A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 7

Улаанбаатар хот

МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол хэлний тухай хуулийн 11.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангахад чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай:

1.1. Монгол хэлний үгийн санг баяжуулах, үндэсний сан хөмрөг бий болгох, цахим хэл шинжлэлийн салбарыг хөгжүүлэх, монгол хэлний нутгийн аялгуу, угсаатны цөөнхийн хэл, дохионы хэл, брайл бичгийн хэрэглээний өнөөгийн байдлыг судалж аман болон бичгийн хэл, дохионы хэлэнд суралцах арга зүйгээр хангах, холбогдох мэргэжилтэн бэлтгэх;

1.2. англи үгийг монгол хэлнээ хөрвүүлэх стандартыг боловсруулан эрх бүхий холбогдох байгууллагаар батлуулж мөрдүүлэх, гадаад нэр томьёог орчуулах, шинэ нэр томьёог оноох ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлагаар хангах чиглэлээр Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн бүтцэд нэр томьёоны судлалын асуудал хариуцсан нэгж байгуулах шаардлагатай эсэхийг судалж саналаа танилцуулах;

1.3. Монгол хэлний түвшин тогтоох стандарт шалгалтын механизм бүрдүүлэх;

1.4. Баян-Өлгий аймгийн монгол хэл бичгийн сургалтын чанарыг сайжруулах, багш нарын чадварыг дээшлүүлэх, Монгол-Казах, Монгол-Тува хэлний мэргэжлийн багш бэлтгэх, сургалтын гарын авлагаар хангах.

2. Гадаад улсад монгол судлал, түүний дотор монгол хэл бичгийн судлалыг хөгжүүлж, сурталчлан таниулах, тэнд амьдарч байгаа Монголчуудад зориулсан монгол хэлний сургалтыг дэмжиж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасугай.

3. Айл өрх бүр угийн бичгийг монгол бичгээр хөтлөхөд дэмжлэг үзүүлэх, гадаад улс оронд байгаа монголын түүх, соёлд холбогдох бичгийн дурсгалыг бүртгэх, хуулбарлан авах, сурталчлах, чулуун дээрх бичиг, соёлын өвийг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

4. Төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөхөд шаардлагатай холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг 2022 онд багтаан баталж, мөрдүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг Архивын ерөнхий газар (С.Энхбаатар), Стандарт, хэмжил зүйн газар (Б.Билгүүн)-т тус тус даалгасугай.

5. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт тус тус даалгасугай:

5.1. эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран салбарын мэргэжлийн нэр томьёог орчуулах, шинээр үүсгэх, жигдлэх, толилох ажлыг зохион байгуулах, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх;

5.2. төрийн байгууллагын цахим хуудас, сонин хэвлэлд нийтэлж байгаа мэдээ, мэдээллийг 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн нийтэлж хэвшүүлэх;

5.3. төрийн байгууллагын шийдвэр, албан бичгийг энэ тогтоолын 4-т заасан дүрэм, журам, заавар, стандартын дагуу хос бичгээр хөтлөх ажлыг турших;

5.4. төрийн албан хаагчдын монгол хэл, үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг жил бүр баталж мөрдүүлэх;

5.5. төрийн байгууллагын гадна болон өрөө тасалгааны хаяг, албан хаагчдын нэрийн хуудсыг монгол бичгээр үйлдэж, хэвшүүлэх.

6. Үндэсний монгол бичгийн зөв бичих дүрмийн толийг холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулж, хэлэлцүүлэн батлуулж, мөрдүүлэх, холбогдох байгууллагатай хамтран үндэсний бичгийн "Юникод" стандартыг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл (С.Дулам)-д зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН