A

A

A

Бүлэг: 1979
ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Засгийн газрын 2021 оны 64 дүгээр
    тогтоолын хавсралт

 

ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Зөвлөл нь эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлж, цаг үеэ олсон зөвлөмж, арга зүй, мэдээллээр хангана.

Хоёр.Зөвлөлийн үйл ажиллагааны зарчим

2.1.Зөвлөл нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх ёс, мэргэжлийн ёс зүйг баримтлах, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.

Гурав.Зөвлөлийн чиг үүрэг

3.1.Зөвлөл нь дараахь үндсэн асуудлын хүрээнд бодлогын санал, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

      3.1.1.макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний талаар;

      3.1.2.Монгол Улсын эдийн засгийн орчинд таагүй нөлөө үзүүлж болох шалтгаан, нөхцөлийг арилгах, нөлөөллийг бууруулах, зүй зохистой горимд оруулах бодлогын арга хэмжээний талаар;

      3.1.3.банк, санхүү, эдийн засгийн салбарт тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах, нөлөөллийг бууруулах арга хэмжээний талаар;

      3.1.4.эдийн засгийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар;

      3.1.5.экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны бодлогын талаар;

      3.1.6.бизнесийн болон хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын бизнесийн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар;

      3.1.7.Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, түүний баттай суурийг бүрдүүлэхэд чиглэсэн хөгжлийн бодлогын талаар;

      3.1.8.Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тулгарч болох дотоод, гадаад эрсдэлт хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар;

      3.1.9.Монгол Улсын эдийн засгийн бүтэц, өрсөлдөх чадвар, тэдгээрийн давуу талуудыг хөгжлийн гол хүчин зүйл болгон ашиглах боломжийн талаар;

      3.1.10.Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих мега төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар;

      3.1.11.Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын төлөвлөлтийг сайжруулах, түүний тайлагналт, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх талаар.

Дөрөв.Зөвлөлийн бүрэлдэхүүн

4.1.Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын захирамжаар батална.

4.2.Зөвлөл нь орон тооны бус гишүүдээс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд төрийн байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл орно.

Тав.Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

5.1.Зөвлөлийн гишүүн дараахь эрхтэй байна:

      5.1.1.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан тодруулга, нэмэлт мэдээллийг Ажлын албанаас авах;

      5.1.2.Зөвлөлийн хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг тухай бүр шуурхай хүлээн авах;

      5.1.3.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуульд заасан тодорхой чиглэлээр мэдээлэл түгээх, ярилцлага өгөх.

5.2.Зөвлөлийн гишүүн дараахь үүрэгтэй байна:

      5.2.1.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж, өөрийн санал болон шаардлагатай тохиолдолд холбогдох тойм судалгаа, эх сурвалж зэрэг материалыг бэлдэн идэвх санаачилгатай оролцох;

      5.2.2.энэ журмын 3.1-д заасан асуудлын хүрээнд Зөвлөлийн хуралдаанаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн асуудлаар санал   гаргах;

      5.2.3.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Зөвлөлийн гишүүдэд тараах шаардлагатай гэж үзсэн нэмэлт эх сурвалжийн талаарх мэдээллийг энэ журмын 8.1-д заасан Ажлын албанд урьдчилан мэдэгдэх;

      5.2.4.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудал (нууцад  хамаарахгүй)-ын талаар төлөөлж байгаа байгууллагынхаа хүрээнд мэдээлэл түгээх, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах;

      5.2.5.Зөвлөлийн гишүүд нь дэд хэсгүүдэд хуваагдан тодорхой асуудлаар санал, зөвлөмж боловсруулан зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх.

Зургаа.Зөвлөлийн хуралдаан

6.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

6.2.Зөвлөл нь улиралд нэг удаа буюу жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана.

6.3.Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

6.4.Зөвлөлийн нийт гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцно.

6.5.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын онцлогоос хамаарч нээлттэй, хаалттай хуралдаан хийж болно.

6.6.Хуралдааныг Ерөнхий сайд, түр эзгүйд нь түүний нэр заан томилсон зөвлөлийн гишүүн даргална.

6.7.Ээлжит хуралдааны тов, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө гаргаж, Зөвлөлийн гишүүдэд мэдэгдэнэ.

6.8.Ээлжит хуралдааны материалыг хуралдаан эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн байна.

6.9.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан холбогдох албан тушаалтан, хөндлөнгийн шинжээч, судлаач, мэргэжилтнийг оролцуулж санал, тайлбарыг сонсож болно.

6.10.Хуралдааны явцыг тэмдэглэлд нэг бүрчлэн тусгана.

6.11.Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар олон нийтэд мэдээлж, тайлбар хийж болно.

6.12.Шаардлагатай тохиолдолд Ерөнхий сайдын зөвшөөрснөөр энэ журмын 8.1-д заасан Ажлын албаны зүгээс цаг үеийн асуудлаар мэдээллийн чанартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж болно.

6.13.Хаалттай хуралдаанд зөвхөн Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга болон тухайн асуудлыг хариуцсан ажилтан оролцож, Ажлын албаны нууцын ажилтан тэмдэглэл хөтөлнө.

Долоо.Зөвлөлийн шийдвэр

7.1.Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд түүнд Зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

7.2.Зөвлөлөөс гаргах шийдвэр нь санал, зөвлөмж хэлбэртэй байна.

7.3.Зөвлөмж нь шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаа, нотолгоонд үндэслэсэн, цаг үеэ олсон, бодит байдалд хэрэгжихүйц байна.

7.4.Зөвлөл нь энэ журмын 3.1-д заасан асуудлын хүрээнд судалгаа, шинжилгээ хийж, тухайн асуудлаар гаргасан санал, зөвлөмжөө Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

7.5.Зөвлөл нь шаардлагатай тохиолдолд зөвлөмжийн хэрэгжилтийг хангах асуудлаар тухайн зөвлөмжийг хүргүүлсэн байгууллагын удирдлага болон мэргэжлийн шинжээчидтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулж болно.

7.6.Зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэх ажлыг энэ журмын 8.1-д заасан Ажлын алба тухай бүр шуурхай зохион байгуулна.

7.7.Зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар энэ журмын 8.1-д заасан Ажлын алба хагас жил тутам дүгнэж, Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

7.8.Зөвлөлийн Ажлын алба нь шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн олон улсын болон мэргэжлийн төрийн бус байгууллагаар судалгаа, шинжилгээний ажил хийлгэж болно.

Найм.Зөвлөлийн Ажлын алба

8.1.Ажлын албаны чиг үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.

8.2.Ажлын алба нь Эдийн засгийн бодлогын зөвлөлийн санал, зөвлөмжийг шаардлагатай бол холбогдох байгууллагад хүргүүлнэ.

Ес.Зөвлөлийн дотоод мэдээллийн нууцыг хадгалах

9.1.Энэ журамд зааснаас бусад тохиолдолд Зөвлөлийн гишүүн болон Ажлын албаны албан хаагч төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад туссан, Зөвлөлийн дотоод мэдээлэл гэж тогтоосон, нийтэд зориулагдаагүй мэдээг тараах, бусдад мэдээлэх, хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно.

 

 

---о0о---