- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ПАСПОРТЖУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Шадар сайдын 2021
оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 129
дугаар тушаалын хавсралт
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ПАСПОРТЖУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа болон Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.3-д заасан барилгын ажил хийсэн барилга, байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах үйл ажиллагааны харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2 Барилга, байгууламжийн бат бэх, найдваржилтын аюулгүй байдлын шаардлагыг хангасан барилга, байгууламжид ашиглалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.3. Байгалийн аюулт үзэгдэл, осол, аюулын улмаас ноцтой эвдрэл гэмтэл үүсч, хохирол учирсан барилга байгууламжийн ашиглалтын нөхцөл байдлыг тогтоох, ашиглалтын гэрчилгээний төрлийг өөрчлөхөд энэхүү журмыг баримтална.
Хоёр. Ашиглалтын гэрчилгээний төрөл, гэрчилгээ олгох үйл ажиллагаа
2.1 Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5, 32 дугаар зүйлийн 32.1.5-д хамаарах барилга, байгууламжид Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид мэргэжлийн хяналтын байгууллага гэх/ ашиглалтын гэрчилгээ олгоно.
2.2. Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээ нь тухайн барилгын бат бэх найдваржилт, аюулгүй байдлын түвшингээр Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан төрөлтэй байна.
2.3. Өмчлөгч нь барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ шинээр болон дахин авах, гэрчилгээний төрлийг өөрчлүүлэх талаар барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамааран Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад дараах байдлаар хандаж, албан бичгээр хүсэлт гаргана.
2.3.1. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4-д заасан барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээг Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага;
2.3.2. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 32 дугаар зүйлийн 32.1.5-д хамаарах барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар;
2.4. Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээг дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн олгоно. Үүнд:
2.4.1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.42, 35 дугаар зүйлийн
35.1.4- д заасан баталгаажсан паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт;
2.4.2. Барилгын тухай хууль /шинэчлэн найруулсан/-ийг мөрдөж эхэлсэн өдрөөс хойш шинээр барьсан, засварлах, /хүчитгэх/, тоноглох, өргөтгөх, шинэчлэх ажил хийсэн, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар ашиглалтад хүлээн авсан нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан ашиглалтад оруулах комиссын дүгнэлт;
2.5. Энэхүү журмын 2.1-т заасан байгууллага Аймаг, нийслэлийн Засаг дарга болон хууль ёсны өмчлөгчөөс /цаашид өмчлөгч гэх/ ирүүлсэн хүсэлт, паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт, холбогдох баримт бичгийг судалж, ашиглаж буй барилга, байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгох эсэх асуудлыг ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ. Үүнд: дутуу баримт бичиг ирүүлсэн хугацааг тооцохгүй.
2.6. Журмын 2.4.1, 2.4.2-д заасан баримт бичиг бүрдсэн бол харъяалах мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын техникийн, эрчим хүчний, харилцаа холбооны, нефтийн хяналтын улсын /ахлах/ байцаагч, Дэд бүтцийн хяналтын газрын /хэлтсийн/ удирдах албан тушаалтан тус тус гарын үсэг зурж, улсын байцаагчийн болон байгууллагын тэмдэгээр баталгаажуулан, өмчлөгчид албан бичгээр хүргүүлнэ.
2.7. Ашиглалтын гэрчилгээ авахаар ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангахгүй бол ажлын 7 хоногт багтаан энэхүү журмын 2.1-д заасан байгууллагаас өмчлөгчид үндэслэл бүхий албан бичгээр хүргүүлнэ.
Гурав. Гэрчилгээг дахин олгох үйл ажиллагаа
3.1. Энэхүү журмын 1.3-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд 2.4.1, 2.4.2-д заасан баримт бичгийг үндэслэн барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээг энэхүү журмын 2.1-д заасан байгууллага дахин олгох буюу ашиглалтын гэрчилгээний төрлийг өөрчлөн олгоно.
3.2 Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасны дагуу ашиглаж буй барилга байгууламж нь батлагдсан зураг төсөл, баримт бичгийн дагуу баригдсан эсэхийг тодруулах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын техник, эрчим хүч, харилцаа холбоо, нефтийн чиглэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид нэмэлт шалгалт хийж болно.
3.3. Барилга, байгууламжийн ашиглалтын төлөв байдалд Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасан хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын энэхүү журмын 3.2-т заасан чиглэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчдын хийсэн хяналт шалгалтаар ашиглалтын гэрчилгээ нь тухайн барилга, байгууламжийн ашиглалтын төлөв байдалтай нийцэхгүй нь тогтоогдвол дахин паспортжуулах талаар Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан байгууллагад санал хүргүүлнэ.
3.4. Аймаг, нийслэлийн Засаг даргын баталгаажуулсан, дахин паспортжуулсан мэргэжлийн дүгнэлтээр ашиглалтын гэрчилгээний төрөл нь барилга байгууламжийн бодит төлөв байдалтай нийцэхгүй нь баталгаажвал Мэргэжлийн хяналтын байгууллагаас өмчлөгчийн хүсэлтийг эс харгалзан гэрчилгээний төрлийг өөрчилнө.
Дөрөв. Ашиглаж байгаа барилга, байгууламжийг паспортжуулах
4.1. Тухайн нутаг дэвсгэрт энэхүү журмын 2.1-д заасан ашиглагдаж байгаа бүх төрлийн барилга, байгууламжийн паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулан, паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлтийг баталгаажуулна.
4.2. Өмчлөгч нь паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасны дагуу холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд хүсэлтийг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор паспортжуулалтын дүгнэлт гаргах эсэхэд хариу өгнө.
4.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэхүү журмын 2.4.1-д заасан паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлтийг өмчлөгчид албан бичгээр хүргүүлнэ.
4.4. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан барилга байгууламжийн паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлтийг өмчлөгчийн хүсэлтээр гаргана.
4.5. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий хуулийн этгээдийг мэргэжил арга зүй, удирдлагаар хангах, техникийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий 5-аас доошгүй гишүүдээс бүрдсэн орон тооны бус паспортжуулалтын зөвлөлтэй байна.
4.6. Зөвлөлийг аймаг, нийслэлийн хот байгуулалт, барилга, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга ахалж, тухайн аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын дарга, эсхүл зөвлөлийн нарийн бичгийн дарга үйл ажиллагааг зохион байгуулна.
4.7. Зөвлөл нь аймаг, нийслэлийн ерөнхий архитектор, хот байгуулалт, барилга, дэд бүтэц хариуцсан албан тушаалтан, барилгын салбарын мэргэжлийн зэрэг дэвтэй инженерийн бүрэлдэхүүнтэй байна.
4.8. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэхүү журмын 4.5-д заасан зөвлөлийн дотоод үйл ажиллагааг зохицуулах журмыг баталж, мөрдүүлнэ.
4.9. Зөвлөл нь аймаг, нийслэлийн Засаг даргад жилд 2 удаа үйл ажиллагааны хэрэгжилтийг тайлагнана.
4.10. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-д хамаарах барилга байгууламжид паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага эсхүл сонгон шалгаруулалт гэрээний үндсэн дээр эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.
4.11. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.5, 32 дугаар зүйлийн 32.1.5-д хамаарах барилга байгууламжид паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг сонгон шалгаруулалт гэрээний үндсэн дээр эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.
4.12. Төрийн өмчийн барилга байгууламжид паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
4.13. Паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий хуулийн этгээд нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй эсхүл мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д заасан зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй байна.
