A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

ХИЛИЙН ЗАМЫН-ҮҮД АВТО ЗАМЫН БООМТОД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.2, 10.4.10, 10.4.11, 10.4.15, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.33-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүс, Замын-Үүд сумын нутгийн захиргааны байгууллага болон Замын-Үүд боомтын хилийн хяналт, шалгалтын байгууллагыг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай горим тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 66, 216, 333 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Тусгай горим тогтоосон чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүсэд нэвтрэх эрх бүхий ажилтан, жолооч, цэргийн алба хаагчдыг тусгаарлах, тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэх, чингэлэг тээвэрт ашиглах тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, ачаа тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд)-т тус тус даалгасугай.

3. Тусгай горим тогтоосонтой холбогдуулан шаардлагатай тохиолдолд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын зарим аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэх, нийгмийн дэг журмыг сахиулах арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болгосугай.

4. Хилийн боомтод нийтийн эмх замбараагүй байдал бий болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүсэд Монгол Улсын хилийн тухай хуульд заасны дагуу тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх арга хэмжээ авахыг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн), Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд)-т үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН