A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам
Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын

2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн А/406/226

дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

 

Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            1.2. Энэхүү журмыг хаягдал ус хаях, зайлуулах дүгнэлт гаргах болон хаягдал усанд ногдуулах ус бохирдуулсны төлбөрийг тооцох үндэслэл болгоно.

Хоёр. Хаягдал усны эзлэхүүн, бохирдуулах бодисын хэмжээ, сорьц авах цэгийг тодорхойлох

            2.1. Ус бохирдуулагч нь Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, -д заасны дагуу усны хэрэглээ хариуцсан ус ашиглалтын менежер ажиллуулж, дотоод хяналтыг тавина.

2.2. Ус бохирдуулагч нь MNS ISO 5667-10:2001 стандартын дагуу сорьц авах цэгийг хаягдал усны гаргалгаа бүрд тогтооно.

                        2.2.1. Ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдсон ус бохирдуулагч нь хаягдал усны сорьц авах цэгийг өөрийн хаягдал усны шугамын гаралт дээр тогтооно.            Газрын тос олборлох болон хайгуулын өрөмдлөгийн үйлдвэрийн хаягдлын сангаас хаягдал усны сорьц авахад энэхүү журмын 2.3-ыг баримтлах бөгөөд эсхүл өрмийн шингэн хаягдлын сан (зүмф)-ийн дээд хэсгээс сорьц авна.

                        2.2.2. Хаягдлын сантай, хаягдал усыг цэвэрлэн, технологийн зориулалтаар эргүүлэн ашигладаг уул уурхайн олборлох үйлдвэрийн хаягдал усны сорьц авах цэгийг технологийн ус хуримтлуулах сангаас, боловсруулах үйлдвэрийн хаягдал усны сорьц авах цэгийг хаягдлын тунгаах сангийн тунасан хэсэг, эсхүл хаягдлын сангаас гарах шугамын гаралт дээр байгуулна.

2.2.3. Газрын тос олборлох болон хайгуулын өрөмдлөгийн үйлдвэрийн хаягдлын сангаас хаягдал усны сорьц авахад энэхүү журмын 2.2.2-ыг баримтлах бөгөөд эсхүл өрмийн шингэн хаягдлын сан (зүмф)-ийн дээд хэсгээс сорьц авна.

2.3. Ус бохирдуулагч нь улирал бүр хоёроос доошгүй хаягдал усны холимог сорьц авч, өөрийн зардлаар байгаль орчны шинжилгээний лаборатори болон хөндлөнгийн лабораториор шинжилгээ хийлгэж, хариу дүнг хаягдал ус хаях, зайлуулах дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагад улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор хүргүүлнэ.

2.4. Ус бохирдуулагч нь "Хаягдал уснаас дээжлэлт хийх удирдамж" MNS ISO 5667- 10:2001 стандартад заасны дагуу хаягдал уснаас 2 цагийн завсарлагатайгаар 24 цагийн дотор холимог дээж авах гар эсвэл автомат ажиллагаатай тоног төхөөрөмжтэй байна.

 

2.5. Ус бохирдуулагч нь тоног төхөөрөмжийн ажиллагаа, бохирдлын эх үүсвэрт үзлэг шалгалт хийх, дээж авах эрх бүхий албан тушаалтныг шаардлагатай баримт бичгүүд, холбогдох үйл ажиллагаатай танилцах нөхцөлөөр хангана.

2.6. Хаягдал ус хаях, зайлуулах дүгнэлтэд бохирдуулах бодисын хэмжээг тооцох.

2.6.1. Хаягдал ус хаях, зайлуулах дүгнэлт гаргах этгээд нь хаягдал усны эзлэхүүн, бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн "Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал"-ын дагуу бохирдуулах бодисын хэмжээ, ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тооцоолно. Дүгнэлтийг ажлын 10 хоногийн дотор гарган хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл өгөх байгууллагад болон ус бохирдуулагчид хүргүүлнэ.

2.6.2. Ус бохирдуулагчийн тухайн улиралд зайлуулж буй хаягдал усны эзлэхүүнийг бохир усны шугаман дээр суурилуулсан хэмжих хэрэгслийн заалтаар тогтооно. Хаягдал усаа байгальд шууд нийлүүлдэг ус бохирдуулагчийн хэмжих хэрэгслийн заалтыг сав газрын захиргааны ажилтан эсхүл тухайн сум, дүүргийн байгаль орчны хяналтын байцаагч сар бүр хянаж, баталгаажуулан акт үйлдэнэ.

2.6.3. Энэ журмын 2.6.2-т заасан хэмжих хэрэгсэлгүй, эсхүл суурилуулаагүй болон хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагаа алдагдсан үед, хаягдал усны эзлэхүүнийг тооцохдоо технологийн цэвэр усны шугаман дээр суурилуулсан хэмжих хэрэгслийн заалтаар тодорхойлсон усны эзлэхүүнээс үйлдвэрлэл, үйлчилгээний бүтээгдэхүүнд шингэсэн усны хэмжээг хасаж гаргана. Үйлдвэрлэл, үйлчилгээний бүтээгдэхүүнд шингэсэн усны хэмжээг "Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм"-ыг ашиглан тооцно.

2.6.4. Хаягдал усны сантай, хаягдал усыг технологийн зориулалтаар эргүүлэн ашиглах тохиолдолд хаягдал усны эзлэхүүнийг нөхөн сэлбэлтээр авч ашигласан усны эзлэхүүнээр тооцно. Нөхөн сэлбэлтээр авч байгаа усны эзлэхүүнийг тодорхойлох хэмжих хэрэгсэлгүй тохиолдолд ус авах насосны хүчин чадал, эсхүл тухайн жилийн ус ашиглуулах дүгнэлт буюу усны хэрэглээний нормыг үндэслэнэ.

2.6.5. Газрын тос олборлох үйлдвэрийн хаягдал усны эзлэхүүнийг өрмийн шингэн хаягдлын сан (зүмф)-ийн эзлэхүүнээр тооцно.

2.6.6. Ариутгах татуургын төвлөрсөн сүлжээ, байгальд шууд нийлүүлж байгаа хаягдал усны найрлага дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд ногдох ус бохирдуулсны төлбөр, хэтэрсэн агууламжид ногдох нөхөн төлбөрийн хэмжээг тооцно.

2.6.7. Тоолуурын заалт авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор хаягдал усны эзлэхүүний хэмжилтийн мэдээг Сав газрын захиргаанд хүргүүлнэ. Сав газрын захиргаа нь ус бохирдуулсны төлбөр төлөлтөд хяналт тавина.

2.7. Хяналт тавих, мэдээллийн санд бүртгэх.

2.7.1. Байгаль орчны хяналтын улсын байцаагч, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны албаны усны асуудал хариуцсан мэргэжилтэн ус бохирдуулагчийн зайлуулж буй хаягдал усны чанар, найрлага нь стандартын шаардлага хангаж буй эсэхийг хянаж тогтоох зорилгоор үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад улиралд 1 удаа хаягдал усны сорьц авах тогтоосон цэгээс цэгэн сорьц авч, усны итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэнэ.

2.7.2. Тогтоосон цэгээс хаягдал усны сорьцыг ус бохирдуулагчийн төлөөллийг байлцуулан авна.

2.7.3. Усны итгэмжлэгдсэн лабораториос хаягдал усны чанарын магадлан шинжилгээний дүнг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор Сав газрын захиргаанд хүргүүлнэ.

2.7.4. Сав газрын захиргаа нь ус бохирдуулагчийн усны бохирдлын эх үүсвэр, эзлэхүүн, хаягдал усан дахь бохирдуулах бодисын агууламжийг бохирдуулагч бодис тус бүрээр хянан дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлж, хяналтын шинжилгээний дүнг нэгтгэн "Усны тухай" хуулийн 17.1.5-т заасны дагуу мэдээллийн санд бүртгэнэ. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ нь зөвшөөрөгдөх агууламжаас давсан тохиолдолд усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

Гурав. Ус бохирдуулсны төлбөр, нөхөн төлбөр тооцох

            3.1. Ус бохирдуулагч нь хаягдал усыг /Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 6561:2015, Хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал ус, Ерөнхий шаардлага MNS 4943:2015/ стандартын шаардлагад нийцүүлэн зайлуулж байгаа тохиолдолд ус бохирдуулсны төлбөр, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд нөхөн төлбөр төлнө.

             3.2. Ус бохирдуулагчийн тухайн улиралд гаргасан хаягдал усны эзлэхүүн, хаягдал усан дахь бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн бохирдуулах бодисын хэмжээг тооцох ба бодис тус бүрт тогтоосон төлбөрийн нийлбэр хэмжээгээр ус бохирдуулсны төлбөрийг ногдуулна.

            3.3. Битүү циклээр ус ашигладаг ус бохирдуулагчийн ус бохирдуулсны төлбөрийг төсөл бүрэн дууссаны дараах хаягдал усны эзлэхүүн, бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн тооцно.

            3.4. Хаягдал усны даланг 1.5 мм-ээс дээш зузаантай геомембран материалаар доторлож, далангийн усыг эргүүлэн ашигладаг ус бохирдуулагчийн хаягдал усны төлбөрийг ууршилт, шүүрэлтээр алдагдах усны эзлэхүүн, бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн тооцно.

            3.5. Хаягдал усны далан сэтрэх, үерийн болон ослын улмаас хальсан тохиолдолд ус бохирдуулсны төлбөрийг тооцохдоо хаягдал усны хэмжээг далангийн эзлэхүүнээр, бохирдуулах бодисын агууламжийг тухайн улирлын шинжилгээний дүнг үндэслэн тооцно.

            3.6. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Сав газрын захиргаа нь ус бохирдуулагчийн тухайн улирлын ус бохирдуулсны төлбөрийг тус тус тооцно.

            3.7. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хаягдал усыг цэвэрлэдэг хуулийн этгээдийн ус бохирдуулсны төлбөрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулсан төлбөртэй давхардуулан тооцохгүй.

            3.8. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ус бохирдуулсны төлбөрийн мэдээллийг нэгтгэн улирал бүрийн дараа сарын 10-ны дотор Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.

            3.9. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь 3.8-д заасан мэдээллийг үндэслэн мэдээлэл ирүүлснээс хойш 5 хоногийн дотор Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд тухайн улирлын ногдол, төлбөрийн нэхэмжлэхийг төлбөр төлөгч бүрээр үүсгэнэ.

            3.10. Ус бохирдуулагч нь тухайн улиралд ногдох ус бохирдуулсны төлбөрийг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор үндсэн харьяалалтай Татварын албанд төлнө.

            3.11. Ус бохирдуулагч нь хаягдал усны шинжилгээ хийлгээгүй тохиолдолд хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг органик бодис буюу химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн жишиг хэмжээгээр тооцож ногдуулна.

            3.12. Үйлчилгээний зориулалттай барилгын эзэмшигч нь ус бохирдуулсны төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

            3.13. Хаягдал усны төлбөр тооцуулахаар ирүүлсэн мэдээ, материалын үнэн зөв байдлыг ус бохирдуулагч нь хариуцна.

-оОо-