4.14. Барилга, байгууламжийн паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажилд "Газар хөдлөлтийн бүсэд барьсан барилгын паспортжуулалтын аргачилсан заавар", "Эвдрэл гэмтэлтэй барилга байгууламжид инженерийн биет судалгаа явуулах аргачилсан заавар, "Хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх заавар", "Өрөгт бүтээцтэй барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал", "Том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал", "Цутгамал төмөр бетон бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал", "Авто зам, гүүр, инженерийн хангамжийн сүлжээнд газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлэх аргачлал" болон холбогдох бусад норм ба дүрэм, зааврыг мөрдөнө.
4.15. Барилга, байгууламжийн паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг эрх бүхий хуулийн этгээдийн холбогдох чиглэлийн мэргэшсэн, зөвлөх инженер ахалж гүйцэтгэнэ. Эрх бүхий хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Энэ чиглэлээр 3-аас доошгүй ажил хийсэн байх;
- Үл эвдэх аргаар судалгаа, шинжилгээ хийх багаж, тоног төхөөрөмжтэй байх;
- Мэргэжлийн хариуцлагын даатгалтай байх;
- Барилгын норм дүрэм боловсруулахад оролцсон, хянан тохиолдуулсан, санал өгсөн, төсөл хэрэгжүүлсэн, төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байх;
4.16. Барилга, байгууламжид хэмжилт, судалгаа хийж паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах бөгөөд барилга, байгууламжийн хийц, бүтээцийн төрлөөс хамаарч дараах хэсгээс бүрдэнэ.
4.16.1. Паспортжуулалтын зөвлөлийн даргын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан нүүр хуудас;
4.16.2. Паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргасан байгууллага болон инженерүүдийн гарын үсэг, тэмдэг бүхий хуудас /нүүр хуудасны ар талд/;
4.16.3. Гарчиг;
4.16.4. Паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах үндэслэл;
4.16.5. Барилга, байгууламжийн түүх;
4.16.6. Биет үзлэг, хэмжилтийн судалгааны дүнгийн тайлан
4.16.7. Үндсэн бүтээцэд хийсэн инженерийн тооцооны үр дүн;
4.16.8. Барилга, байгууламжийн ашиглалтын төлөв байдлын нэгдсэн дүгнэлт;
4.16.9. Цаашид авах арга хэмжээний санал;
4.16.10. Хавсралт материалууд: Буурь хөрсний инженер геологийн судалгааны дүгнэлт, лабораторийн шинжилгээний үр дүн, барилга, байгууламжийн гүйцэтгэлийн болон хэмжилтийн зураг төсөл, барилгын үндсэн хийц бүтээцийн төлөв байдлын фото зураг, ашигласан материал, тооцооны программ хангамж, тоног төхөөрөмжийн жагсаалт, барилга байгууламжийн хувийн хэрэг, үзлэг хийгдэх үед дагалдан гарах бусад ажлын тайлан.
4.17. Зөвлөл нь буулгасан барилга байгууламжийн паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлтийг хүчингүй болгоно.
Тав. Барилга, байгууламжийн өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг
5.1. Барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч нь дараах эрх үүргийг хүлээнэ. Үүнд:
5.1.1. Өмчлөгч, эзэмшигч нь ногоон өнгийн гэрчилгээтэй барилга, байгууламжид ашиглалтын үйл ажиллагааг явуулах бөгөөд Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасан барилгын үндсэн бүтээцийн бат бэх, найдваржилт болон ашиглалтын үеийн аюулгүй байдлын ногоон өнгийн гэрчилгээний түвшинг байнга хангуулах арга хэмжээг холбогдох норм дүрмийн дагуу авч хэрэгжүүлэх;
5.1.2. Өмчлөгч, эзэмшигч нь барилга, байгууламжийн ашиглалтын явцад Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан үүргээ бүрэн хангуулж ажиллах бөгөөд мөн хуулийн 46.1.14-т заасан хугацаанд эрх бүхий мэргэжлийн байгууллагаар үзлэг шалгалт хийлгэж, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
5.1.3. Барилга, байгууламжийн өмчлөгч өөрчлөгдсөн бол ашиглалтын гэрчилгээнд нэмэлт тэмдэглэл хийлгэх;
5.1.4. Ногоон өнгийн гэрчилгээтэй, ашиглалтын аюулгүй байдлын шаардлага хангасан нь улсын комиссын акт, комиссын дүгнэлт, паспортжуулалтаар тогтоогдсон барилга, байгууламжид ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх;
5.1.5. Өмчлөгч нь энэхүү журмын 1.3-д заасан нөхцөл байдал үүссэн нөхцөлд паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг Аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;
Зургаа. Барилга, байгууламжийг паспортжуулах
үйл ажиллагааны санхүүжилт
6.1. Төрийн өмчийн барилга байгууламж /ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр, соёл үйлчилгээний барилга/ болон 2002 оноос өмнө ашиглалтад орсон нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжийг паспортжуулах үйл ажиллагааны санхүүжилтийг салбарын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга улсын болон орон нутгийн төсөвт тусгах замаар хариуцан шийдвэрлэнэ.
6.2. Энэхүү журмын 6.1-д зааснаас бусад барилга байгууламжийг паспортжуулах үйл ажиллагааны санхүүжилтийг өмчлөгч хариуцна.
6.3. Барилга, байгууламжийн паспортжуулалтын үйл ажиллагаанд мэргэжлийн дүгнэлт гаргах хэмжилт, судалгааны зардлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан "Барилга байгууламжийн бат бэх, найдваржилтийн төлөв байдалд паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлын жишиг үнэ" болон холбогдох бусад жишиг үнийг мөрдөнө.
Долоо. Хориглох зүйл
7.1. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 49 дүгээр зүйлийн 49.2.3-т заасан барилга, байгууламжид ашиглалтын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
7.2. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн аваагүй эсхүл паспортжуулаагүй барилга, байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгохыг хориглоно.
Найм. Архивлах
8.1. Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээний эх хувийг өмчлөгчид олгож, хуулбар хувийг Мэргэжлийн хяналтын байгууллагын архивт хадгална.
8.2. Барилга байгууламжийн паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлтийг барилгын хувийн хэрэгт хавсаргаж хадгална.
8.3. Барилга, байгууламжийн паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт нь 2 эх хувь үйлдэгдэх бөгөөд өмчлөгчид нэг хувийг олгож, үлдсэн хувийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох харьяа байгууллагын архивт хадгална.
Ес. Бусад
9.1. Ашиглалтын гэрчилгээ олгохтой холбоотой гомдлыг Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах албан тушаалтанд гаргах бөгөөд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзвэл хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй.
9.2. Паспортжуулалттай холбоотой гомдлыг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзвэл хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй.
9.3. Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.2-т заасан шар өнгийн гэрчилгээтэй буюу паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлтээр засвар шинэчлэлт /хүчитгэл/ хийх шаардлагатай болох нь тогтоогдсон барилга байгууламжид ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг 1 жилийн хугацаанд авч хэрэгжүүлж, Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1-д заасан ашиглалтын үеийн бат бэх, найдвартай ажиллагааны ногоон өнгийн гэрчилгээний түвшинг хангуулсны дараа ашиглалтын үйл ажиллагааг эрхэлнэ.
Арав. Хариуцлага
10.1. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага оногдуулна.
10.2. Өмчлөгч нь барилга, байгууламжийг гэрчилгээжүүлээгүй буюу Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.2, 49.2.3-т заасан шар болон улаан өнгийн гэрчилгээтэй барилга, байгууламжид ашиглалтын үйл ажиллагаа эрхэлсэнээс үүсэх үр дагавар, хариуцлагыг хүлээнэ.
10.3. Барилга байгууламжийг паспортжуулах ажлыг чанаргүй, эсхүл буруу гүйцэтгэсэнээс үүсэх үр дагавар, зардлыг паспортжуулалтын зөвлөл хариуцна.
10.4. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн үнэн зөвийг тухайн үйл ажиллагааг зохион байгуулсан байгууллага хариуцна.
--------------000-------------
Текст томруулах
A
A
A