- Нүүр
- Эрх зүйн акт
- ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2021 оны 71 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН
АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Оюуны өмчийн үндэсний зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Зөвлөл нь Оюуны өмчийн тухай хуулийн 10.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
1.3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Оюуны өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгоно.
1.4.Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байж болно.
Хоёр.Зөвлөлийн ажиллах журам
2.1.Зөвлөл нь Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллана.
2.2.Зөвлөлийн дэд дарга нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
2.3.Зөвлөлийн бүрэлдэхүүн нь холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
2.4.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хэлэлцсэн асуудлаар зөвлөмж, тогтоол гаргана.
2.5.Зөвлөлийн хуралдаанд бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй гишүүн оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
2.6.Зөвлөл нь тухайн жилийн хийх ажлын төлөвлөгөөг Зөвлөлийн даргаар батлуулан, жилд хоёроос доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн дарга ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
2.7.Зөвлөлийн нарийн бичгийн даргаар оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга ажиллана. Зөвлөлийн нарийн бичгийн дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.7.1.хуралдаанаар хэлэлцэх асуудал болон оюуны өмчийн талаар гаргах төрийн бодлогод тусгуулах шийдвэрийн төслийг боловсруулах;
2.7.2.тухайн жилийн батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, биелэлтийг гарган танилцуулах;
2.7.3.хуралдааны шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, дүн, явцыг тайлагнах;
2.7.4.хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл, гарсан шийдвэрийг албажуулах.
2.8.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд холбогдох төрийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
2.9.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар шаардлагатай тохиолдолд тухайн салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж санал, дүгнэлт гаргуулж болно.
Гурав.Зөвлөлийн чиг үүрэг
3.1.Зөвлөл нь Оюуны өмчийн тухай хуулийн 10.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан үйл ажиллагааг явуулна:
3.1.1.оюуны өмчийн эрх зүйн орчныг Монгол Улсын хөгжлийн шаардлага, олон улсын чиг хандлагад нийцүүлж байгаа эсэх талаар санал, дүгнэлт гаргах;
3.1.2.бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагуудад санал, уриалга хүргүүлэх;
3.1.3.оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах, хэлэлцүүлэг зохион байгуулах;
3.1.4.оюуны өмчийн талаарх ойлголт, мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, оюуны өмчийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх талаар бүх шатны боловсролын байгууллагатай хамтран ажиллах;
3.1.5.оюуны өмчийн эрхийг хамгаалах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах;
3.1.6.оюуны өмчийг хөгжүүлэх, инновацыг нэвтрүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;
3.1.7.оюуны өмчийг хамгаалах, инновацыг нэвтрүүлэх асуудлаар яам, Засгийн газрын агентлаг, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжээр ажлын тайлан, мэдээ, судалгаа, дүгнэлт гаргуулах;
3.1.8.оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг жил бүр дүгнэн хэлэлцэж, зөвлөмж гаргах;
3.1.9.оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжих;
3.1.10.оюуны өмчийн талаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, үйл ажиллагааг өргөжүүлж, харилцан мэдээ мэдээлэл солилцох;
3.1.11.Дэлхийн худалдааны байгууллагын оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх, энэхүү байгууллагын хүрээнд явагдаж байгаа оюуны өмчийн талаарх хэлэлцээнд оролцох санал, дүгнэлт гаргах, хэлэлцээнд оролцох байр сууриа тодорхойлох.
Дөрөв.Бусад зүйл
4.1.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана.
4.2.Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A