- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮҮХЭД АСРАХ ХУВИЛБАРТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 24 -ны өдрийн А/209 дугаар тушаалын хавсралт
ХҮҮХЭД АСРАХ ХУВИЛБАРТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ /цаашид "хувилбарт үйлчилгээ" гэх/-г төлөвлөх, зохион байгуулах, оролцогч талуудын үүргийг тодорхойлох, үйлчилгээ үзүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ нь хүүхдийг төвлөрүүлэн асрамжлах үйлчилгээний хэлбэрээс гэр бүл, гэр бүлтэй дүйцэх орчинд урт, богино хугацаагаар асран хамгаалах хувилбарт үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдэнэ.
1.3.Хувилбарт үйлчилгээг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Нийгмийн халамжийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон уг үйлчилгээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийн бусад актын хүрээнд хэрэгжүүлнэ.
1.4.Хувилбарт үйлчилгээ нь "Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага MNS5852:2017" стандарт /цаашид "стандарт" гэх/-д нийцсэн байна.
Хоёр. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний зарчим
2.1.Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих;
2.2.Хүүхдийн оролцоог хангах, үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, шийдвэр гаргахад тэдний саналыг харгалзан үзэх;
2.3.Хүүхдийг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах;
2.4.Хүүхдийг гэр бүл болон өөрт нь чухал хүмүүстэй холбоо, харилцаатай байлгах;
2.5.Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэхийг эрхэмлэх;
2.6.Гэр бүл, хүүхдийн хувийн нууцыг задруулахгүй байх;
2.7.Ядуурлаас хамааралтай шалтгаанаар хүүхдийг эцэг эх, гэр бүлээс нь холдуулж, хувилбарт үйлчилгээнд хамруулахгүй;
2.8.Гэр бүлд түшиглэсэн хувилбарт үйлчилгээг нэн тэргүүнд, төвлөрсөн асрамж, халамжийн үйлчилгээг эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх.
Гурав. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт
3.1.Гэр бүлд түшиглэсэн хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ нь үзүүлж байгаа орчноосоо хамаарч дараах хэлбэртэй байна:
3.1.1.төрөл, садангийн хүний асрамж, халамж;
3.1.2.харгалзан дэмжиж байгаа иргэний гэр бүлийн асрамж, халамж.
3.2.Төвлөрсөн асрамж, халамжийн үйлчилгээг хүүхдийн гэр бүлтэй дүйцэхүйц орчинд, бүлгийн зохион байгуулалтаар зохион байгуулна.
3.3.Хувилбарт үйлчилгээг үндэсний түвшинд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бодлогын нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага тус тус хариуцна.
3.4.Дараахь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хувилбарт үйлчилгээнд хамруулна:
3.4.1.эцэг, эх нь эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, эрхээ хасуулсан, хязгаарлуулсан, эсхүл удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа, эсхүл эцэг, эх нь тэжээн тэтгэхээс зайлсхийсэн, архи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд донтсон, эцэг, эхийг нь олж тогтоох боломжгүй, орон гэргүй тэнэмэл;
3.4.2.гэр бүлийн орчин нь хүүхдийн дээд эрх ашигт нийцээгүй, эсхүл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол үүссэн хүүхдэд онцгой хамгаалалт шаардлагатай тохиолдолд.
3.5.Хүүхдийг хувилбарт үйлчилгээнд хамруулах шийдвэрийг сум, дүүргийн Засаг дарга нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн гаргана.
3.6.Хугацаа сунгах эсэх асуудлыг үйлчилгээний явцын хяналтын дүгнэлтийг үндэслэн аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага шийдвэрлэнэ.
3.7.Хүүхдийг асран халамжлах тухай шийдвэрийг гаргахдаа 7-оос дээш насны хүүхдийн саналыг харгалзан үзнэ.
3.8.Хүүхдийг хувилбарт үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх болон бусад үйлчилгээнд шилжүүлэхдээ тухайн хүүхдийн мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын мэдээллийн санд бүртгүүлж, хувийн хэргийг орон нутгийн архивт хадгална.
