A

A

A

Бүлэг: 1979
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УЛСЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

Засгийн газрын 2021 оны 68 дугаар
    тогтоолын хавсралт

 

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УЛСЫН
НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хомстол үүсч үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.2-т заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг бүрдүүлэх, түүнийг хадгалах, зарцуулах, нөхөн бүрдүүлэх, сэлгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Тус журмыг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага, газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөнө.
  
Хоёр.Газрын тосны бүтээгдэхүүний
      улсын нөөцийг бүрдүүлэх

2.1.Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, хангамжийн тасалдал, хомстол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүрдүүлэх газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, төсвийн талаарх саналыг боловсруулж, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.2.Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг бүрдүүлэх, түүнийг зарцуулах, нөхөн бүрдүүлэх нэр төрөл, тоо хэмжээ, үнийн асуудлыг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

2.3.Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Засгийн газраас тогтоосон нэр төрөл, тоо хэмжээгээр газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг бүрдүүлэх, худалдан авахтай холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ улсын болон хувийн эзэмшлийн агуулах бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж (цаашид "хадгалагч" гэх)-тэй "Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг сэлгэн хадгалах гэрээ"-г байгуулж хадгалуулна.

2.4.Энэ журмын 2.3-т заасан гэрээнд бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанар стандарт, байршил, хадгалах хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, мэдээ тайлан ирүүлэх болон бусад нөхцөлийн талаар тодорхой тусгана. Гэрээний үлгэрчилсэн загвар болон сэлгэн хадгалалттай холбоотой мэдээ, тайлангийн маягтыг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
2.5.Улсын нөөц бүрдүүлэх зориулалтаар газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой зардлыг улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

Гурав.Газрын тосны бүтээгдэхүүний
          улсын нөөцийг хадгалах

3.1.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хадгалагч нь газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг сэлгэн хадгалах гэрээнд заасан нөхцөл, шаардлагын дагуу хүлээн авч өөрийн эзэмшлийн стандартын шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгална.

3.2.Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн зориулалтаар хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандартын хэвийн байдлыг хангах зорилгоор сэлгэх ажлыг зохион байгуулж болно.

3.3.Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас тогтоосон нийт үнийн дүнд дүйцүүлэн газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн нэр төрөл, тоо хэмжээг хооронд нь Засгийн газрын шийдвэрээр шилжүүлж болно.

3.4.Хадгалагч аж ахуйн нэгж нь өөрийн эзэмшлийн агуулахад хадгалж байгаа газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн бүтээгдэхүүнийг сэлгэх аж ахуйн нэгжээр сонгогдох давуу эрх эдэлнэ.

3.5.Газрын тосны бүтээгдэхүүний хадгалагчид газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг хүлээлгэн өгөхдөө хүлээлгэн өгсөн тухай баримтыг 4 (дөрөв) хувь үйлдэх бөгөөд энэ баримт нь газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанар, стандартыг тодорхой заасан, хүлээлгэн өгсөн огноо, талуудын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байна. Баримтын 1 хувийг Төрийн захиргааны байгууллагын албан хэрэгцээнд, 1 хувийг Төрийн захиргааны байгууллагын архивд, 1 хувийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, 1 хувийг тухайн бүтээгдэхүүн хадгалагчид тус тус хадгалуулна.

3.6. Хадгалагч нь гэрээнд заасан эрх, үүргээ бусдад шилжүүлэхгүй, эрх бүхий холбогдох байгууллагын шийдвэргүйгээр газрын тосны нөөцийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанар, байршлыг өөрчлөхгүй, нөөцийг өөр зорилгоор ашиглахгүй, зарцуулахгүй байх үүрэг хүлээнэ.

Дөрөв.Газрын тосны бүтээгдэхүүний
          улсын нөөцийг зарцуулах

4.1. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.4-т заасан нөхцөл байдал үүсч, төрөөс зохицуулалт хийх зайлшгүй нөхцөл байдалд хүрсэн тохиолдолд үнийн өсөлтийг сааруулах, хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцөөс зарцуулах нэр төрөл, тоо хэмжээ зэргийг Засгийн газар шийдвэрлэнэ.
4.2.Засгийн газрын шийдвэрийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцөөс зарцуулах, худалдах үйл ажиллагааг газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

4.3.Хадгалагч нь өөрийн эзэмшлийн агуулахад хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцөөс Засгийн газрын тогтоосон үнээр эхний ээлжид худалдан авах давуу эрх эдэлнэ.

4.4.Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг гэрээ байгуулснаас хойш хуанлийн 14 хоногийн дотор Төрийн сангийн дансанд шилжүүлнэ. Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутам худалдан авагч нь гэрээний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулж дууссаны дараа худалдан авагч захиран зарцуулах эрхтэй.

4.5.Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан авсан үнэ, холбогдон гарсан зардлаас бага үнээр төрд алдагдал үүсгэх байдлаар Засгийн газрын шийдвэргүйгээр худалдан борлуулахыг хориглоно. 

4.6.Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулсан орлогыг зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг нөхөн бүрдүүлэхэд зарцуулна.

Тав.Газрын тосны бүтээгдэхүүний улсын
    нөөцийг нөхөн бүрдүүлэх

5.1.Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцөөс зарцуулсан хэсгийг нөхөн бүрдүүлэхдээ тухайн үеийн газрын тосны бүтээгдэхүүний үнэ, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

5.2.Засгийн газрын шийдвэрийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцөөс зарцуулсан хэсгийг нөхөн бүрдүүлэх үйл ажиллагааг газрын тосны бүтээгдэхүүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

Зургаа.Тайлагнах, хяналт тавих

6.1.Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг хадгалагч нь улсын нөөцийн бүтээгдэхүүний сэлгэн хадгалалттай холбоотой мэдээ, тайланг батлагдсан маягтын дагуу сар бүрийн 5-ны өдрийн дотор, жилийн тайланг      дараа оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор үнэн, зөв гаргаж газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

6.2.Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг хадгалагчаас ирүүлсэн мэдээ, тайланг нэгтгэн сар бүрийн 15-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны     1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлнэ.

6.3.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн мэдээ, борлуулалтын тайлан, нөөцийн үлдэгдлийн балансыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

6.4.Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх үйл ажиллагаанд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллага, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх хэмжээний хүрээнд тус тус хяналт тавьж ажиллана.

Долоо.Хариуцлага

7.1.Хадгалагч нь энэ журам, гэрээнд заасан үүргийг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх ба учирсан хохирлыг нөхөн төлнө.

7.2.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---о0о---