- Нүүр
- Эрх зүйн акт
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (гадаад үнэт цаасыг гаргах, арилжаалах)
Засгийн газрын 2021 оны 65 дугаар
тогтоолын хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ҮНЭТ ЦААСЫГ
ГАРГАХ, АРИЛЖААЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.1, 12.1.4-12.1.6-д заасан зориулалтаар Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангах, арилжаалах, бүртгэх, тайлагнах, төлбөр тооцоог гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх талуудыг сонгон шалгаруулах, хөрөнгө оруулагчидтай харилцахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Засгийн газрын гадаад үнэт цаас гаргахад Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг мөрдөнө.
1.3.Засгийн газрын гадаад үнэт цаас (ЗГГҮЦ) гаргах, арилжаалах үйл ажиллагаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн тухай хууль, Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг болон эдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журам, бодлогын баримт бичгүүдтэй нийцсэн байна.
Хоёр.ЗГГҮЦ гаргах, арилжаалахтай
холбоотой бэлтгэл ажил
2.1.Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.1, 12.1.5 болон 12.1.6-д заасан зориулалтаар ЗГГҮЦ гаргах, арилжаалах бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
2.2.Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.4-т зааснаар өрийг дахин санхүүжүүлэх зориулалтаар ЗГГҮЦ-ны өрийн зохицуулалтын арга хэмжээг авах бол Өрийн удирдлагын тухай хууль, тухайн жилийн төсвийн тухай хууль, Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг, тухайн жилийн зээллэгийн төлөвлөгөөг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
2.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийг дахин санхүүжүүлэх, шилжүүлэх болон худалдах, өрийг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авах зэрэг өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.4.ЗГГҮЦ-ны нийт үлдэгдлийн 50 ба түүнээс дээш хувьтай тэнцэхүйц хэмжээний өрийн зохицуулалтын үйл ажиллагаа хийх тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь холбогдох шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
2.5.Өрийн удирдлагын тухай хуулийн 18.4-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц ЗГГҮЦ гаргах тохиолдолд уг зээллэгийн хэмжээ, нөхцөл, хугацааг Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
2.6.ЗГГҮЦ-ыг нээлттэй болон хаалттай хэлбэрээр биржийн болон биржийн бус гадаад зах зээл дээр гаргаж, арилжаалж болно.
2.7.ЗГГҮЦ-ыг гаргах, арилжаалах бэлтгэлийг тухайн гадаад зах зээлийн эрх зүйн зохицуулалт, дүрэм, журамд нийцүүлэн хангана.
2.8.ЗГГҮЦ гаргах боломжийг судлах, санал боловсруулж танилцуулах, бэлтгэл ажлыг хангах, үйлчилгээ үзүүлэх талуудыг сонгон шалгаруулах, зуучлагч банк, санхүүгийн байгууллага болон холбогдох талуудтай харилцах, хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх, шаардлагатай бусад бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулна.
2.9.Энэ журмын 2.8-д заасан ажлын хэсэг нь ЗГГҮЦ гаргах, арилжаалах үйл ажиллагааны хүрээнд яамд болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллана.
2.10.Энэ журмын 2.9-д заасан хамтран ажиллах яамд, бусад байгууллага нь ЗГГҮЦ гаргахтай холбоотой дараахь үүргийг гүйцэтгэнэ:
2.10.1.хууль зүйн магадлан шинжилгээ, үнэт цаасны танилцуулга болон холбогдох бусад баримт бичгийг боловсруулахад шаардагдах тайлбар, мэдээллийг шаардсан хугацаанд бүрэн, үнэн зөв гаргаж өгөх;
2.10.2.холбогдох уулзалт, цахим хуралд заасан цагийн хуваарийн дагуу оролцож мэдээлэл өгөх;
2.10.3.хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хууль зүйн дүгнэлтүүдийг шаардсан хугацаанд тухай бүр гаргаж өгөх.
Гурав.ЗГГҮЦ гаргахад үйлчилгээ үзүүлэх талуудыг
сонгон шалгаруулах үйл ажиллагаа
3.1.ЗГГҮЦ гаргахад бэлтгэл ажлыг хангах, арилжаалах үйлчилгээ үзүүлэх талуудыг энэ журмын 2.8-д заасан ажлын хэсэг энэ журамд заасны дагуу үнэлж, уг үнэлгээнд үндэслэн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох шийдвэр гарган баталгаажуулж, хамтран ажиллах гэрээ байгуулна.
3.2.ЗГГҮЦ-ыг гаргахад үйлчилгээ үзүүлэх дараахь талуудыг сонгон шалгаруулж болно:
3.2.1.Андеррайтер, хөрөнгө оруулалтын банк;
3.2.2.Дотоодын болон олон улсын хуулийн фирм;
3.2.3.Зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг;
3.2.4.Төлбөр тооцооны агент, хэвлэлийн агент, бүртгэлийн агент, бусад агент;
3.2.5.Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага эсвэл бие даасан зөвлөх;
3.2.6.Шаардлагатай бусад.
3.3.Энэ журмын 3.1-т заасан шийдвэрийг үндэслэн ЗГГҮЦ гаргаж, арилжаалахад шаардлагатай дээр дурдсан үйлчилгээ үзүүлэх талуудын тоог тогтоож, хамтран ажиллаж болно.
3.4.Энэ журмын 3.2.1-д заасан талыг сонгохдоо тус журмын Хавсралт 1-ээр баталсан үнэлгээний хуудасны дагуу үнэлнэ.
3.5.Энэ журмын 3.2.2-т заасан талыг тус журмын Хавсралт 2-оор баталсан үнэлгээний хуудасны дагуу үнэлнэ.
3.6.Энэ журмын 3.2.3-3.2.6-д заасан талуудын үйлчилгээний чанар, туршлага, хамтын ажиллагааг харгалзан үнэлнэ.
3.7.Энэ журмын 3.2.2-т заасан талуудтай байгуулах хамтран ажиллах гэрээнд ЗГГҮЦ гаргах бэлтгэл ажил эхлэхээс төлбөр тооцоо хийгдэж дуусах хүртэл үйлчилгээг бүрэн үзүүлэхээр тусгана.
3.8.ЗГГҮЦ гаргахад үйлчилгээ үзүүлэх талуудад төлөх үйлчилгээний төлбөрийг бууруулах, олон улсын хөрөнгийн зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглах зорилгоор өмнө нь гаргасан ЗГГҮЦ-ны үйлчилгээг чанартай хэрэгжүүлж, амжилттай хамтран ажилласан туршлагыг үндэслэн энэ журмын 3.2-т заасан талуудаас холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулан хамтран ажиллаж болно.
Дөрөв.ЗГГҮЦ-ыг арилжаалах үйл ажиллагаа
4.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь ЗГГҮЦ-ыг гаргах, арилжаалахтай холбогдох шаардлагатай гэрээ хэлэлцээрт Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурна.
4.2.ЗГГҮЦ-ны төрлөөс шалтгаалан түүний хуваарилалтыг энэ журмын 3.2.1-д заасан андеррайтер банк хийх бөгөөд ажлын хэсэг уг хуваарилалтад санал өгч болно.
4.3.ЗГГҮЦ-ыг гаргах, арилжаалах үйл явцад ЗГГҮЦ-ны хүүгийн түвшинд сөргөөр нөлөөлөх дотоодын үйл явдал, эсхүл олон улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлээс хамааран арилжааг хойшлуулж эсхүл зогсоож болно.
4.4.Энэ журмын 4.3-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд үйлчилгээний төлбөрийг хэрхэн тооцох талаар үйлчилгээ үзүүлэгч талуудтай байгуулах хамтран ажиллах гэрээнд тусгана.
Тав.ЗГГҮЦ-ны хөрөнгийг бүртгэх, тайлагнах
5.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Өрийн удирдлагын тухай хуулийн 40.3-т заасны дагуу ЗГГҮЦ-ыг төлбөр тооцоо хийгдсэн өдрөөр нь өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, Засгийн газрын өрд бүртгэнэ.
5.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын зах зээлд гаргасан ЗГГҮЦ-ны үлдэгдлийг улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн тайлан, мэдээнд бүртгэхдээ олон улсад мөрддөг аргачлалын дагуу тухайн өдрийн зах зээлийн үнэлгээ болон нэрлэсэн дүнгээр холбогдох журмын дагуу бүртгэн, тайлагнана.
5.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ЗГГҮЦ-ны үндсэн төлбөр, хүүгийн төлбөр болон бусад төлбөрийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, холбогдох журмын дагуу өрийн үйлчилгээг хариуцан гүйцэтгэнэ.
5.4.ЗГГҮЦ-ны хөрөнгийн ашиглалт, эргэн төлөлтийн мэдээ, тайланг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон нийтэд мэдээлнэ.
5.5.ЗГГҮЦ гаргахтай холбогдон гарах зардлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.
Зургаа.Хөрөнгө оруулагчидтай харилцах
6.1.Хөрөнгө оруулагчдыг тогтмол мэдээллээр хангах, идэвхжүүлэх зорилгоор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жилд хоёроос доошгүй удаа Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн голлох статистик мэдээллийг агуулсан тоймыг хөрөнгө оруулагчдад хүргүүлнэ.
6.2.Энэ журмын 6.1-д заасан тоймд дараахь мэдээллийг тусгана:
6.2.1.Эдийн засгийн нөхцөл байдлын мэдээлэл, холбогдох статистик үзүүлэлтүүд;
6.2.2.Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаарх танилцуулга;
6.2.3.Монгол Улсын төсөв болон мөнгөний бодлогын мэдээлэл;
6.2.4.Засгийн газрын өрийн талаарх мэдээлэл;
6.2.5.Бусад.
6.3.Энэ журмын 6.1-д заасан тоймыг боловсруулан гаргахад шаардлагатай мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагуудаас гаргуулан авна.
6.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын мэдээллийн санг үүсгэх, тэдгээрт мэдээлэл илгээх, харилцаа холбоо тогтоох ажлыг тогтмол зохион байгуулна.
Долоо.Бусад
7.1.ЗГГҮЦ гаргах, арилжаалах үйл явцад энэ журмын 2.9-д заасан яамд, холбогдох бусад байгууллага нь үнэт цаас гаргахтай холбоотой мэдээллийг зөвшөөрөлгүй задруулбал тэдгээрийн эрх бүхий албан тушаалтанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.2.Үйлчилгээ үзүүлэх талууд үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг хангаагүй, эсхүл гэрээний хэрэгжилтийг хангахдаа алдаа гаргасан, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд ЗГГҮЦ гаргах, арилжаалах үйл ажиллагаанд хамтран ажиллахгүй байх үндэслэл болно.
---о0о---
“Засгийн газрын гадаад үнэт цаасыг гаргах, арилжаалах журам”-ын 1 дүгээр хавсралт
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС
Үнэлэх үзүүлэлт |
Санал |
Оноо/Дүн |
1. Үнэт цаас гаргах зөвлөгөө |
|
|
Валют |
|
|
Хугацаа |
|
|
Өрийн эргэн төлөлтийн хуваарьтай зохицсон байдал |
|
|
Санал болгож буй хүүгийн хэмжээний зохистой байдал |
|
|
Үнэ тогтоосон аргачлал |
|
|
Үйлчилгээний төлбөр |
|
|
Андеррайтинг хийх эсэх |
|
|
Үнэт цаас гаргах хугацааны зөвлөмж |
|
|
Танилцуулгын чанар, агуулга |
|
|
2. Өрийн зохицуулалтын санал |
|
|
Өрийн зохицуулалт хийж байсан туршлага |
|
|
Өрийн зохицуулалтын саналын чанар |
|
|
Техникийн үнэлгээ |
|
|
Үнийн стратегийн чанар |
|
|
Өрийн багцтай нийцэж байгаа эсэх |
|
|
Өрийн удирдлагын багийн хүчин чадал |
|
|
Олон улстай хамтран ажилласан туршлага (ижил түвшний эрсдэлийн үнэлгээтэй засгийн газар) |
|
|
Өрийн зохицуулалтыг ахлан ажиллаж байсан туршлага |
|
|
Франчайзын чанар |
|
|
Найдвартай байдал |
|
|
3. Хүчин чадал |
|
|
Санал болгож буй хөрөнгө оруулагчид |
|
|
Роудшоу хийсэн туршлага |
|
|
Төлөвлөсөн уулзалт хурлууд |
|
|
Олон улсын үнэлгээ |
|
|
Олон улстай хамтран ажилласан туршлага |
|
|
Төв: орон нутгийн, бүс нутгийн, олон улсын түвшинд ажилласан туршлага |
|
|
4. Зээл болон макро судалгаа |
|
|
Улс эсвэл бүс нутгийг хамарсан байдал |
|
|
5. Эрсдэл үүрэх чадвар |
|
|
ЗГГҮЦ-ыг анхдагч зах зээлд гаргах чадвар |
|
|
ЗГГҮЦ-ын хоёрдогч зах зээлийн эргэц |
|
|
Дотоодын зах зээл дээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа |
|
|
6. Харилцаа |
|
|
Засгийн газрын нөхцөл байдлыг тогтмол судалсан байдал |
|
|
Засгийн газрын нөхцөл байдлыг судалсан хугацаа |
|
|
Шинэлэг байдал |
|
|
Өмнө нь өрийн зохицуулалтыг ахлан ажиллаж байсан туршлага |
|
|
Бусад үйлчилгээ |
|
|
Итгэл даах чадвар |
|
|
|
Нийт дүн |
|
*Үзүүлэлт тус бүрийг 1-5 оноогоор үнэлэх бөгөөд 1 хамгийн бага, 5 хамгийн их гэсэн утгатайгаар үнэлнэ.
“Засгийн газрын гадаад үнэт цаасыг гаргах, арилжаалах журам”-ын 2 дугаар хавсралт
ХУУЛИЙН ФИРМИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС
Үнэлэх үзүүлэлт |
Санал |
Оноо/Дүн |
Үйлчилгээний төлбөр |
|
|
Шуурхай байдал |
|
|
Шинэлэг байдал |
|
|
Хамтран ажиллаж байсан туршлага |
|
|
Хүний нөөцийн чадвар |
|
|
|
Нийт дүн |
|
*Үзүүлэлт тус бүрийг 1-5 оноогоор үнэлэх бөгөөд 1 хамгийн бага, 5 хамгийн их гэсэн утгатайгаар үнэлнэ
Текст томруулах
A
A
A