- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 5 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр
Дугаар 8
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралт, Улсын аварга фермер шалгаруулах журам"-ыг 2 дугаар хавсралт, "Улсын аварга саальчин шалгаруулах журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2023 оны 32 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах журам"-д дор дурдсан агуулгатай 2.1.11-2.1.15, 3.4.8 дахь дэд заалт тус тус нэмсүгэй:
"2.1.11.Тариалангийн тухай хуулийн 25.1-д заасан хөрс хамгаалах, сайжруулах үйл ажиллагаа болон ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн байх;
2.1.12.хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн байх, аж ахуйн нэгж нь хөдөө аж ахуйн инженер, агрономичтой байх;
2.1.13.талбайн түүх хөтөлсөн байх, ургамлын гарал үүсэл, бүртгэл хяналтын систем (www.plant.mofa.gov.mn)-д бүртгүүлсэн байх;
2.1.14.статистик мэдээллийг цаг тухайд нь сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг, холбогдох бусад байгууллагуудад хүргүүлж мэдээллийн нэгдсэн системд оруулсан байх;
2.1.15.тариалангийн талбайд ойн зурвас байгуулсан байх.
3.4.8.тариалангийн талбайн хөрсний агрохими, агрофизикийн үзүүлэлтийг тодорхойлсон лабораторийн шинжилгээг сүүлийн 3 жилийн аль нэгд нь хийлгэж, цахим мэдээллийн санд оруулсан байх."
3. Мөн журмын 2.1.6 дахь дэд заалтын "хамгаалах," гэсний дараа "тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, " гэж, 4.1 дэх заалтын "туг," гэсний дараа "мөнгөн аяга," гэж тус тус нэмсүгэй.
4. Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 5 дугаар тогтоолын 3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.Малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын тоо толгойн албан татвар төлсөн, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан, тогтвортой, ухаалаг газар тариалан эрхлэх замаар эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчин, саальчин, фермер, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэмд оруулж байгаа хувь нэмэр зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлэн, орон нутагтаа тэргүүлсэн малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчийг шалгаруулан шагнаж урамшуулж байхыг аймаг, сумын Засаг дарга нарт, фермерийг шалгаруулан шагнаж урамшуулж байхыг нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай."
5. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга фермер, улсын аварга саальчин, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчийг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
