A

A

A

Бүлэг: 1979
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Засгийн газрын 2012 оны 46 дугаар
тогтоолын хавсралт

 

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН 

АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, түүний ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) нь үйл ажиллагаандаа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.  

1.3. Зөвлөл зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Зөвлөл  өөрийн бэлэгдэлтэй байж болно. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 212 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

1.4. Зөвлөл орон нутагт салбартай байж болно.

1.5. Зөвлөл хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн болон нутгийн захиргааны байгууллага, бусад байгууллагатай хамтран ажиллана.

Хоёр. Зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрх

2.1. Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Зөвлөлийн дарга удирдан зохион байгуулах бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    2.1.1. хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулалт, үнэ тарифын талаар Засгийн газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;

    2.1.2. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоох, хуралдааныг товлох, даргалах;

    2.1.3. Зөвлөлийг гадаад, дотоод харилцаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх;   

    2.1.4. Зөвлөлийн ажлын албаны нэгжийн дарга, ажилтны ажил үүргийн хуваарийг тогтоох, тэдгээрийг томилж, чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх, цалин хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоох; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2019 оны 212 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

    2.1.5. Зөвлөлийн ажлын албаны ажилтны мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;

    2.1.6. Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;

    2.1.7. Зөвлөлөөс бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулах гэрээ, хэлэлцээрийг батлах; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2019 оны 212 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

    2.1.8. Зөвлөлийн шийдвэрээр олгосон тусгай зөвшөөрөлд гарын үсэг зурж баталгаажуулах;

    2.1.9. хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор тушаал гаргаж биелэлтийг хангуулах;

    2.1.10. Зөвлөлийн төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;

    2.1.11. Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Зөвлөлийн ажлын албаны нэгжийн даргад үүрэг даалгавар өгч гүйцэтгэлд нь хяналт тавих;

    2.1.12. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2.2. Зөвлөлийн гишүүн дараахь бүрэн эрхтэй байна:

    2.2.1. Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Зөвлөлийн ажлын албаны нэгжийн даргад Зөвлөлийн даргаар уламжлуулан үүрэг даалгавар өгч,  гүйцэтгэлд нь хяналт тавих; (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 212 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

    2.2.2. Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах;

    2.2.3. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан нэмэлт баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах;

2.3. Зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн олон жил ажилласан Зөвлөлийн гишүүн, гишүүдийн ажилласан жил адил бол насаар хамгийн ахмад гишүүн гүйцэтгэнэ.

2.4. Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  9.12заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд шинээр томилогдсон дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа нь өмнөх дарга, гишүүний үлдсэн хугацаатай адил байна.

Гурав. Зөвлөлийн бүрэн эрх

3.1. Зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.1.1. батлагдсан төсөвт багтаан зөвлөлийн ажлын албаны орон тоо, нэгжийн чиг үүргийг батлах;

3.1.2. Зөвлөлийн даргын санал болгосноор Зөвлөлийн ажлын албаны нэгжийн даргыг Зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилох, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлөөс аливаа шийдвэр гаргахад саналын эрхгүй байна; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 212 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

3.1.3. Зөвлөлийн төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах;

3.1.4. Зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, зааврыг баталж, биелэлтэд нь хяналт тавих;

3.1.5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох бусад этгээдээс тайлан, мэдээ, мэдээлэл, тодорхойлолт гаргуулан авах; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 212 дугаар тогтоолоор нэмсэн)

3.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 212 дугаар тогтоолоор нэмсэн)

3.1.7. цэвэр, бохир усны үйлчилгээ холбогдох стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 212 дугаар тогтоолоор нэмсэн)

3.2. Зөвлөл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үзүүлэх үйлчилгээний тарифыг хянан батлахдаа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10.2-т заасан зарчмыг баримтална.

Дөрөв. Зөвлөлийн ажлын алба

4.1. Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг түүний ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.

4.2. Зөвлөлийн ажлын алба нь зохион байгуулалтын нэгжтэй байж болно; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 212 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

4.3. Ажлын алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

               4.3.1. Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;

               4.3.2. Зөвлөлийн дарга, гишүүдийг шаардлагатай мэдээлэл, судалгаагаар хангах;

                4.3.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд хяналт тавьж, санал, дүгнэлт гаргах;

                4.3.4. хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний үнэ тарифын талаар баримтлах бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх;

                4.3.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүү, эдийн засгийн байдал, үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийх;

                4.3.6. Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын төсөл боловсруулах;

                4.3.7. Зөвлөлийн ажлын албаны хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;

                4.3.8. Зөвлөлийн шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд мэдээлэх;

                4.3.9. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

Тав. Зөвлөлийн зохион байгуулалт

5.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан байна.

5.2. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд саналыг илээр гаргаж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаанд хэлэлцэх асуудлаархи саналаа бичгээр гарган Зөвлөлийн даргад урьдчилан ирүүлснээр түүнийг хуралдаанд оролцсонд тооцно.

5.3. Зөвлөлийн хуралдааны шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө.

5.4. Зөвлөлийн тогтоолд Зөвлөлийн дарга, гишүүд, хуралдааны тэмдэглэлд Зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

5.5. Зөвлөлийн хуралдааныг сард 1-ээс доошгүй удаа хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

5.6. Зөвлөлөөс гарсан хууль ёсны шийдвэрийг холбогдох иргэн, албан тушаалтан, байгууллага, хуулийн этгээд дагаж мөрдөнө.


---оОо---