A

A

A

Бүлэг: 1979


 Сумын ИТХ-ын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн

03 дугаар хуралдааны 3/04 тогтоолын хавсралт

 

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ

 

НЭГ. Нийтлэг үндэслэл:

1.1."Иргэний хууль", "Газрын тухай хууль "Засаг дахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль" болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн бэлчээр ашиглалтыг сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Малчин өрх, малчдын байгууллага (хэсэг, бүлэг, холбоо, нөхөрлөл), бусад ашиглагчид (мал бүхий иргэд, аж ахуйн нэгж)-н хүрээнд бэлчээр ашиглалтын нэгдсэн зохицуулалтыг энэхүү журмаар тогтооно.

1.3.Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд байгалийн бэлчээрийг хамгаалах бэлчээр ашиглалтыг хугацааны болон орон зайн заагтайгаар төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, нөхөн сэргээх болон бэлчээрийн богино хугацааны мониторинг дээр үндэслэн хэт ашиглалт, доройтол, талхлагдлаас сэргийлэх, цөлжилтийг сааруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд малчин өрх, малчдын байгууллага (хэсэг, бүлэг, холбоо, нөхөрлөл), мал бүхий этгээд аж ахуйн нэгж/байгууллагаас хүлээх үүргийг энэхүү журамд нийцүүлэн тогтоож мөрдүүлнэ.

1.4.Энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа Засаг даргаас ИТХ-д өргөн барих ба ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Нэмэлт өөрчлөлтийг хуралдааны тогтоолоор баталж, энэхүү журмын салшгүй хэсэг байдлаар хавсарган мөрдүүлнэ.

Хоёр. Журмын зорилго, зарчим, хэрэгжүүлэх арга зам

2.1.Ашиглагч (малчдын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага)-ын ба сумын

хэмжээнд бэлчээрийн менежментийг тухайн орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхид суурилсан нэгдсэн аргачлалаар уян хатан төлөвлөх, зохицуулах, хамгаалах, хяналт үнэлгээ хийх, нөхөн сэргээхтэй холбоотой харилцаа, энэ хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад журмын зорилго оршино.

2.2.Сумын өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, малчин мал бүхий этгээд малчдын байгууллагын тэгш оролцоо, харилцан хариуцлагын зарчмыг энэхүү журмыг мөрдөхөд баримтална.

2.3.Журмыг хэрэгжүүлэхдээ бэлчээрийн тогтвортой ашиглалт, оролцогсдын тэгш

оролцоог дор дурьдсан зохицуулалтаар хангана. Үүнд:

2.3.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хяналт үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг ашиглагчдын түвшинд иж бүрэн төлөвлөх, боломжтой бүх аргаар цогц хэрэгжүүлэх

2.3.2.Бэлчээрийн экологийн чадавх, бүтээмжит чанар, даацад нь нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэл, бизнесийг хөтлөн явуулах

2.3.3.Улирлын бэлчээр, бэлчээр дэх бусад нөөц (хужир мараа, байгалийн усны

ил эх үүсвэр)-ийг ашиглахад оролцогсдын тэгш байдлыг хангах

2.4.Журмын холбогдох заалт, зарчмыг хэрэгжүүлэх хэтийн баримжаа бүхий үндсэн асуудлыг бэлчээр ашиглах гэрээ (Сумын Засаг дарга болон бэлчээр ашиглагчдын хэсгийн хооронд байгуулах)-ээр зохицуулна.

2.5.Малчин бүр өвөлжөө, хаваржааны доорх газар эзэмших эрхийн гэрчилгээ

авсан байна. Түүнчлэн малчин хот айл, бүлэг, БАХ-д худаг эзэмших/ашиглах, тариалангийн ба бусад зориулалтаар газар ашиглах асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байна.

2.6.Бэлчээр ашиглалттай холбогдох чиглэлээр жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээг

төлөвлөх, хэрэгжүүлэхдээ дор дурьдсан зохицуулалтыг баримтална. Үүнд:

2.6.1.Бэлчээр ашиглалтын талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг Бэлчээр Ашиглагчдын Хэсэг /БАХ/ бие дааж 5 дугаар сарын 15-ны дотор төлөвлөнө. БАХ-ийн бүрэлдэхүүний нэгж өөрийн нэр дээр арга хэмжээ төлөвлөж болно. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөвхөн харьяа БАХ-ийн нэрээр тусгуулна.

2.6.2.БАХ-ийн бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө өөрийн хөрөнгө хүч, зохион байгуулалтаар гүйцэтгэх болон сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тусгана.

2.6.3.БАХ-ийн саналыг хүлээн авч хэлэлцэх, сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгах арга хэмжээг "Газрын тухай хууль", "Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө зохиох аргачлал"-ын дагуу зохион байгуулна. Энэ асуудлаар сумын бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ)-той тухай бүр зөвшилцөнө.

2.7.Бэлчээрийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ, төсөл/хөтөлбөртэй харилцан дэмжлэг үзүүлэх, туслалцаа авах замаар хамтран ажиллана.

2.8.Бэлчээр ашиглалтын журмыг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнаас хариуцах арга хэмжээг тухайн оны үр дүнгийн гэрээнд тусгах ба шаардлагатай гэж үзвэл ажлын байрны тодорхойлолтод нэмэлт оруулж болно.

2.9.Бэлчээр ашиглалтын журмын хэрэгжилтийг малчдын байгууллага (хэсэг, бүлэг, холбоо, нөхөрлөл), баг, сумын хэмжээнд зохион байгуулж дүгнэх ба ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан (байгаль орчны хяналтын улсын байцааагч, газрын даамал, мал эмнэлэг, үржлийн тасаг (МЭҮТ)-ийн хариуцсан мэргэжилтэн хариуцна.

2.10.Бэлчээр ашиглалтын журмыг хэрэгжүүлэхтэй холбогдох арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг "Төсвийн тухай хууль"-ийн 58.4.5, 58.4.6-д заасны дагуу сумын төсөвт жил бүр тусгана.

2.11.Отрын бэлчээр ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын 01-ны өдрөөс дараа оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 150 хоногоос хэтрэхгүй байна.

2.12.Тухайн сумын МЭҮТ-ийн нэгжээс олгосон мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн отрын бэлчээрт өвөлжих хаваржих мал сүргийг нутагшуулах өвөлжөө хаваржаа болон ашиглуулах худаг уст цэгийн зөвшөөрлийг захиргаа олгоно.

2.13.Сумын захиргаа нь мал бүхий этгээд харъяалах сумын засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн сумын бэлчээрт мал өвөлжүүлэх, хаваржуулах ажлыг зохон байгуулна.

Гурав. Бэлчээрийн төлөв байдлыг хянах, ургацын мэдээ, даац тогтоох

3.1.Бэлчээрийн төлөв байдлыг хянах, ургац тооцох анхдагч мэдээллийг авах

ажлыг улирлын бэлчээрийг төлөөлөхүйц байнгын хатуу цэг дээр фотомониторингийн аргачлалыг баримтлан гүйцэтгэнэ.

3.2.Мониторингийн цэгийг сонгохдоо улирлын бэлчээр болон бэлчээрийн

нийтлэг хэвшинжийг төлөөлөх чадварыг нь харгалзан тогтоох ба энэ ажилд БАХ-ийн малчид, СБАХ-ийн төлөөллийг байлцуулна.

3.3.Мониторингийн цэгийн байршлыг Засаг даргын захирамжаар баталгаажуулж. сумын бэлчээрийн зураг ба БАХ-ийн гэрээт бэлчээрийн зурагт нэг бүрчлэн тэмдэглэнэ.

3.4.Фотомониторингийн аргачлалын дагуу хатуу цэгээс буулгасан зурган мэдээлэлд тусгай программаар боловсруулалт хийж, төлөв байдал (зүйлийн бүрэлдэхүүн, бүрхэц), ургацын мэдээг гаргах ажлыг АБАХ-ийн арга зүйн удирдлагын дор сумын газрын даамал гүйцэтгэнэ.

3.5.Бэлчээрийн ашиглалт, байршил, зааг өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар цэгийг солих, шинээр нэмж сонгож болно. Ийм нөхцөлд энэхүү журмын 3.2-т заасны дагуу бүх ажиллагааг гүйцэтгэнэ.

3.6.Ургацын мэдээг шалгах, нэгтгэх ажлыг газрын даамал хариуцах ба байгаль орчны хяналтын улсын байцаагчаас албан ёсны дүгнэлт гаргуулж хавсаргана.

3.7.Тухайн жилийн цаг уурын нөхцөл, бэлчээрийн гарцаас үл хамааран фотомониторингийг бэлчээрийн ургамлын дээд ургац гүйцсэн үед хийнэ. Энэ хугацааг тухайн бүс нутгийн онцлог дээр үндэслэн урьдчилан тогтоосон байна.

3.8.Ургацын мэдээг үндэслэн бэлчээрийн даацыг сум, баг, БАХ-ын түвшинд тооцно. Газрын даамал энэ ажлыг биечлэн гүйцэтгэх ба тооцооны үнэн зөв байдлыг сумын Засаг дарга болон СБАХ, БАХ-ийн өмнө бүрэн хариуцна.

3.9.Бэлчээрийн даацыг хонин толгойгоор илэрхийлнэ. Энэ нь тухайн бэлчээрт байвал зохих малын тоог жишмэл нэгжээр тооцох, бэлчээр сэлгэх, амраах, сайжруулах арга хэмжээ төлөвлөхөд шаардлагатай хэрэглээний чанартай тооцоонд ашиглахад хялбар болно.

3.10.БАХ-ийн бэлчээрийн даацын эцсийн тооцоог бичгээр үйлдэн Засаг даргатай бэлчээр ашиглах гэрээнд заасны дагуу тухайн СБАХ-д, түүгээр дамжуулан БАХ-т хүлээлгэн өгнө. Энэ ажлыг тухайн оны 10 дугаар сард багтаан бүрэн дуусгана.

3.11.Ургацын мэдээг нэгтгэх, даац тооцоход хөндлөнгийн мэдээлэл (цаг уурын албаны ба эрдэм шинжилгээний туршилтын гэх мэт) төлөөлүүлэн ашиглахыг хориглоно.

3.12Бэлчээрийн даацыг тооцохдоо тухайн оны эхэнд БАХ-ийн гишүүн өрх бүрийн нэр дээр тоологдсон малын тоо (мал тооллогын дүн)-д тулгуурлана. БАХ-ийн малын тоог дор дурьдсанаар тооцно. Үүнд:

3.12.1 БАХ-ийн гишүүн өрхийн өмчийн мал

3.12.2 БАХ-ийн гишүүн өрхүүдэд байгаа тавиул мал

3.12.3 Бойжсон бүх төлийг 8 дугаар сарын нэгнээр тасалбар болгон хонин толгойд шилжүүлэн тооцож өвөл, хаврын бэлчээрт байх малын тоонд нэмж оруулна.

3.12.4.Бэлчээрийн даацын тоо хийгдсэнээс хойш гэрээт бэлчээрт мал нэмж оруулахыг хориглох ба ган, зуд зэрэг тохиолдсон нөхцөлд энэ асуудлыг эрх бүхий этгээд шийдвэрлэнэ.

3.13.Бэлчээрийн зуны дээд ургац өндөр, цаг уурын нөхцөл тааламжтай байх төлөв бүхий жил (сумаас хүлээлгэн өгсөн бэлчээрийн даацын албан ёсны мэдээлэлд тулгуурлах)-ийн өвөлжөө, хаваржааны бэлчээрт байвал зохих малын тоог БАХ-ийн хэмжээнд 15 хүртэл хувиар нэмэгдүүлж болно.

3.14.Тавиул малын тоог хонин толгойд шилжүүлж тооцох бөгөөд малын тоог хязгаарлах, цөөрүүлэх шаардлагыг малчин өрхийн адил даган хэрэгжүүлнэ.

Дөрөв. Бэлчээр ашиглалтыг хугацаа ба байршлаар зохицуулах

4.1.Бэлчээр ашиглалтыг тухайн сумын бэлчээрийн экологийн чадавхи, бэлчээрийн

төлөв байдлын өөрчлөлтийн байдал болон фотомониторингийн тухайн жилийн дүн мэдээлэлд үндэслэн улирлаар, тодорхой хугацаагаар төлөвлөх зарчмаар зохицуулна.

4.2.Зуслан, намаржаа, отрын бэлчээрийг ашиглах, өвөлжөө, хаваржааны

бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээний заалт, талуудын хүлээх үүргийн дагуу ашиглах ерөнхий зохицуулалтыг баримтална.

4.3.БАХ-ийн хэмжээнд мөрдөхөөр тогтоосон хугацааг сум, багаас гаргасан ерөнхий болон тухайн цаг үеийн байдалтай уялдуулан тогтоосон хуваарь, хугацаатай тохируулах, зохицуулах асуудлыг БАХ-ийн ахлагч хариуцна.

4.4.Бусад ашиглагчдад гэрээгээр олгосон болон албан бус уламжлалт зохицуулалт (одоогийн ашиглалт)-аар ашиглаж байгаа бэлчээрээр мал дайран өнгөрөх, тууварлах, түр буудаллах хугацааг хоёр, үдлэх/хоноглох хугацааг нэг хоногоос илүүгүйгээр тогтооно.

4.5."Газрын тухай хууль"-д заасны дагуу өвөлжөө, хаваржааны бэлчээрээс БАХ-ийн бүх өрх 5 дугаар сарын 10-ны дотор гэрээрээ нүүдэллэн зусланд гарч, малаас бүрэн чөлөөлнө. Энэ хугацааг сунгах, өөрчлөх үндэслэл, шалтгаан нөхцлийг сумын Засаг даргын шийдвэрээр тогтооно.

4.6.Намаржаанд буух хугацааг БАХ-ээр хэлэлцэж 8 дугаар сарын 20-доос эртгүйгээр тогтооно. Намаржаалахдаа өвөлжөө, хаваржааны бэлчээрээс аль болох зайдуу нутаглана. Өөрийн болон бусдын өвөлжөө, хаваржааны бэлчээрт мал хариулгаар болон алдуулаар оруулахгүй байх үүргийг БАХ шууд хүлээнэ.

4.7.Есдүгээр сарын 20-доос хойш намаржаанаас өвөлжөөнд ойртож, шахаж нутаглах, харин 11 дүгээр сар гартал өвөлжөөнд буухгүй байхаар хугацааг зохицуулна.

4.8.Улирлын бэлчээрээс нүүх, буух хугацааг газарзүйн онцлог ба цаг агаарын нөхцлөөс хамааруулан өөрчилж болох бөгөөд цаг агаарын байдалтай холбогдуулан өөрчилсан бол зөвхөн тухайн улирал, жилд мөрдөгдөнө.

4.9.Шинэ ногооны өндөр 5 см-ээс давтал хаврын ногоо хөөлгөх оторт мал гаргахгүй байх, өвөл-хаврын бэлчээрт зуны ба сөл хөөлгөх отор хийхгүй байх ба үүнийг газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусган уялдуулна.

4.10.Зун-намрын бог мал оторлолтыг 7 дугаар сарын 20-доос хожимдуулалгүй эхлүүлэх, адууг өвлийн оторт 12 дугаар сарын дундаас оройтуулалгүй гаргах, бог мал төллөсний дараа отроос буух

4.11.Бог малын бэлчээрлэлт, хариулгыг өрх, хот айлын бэлчээрээр, бог мал, ялангуяа адуу, тэмээний бэлчээрийг БАХ-ийн бэлчээрийн аль боломжтой хэсэгт сонгох зохицуулалт хэрэгжүүлэх

4.12.Сумын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан бэлчээрийг сэлгэх, амраах ажлын биелэлт, түүний үр нөлөөнд сумын газрын даамал СБАХ-той хамтран хяналт тавина.

Тав. Бусад

5.1.Өвөлжөө, хаваржааны бэлчээр нутагт өвөлжөө, хаваржаа шинээр гаргах,

малын хашаа, саравч барихад БАХ-ийн бүх гишүүдийн шийдвэрийг дагах ба тухай багийн Засаг дарга, газрын даамалд мэдэгдэж бүртгүүлнэ.

5.2.Өвөлжөө, хаваржааны хашаа, саравчийг харьяа БАХ-ийн гишүүн өрхөд

худалдах бол хөрш гишүүн өрхтэй зөвшилцөнө. Эцсийн шийдвэрийг БАХ-ийн ахлагч гаргана.

5.3.Хэрэв тухайн БАХ-ийн гишүүн бус өрхөд худалдах, ашиглуулах бол уг байгууламжийг БАХ-ийн бэлчээрийн заагаас гаргахыг шаардана. Үүнийг эс биелүүлэх, биелүүлэхээс татгалзвал маргааны журмаар шийдвэрлүүлнэ.

Зургаа. Журам хүчин төгөлдөр болох

6.1.Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж "Захиргааны хэм хэмжээ актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.