A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 403

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрыг байгуулсугай.

2. Боловсролын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 165 байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 42 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Боловсролын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталж, мөрдүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

4. Боловсролын ерөнхий газар байгуулагдсантай холбогдуулан "Багшийн мэргэжил дээшлүүлэх институт"-ыг татан буулгасугай.

5. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн орон тоо, барилга, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг Боловсролын ерөнхий газарт балансаас балансад шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл) нарт даалгасугай.

6. Боловсролын ерөнхий газар байгуулагдсантай холбогдуулан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүргүүлэх жишиг бүтцийн дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, орон тоог шинэчлэн батлах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" баганын хэсэгт "171.Боловсролын ерөнхий газар" гэж нэмсүгэй.

8. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-т дор дурдсан агуулгатай 33 дахь заалт нэмсүгэй.

33.

Боловсролын ерөнхий газар

165

(Засгийн газрын 2024 оны 42 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

9. Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийн зарим чиг үүрэг Боловсролын ерөнхий газарт шилжиж байгаатай холбогдуулан эдгээр байгууллагын бүтэц, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

10. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Багшийн мэргэжил дээшлүүлэх институт" байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

11. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН