A

A

A

Бүлэг: 1979

                                                                            Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайдын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн А/218 тоот тушаалын  хавсралт

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенци, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийг бүх хэлбэрийн хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, түүний гэр бүлд хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хүүхдийг гэр бүл болон нийгмийн бүхий л орчинд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,  санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.   

1.2.Хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай тусламжийн, хамгаалах нөхөн сэргээх, зорилтот урьдчилан сэргийлэх гэсэн гурван түвшинд үзүүлэхдээ энэхүү журам болон Хүүхэд хамгааллын тухай, хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, холбогдох дүрэм, журмыг дагаж мөрдөнө.

Хоёр. Хүүхэд хамгааллын үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт

2.1.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээг үндэсний хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутгийн түвшинд тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага удирдан зохион байгуулна.

2.2.Хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлж, ашиглах удирдамж, зааврыг батлан мөрдүүлэх ажлыг Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

2.2.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, 38.1.1-д заасан сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээ, 40, 41 дүгээр зүйлд заасан нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлж үзүүлж буй үйлчилгээний үр дүнд хяналт тавих.

2.2.2.Хамтарсан багийн нийгмийн ажлын үйлчилгээний мэдээллийн санг бүрдүүлж, хяналт тавьж, нийгмийн ажилтнуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх.

2.3.Энэ журмын 2.2-т заасан хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийн сан бүртгэл, үйлчилгээний үр дүнд үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээний норматив зардлыг тооцох аргачлалын дагуу санхүүжүүлнэ.

2.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийн сан, үзүүлж буй үйлчилгээний үр дүнд улирал тутам хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн удирдлагаар хангана.

2.5.Энэ журмын 2.4-т заасан хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах дараа жилийн төсвийг төлөвлөнө.

2.6.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүүхэд хамгааллын үйлчилгээний үр дүн, төсвийг нэгтгэн дүгнэж, улсын хэмжээний нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

2.7.Хүүхэд хамгааллын үйлчилгээг төрийн байгууллага, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллага холбогдох журмын дагуу үзүүлнэ.

Гурав. Шуурхай тусламжийн түвшний үйлчилгээ

3.1.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасан мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах, 10.1.2-т заасан нөхцөл байдлын үнэлгээ хийх, 10.1.3.-т заасан аюулгүй байдлыг хангах, 10.1.4-т заасан холбон зуучлах үйлчилгээ нь хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн түвшний үйлчилгээнд хамаарна.

3.2.Шуурхай тусламжийн түвшний үйлчилгээг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, түүнтэй харилцаа холбоо тогтоох, хүүхдийн эрсдэлийн болон нөхцөл байдлыг үнэлэх гэсэн үе шатуудаар хүргэнэ.

3.3.Энэ журмын 3.1-т заасан үйлчилгээ авахаар бүртгэгдсэн эрсдэлт нөхцөлд байгаа  хүүхэд, түүний гэр бүлийг нэг кейс  гэж үзэж, энэ журмын 3.2-т заасан үе шатуудаар хүргэнэ.  

 3.4.Энэ журмын 3.1-т заасан үйлчилгээг энэ журмын 2.7-д заасан байгууллага холбогдох журмын дагуу үзүүлнэ.

3.5.Энэ журмын 3.1-т заасан үйлчилгээний зардлыг энэ журмын 2.2.1, 2.2.2-т үйлчилгээний мэдээллийн сангийн бүртгэл, үйлчилгээний үр дүнд үндэслэн тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагаас хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллага, Хамтарсан багт олгоно.

Дөрөв. Хамгаалах, нөхөн сэргээх түвшний үйлчилгээ

4.1.Хамгаалах, нөхөн сэргээх түвшний үйлчилгээ нь хүүхдийг гэр бүлийнх нь орчинд хамгаалах нөхөн сэргээх,  хүүхдийг гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах нөхөн сэргээх  гэсэн хоёр хэлбэртэй байна.

4.2.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх түвшний үйлчилгээг хаана үзүүлж байгаагаас үл хамаарч, хүүхэд болон гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөх, хүргэх, үнэлэх, төгсгөх гэсэн үе шатуудаар хүргэнэ.

4.3.Хамгаалах, нөхөн сэргээх түвшний үйлчилгээг хүүхэд, гэр бүлийн гишүүнтэй ганцаарчлан ажиллах, гэр бүл болон хүүхдийн бүлэгтэй ажиллах, байгууллага, олон нийттэй ажиллах зэрэг нийгмийн ажлын үйлчилгээний арга зүйгээр хүргэх, бусад мэргэжилтэн, албан хаагчийн үйлчилгээтэй уялдуулан зохицуулах үүргийг нийгмийн ажилтан-кейс менежер хариуцна.

4.4.Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, эрх бүхий байгууллага нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний гэр бүлд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхдээ холбогдох дүрэм, журмыг баримтална.

4.4.1.Алслагдсан сум, орон нутаг, хороонд амьдардаг хүүхдийг гэр бүлд нь явуулын үйлчилгээгээр хамгаалах нөхөн сэргээх түвшний үйлчилгээ үзүүлж болно.

4.4.2.Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд хүүхэд, түүний гэр бүлд өөрсдөө үзүүлэх боломжгүй хамгаалах нөхөн сэргээх түвшний үйлчилгээг энэ журмын 2.7-д заасан хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагад холбон зуучилж, үйлчилгээний явц, үр дүнд хяналт тавина.

4.4.3 энэ журмын 3.3-т заасны дагуу хүүхэд, гэр бүлийн кейс хариуцсан нийгмийн ажилтан-кейс менежер нь холбон зуучилсан үйлчилгээг өөрсдийн үзүүлж буй үйлчилгээтэй уялдуулан зохицуулж, хүүхэд, гэр бүлтэй ажиллах төлөвлөгөөний дагуу кейсийг үнэлж  хаах хүртэлх мэдээллийг цаасан хэлбэрээр кейс файлд хадгалж, нийгмийн ажлын үйлчилгээний мэдээллийн санд бүртгүүлнэ.

4.4.4. Үйлчилгээний зардлыг 2.2-т заасан мэдээллийн сан, үйлчилгээний үр дүнд үндэслэн тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагаас хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллага, Хамтарсан багт олгоно.

4.5. Аюулын зэргийн түвшин, эрсдлийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээний дүнд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал нь гэр бүлийн орчиндоо хангагдахгүй болох нь тогтоогдсон хүүхдийг Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байр, асрамж халамжийн төв, асралт гэр бүл зэрэгт байрлуулан асран хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ нь хүүхдийг гэр бүлийн орчноос тусад нь хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний түвшний үйлчилгээнд хамаарна.  

4.5.1 энэ журмын 4.5-т заасан үйлчилгээг үзүүлэх Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв, асрамж, халамжийн төв, асралт гэр бүл нь холбогдох дүрэм, журам, стандартын дагуу үйлчилгээг үзүлнэ.

4.5.2. гэр бүлийн орчноос тусад нь хамгаалах, нөхөн сэргээх түвшний үйлчилгээ хүргэж буй эрх бүхий байгууллага нь  өөрсдөө үзүүлэх боломжгүй хамгаалах, нөхөн сэргээх түвшний мэргэжлийн үйлчилгээг  энэ журмын 2.7-д заасан хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагад холбон зуучилж, үйлчилгээний явц, үр дүнд хяналт тавина.

4.5.3.энэ журмын 3.3-т заасны дагуу хүүхэд, гэр бүлийн кейс хариуцсан нийгмийн ажилтан-кейс менежер нь холбон зуучилсан үйлчилгээг өөрсдийн үзүүлж буй үйлчилгээтэй уялдуулан зохицуулж, хүүхэд, гэр бүлтэй ажиллах төлөвлөгөөний дагуу кейсийг хааж, төгсгөх хүртэлх үйлчилгээг хүргэж, үйлчилгээний тухай бүхий л мэдээллийг хүүхэд, гэр бүлтэй ажилласан кейс файлд цаасан хэлбэрээр хадгалж,  мэдээллийн санд бүртгүүлнэ.

4.5.4.энэ журмын 4.5-т заасан үйлчилгээний зардлыг 2.2-т заасан мэдээллийн сан, үйлчилгээний үр дүнд үндэслэн тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагаас хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллага, асрамж, халамжийн төв, Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв, асралт гэр бүлд олгоно.

Тав. Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээ

5.1. Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээ нь хүүхдэд чиглэсэн, эцэг эх, гэр бүлд чиглэсэн, олон нийтэд чиглэсэн, хүний нөөцийг чадавхжуулах сургалт, нөлөөллийн ажлаас бүрдэнэ.

        5.1.1.хүүхдэд  чиглэсэн  сургалт, нөлөөллийн ажил нь хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний хөгжил, оролцоог дэмжих агуулгатай ажил, үйлчилгээ байна.  

        5.1.2.эцэг эх, гэр бүлд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажил нь хүний эрх, жендэр, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирсон өсгөн хүмүүжүүлэх, амьдрах ухаан, гэр бүлийн боловсрол олгоход чиглэсэн байна.

      5.1.3.олон нийтэд чиглэсэн сургалт нөлөөллийн ажил нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих хандлага, соёлыг бэхжүүлэх агуулгатай сургалт, нөлөөллийн ажил байна.

      5.1.4.хүүхэд хамгааллын салбарын болон салбар дундын байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн салбар дундын зохицуулалтыг хангах сургалт, нөлөөллийн ажил байна.

5.2. Энэ журмын 5.1.1-ээс 5.1.3-т заасан урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээг Хамтарсан баг, энэ журмын 2.7-д заасан эрхий бүхий байгууллага үзүүлнэ.

5.3. Энэ журмын 5.1.4-т заасан урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага хариуцан зохион байгуулна.

5.4. Энэ журмын 5.1-т заасан үйлчилгээний зардлыг 2.2-т заасан мэдээллийн санд бүртгэгдсэн тухайн орон нутгийн эрсдэлт нөхцөл байгаа хүүхдийн тоо, хүн амын тоо, энэ журмын 3,4-т заасан шуурхай тусламж, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо зэргийг харгалзан 2.7-д заасан байгууллагыг хариуцах харъяа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтэс санхүүжилтыг олгоно.

Зургаа.  Бүртгэл мэдээлэл ба мэргэжил арга зүйн дэмжлэг

6.1. Нийгмийн ажлын үйлчилгээг энэ журмын 3 ба 4  дүгээр зүйлд заасан үйлчилгээний түвшин, үйлчилгээ үзүүлсэн үе шат, хэлбэрийн дагуу нийгмийн ажилтан, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, холбон зуучилж үйлчилгээ үзүүлсэн баримт бичиг, маягт, үйлчилгээг дуусгах хүртэл бүх мэдээллийг кейс файлд цаасан хэлбэрээр хадгалж, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

6.2. Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлсэн бүх байгууллага үйлчлүүлэгчийн хувийн хэргийг холбогдох стандарт, дүрэм, зааврын дагуу  архивлана.  

6.3. Хүүхэд хамгааллын үйлчилгээ авсан хүүхэд, гэр бүлийн  кейс файл  (хавтаст хэрэг)-т дуудлагын тэмдэглэл, үйлчилгээнд бүртгэсэн тухай мэдээлэл хүлээн авсан маягт, шилжүүлсэн эсхүл зуучилсан тухай маягт, анхны үнэлгээ, илрүүлэлтийг бүртгэсэн маягт, үйлчилгээнд хүлээн авсан тухай мэдээлэлтэй маягт, нөхцөл байдлын анхны болон гүнзгийрүүлэн давтан хийсэн үнэлгээний бөглөсөн маягтууд, нөхцөл байдлын үнэлгээний тайлан, кейс төлөвлөгөө, өөрчилж зассан кейс төлөвлөгөө, үйлчлүүлэгчтэй уулзсан, гэр болон сургууль холбогдох газраар явж хянасан тэмдэглэл, холбон зуучилсан баримтууд, үйлчилгээ хүргэсэн тухай баримт, кейс хэлэлцүүлгийн тэмдэглэл, үйлчилгээний хаалтын тэмдэглэл зэрэг багтана.

6.4 Хамтарсан багт харъяа орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагын анхан шатанд ажиллаж буй нийгмийн ажилтанд тухайн байгууллагын ахлах нийгмийн ажилтан мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, мэргэжлийн зөвлөн туслах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллана.

6.5. Мэргэжлийн зөвлөн туслах уулзалт, хэлэлцүүлэг нь тогтмол  хугацаанд нууцыг чанд хадгалах орчинд өрнөж, урьдчилан төлөвлөж бэлтгэсэн танилцуулга, заавартай практик асуудлын талаарх мэргэжлийн хэлэлцүүлэг, харилцан ярилцлага  байдлаар явагдана.

Долоо. Хяналт, шинжилгээ, үнэлгээ

7.1.Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллага нь улирал, хагас, бүтэн жилийн хүүхэд хамгааллын үйлчилгээний тайлангаа харьяа дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, сумын мэргэжилтэнд өгч, сумын мэргэжилтэн, дүүргийн хэлтэс нь аймаг, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагад харъяа орон нутгийн анхан шатны тайланг нэгтгэн  хүргүүлж, дээд шатны байгууллагаас үнэлгээ, дүгнэлт, зөвлөгөө, чиглэл авна.

7.2.Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагын үйлчилгээнд харъяа хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, чиглэл өгнө.

7.3.Байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс, нэгж, мэргэжлийн хяналтын байгууллагаас  өгсөн чиглэлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан биелүүлэх, тайлагнах үүрэгтэй.

7.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүүхэд хамгааллын үйлчилгээний үр дүнг үнэлэх, сайжруулах зорилгоор энэ журмын 2.7-д заасан байгууллагын үйл ажиллагаанд батлагдсан аргачлалаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

Найм. Хариуцлага

8.1.Энэхүү журмыг зөрчсөн болон үйлчилгээ үзүүлэх явцдаа хүүхдийн эрхийг зөрчсөн байгууллага, албан хаагчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

----ооОоо---