A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 183 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон )
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 171

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ

(Засгийн газрын 2021 оны 183 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26.1.8, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Улсын баяр наадмыг цахимаар, радио, телевизээр шууд дамжуулан хүргэж, үзэгчгүйгээр зохион байгуулсугай.

2. Улсын баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концерт болон тус баяр наадмын хүрээнд зохион байгуулах бусад арга хэмжээг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журам, горимыг чанд мөрдүүлж зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Хорооны дарга С.Амарсайханд даалгасугай.

3. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын орон нутаг дахь түвшин, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн бодит нөхцөл байдлыг аймаг, сум тус бүрээр авч үзэж, тухайн аймаг, сумын баяр наадмыг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зохион байгуулах эсэх асуудлыг Улсын болон Аймгийн онцгой комиссын саналыг харгалзан хамтран шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

4. Улсын баяр наадмаас бусад баяр, уул, овооны тахилга, наадам, тэмдэглэлт ой, хурдан морины уралдаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН