.

 

2.5.5.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

 2.5.5.1.төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах, яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж, тайлагнах;

 2.5.5.2.иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих;

 2.5.5.3.байгууллагын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

2.5.5.4.нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;   

 2.5.5.5.сайдын эрхлэх асуудлын хүрээний болон харьяа байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;

 

2.5.5.6.Сайд, Дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр, бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээний эрх зүйн үндэслэлийг хангуулах, шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах;

 

2.5.5.7.төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах;

 

2.5.5.8.төсвийн ерөнхийлөн захирагчийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, санхүүгийн тайлагнал, төрийн өмчийн бүртгэлд, хяналт тавих, тайлагнах;

 

2.5.5.9.харьяа төсөвт нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, яамны санхүү, аж ахуйн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах чиг үүргийг хэрэгжүүлэх.

 

2.5.6.Үйл ажиллагааны стратегийн 6 дугаа зорилтын хүрээнд:

 

2.5.6.1.хууль тогтоомж, хөгжлийн бодлогын хэрэгжилтэд      хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, зөвлөмжийн биелэлтийг хангасан эсэхэд хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчид тайлагнах;

 

2.5.6.2.яам болон сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад хяналт, шалгалт, дотоод аудит явуулах, үр дүнд үнэлгээ хийх, эрсдэлийн удирдлагаар хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар зөвлөмж гаргах;

 

2.5.6.3.улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах зөвлөмж гаргах, зөвлөмжийн биелэлтийг хангасан эсэхэд хяналт тавих;

 

2.5.6.4.хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн тайлангийн нээлттэй ил тод байдлыг хангах.

 2.5.7.Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд: (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 91 дүгээр тогтоолоор нэмсэн)

2.5.7.1.эрсдэлд суурилсан салбарын хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, тайлагнах, хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах, үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх;

2.5.7.2.харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх;

2.5.7.3.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт шалгалт хийх, холбогдох арга хэмжээг авах;


2.5.7.4.салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санал боловсруулах, холбогдох судалгаа хийж хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, давхардал хийдлийг арилгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулах, шүүхэд төлөөлөх;

2.5.7.5.харилцаа холбооны салбарын хяналтыг улсын хэмжээнд удирдаж, нэгдсэн бодлого, арга зүй, зохион байгуулалтаар хангах, сургаж мэргэшүүлэх.

2.6.Үйл ажиллагааны зорилт

 

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

 

2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар

 

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны


үйл ажиллагааны стратегийн загвар

 

Гурав.Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион   

         байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, үйл ажиллагаа

 

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим

 

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

 

      3.1.1.яамны үйл ажиллагааны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

 

      3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг ялгаа нь тодорхой, итгэл хүлээхүйц байх (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж, ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);

 

      3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын дүр төрх харагдахуйц байх, тухайлбал газрын бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

 

      3.1.4.бүтцийн хувьд энгийн байх (Төрийн нарийн бичгийн даргаас албан хаагч хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

 

      3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэж бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний нөөцийн болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

 

      3.1.6.улс төрөөс ангид байх (яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан байх);

 

      3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагаатай байх (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын     бүтэц нь үйл ажиллагааны давхардалгүй, чадавхаа бүрэн илрүүлэх, ур чадвараа шавхаж ажиллахад чиглэсэн хэрэгжихүйц байх).

 

 

3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дараахь ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна.

 

3.3.Зохион байгуулалтын бүтэц

 

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвараас доор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд дараах үндсэн үүрэг, чиг үүрэгтэй:

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны

бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 3.3.1.Бодлого, төлөвлөлтийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологи, өргөн нэвтрүүлэг, шуудан, сансрын технологи, цахим засаглал, нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдөл, тоон контент, үндэсний кибер аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбооны хүний нөөц, бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаарх бодлого, хууль тогтоомж, хөгжлийн хөтөлбөрийн хувилбар, дүрэм, журам боловсруулах, радио давтамжийн нөөцийг үр ашигтай төлөвлөх, салбарын стандартчиллыг хөгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах, олон улсын байгууллагад Монгол Улсыг төлөөлөх үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд судалгаа шинжилгээний нэгж ажиллана.

 3.3.1.1.Судалгаа, шинжилгээний хэлтэс, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын судалгаа шинжилгээ, статистик мэдээллийг хөгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулахад шаардлагатай дэвшилтэт технологийн судалгаа, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, инновац, судалгаа шинжилгээний төв (R&D)-ын үйл ажиллагаа, үр өгөөжийг нэмэгдүүлж салбарын судалгаа шинжилгээг хөгжүүлэх цогц шийдэл гаргах, статистик мэдээ гаргаж, мэдээллийн сан байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Бодлого, төлөвлөлтийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаа нь харилцаа холбоо, мэдээллийн технологи, өргөн нэвтрүүлэг, шуудан, сансрын технологи, цахим засаглал, нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдөл, тоон контент, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлого төлөвлөлт, зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргах, салбарын судалгаа шинжилгээг хөгжүүлэх цогц шийдэл гаргахад сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжийн гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, агентлагууд, Харилцаа холбооны зохицуулах хороо, харилцаа холбоо, мэдээллийн технологи, өргөн нэвтрүүлэг, шуудангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд, холбогдох их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, мэргэжлийн холбоод байна.

 

3.3.2.Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Нийгэм, эдийн засгийн хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа, холбоог төлөвлөж, зохион байгуулах, цахим засаглалын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мэдээллийн технологи, программ хангамжийн хөгжил, төрийн үйлчилгээнд инноваци нэвтрүүлж нэгдсэн бодлого төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, нийгэм, эдийн засгийн салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, тоон хуваагдлыг бууруулах, салбарын болон салбар дундын бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүргийг хүлээж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн бүртгэл хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд цахим засаглалын болон нийтийн мэдээллийн дэд бүтцийн нэгж ажиллана.

 

               3.3.2.1.Цахим засаглалын хэлтэс, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг;

 

Төрийн цахим үйл ажиллагаа болон үйлчилгээний талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн байгууллагуудын мэдээллийн сан, мэдээллийн систем, мэдээллийн технологийн төсөл хөтөлбөрийн нэгдсэн бүртгэл хөтлөх, төрийн байгууллага, мэдээлэл хариуцагчаас төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, төрийн цахим үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй ажиллагааны бэлэн байдлыг хангах, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд шинэ технологи, инноваци нэвтрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ;

 

               3.3.2.2.Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтэс, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг.

 

Нийтийн мэдээллийн дэд бүтцийн харилцан уялдааг хангаж суурь болон төрөлжсөн мэдээллийн системийн үйл ажиллагааг хариуцах, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, мэдээлэл хариуцагч, иргэн, хуулийн этгээд тэгш ашиглах боломжийг хангах үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цахим засаглал, мэдээллийн технологийн чиглэлээр зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэжлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөмж, үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь салбарын байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд байна.

 

Энэ нэгжийн гол түнш нь Харилцаа холбооны зохицуулах хороо, салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд, холбогдох их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, мэргэжлийн холбоод байна.

 

      3.3.3.Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Харилцаа холбоо, шуудан, өргөн нэвтрүүлэг, сансрын холбооны хөгжлийн бодлого, стандарт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, радио давтамжийн төлөвлөлтөд хяналт тавих, бүх нийтийн үйлчилгээний үүргийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсын транзит урсгалыг дамжуулах сүлжээний газар зүйн шинэ чиглэлийг тодорхойлох, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг өргөтгөх, нөөц сүлжээ байгуулах, радио өргөн нэвтрүүлгийн системийг хөгжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд сансрын холбооны болон шуудан, өргөн нэвтрүүлгийн бүтцийн нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь харилцаа холбоо, шуудан, өргөн нэвтрүүлэг, сансрын холбооны чиглэлээр зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэжлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь салбарын байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд байна.

 

Энэ нэгжийн гол түнш нь Харилцаа холбооны зохицуулах хороо, салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд, холбогдох их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, мэргэжлийн холбоод байна.

               3.3.3.1.Сансрын холбооны хэлтэс, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг;

 

Үндэсний радио давтамжийн төлөвлөлтийн газрын сүлжээний (хөдөлгөөнт холбоо, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт бус холбоо болон бусад) радио давтамжийн төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, үндэсний радио давтамжийн төлөвлөлтийн сансрын сүлжээний (нам, дунд, геостанционар орбитод байрлах хиймэл дагуулын өгөгдлийн холбоо, өргөн зурвасын интернетийн үйлчилгээ, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, гамшгийн үеийн харилцаа холбоо) радио давтамжийн төлөвлөлтийн  хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, сансрын технологи, сансрын холбооны хиймэл дагуулын үйлчилгээг нэвтрүүлж, газар, сансар хосолсон өргөн зурвасын сүлжээг бий болгох, үндэсний хэмжээнд ашиглах, хэрэглээг нэвтрүүлэх, тандан судалгааны хиймэл дагуулын мэдээг үндэсний хэмжээнд ашиглах, хэрэглээг нэвтрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

               3.3.3.2.Шуудан, өргөн нэвтрүүлгийн хэлтэс, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг.

 

Шуудангийн үндсэн сүлжээг төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан өргөтгөх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим худалдаа, логистикийн чиглэлээр шинэ техник, технологийг нэвтрүүлж нутагшуулах, шуудангийн маркийн бодлогыг хэрэгжүүлэх, шуудангийн нэгдсэн кодыг хаягжилтын тогтолцоотой уялдуулан зохицуулах, хэрэглээнд нэвтрүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, радио телевизийн үндэсний бүтээлч үйлдвэрлэлийн төслийн хэрэгжилтийг зохицуулах, радио өргөн нэвтрүүлгийн системийг үе шаттайгаар тоон технологид шилжүүлэх, шуудан, өргөн нэвтрүүлгийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

      3.3.4.Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах бодлого, хууль тогтоомж, стратегийн хэрэгжилтийг зохион байгуулах, кибер аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцооны тогтолцоог бий болгох, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийхтэй холбогдох журмын хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага, стандартчиллыг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь кибер аюулгүй байдлын чиглэлээр зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэжлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, зөвлөмж, үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд байна. Бүх төрлийн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд, холбогдох их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, мэргэжлийн холбоод байна.

 

      3.3.5.Төрийн захиргаа, удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь яамны үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн гэрээг боловсруулах, дүгнүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг нэгтгэн гаргах ажлыг зохион байгуулах, тайлагнах, дотоод ажлыг эрхлэх, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд нь эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшнийг үнэлж дүгнэх, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах, салбарын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах, салбарын гадаад хамтын ажиллагааг хангах, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, байгууллагын санхүүг эрхлэх замаар хэрэгжинэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн, санхүү, хөрөнгө оруулалтын болон гадаад харилцааны нэгж тус тус ажиллана.

 

               3.3.5.1.Хуулийн хэлтэс, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг;

 

Салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, сайдын болон дээд газраас ирүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, салбарын хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

               3.3.5.2.Гадаад харилцааны хэлтэс, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг;

 

Салбарын олон талт болон хоёр талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг хангах, бүх талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх, гишүүнчлэл бүхий байгууллагуудаас ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох, удирдлага зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

               3.3.5.3.Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг.

 

Хөгжлийн баримт бичгүүдэд тусгагдсан санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах үндсэн үүргийг хүлээж, санхүү, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл боловсруулах, төсвийг захиран зарцуулах, төсөл, арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх, гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулах, төсвийн төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохицуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, яамны аппаратын санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, яамны ажлыг төлөвлөх, түүний биелэлтийг гаргах, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хүний нөөцийг хөгжүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, ажиллагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын нэгжүүд, ажилтнууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох байгууллага, аж ахуйн нэгж байна. Энэ нэгжийн үйлчилгээний гол  түнш нь Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам байна.

 

      3.3.6.Хяналт-шинжилгээ, дотоод аудит асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Яамны болон салбарын байгууллагуудын бодлогын хэрэгжилтэд      хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, хууль тогтоомж, гэрээ хэлэлцээр, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнг үнэлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, санхүү, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгийг сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг тухайд нь өгч, мэдээллээр хангахад чиглэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь яамны удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажилтнууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгж байна. Энэ нэгжийн үйлчилгээний гол түнш нь Үндэсний аудитын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам байна.

 

 3.3.7.Салбарын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 91 дүгээр тогтоолоор нэмсэн)

      Энэ нэгж нь эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, тайлагнах, хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах, үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр улсын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт шалгалт хийх, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулах, шүүхэд төлөөлөх, харилцаа холбооны салбарын хяналтыг улсын хэмжээнд удирдаж, нэгдсэн бодлого, арга зүй, зохион байгуулалтаар хангах, сургаж мэргэшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

      Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудсыг боловсруулан батлуулах, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгийг сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг тухайд нь өгч, мэдээллээр хангахад чиглэнэ.

      Салбарын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бусад хэрэглэгчид, иргэн, аж ахуйн нэгжүүд байна.

      Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Стандарт, хэмжил зүйн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод байна.

 

 

---о0о---