A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 304

Улаанбаатар хот

ХОРИХ АНГИ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 197.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Лүн сумын Авдрант дахь 403, Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь 443 дугаар хорих анги болон 403 дугаар хорих ангийн дэргэдэх "Авдрант хайрхан" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг тус тус татан буулгасугай.

2. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын "Нүүрстэйн ам" нэртэй газарт байрлах 83 га, Төв аймгийн Лүн сумын "Авдрант" нэртэй газарт байрлах 31 га бүхий уурхайн талбай болон тэдгээрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус буцаан өгөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт, уурхайн талбайг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд тус тус даалгасугай.

3. Татан буугдсан хорих ангиудын эд хөрөнгө, төсөв, санхүү, орон тоог хууль тогтоомжид заасны дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид, "Авдрант хайрхан" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт тус тус даалгасугай.

4. "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2017 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хорих байгууллага, түүний нутаг дэвсгэрийн байршил, хорих ангийн дэглэм"-ийн 2, 21 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

6. Энэ тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