3.9.Үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, хуулийн этгээд /цаашид "үйлчилгээ үзүүлэгч" гэх/-д мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, туслах ажлыг дараах байдлаар зохион байгуулна:
3.9.1аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагатай хамтран арга зүйн дэмжлэг үзүүлж, мэргэжлийн удирдлагаар хангах;
3.9.2.хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл авсан, мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр арга зүйгээр хангах ажлыг гүйцэтгүүлж болно.
3.10.Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж буй эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний гэр бүлд нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухааны сургалтыг нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран зохион байгуулна.
Дөрөв. Төрөл, садангийн хүний асрамж, халамжийн үйлчилгээг зохион байгуулах
4.1.Төрөл, садангийн хүний асрамж, халамжийн үйлчилгээ нь асран хамгаалал, харгалзан дэмжлэг шаардлагатай хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5, 3.1.6 дахь зүйлд заасан хүн өөрийн гэр бүлдээ авч асран хамгаалах үйл ажиллагаа байна.
4.2.Хүүхдийг үйлчилгээнд хамруулахдаа Гэр бүлийн тухай хуулийн 63, 64, 67 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу сумын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, хорооны нийгмийн ажилтан /цаашид "нийгмийн ажилтан" гэх/ дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.2.1.хүүхдийн төрөл садангийн хүнийг олж тогтоох;
4.2.2.төрөл, садангийн хүнтэй хүүхдийн асран хамгааллын талаар ярилцлага хийж асран хамгаалах хүсэлтэй эсэхийг тодорхойлох;
4.2.3.тухайн гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах;
4.2.4.нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт, төрөл, садангийн хүний хүсэлтийг харьяалах сум, дүүргийн Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэх;
4.2.5.асран хамгаалах тухай шийдвэрийг үндэслэн хүүхдийг асран хамгаалалтад хүлээлгэн өгөх.
4.3.Гэр бүлийн гишүүдийг тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаарх сургалтад хамруулна.
4.4.Хүүхдийн асран хамгаалалтай холбоотой шийдвэр гарах хүртэл хугацаанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийг сум /баг/, хорооны Засаг дарга хариуцна.
4.5.Үйлчилгээ үзүүлэгч нь орон нутгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулна.
4.6.Үйлчилгээ үзүүлэгч нь хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн болон зан үйл, сэтгэл зүйн мэргэжлийн үйлчилгээнд хамруулахад сум, хорооны Хамтарсан баг, нийгмийн ажилтантай хамтран ажиллана.
4.7.Үйлчилгээ үзүүлэгч нь тодорхой шалтгааны улмаас хүүхдийг асран халамжлах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ талаар нийгмийн ажилтанд нэн даруй мэдээлнэ.
4.8.Нийгмийн ажилтан энэ журмын 4.7-т заасан мэдээллийн дагуу үйлчлүүлэгчид нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авна.
4.9.Энэ журмын 4.5-т заасан гэрээнд талуудын хүлээх үүрэг, асран хамгаалах үйл явцыг хянах асуудлыг тодорхой тусгах ба гэрээний загварыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
Тав. Хүүхэд асран хамгаалах иргэн /асралт гэр бүл/-ий асрамж, халамжийн үйлчилгээг зохион байгуулах
5.1.Хүүхдийг гэр бүлдээ авч асран халамжлахаар зөвшөөрч, тодорхой шалгуурын дагуу сонгогдон, эрх бүхий байгууллагатай хүүхэд асран халамжлах гэрээ байгуулж, тэдний удирдлага, дэмжлэг, хяналтын дор хүүхдийг тодорхой хугацаагаар асран халамжлах гэр бүл /цаашид "асралт гэр бүл" гэх/-ийн үйлчилгээ байна.
5.2.Хүүхдийг гэр бүлдээ асран хамгаалах үйлчилгээний талаарх мэдээлэл, сурталчилгааг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан иргэдэд хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулна.
5.3.Асралт гэр бүл болох хүсэлт гаргасан иргэний гэр бүлийн мэдээллийг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага бүртгэн авч, нөхцөл байдлын үнэлгээ хийж, хувь хүн, гэр бүлийн хүүхэд асрах орон байр, орчин нөхцөл, өрхийн орлогын түвшин, гэр бүлийн гишүүдийн амьдралын хэв маяг, зан үйл, сэтгэл зүйн байдлыг судалж, үйлчилгээ үзүүлэх шаардлага хангах эсэх талаар дүгнэлт гаргана.
5.4.Гэр бүлийн гишүүд тус тусдаа 2 ба түүнээс дээш удаа сэтгэл зүйчтэй ярилцлага хийж, сэтгэл зүйн байдлын талаар дүгнэлт гаргуулна.
5.5.Энэ журмын 5.3-т дурдсан гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, 5.4-т дурдсан сэтгэл зүйн байдлын дүгнэлтээр хүүхэд асран хамгаалах гэр бүлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой талаар дүгнэлт гарсан тохиолдолд асралт гэр бүлийг модуль сургалтад хамруулж, гэрчилгээ олгоно.
5.6.Энэ журмын 5.4-т дурдсан нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтэд үндэслэн тухайн гэр бүлийн хүсэлтэд нийцүүлэн асран халамжлуулах хүүхдийг сонгож, сум, дүүргийн Засаг дарга хүүхэд асран халамжлах тухай шийдвэр гаргана.
5.7.Тухайн хүүхдийг гэр бүлд дасгах үйл явцыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан удирдамж, зааврын дагуу асран хамгаалах гэрээ хийхээс өмнө зохион байгуулна.
5.8.Хүүхдийг асран хамгаалах гэр бүл нь тухайн орон нутгийн нийгмийн халамжийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагатай хүүхэд асран хамгаалах хамтран гурвалсан гэрээ байгуулна.
5.9.Асран халамжлуулах хүүхдэд асран халамжлах үйлчилгээ болон гэр бүлийн орчинд халамжлуулахын ач холбогдлыг ойлгуулсан байна.
5.10.Энэ журмын 5.1-д заасан шалгуур болон 5.8-т заасан гэрээний загвар /талуудын хүлээх үүргийг тодорхой тусгасан/-ыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
Зургаа. Төвлөрсөн асрамж, халамжийн үйлчилгээг зохион байгуулах
6.1.Төвлөрсөн асрамж, халамжийн үйлчилгээ нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр үзүүлэх үйлчилгээ бөгөөд гэр бүлийн орчинд дүйцэхүйц, бүлгийн зохион байгуулалтын хэлбэрээр асрамжлах үйлчилгээ байна.
6.2.Энэ үйлчилгээ нь гэр бүлд дүйцэхүйц орчинд 5-8 хүүхдийг нэг гэр бүл болгож, насанд хүрсэн хүний асрамж халамж, хамгаалалтад хамтран амьдрахад нь дэмжлэг үзүүлэх хэлбэрээр зохион байгуулагдана.
6.3.Төвлөрсөн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах шийдвэрийг Хамтарсан багийн нөхцөл байдлын үнэлгээ, хурлын шийдвэр, тухайн аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга гаргана. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дүгнэлтэд үйлчилгээнд хамруулах үндэслэлийг тодорхой тусгасан байна.
6.4.Үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцүүлсэн сургалтын аргачлал бүхий хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх, бие даан амьдрах ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн ахиц өөрчлөлтийг жилд 1-2 удаа үнэлсэн байна.
6.5.Хүүхдийн кейс файлыг "Хүүхэд хамгааллын үйлчилгээний журам"-д заасны дагуу бүрдүүлэн хөтөлж, нэгдсэн мэдээллийн системд бүртгэх, ар гэрт нь эргэн нэгдсэн, насанд хүрсэн, нас барсан болон бусад хувилбарт үйлчилгээнд шилжсэн тохиолдолд кейс файлыг баталгаажуулж хадгална.
6.6.Энэ журмын 6.1-т дурдсан үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээд хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, төрөл садангийн болон асралт гэр бүлийн үйлчилгээнд хамруулах ажлыг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагатай хамтран зохион байгуулна.
Долоо. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг зохион байгуулах талуудын үүрэг, оролцоо
7.1.Хувилбарт үйлчилгээг хэрэгжүүлэх, хүүхдийн асран хамгаалалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тухайн хүүхдийн эсхүл иргэн, байгууллагын харьяалах орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсрол, иргэний бүртгэлийн болон бусад байгууллагууд хариуцсан асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
7.2.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг хэрэгжүүлэхэд баг, хорооны Засаг дарга дараах үүргийг хүлээнэ:
7.2.1.нутаг дэвсгэртээ хувилбарт үйлчилгээний хэрэгцээг тодорхойлж, үйлчилгээг бий болгох, дэмжих, хөгжүүлэх, үйлчилгээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөөтэй ажиллах;
7.2.2.иргэдийг хувилбарт үйлчилгээний талаар мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
7.2.3.хувилбарт үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй иргэний гэр бүл, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл, судалгаа хөтлөх;
7.2.4.нийгмийн ажилтанд хувилбарт үйлчилгээг хэрэгжүүлэх бүх үйл явцад дэмжлэг үзүүлэх;
7.2.5.хувилбарт үйлчилгээнд шилжсэн хүүхэд, түүний гэр бүлийг хэвийн байдалд нь эргэн оруулах талаар Хамтарсан багийн ажлын төлөвлөгөөнд тусган баталж, удирдлагаар хангах, үр дүнд нь хяналт тавих;
7.2.6.нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтийг баталгаажуулж, хүүхдийг хувилбарт үйлчилгээнд шилжүүлэх санал, хүсэлтийг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлэх;
7.2.7.18 насанд хүрсэн эцэг эх, асран хамгаалагчгүй хүүхдийг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх;
7.2.8.хувилбарт үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн гэр бүлтэй ажиллаж, хүүхдийн амьдрах нөхцөл хэвийн болоход хүүхдийг гэр бүлд эргэн нэгтгэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
7.3.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага дараах үүрэг хүлээнэ:
7.3.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хувилбарт үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй гэр бүл, хуулийн этгээдийн бүртгэл, судалгаа хөтлөх, мэдээллийн санд нэгтгэх;
7.3.2.нутаг дэвсгэрийн хэмжээнд анхан шатанд хувилбарт үйлчилгээ үзүүлж буй газар дээр нь очиж танилцах, явцын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
7.3.3.хувилбарт үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан хувь хүн, гэр бүл, хуулийн этгээдийн материалыг хүлээн авч, гэр бүлийн судалгаа хийж, үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэхэд дүгнэлт гаргах;
7.3.4.үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж үзвэл аймаг, дүүргийн Засаг даргад, хуулийн этгээд бол бүрдүүлсэн материалыг нь дэмжсэн албан бичгийн хамт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
7.3.5.хувилбарт үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан хувь хүн, гэр бүлд холбогдох мэдээлэл, гарын авлага, арга зүйгээр ханган зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
7.3.6.үйлчилгээний чанар, үр дүнд тогтмол хугацаанд үнэлгээ хийж, үйлчилгээг сайжруулах санал, зөвлөмж өгөх;
7.3.7.үйлчилгээнд оролцогч талууд (эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсрол, иргэний бүртгэл, засаг захиргаа, хууль, хяналт)-тай хамтран ажиллах;
7.3.8.үйлчилгээ үзүүлэгчийг хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, яаралтай тусламжийн цэгүүдтэй холбож өгөх;
7.3.9.асран халамжлуулах хүүхдийн боловсролын түвшин, хэрэгцээг тодорхойлж, түүний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, амьдрах ухаанд сургах төлөвлөгөө боловсруулахад үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллах;
7.3.10.урьдчилан төлөвлөх боломжгүй гамшиг, онцгой байдал, цар тахал, бусад эрсдэлийн үед хүүхдийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж, аюулгүйн төлөвлөгөөний заавар өгөх.
7.4. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:
7.4.1.хувилбарт үйлчилгээг хэрэгжүүлэхэд оролцогч талуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих;
7.4.2.хүүхдийг гэр бүлийн орчинд асран халамжлах хүсэлтэй иргэд, байгууллага, хувилбарт үйлчилгээ үзүүлэгч болон уг үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
7.4.3.үйлчилгээ үзүүлэгчид харилцан туршлага судлах, солилцох тогтолцоо бүрдүүлэх;
7.4.4.үйлчилгээ үзүүлэгчийг бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулж, батлах, хувилбарт үйлчилгээ үзүүлэгчдийг сургалтаар бэлтгэх, гэрчилгээ олгох;
7.4.5.үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан арга зүйн гарын авлага, удирдамж, зааврыг баталж, хүргүүлэх;
7.4.6.хувилбарт үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тогтолцоо бүрдүүлэх;
7.5.Хувилбарт үйлчилгээ үзүүлэгч иргэн, түүний гэр бүл, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
7.5.1.хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгалыг мэдрүүлэх, өсгөн хүмүүжүүлэх;
7.5.2.хүүхдийн зан авир, эрүүл мэндтэй холбоотойгоор яаралтай шийдвэрлэх асуудал гарвал зөвлөгөө өгөх, хүүхэд, гэр бүлийг нэмэлт үйлчилгээнд холбох;
7.5.3.үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн тулгамдсан бүх асуудлаар Хамтарсан баг, нийгмийн ажилтантай хамтран ажиллах;
7.5.4."Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага MNS5852:2017" стандартыг бүрэн хангах;
7.5.5.үйлчилгээний явцад гарсан ахиц өөрчлөлтийг зааврын дагуу хөтөлж, баримтжуулах, 6 сар тутамд хүүхдийн өсөлт, хөгжил, нийгэмшихүйн талаар тайланг удирдамж, зааврын дагуу аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад ирүүлэх.
7.6.Аж ахуйн нэгж, байгууллага, дараах үүрэг хүлээнэ:
7.6.1.хувилбарт үйлчилгээ үзүүлэх иргэнд хүүхдийг хүлээн авах, дасгах, бичиг баримт бүрдүүлэх, сургалтад суухтай холбоотой чөлөө олгох, бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх;
7.6.2.ажилтны хувийн нууцыг хадгалах.
Найм. Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх үйл ажиллагаа
8.1.Хувилбарт үйлчилгээ нь боломжит тохиолдол бүрт хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэнэ.
8.2.Хувилбарт үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, сум, хорооны Хамтарсан баг, үйлчилгээ үзүүлэгч хамтран хэрэгжүүлнэ.
8.3.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагаас хүүхдийн төрсөн гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн, гэр бүлтэй ажиллах төлөвлөгөө гаргаж, холбогдох талуудтай хамтран хэрэгжүүлнэ.
8.4.Хүүхдийг гэр бүлд нь сум, хорооны нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээ, аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засаг даргын шийдвэрээр эргэн нэгтгэнэ.
8.5.Хүүхдийг дараах нөхцөлийг хангасан тохиолдолд гэр бүлд нь эргэн нэгтгэж болно:
8.5.1.эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ гэртээ ирүүлэх хүсэлтийг албан ёсоор бичгээр гарган, нийгмийн ажилтантай хамтран ажиллах хүсэлтэй байгаа;
8.5.2.үйлчилгээний явцын үнэлгээгээр хүүхдийг гэр бүлээсээ тусдаа амьдрахад хүргэсэн шалтгаан арилсан гэж дүгнэсэн;
8.5.3.эцэг эх нь зан үйлийн албадан сургалтад хамрагдсан тухай нотлох баримтыг үндэслэн;
8.5.4.хүүхдийг эрсдэлт нөхцөл байдалд оруулж байсан тухайн гэр бүлд амьдрахаа больсон;
8.5.5.хүүхэд 18 насанд хүрч бие даан амьдрах болсон.
8.6.Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэсэн тохиолдолд Хамтарсан баг тухайн гэр бүлд улирал тутам нөхцөл байдлын үнэлгээ хийж, хоёр жил хүртэл хугацаанд хяналт тавьж, хүүхэд, гэр бүлийг дэмжих үйлчилгээнд хамруулна.
8.7.Хүүхдийн хувилбарт үйлчилгээнд хамрагдсан шалтгаан нөхцөл, эцэг эх гэр бүл, садан төрлийн талаарх судалгааг хийж, холбоо тогтоох, үйлчилгээний явцын үнэлгээ гэр бүлд нь нөхцөл байдлын болон аюулын зэргийн үнэлгээ хийнэ.
8.8.Хүүхдийг гэр бүлд нь нэгтгэхийн өмнө аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагаас тусгай хөтөлбөрийн дагуу эцэг эх, гэр бүлийн гишүүдийг хүүхдийн эрх, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх сургалтад хамруулах, гэр бүлийн шинэ орчин нөхцөлд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх, эцэг эхчүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна.
8.9.Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэсний дараа дахин эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагаас тухайн хүүхдийн харьяа сум, хорооны Хамтарсан багтай хамтран төлөвлөж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.
8.10.Хүүхдийг дараах нөхцөлд гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжгүй гэж үзнэ:
8.10.1шүүхээс эцэг, эх байх эрхийг нь хязгаарлаж, хассан;
8.10.2.эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг гэртээ буцаан авах боломжгүй нь нөхцөл байдлын үнэлгээгээр тогтоогдсон;
8.10.3.эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр оронгүй, тэнэмэл амьдралтай;
8.10.4.эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь архины хамаарлаас гарч чадаагүй, хүүхдээ хайхардаггүй, гуйлга гуйлгадаг, тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлүүлдэг;
8.10.5.гэр бүлд эргэн нэгтгэх нь боломжгүй гэж үзэхэд хүргэсэн эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд, гэр бүлийн бусад гишүүдийн хооронд хүчирхийллийн харилцаатай, зан үйлд эерэг өөрчлөлт гараагүй;
8.10.6.гэр бүлийнхэн нь болзошгүй хүчирхийллээс хүүхдийг асран хамгаалах чадваргүй;
8.10.7.хамтарсан баг тухайн гэр бүлтэй тодорхой хугацаанд ажилласан боловч эерэг өөрчлөлт, хүчин чармайлт гарахгүй байгаа.
Ес. Хувилбарт үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгох, цуцлах
9.1.Төрөл, садангийнхаа хүүхдийг асран халамжлах хүсэлт гаргасан гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга хүүхэд асран хамгаалах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулна.
9.2.Асралт гэр бүлийн зөвшөөрөл авах гэр бүл дараах бичиг баримтыг бүрдүүлэн харьяа аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад өгнө:
9.2.1.асралт гэр бүлийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгох тухай хүсэлт; /гэр бүлийн гишүүд хамтран гаргана/
9.2.2.гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх;
9.2.3.гэрлэлтийн лавлагаа;
9.2.4.хаягийн болон гэр бүлийн байдлын тодорхойлолт;
9.2.5.боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь;
9.2.6.ажлын газрын болон цалин, бусад орлогын тодорхойлолт;
9.2.7.хүүхэд асран халамжлах чадвартай эсэх талаар гэр бүлийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт;
9.2.8.гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй талаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
9.2.9.асралт гэр бүлийн сургалтад суусан гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь;
9.2.10.өөрийн нэр дээр орон гэртэй болохыг нотолсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /гэр бүлийн, өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэр болохыг нотолсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хувь/;
9.2.11.биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын тодорхойлолт.
9.3.Асралт гэр бүлийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан гэр бүлийн материалыг судалж, хүүхэд асран халамжлах боломжтой гэж үзсэн тохиолдолд сум, дүүргийн Засаг даргын захирамжаар асралт гэр бүлийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай олгоно.
9.4.Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл авсан байгууллагын магадлан итгэмжлэлийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хянан үзэж, үйлчилгээ үзүүлэх эрхийг өгнө.
9.5.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийн материалыг судалж, үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд уг үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай олгоно.
9.6.Зөвшөөрлийн гэрчилгээг энэхүү журамд заасан нөхцөлийг хангасан хуулийн этгээдэд ажлын 20 хоногт багтаан олгоно.
9.7.Зөвшөөрлийн гэрчилгээ авсан хуулийн этгээд аймаг, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулна.
9.8.Хувилбарт үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг сунгахад зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө холбогдох баримт бичгээ бүрдүүлэн аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад гаргана.
9.9.Хувилбарт, үйлчилгээний хууль тогтоомж, стандарт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүүхдийн эрх ашгийг хохироосон хуулийн этгээдийн хувилбарт үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг хүүхдийн эрхийн байцаагч, орон нутгийн эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цуцална.
Арав. Хүүхэд хамгааллын хувилбарт үйлчилгээний санхүүжилт, тайлагналт
10.1.Хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, гэр бүлд Нийгмийн халамжийн тухай хуульд заасан асаргааны мөнгөн тэтгэмжийг хууль тогтоомжийн дагуу олгоно.
10.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 19.5-т заасны дагуу нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэний хоол, хүнс, хувцас, эм, ариун цэврийн болон хичээлийн хэрэглэгдэхүүний зардлын норматив, эдэлгээний хугацааг мөрдөнө.
10.3.Магадлан итгэмжлэл авсан төрөлжсөн асрамжийн газарт хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжүүлэх журамд заасан нормативын дагуу санхүүжилт олгоно.
10.4.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллага болон эрх бүхий байгууллага тайлан мэдээг сар, улирлаар нэгтгэж, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд, гэр бүлийн асуудал төрийн захиргааны байгууллагад тайлагнаж, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
10.5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үйлчилгээний нэгдсэн тайланг хагас, бүтэн жилээр нэгтгэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
10.6.Төрөлжсөн асрамжийн газарт асруулж байгаад нас барсан хүүхдийн оршуулгын зардлыг зохих журмын дагуу хүүхэд хамгааллын зардлаас шийдвэрлэнэ.
10.7.Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, төрөл садангийн болон асралт гэр бүлийн асрамж, халамжийн үйлчилгээтэй холбоотой гарах зардлыг орон нутгийн хүүхэд хамгааллын зардал, төсөл хөтөлбөрөөс зарцуулна.
Арван нэг. Хувилбарт үйлчилгээнд тавих
хяналт-шинжилгээ, үнэлгээ
11.1.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын удирдамж, чиглэлийн дагуу сум, хорооны нийгмийн ажилтан үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний чанар, хүүхдийн нөхцөл байдалд гэрээнд заасан тогтмол хугацаанд үнэлгээ хийж, мэдээллийг хүүхдийн хувийн хэрэгт хавсаргана.
11.2.Мэргэжлийн хяналтын байгууллага, аймаг, дүүргийн хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, стандартыг хангаж байгаа эсэхэд хяналт тавина.
11.3.Хүүхдийн эрхийн улсын байцаагч, аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын ажилтан, сум хорооны нийгмийн ажилтан хүүхдийн эрхийн хэрэгжилт, журмын хэрэгжилтэд хяналт тавина.
11.4.Хүүхдийн эрх зөрчигдсөн талаарх мэдээлэл, гомдол ирсэн даруйд харьяалах нутаг дэвсгэрийн хүүхдийн эрхийн ажилтан, нийгмийн ажилтан холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хяналт, шинжилгээ, үнэлгээ хийнэ.
Арван хоёр. Бусад
12.1.Энэхүү журмыг дагаж мөрдөөгүй зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
12.2.Хувилбарт үйлчилгээнд оролцогч талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
----о0о----
Текст томруулах
A
A
A