- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр
Дугаар 4
Улаанбаатар хот
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2691.1.11, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай:
1.1.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гаалийн ерөнхий газар, Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг тус тус өөрчлөн батлах;
1.2.Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албыг зохих журмын дагуу тус тус татан буулгах;
1.3.Цагааннуур, Боршоо, Булган, Арцсуурь, Бургастай, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт дахь хилийн боомтын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийг Гаалийн ерөнхий газрын харьяанд тус тус шилжүүлэх.
2. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:
2.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа хилийн боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын нэгжийн байр, эд хөрөнгө, архив, албан хэргийн материал, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий улсын байцаагч, захиргааны болон лабораторийн ажилтан, ариутгагч зэрэг 504 албан хаагчийг орон тооны хамт Гаалийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т;
2.2. Энэ тогтоолд заасны дагуу шилжүүлж байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа хилийн боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын нэгж, Цагааннуур, Боршоо, Булган, Арцсуурь, Бургастай, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт дахь хилийн боомтын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн байр, багаж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг гаалийн байгууллагад балансаас балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т;
2.3. Иргэн, аж ахуйн нэгжээс шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналт, шалгалт, биет үзлэгийн тоог хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, барааг урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авахыг Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т;
2.4. Монгол Улсын хилийн боомтуудад цөмийн материал, цацрагийн үүсгүүр болон цацраг идэвхт материалын хууль бус хөдөлгөөнийг хянах зорилгоор суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцан ажиллахыг Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Цөмийн энергийн комиссын ажлын алба (Г.Манлайжав)-нд.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 4 дэх заалтын "186" гэснийг "172" гэж, 9 дэх заалтын "94" гэснийг "108" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
