- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 353 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 318
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 32.1.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 353 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм"-д дор дурдсан агуулга бүхий 2.5, 2.6 дахь хэсэг нэмсүгэй:
1/ "2.5. Захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон ашиглагч барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацааг дуусгавар болгохтой холбогдуулан Барилгын тухай хуулийн 14.4, 14.5-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, тэмдэглэл үйлдээгүй, эсхүл уг үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээсэн нь тухайн этгээдийг дээр дурдсан үүргээс чөлөөлөхгүй."
2/ "2.6. Барилга байгууламжийн эдэлгээний хугацааг Барилгын тухай хуулийн 14.9-д заасан дүрмийн дагуу тогтоох бөгөөд уг хугацаа дуусгавар болсон тохиолдолд ашиглагч нь барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хандан тухайн барилга байгууламжийг цаашид ашиглах эсэх асуудлыг шийдвэрлүүлнэ.
2. Мөн дүрмийн 4.1.1 дэх заалтыг "Барилгын тухай хуулийн 46.4, 48.2, 48.3, Орон сууцны тухай хуулийн 15.1, 15.3, 17.1-д заасныг болон барилга байгууламжийг ашиглахтай холбогдсон бусад хууль тогтоомжийг зөрчих;" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A
