- Нүүр
- Сайдын тушаал
- ОЛОН УЛСЫН БОЛОН ГАДААД УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын
2022 оны 01 дүгээр сарын 17- ны
өдрийн А/08 дугаар тушаалын хавсралт
ОЛОН УЛСЫН БОЛОН ГАДААД УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар /цаашид "салбар, төлөөлөгчийн газар" гэх/-т Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/ олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох асуудлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын /цаашид "Газар" гэх/ дэргэдэх "Мэргэжлийн зөвлөл" /цаашид "зөвлөл" гэх/-ийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
1.3.Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам, зөвшөөрөл болон зөвшөөрөл хүссэн мэдүүлгийн загварыг Газрын дарга батална.
1.4.Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллага /цаашид "төв байгууллага" гэх/ -ын үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэх нэгжид салбарын, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу төв байгууллагын нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх нэгжид төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг олгоно.
Хоёр.Салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгох
2.1.Төв байгууллага нь салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хүсэлтээ Газарт гаргана.
2.2.Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хүсэлтийг дараах этгээдийн аль нэг нь гаргана:
2.2.1.салбар, төлөөлөгчийн газрын төв байгууллагын гүйцэтгэх удирдлага;
2.2.2.итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд.
2.3.Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
2.3.1.үйл ажиллагаа явуулах тухай хүсэлт;
2.3.2.салбар, төлөөлөгчийн газрын тэргүүний мэдүүлэг;
2.3.3.салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай төв байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр;
2.3.4.төв байгууллагын дүрмийн хуулбар /хуудас тус бүр дээр тухайн байгууллагын тамга, тэмдгийг дарж баталгаажуулсан байх/;
2.3.5.төв байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн нэр, хаяг, утас, цахим хаяг, иргэний бүртгэлийн дугаар бүхий танилцуулга;
2.3.6.төв байгууллагын гэрчилгээний хуулбар /тухайн улсын нотариатчаар гэрчлүүлсэн байна/, эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
2.3.7.санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх баримт бичиг /төв байгууллагын үйлчлүүлэгч банкны тодорхойлолт/;
2.3.8.салбар, төлөөлөгчийн газрын дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа, төсөв;
2.3.9.салбар, төлөөлөгчийн газрын тэргүүнд төв байгууллагаас олгосон итгэмжлэл, түүний паспорт, эсхүл иргэний үнэмлэхийн хуулбар;
2.3.10.гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан эсэх талаарх харьяалах улсын цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
2.3.11.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
2.4.Энэ журмын 2.1-д заасан хүсэлтэд хавсаргасан баримт бичиг гадаад хэл дээр үйлдэгдсэн бол орчуулга, "Апостиль" гэрчилгээ, нотариатч, эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн хувийг хавсаргана.
2.5.Салбар, төлөөлөгчийн газрын нэр кирилл үсгээр илэрхийлэгдсэн байх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам"-ын дагуу хуулийн этгээдийн нэрэнд тавигдах шаардлага, хязгаарлалтыг хангасан байна.
2.6.Энэ журмын 2.3-т заасан баримт бичгийг Газрын тухайн асуудлыг хариуцсан нэгж нь хянан үзэн, гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, холбогдох байгууллагын санал авсаны үндсэн дээр Зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ. Зөвшөөрөл олгох эсэх асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
2.7.Салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрлийг 1 /нэг/ жилийн хугацаагаар олгоно.
2.8.Салбар, төлөөлөгчийн газар өөрийн харилцагч банкны нэр, дансны дугаарыг Газарт бүртгүүлнэ.
Гурав.Салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгохоос татгалзах
3.1.Дараах тохиолдолд зөвшөөрөл олгохоос татгалзана:
3.1.1.баримт бичгийн бүрдэл дутуу, хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн;
3.1.2.бүрдүүлсэн баримт бичиг энэ журамд заасан шаардлагыг хангаагүй;
3.1.3.гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн татгалзсан талаарх дүгнэлт гарсан;
3.1.4.холбогдох байгууллагаас татгалзах санал ирүүлсэн;
3.1.5.зөвлөлийн хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол.
3.2.Зөвлөлөөс зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд хүсэлт гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.
Дөрөв.Салбар, төлөөлөгчийн газрын санхүүжилт
4.1.Салбар, төлөөлөгчийн газар зөвшөөрөлд заасан дүрмийн зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж, энэ журмын 2.8-д заасны дагуу бүртгүүлсэн банкны дансаар гүйлгээг хийнэ.
4.2.Салбар, төлөөлөгчийн газрын санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
4.2.1.төв байгууллагын санхүүжилт;
4.2.2.хууль тогтоомжоор хориглоогүй бусад хөрөнгө.
Тав.Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг сунгах
5.1.Зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө Газарт гаргана.
5.2.Зөвшөөрлийг сунгуулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлэн, зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтэд хавсаргана:
5.2.1.салбар, төлөөлөгчийн газрын хаягийн бүртгэлийн талаархи баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
5.2.2.зөвшөөрөл /эх хувь/;
5.2.3.тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол холбогдох зөвшөөрлийн хуулбар;
5.2.4.үйл ажиллагааны тайлан;
5.2.5.хамтран ажилладаг байгууллагын тодорхойлолт;
5.2.6.хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн мэдээлэл, гэрээ, хэлэлцээр, санамж бичиг болон түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар;
5.2.7.хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө.
5.3.Газрын тухайн асуудлыг хариуцсан нэгж нь энэ журмын 5.2-т заасан баримт бичгийг хянан үзэн, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагатай хамтран салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, саналын хамт Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
5.4.Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийн хугацааг дараах нөхцөл, шаардлагыг харгалзан 5 /тав/ хүртэл жилээр сунгана:
5.4.1.Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан;
5.4.2.Монгол Улсад 10 /арван/ жилээс доошгүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан;
5.4.3.хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилт;
5.4.4.хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн цар хүрээ;
5.4.5.ажлын байр бий болгосон байдал.
5.5.Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийн хугацааг дараах нөхцөл, шаардлагыг харгалзан 3 /гурав/ хүртэл жилээр сунгана.
5.5.1.хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилт;
5.5.2.хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн цар хүрээ;
5.5.3.ажлын байр бий болгосон байдал.
Зургаа.Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих
6.1.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, өөрийн дүрэмд нийцэж байгаа эсэхэд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийнэ.
6.2.Шаардлагатай гэж үзвэл энэ журмын 6.1-д заасан хяналт шалгалтыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хийнэ.
6.3.Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор Газрын тухайн асуудлыг хариуцсан нэгжид ирүүлнэ.
Долоо.Салбар, төлөөлөгчийн газрын мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх
7.1.Салбар, төлөөлөгчийн газрын мэдээлэлд өөрчлөлт орсон бол төв байгууллагын шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтээ Газарт гаргана.
7.2.Өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтэд энэ журмын 2.3.2, 2.3.9, 2.3.10-т заасан баримт бичгийг хавсаргана.
7.3.Газрын тухайн асуудлыг хариуцсан нэгж нь хүсэлтийг холбогдох журмын дагуу хянан үзэн, ажлын 10 хоногийн дотор багтаан бүртгэлийг хийнэ.
Найм.Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
8.1.Газрын тухайн асуудлыг хариуцсан нэгж нь дараах үндэслэлээр салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналаа Зөвлөлийн хуралд танилцуулна:
8.1.1.төв байгууллагын шийдвэр гарч, хүсэлт гаргасан;
8.1.2.энэ журмын 6.1-д заасан хяналт шалгалт хийх явцад дараах үйл ажиллагаа илэрсэн тохиолдолд:
8.1.2.1.зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй;
8.1.2.2.тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй эрхэлсэн;
8.1.2.3.зохих зөвшөөрөлгүй шашны үйл ажиллагаа явуулсан, сурталчилсан;
8.1.2.4.Монгол Улсын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулсан, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн;
8.1.2.5.холбогдох хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
8.1.2.6.баримт бичгийн бүрдэл дутуу, хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн;
8.1.2.7.зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд сунгуулах хүсэлт гаргаагүй;
8.1.2.8.cалбар, төлөөлөгчийн газрын орлогоос ногдол ашиг хуваарилсан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргасан, тэдгээрийн төлбөрийг төлсөн;
8.1.2.9.cалбар, төлөөлөгчийн газрын тэргүүн, ажилтнаас тухайн cалбар, төлөөлөгчийн газрын хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулcан;
8.1.2.10.Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгсөн.
8.2.Газрын тухайн асуудлыг хариуцсан нэгж нь холбогдох үндэслэл бүхий нотолгоо, дүгнэлт, санал болон баримт бичгийн бүрдлийг ханган, зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ.
Ес.Бусад
9.1.Газар нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон, олгохоос татгалзсан, сунгасан, хүчингүй болгосон салбар, төлөөлөгчийн газрын талаар мэдээллийн сан үүсгэн, тухай бүр баяжилт хийнэ.
9.2.Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг хаяж үрэгдүүлсэн бол хүсэлт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар, тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг үндэслэн зөвшөөрлийг дахин олгоно.
9.3.Салбар, төлөөлөгчийн газрын хүсэлт, тайланд эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулна.
9.4.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, албан хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
...оОо...
Текст томруулах
A
A
A