A

A

A

Бүлэг: 1979
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

Засгийн газрын 2020 оны 190 дүгээр
  тогтоолын хавсралт

 

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ
ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ (цаашид "эрсдэлийн үнэлгээ" гэх)-ний ангилал, чиглэл, эрсдэлийн үнэлгээ хийх зохицуулалт, үнэлгээний захиалагч, гүйцэтгэгч талуудын эрх, үүрэгтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Эрсдэлийн үнэлгээний зорилго нь хүн ам, тодорхой нутаг дэвсгэр, хуулийн этгээд, барилга байгууламжид тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг тодорхойлох, түүнийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөхөд оршино.

1.3. Эрсдэлийн үнэлгээг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хуулийн этгээд, стратегийн болон онц чухал объектын түвшинд хийнэ.

Хоёр. Эрсдэлийн үнэлгээний ангилал

2.1. Эрсдэлийн үнэлгээг ерөнхий болон нарийвчилсан гэж ангилна.

2.2. Эрсдэлийн үнэлгээг энэ журмын 1.3-т заасан түвшинд 3 жил тутам, эсхүл нөхцөл байдлаас хамааран тухай бүр хийнэ.

2.3. Эрсдэлийн үнэлгээ нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөний үндэслэл болно.

Гурав. Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ

3.1. Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ (цаашид "ерөнхий үнэлгээ" гэх)-г  гамшгийн эрсдэлийг тойм, суурь судалгаа байдлаар тодорхойлох зорилгоор хийнэ.

3.2. Ерөнхий үнэлгээг дараахь этгээд гүйцэтгэнэ:

      3.2.1. улсын болон стратегийн онц чухал объектын түвшинд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний томилсноор онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг;

      3.2.2. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд тухайн шатны Засаг даргын томилсноор төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг;

      3.2.3. салбарын түвшинд тухайн салбарын удирдлагын томилсноор гамшгаас хамгаалах улсын алба, тухайн салбарын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг.

3.3. Онцгой байдлын байгууллага ерөнхий үнэлгээ хийх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

3.4. Ерөнхий үнэлгээний үр дүнд үндэслэн нарийвчилсан үнэлгээ хийлгэж болно.

Дөрөв. Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ

4.1. Гамшгийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн түвшинд нарийвчлан тодорхойлох, болзошгүй хохирлын хэмжээг тооцох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг төлөвлөх зорилгоор гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ (цаашид "нарийвчилсан үнэлгээ" гэх)-г хийнэ.

4.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.3-т заасны дагуу шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нарийвчилсан үнэлгээг дараахь чиглэлээр хийнэ:

      4.2.1. уул уурхай;

      4.2.2. дэд бүтэц;

      4.2.3. хөдөө аж ахуй;

      4.2.4. байгаль орчин, түүх соёлын дурсгалт газар;

      4.2.5. үйлдвэр, үйлчилгээ;

      4.2.6. эрүүл мэнд.

Тав. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний үйл
     ажиллагааны зохион байгуулалт

5.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох харилцаанд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг мөрдөнө.

5.2. Хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус Гамшгийн эрсдэлийн мэргэжлийн зөвлөл (цаашид "Мэргэжлийн зөвлөл"        гэх)-ийн бүрэлдэхүүн, ажиллах журам, эрсдэлийн үнэлгээ хийхэд баримтлах зааврыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.3. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох, сунгах, түдгэлзүүлэх хугацааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.1, 6.2, 13.1-д зааснаар тогтооно.

5.4. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нарийвчилсан үнэлгээний тайланд хяналт тавих, дүгнэлт гаргах үнэлгээний ерөнхий шинжээч, шинжээч, шаардлагатай тохиолдолд шинжээчийн багийг томилон ажиллуулна.

5.5. Үнэлгээний ерөнхий шинжээч нь онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлага хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, шинжээч нь онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжилтэн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын байцаагч байна.

Зургаа. Эрсдэлийн үнэлгээг хийлгэх
             захиалагч талын эрх, үүрэг

6.1. Эрсдэлийн үнэлгээ хийлгэх захиалагч нь дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

      6.1.1. эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх талаар тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд хүсэлт гаргах;

      6.1.2. тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;

      6.1.3. үнэлгээ хийх хуулийн этгээдээс мэдээллийн нууцлалыг хадгалахыг шаардах;

      6.1.4. үнэлгээний үйл явц, үр дүнтэй холбоотой санал, гомдлыг үнэлгээ хийсэн хуулийн этгээд, холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх;

      6.1.5. эрсдэлийн үнэлгээ хийх ажлын даалгаврыг боловсруулах;

      6.1.6. эрсдэлийн үнэлгээ хийлгэх объект, салбарын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх;

      6.1.7. эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдийг эрсдэлийн үнэлгээ хийх объектод нэвтрэх, үйл ажиллагаатай танилцах боломжоор хангах;

      6.1.8. эрсдэлийн үнэлгээнээс гарсан зөвлөмжийг гамшгаас хамгаалах төлөвлөгөө, бусад холбогдох стратеги, төлөвлөлтөд тусгах, хэрэгжүүлэх.

Долоо. Эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн
   этгээдийн эрх, үүрэг

7.1. Хуулийн этгээд дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

      7.1.1. эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг захиалагч талаас гаргуулах;

      7.1.2. эрсдэлийн үнэлгээ хийх объектод нэвтрэх, үйл ажиллагаатай танилцах, судлах;

      7.1.3. тухайн салбарын мэргэшсэн шинжээчээс зөвлөгөө авч хамтран ажиллах;

      7.1.4. эрсдэлийн үнэлгээг захиалагч талтай байгуулсан гэрээнд заасан хугацаанд тогтоосон аргачлалын дагуу чанартай гүйцэтгэн үнэлгээний тайланг         3 хувь үйлдэж, захиалагч тал болон холбогдох байгууллагад хүргүүлэх;

      7.1.5. үнэлгээний багийн гишүүдийг гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад хамруулах;

      7.1.6. захиалагч талын үйл ажиллагаа, техник, технологи, бизнесийн мэдээллийн нууцыг хадгалах;

      7.1.7. эрсдэлийн үнэлгээнд баталгаатай эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийг ашиглах.

7.2. Энэ журмын 7.1.5-д заасан сургалтыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын судалгаа шинжилгээ, сургалт хариуцсан нэгж зохион байгуулна.

Найм. Эрсдэлийн үнэлгээний тайлан,
        дүгнэх шалгуур үзүүлэлт

8.1. Ерөнхий үнэлгээ хийсэн ажлын хэсэг, нарийвчилсан үнэлгээ хийсэн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь холбогдох заавар, стандартын дагуу тайлан, зөвлөмж боловсруулна.

8.2. Эрсдэлийн үнэлгээний тайланг дүгнэх, баталгаажуулах шалгуур үзүүлэлтийг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

8.3. Эрсдэлийн үнэлгээний тайлан нь шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний хураангуй үр дүнг гамшгийн эрсдэлийн мэдээллийн санд байршуулна.

Ес. Бусад зүйл

9.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.


---о0о---