- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2022 оны 22 дугаар
тогтоолын хавсралт
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН
ТАЛТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо (цаашид "Үндэсний хороо" гэх) нь Засгийн газар, ажилтны болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын тэнцүү тооны төлөөллөөс бүрдэх бөгөөд Засгийн газрын дэргэд ажиллах үндэсний зөвлөлдөх (орон тооны бус) байгууллага мөн.
1.2.Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн зорилго нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар талуудын ашиг сонирхлыг уялдуулах, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхээр зөвлөлдөх, харилцан ойлголцоход нийгмийн түншлэгч талуудын оролцоог хангахад оршино.
1.3.Үндэсний хороо нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгоно.
1.4.Үндэсний хорооны үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусгана.
1.5.Үндэсний хороо, түүний гишүүд бие дааж, хараат бусаар ажиллах бөгөөд үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 13.2-т заасан зарчмыг баримтална.
Хоёр.Үндэсний хорооны бүрэлдэхүүн
2.1.Үндэсний хороо нь Засгийн газар, ажилтны болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын тэнцүү тооны төлөөлөл бүхий нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд талуудын саналыг үндэслэн 6 жилийн хугацаагаар батална.
2.2.Үндэсний хорооны дарга нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Үндэсний хорооны дэд даргыг гурван тал зөвшилцөж, ажилтны болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын төлөөлөгчөөс гурван жилийн хугацаагаар ээлжлэн томилно.
2.3.Үндэсний хороо нь нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор нийгмийн түншлэлийн гурван талын төлөөлөл бүхий орон тооны ажлын алба (цаашид "ажлын алба" гэх)-тай байна. Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 15.7-д заасны дагуу улсын төсвөөс санхүүжүүлнэ. Ажлын албаны үйл ажиллагааг Үндэсний хорооны дарга удирдан чиглүүлнэ.
2.4.Ажлын албаны орон тооны дээд хязгаар 3 байна. Ажлын албаны ажилтан нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил үүргийг гүйцэтгэнэ.
2.5.Үндэсний хороо нь ажлын онцлог, шаардлагыг харгалзан түр болон байнгын ажлын хэсгийг байгуулан ажиллуулж болно.
Гурав.Үндэсний хорооны бүрэн эрх
3.1.Үндэсний хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.1.1.салбарын болон аймаг, нийслэлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо, Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
3.1.2.үндсэн зорилгоо хэрэгжүүлэх хүрээнд бодлогын асуудлаар хамтарсан мэдэгдэл, зөвлөмж, удирдамж, аргачлал гаргах;
3.1.3.нийгмийн түншлэлийн гурван талт улсын хамтын хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих;
3.1.4.салбарын болон аймаг, нийслэлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны дүрмийг батлах;
3.1.5.төрийн болон төрийн бус байгууллагаас шаардлагатай мэдээлэл, тайлбар, лавлагааг гаргуулж авах;
3.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.
Дөрөв.Үндэсний хорооны хуралдаан
4.1.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг зөвшилцөх зарчмаар шийдвэрлэнэ.
4.2.Үндэсний хороо нь албан бичгийн болон тогтоолын хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
4.3.Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Үндэсний хороо улирал тутам хуралдах бөгөөд хуралдаанд талууд төлөөлөгчөө бүрэн оролцуулах үүрэг хүлээнэ. Хуралдааныг тал тус бүрийг төлөөлөх гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хуралдуулна.
4.4.Хуралдааныг Үндэсний хорооны дарга, түүнийг эзгүйд дэд дарга зарлан хуралдуулна. Шаардлагатай үед аль нэг талын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ээлжит бус хуралдаан хийж болно.
4.5.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Үндэсний хорооны дарга баталж, хуралдахаас ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө Үндэсний хорооны гишүүдэд хүргүүлнэ.
4.6.Шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх асуудалтай холбоотойгоор холбогдох байгууллагын төлөөлөгчийг хуралдаанд оролцуулж болно.
4.7.Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
4.8.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолд Үндэсний хорооны дарга, ажилтны болон ажил олгогчийн төлөөллийг тэргүүлж байгаа төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулна.
Тав.Ажлын албаны чиг үүрэг
5.1.Үндэсний хорооны ажлын алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1.Засгийн газар болон ажилтан, ажил олгогчдын байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, Үндэсний хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;
5.1.2.нийгмийн түншлэлийн гурван талт улсын хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
5.1.3.салбарын болон аймаг, нийслэлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны үйл ажиллагааг уялдуулах;
5.1.4.Үндэсний хорооны хуралдааны бэлтгэлийг хангаж, хэлэлцэх асуудлын төслийн талаар судалгаа, дүгнэлт, танилцуулга бэлтгэх;
5.1.5.энэ дүрмийн 2.5-д заасан түр болон байнгын ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
5.1.6.Үндэсний хорооноос гарсан шийдвэрийг албажуулж, холбогдох тал, олон нийтэд мэдээлэх, сурталчлах, хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах.
---о0о---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх