- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ХӨГЖЛИЙН ЦОГЦ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГАЧЛАЛ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/220, А/475, A/812 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ХӨГЖЛИЙН
ЦОГЦ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГАЧЛАЛ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд тэгш хамруулахад энэхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал /цаашид "аргачлал" гэх/-ыг баримтална.
1.2.Аргачлалын зорилго нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг бага насанд нь илрүүлэн, түүнд шаардлагатай тусламж, үйлчилгээний нэгдмэл байдал, салбар дундын зохицуулалтыг тасралтгүй хангахад оршино.
1.3.Аргачлал нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх суурь баримт бичиг болно.
1.4.Аргачлалын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхдээ дараах зарчмыг баримтална:
1.4.1.хүний эрхэм чанар, давтагдашгүй, ялгаатай байдал, сонирхол, өвөрмөц хэрэгцээг хүндэтгэх;
1.4.2.үйлчилгээ үзүүлэгч талууд мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах;
1.4.3.хүүхдийн хувийн нууцыг хадгалах, хамгаалах;
1.4.4.хүүхдийн өөртөө итгэх итгэлийг хөгжүүлж бусадтай харилцах, хамтран ажиллах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох оролцоог дэмжих;
1.4.5.багаар ажиллах, хамтын шийдвэр гаргах;
1.4.6.үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй үзүүлэх;
1.4.7.авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
1.4.8.үнэн зөв мэдээллээр хангах;
1.4.9.хүний эрхийг дээдлэх.
1.5.Аргачлал нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хүнийг 37.1-д заасан шалгуурын дагуу 37.2.1-т заасан комиссын хурлаар хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогдсон хүүхдэд хамаарна.
ХОЁР.ХӨГЖЛИЙН ХОЦРОГДОЛ, БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ХӨГЖЛИЙН
ЦОГЦ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТОГТОЛЦОО
2.1.Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэгийг үзүүлэх тогтолцоо нь өөр хоорондоо харилцан уялдаа бүхий дараах үйл ажиллагаанаас бүрдэнэ:
- Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх;
- Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг оношлох, үнэлэх;
- Хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг төлөвлөж, шийдвэрлэх;
- Хөгжлийн дэмжлэг, оролцоо, үйлчилгээнд хамруулах.
Бүдүүвч 1. Хөгжлийн дэмжлэг, эрт оролцооны үйлчилгээнд хамруулах үйл явц
2.2.Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэх:
2.2.1.Гэр бүлийн гишүүд, эцэг эх нь хүүхдийн хөгжлийн үзүүлэлт бүхий энгийн асуумж ашиглан хүүхэд нь тухайн насанд чадах ёстой үйлдлүүдийг гүйцэтгэж чадаж байгаа эсэхийг ажиглаж хянаснаар хүүхдийнхээ хөгжлийн явц, хоцрогдлыг мэдэх боломжтой тул "Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр"-ийн хөх зурвастай хуудас дахь хүүхдийн насанд тохирсон хөгжлийн үе шатны асуумжийг эцэг, эх тэмдэглэнэ. Эрүүл мэндийн байгууллагаас Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг олгохдоо хэрхэн ашиглахыг эцэг, эхэд ойлгуулах ба жирэмсэн эхчүүдийн сургалтын хөтөлбөрт тусгана. Эцэг, эх хүүхдийнхээ хөгжлийн асуумжийг тогтмол тэмдэглэхэд эрүүл мэндийн ажилтнууд тусалж зөвлөнө.
Хүснэгт 1. Хүүхдийг дараах насанд нэгдсэн үзлэг, шинжилгээнд хамруулна.
9 сартай хүүхэд | Хүүхэд бусдын дэмжлэггүйгээр сууж, суганаас нь дэмжиж барихад зогсох чадвартай болсон байна. Мөлхөж, тоглохдоо илүү идэвхтэй болж, хөгжмийн аяыг дагаж хөдлөх, юмыг эрж хайх, авах гэж оролдох, чадвартай болдог тул хөдөлгөөн, танин мэдэхүйн хоцрогдлыг энэ үед илрүүлж чадвал хөгжлийн дэмжлэгийг илүү эрт үзүүлэх боломж бүрдэнэ. |
18 сартай хүүхэд | Харилцаа, хэл яриа, хөдөлгөөний хоцрогдол 18 сартайд илт мэдэгдэнэ. Энэ үед хөдөлгөөний хоцрогдол бэрхшээлийг сэргээн засах, хэл ярианы хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд үр дүнтэй байна. |
36 сартай хүүхэд | Энэ насанд хүүхдийн хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийн үзүүлэлтүүдийг хэмжих хялбар байдаг. Эцэг эхэд хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр дэх тухайн насны асуумжийг заавал хариулахыг зөвлөнө. Хэрэв хүүхдэд хөгжлийн хоцрогдол илэрвэл хөгжлийн дэмжлэг, оролцооны үйлчилгээнд даруй хамруулна. |
2.2.2.Эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг зохион байгуулах.
2.2.2.1.өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвд 9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийг тогтмол зохион байгуулж, хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхдийг илрүүлэн, холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд илгээнэ.
2.2.2.2.эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийг тухайн эрүүл мэндийн байгууллага нь өөрийн нөөц боломж, газар зүйн байрлал, хүүхдийн тоо зэрэгт зохицуулан зохион байгуулна. Ингэхдээ сар бүрийн аль нэг долоо хоногийг хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үзлэгийн өдрүүд байхаар товлоно.
Жишээ
18 сартай хүүхдийн үзлэгийг сарын 3 дахь долоо хоногт хийхээр төлөвлөж тухайн сард 18 сар хүрч байгаа хүүхдүүдийг дуудан үзлэгт хамруулна. Гамшиг, онцгой нөхцөл байдлаас үүдэлтэй хөл хорионы үед зөөврийн жин өндөр хэмжигч болон үзлэг хийхэд шаардлагатай бусад багаж, хэрэгслийг авч гэрээр үзлэг хийж болно. 9 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийг мөн улаан бурхны дархлаажуулалт хийхэд хамтруулан хийж болно. |
2.2.3.Хүүхдэд эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх. Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үзлэг нь гэр бүлд түшиглэсэн байх бөгөөд дараах бүрэлдэхүүн хэсэгтэй:
2.2.3.1.өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэн эцэг эх, асран халамжлагчаас эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөх зурвастай хуудас дахь тухайн насанд тохирсон асуумжийн дагуу нэг бүрчлэн эелдгээр асууж, хүүхдийн талаар тэдний анзаарч зовнисон асуудал болон хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн бусад асуудлыг илрүүлнэ. Үзлэг хийхэд ашиглах маягтад хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжлийн гол үзүүлэлтүүдийг асуултуудын дагуу бөглөж бичнэ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн эцэг эхэд зориулсан хөх хуудас дахь "Хүүхдээ өсгөж бойжуулах, зан төрхийн талаас болон аливаа зүйлийг сурахад санаа зовнисон асуудал байна уу?" гэж асуун хариултыг анхааралтай сонсох явцад хүүхдийн хөгжлийн талаарх чухал мэдээллийг олж авна. Зарим үед хөгжлийн хоцрогдол нь зан төрхөөр илэрхийлэгддэг. Эцэг, эхийн туршлага, хүүхдэд анзаарагдсан аливаа илрэлүүдийн талаарх ажиглалт хамгаас үнэтэй мэдээлэл болно. Хүүхэд өвчний учир, дархлаажуулалт болон бусад шалтгаанаар эрүүл мэндийн байгууллагад хандах үед эдгээр асуудлыг мөн анхаарах хэрэгтэй.
2.2.3.2.үзлэгийн явцад илэрсэн бүх өөрчлөлтийг үзлэгийн маягтад тэмдэглэнэ. Сонсгол, хараа, хэл ярианы бэрхшээл, хоцрогдол нь ихэвчлэн бусад хоцрогдол бэрхшээлтэй хавсарсан байдгийг анхаарах хэрэгтэй. Өмнөх үзлэгээс хойш хүүхдийн хөгжилд гарсан өөрчлөлтийн талаар эцэг, эх, асран халамжлагчаас асуух нь хүүхдийн хөгжил хэвийн эсвэл хэвийн бус байгааг илрүүлэх ач холбогдолтой. Ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн "Хүүхэд өөрөө явж чадаж байна уу?" гэх мэт тухайн насанд тохируулсан асуумж чухал үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой эсэхийг тогтоохоос гадна төрөлхийн хөгжлийн гажиг байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Тархины саажилт, аутизмын хүрээний эмгэгүүдийн үед хөгжлийн явц нь өвөрмөц явагддаг. Түүнчлэн зарим эмгэгийн үед хөгжлийн хоцрогдлын түвшин харилцан адилгүй илрэх тохиолдол байдаг.
Жишээ
Зарим оюуны хоцрогдол, аутизмтай хүүхдүүдийн хөдөлгөөний чадвар ердийн атлаа хэл ярианы хоцрогдолтой байдал ажиглагддаг. Гэтэл доод мөчний саажилттай хүүхэд хөдөлгөөний чадваргүй боловч хэл ярианы хөгжил хэвийн байдаг ч тохиолдол байна. Мөн явцын дунд чадвар нь улам доройтсоор байх нь хүүхдийн мэдрэлийн үйл ажиллагаатай холбоотой хөгжлийн ноцтой шинж юм. |
2.2.3.3.хүүхдэд үзлэг хийх явцдаа хүүхдийн хөгжил, зан төрх болон эцэг, эх, асран халамжлагчтайгаа харилцаж байгаа байдлыг анхааралтай ажиглана. Бодит үзлэгээр бие эрхтний болон хөгжлийн үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн шалгах нь хүүхдийн хөгжлийг хянах тандах үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн болно. Хүүхдийн нас бага байх тусам хөгжлийн хоцрогдол нь хөдөлгөөн, биеийн эрхтний хоцрогдлоор илрэх нь нийтлэг байдаг тул жижиг, том булчингийн хөдөлгөөнүүдийг шалгана. Мөн хүүхдийн эцэг, эхтэйгээ харилцаж байгааг хөндлөнгөөс ажиглах нь хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэхэд тустай.
2.2.3.4.эрсдэлт хүчин зүйлүүд ба хамгаалагч хүчин зүйлүүдийг олж тогтооно. Эрсдэлийн үнэлгээ бол хүүхдийн хөгжлийг хянахад чухал ач холбогдолтой. Орчны, удамшлын, биологийн, нийгмийн болон хүн ам зүйн гэх мэт олон хүчин зүйл хүүхдийн хөгжлийн хоцрогдолд нөлөөлдөг. Үзлэгийн явцад эрсдэлт хүчин зүйлүүдийн нэгэн адил хүүхдийн амьдралын хамгаалагч хүчин зүйлүүдийг ч тогтоох шаардлагатай.
Жишээ
Эрсдэлт хүчин зүйл | Хамгаалагч хүчин зүйл |
Гэр бүлийн гишүүн архи, тамхи хэрэглэдэг гэх зэрэг хорт зуршилтай байх, эцэг, эхгүй, орлогогүй, хоол хүнсний хомстолтой, загнаж зодох гэх мэт. Эдгээр эрсдэлүүд нь харилцан уялдаж, эрсдэлийг улам ихэсгэдэг. | Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хүүхдүүдийн хоорондын найрсаг харилцаа, чанартай хоол хүнс, эрүүл орчинд бие дааж өсч бойжих нь хүүхдийн хөгжилд үнэ цэнэтэй юм. |
2.2.3.6.хүүхдэд хөгжлийн бэрхшээл, хоцрогдлын шинж илэрсэн тохиолдолд аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэгт оношилгоо, үнэлгээ, шинжилгээ хийлгэхээр илгээнэ. Хөгжлөөр үе тэнгийнхнээс бага зэрэг хоцорсон хүүхдийг хөгжлийн дэмжлэг, сэргээн засах үйлчилгээнд хамруулан тодорхой хугацаанд, эцэг эхтэй нь хамтран ажиллаж ахицыг харж болно. Үзлэгээр эрүүл мэнд, хөгжлийн аль нэг үзүүлэлт асуудалтай байвал төрөлжсөн мэргэшлийн эмчид илгээж, хөгжлийн үнэлгээ, шинжилгээ болон оношилгоо хийлгэх шаардлагатай. Энэхүү нарийвчилсан үнэлгээгээр тухайн хүүхдэд хөгжлийн бэрхшээл, хоцрогдол эсвэл эмгэг байгааг илэрвэл хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээ шаардлагатай эсэхийг тогтооно. Мөн хөгжлийг дэмжих, сэргээн засах үйлчилгээнд хамруулан тодорхой хугацаанд, эцэг эхтэй нь хамтран ажиллаж болно. Аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг нь хөгжлийн дэмжлэг үйлчилгээ шаардлагатай хүүхдийг Салбар комисст илгээнэ.
2.3.Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг оношлох, үнэлэх. Өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төв нь эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгээр илэрсэн хөгжлийн бэрхшээл, хоцрогдлын эрсдэлтэй хүүхдийг дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг болон Төрөлжсөн мэргэшлийн төвд оношлуулах, үнэлгээ хийлгэхээр илгээнэ.
2.3.1.хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг оношлох үйл явц:
2.3.1.1.алхам 1:Төрөлжсөн мэргэжлийн багийг байгуулах. Хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын эмнэлэг, төв төрөлжсөн мэргэжлийн багийг тухайн эрүүл мэндийн байгууллагын даргын тушаалаар байгуулна. Төрөлжсөн мэргэжлийн баг нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг оношлох, үнэлэх, төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мэргэжил, арга зүйгээр ханган ажиллана.
2.3.1.2.алхам 2: Төрөлжсөн мэргэжлийн багийн зөвлөгөөн. Анх үзлэг хийсэн эмнэлгийн мэргэжилтэн нь ч хүүхдийн хэрэгцээг үндэслэн шаардлагатай тохиолдолд багийн гишүүдээс холбогдох мэргэжилтнийг урьж хамтран үзлэг хийж оношийн талаар багаар зөвлөлдсөний эцэст оношийг тогтооно. Төрөлжсөн мэргэжлийн баг нь хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онош, дүгнэлтийг эцэслэн тогтоож, тохирох хөгжлийн дэмжлэг болон сэргээн засах тусламж, үйлчилгээний талаарх саналыг боловсруулна.
2.3.1.3.алхам 3: Эмнэлгийн дүгнэлт гаргаж, цаашдын чиглэлийг тогтооно. Төрөлжсөн мэргэжлийн баг нь шаардлагатай хүүхдэд эмнэлгийн дүгнэлт гаргаж, тухайн эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэйгээр Салбар комисст илгээнэ. Салбар комисст илгээх шаардлагагүй зөвхөн сэргээн засалт, эмийн эмчилгээ, шинжилгээ шаардлагатай хүүхдийг холбогдох мэргэжлийн байгууллагад илгээж тодорхой хугацаанд ажиглаж болно.
Хүснэгт 2. Төрөлжсөн мэргэжлийн багийн бүрэлдэхүүн, зорилго, үйл ажиллагаа
Төрөлжсөн мэргэжлийн багийн бүрэлдэхүүн |
|
Төрөлжсөн мэргэжлийн багийн зорилго |
|
Төрөлжсөн мэргэжлийн багийн үйл ажиллагаа |
|
2.4.Хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг төлөвлөж, шийдвэрлэх.
2.4.1.Аймгийн Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв болон холбогдох мэрrэжлийн төвүүд онош/дүгнэлт бүхий хүүхдийг аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс /цаашид "Салбар комисс" гэх /-т илгээнэ. Салбар комисс нь Засгийн газрын 2021 оны 173 дугаар тогтоолыг[1] баримтлан ажиллах ба эрүүл мэндийн байгууллагын санал дүгнэлтэд үндэслэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.4.1.1.хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох. Эрүүл мэндийн байгууллагын гаргасан мэргэжлийн оношилгоо, үнэлгээ, чадвар алдалтын талаарх дүгнэлтийг үндэслэн хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтооно.
2.4.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хувийн хэрэг нээж шийдвэр гаргана.
2.4.1.3.салбар комиссын хурлаар хэлэлцэж байгаа хүүхэд, түүний гэр бүлийн эрэлт хэрэгцээг судалж, хүүхдийг бүх талаас нь цогц үнэлгээ хийнэ. Өөрөөр хэлбэл хүүхдийн амьдарч буй орчны бүхий л асуудал, хүүхэд, эцэг эхийн хүсэл эрмэлзэл, давуу талуудыг цогц байдлаар авч үзнэ.
Хүснэгт 3. Хүүхдийн үнэлгээнд дараах асуудлыг онцгой анхаарна.
|
Бүдүүвч 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх дараалал
2.4.2.салбар комисс нь хүснэгт 3-т дурдсан мэдээллүүдийг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай ярилцаж дүгнэлт шийдвэр гаргах ба ингэхдээ "Биеийн үйлдэл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал" (ICF) зарчмын дагуу хүүхдийн бодит байдал, хэрэгцээг тогтоосны үндсэнд дүн шинжилгээ хийж үнэлнэ. Биеийн үйлдэл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангиллын үндсэн зарчим нь хөгжлийн бэрхшээлийг эрүүл мэндийн байдал, хүний амьдарч буй орчин, хувь хүний хүчин зүйлсийн харилцан үйлчлэл гэж үздэг бөгөөд эцэст нь оролцоог тогтооно.
Хүснэгт 4. Хүүхдийн бодит байдлыг тогтооход шаардлагатай мэдээллүүд
Зайлшгүй шаардлагатай мэдээллүүд | Эх сурвалж |
Ерөнхий мэдээлэл
|
|
Хөгжлийн түвшин
|
|
Өвөрмөц шинжүүд
|
|
Өдөр тутмын амьдралын хэвшил, ахуй нөхцөл
|
|
Нөөц бололцоо
|
|
Хэрэгцээ
|
|
Бүдүүвч 3. Биеийн үйлдэл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангиллын ерөнхий зарчмын дагуу үнэлэх жишээ
2.4.3.хүүхдийг бүх талаас нь үнэлсний дараа цаашид ямар тусламж үйлчилгээнд хамруулах төлөвлөгөө боловсруулж, холбогдох байгууллагад холбон зуучилна. Салбар комиссын гишүүд хүүхдийн гэр бүл, эцэг эхтэй зөвлөлдөн хүүхдийг хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамруулах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:
2.4.3.1.зорилгыг хэтийн болон ойрын гэж тодорхойлно.
Хүснэгт 5. Ойрын болон хэтийн зорилго
Ойрын зорилго | Хэтийн зорилго |
Ойрын зорилго маш тодорхой байна. Тодорхой хугацааны (8-12 сар) дараа хүүхдийн хөгжлийн ахицыг харахад богино хугацааны зорилгодоо хүрч байгаа эсвэл хүрч чадаж байгаа эсэхийг мэдэхэд хялбар бөгөөд хүүхдийн хөгжлийг дэмжихэд зориулан боловсруулсан төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгааг мэдэх боломжтой. | Хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөөнд хүүхдийн дунд хугацааны болон хэтийн зорилгуудыг тодорхойлдог. Энэ бол цэцэрлэгт, сургуульд орох, ажил хийх, цаашдын боловсрол эзэмших гэх мэт хүүхдийн ирээдүйн талаарх найдвар болно.
|
2.4.3.2.ямар үр дүнд хэрхэн хүрэх аргыг тодорхойлно.
Хүснэгт 6. Хөгжлийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний жишээ
2.4.4.салбар комисс нь хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээний явцыг хүүхдийн онцлог байдлаас хамааран тодорхой давтамжтайгаар дараах байдлаар хянана:
2.4.4.1.салбар комиссын хуралд хүүхэд, эцэг, эхийг биечлэн ирүүлж хянах;
2.4.4.2.салбар комиссын хуралд хүүхэд, эцэг, эх биечлэн ирэх боломжгүй тохиолдолд зохих бичиг баримт /Хөгжлийн дэвтэр, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийн системүүд болон холбогдох бусад бичиг баримт/-д үндэслэн хянах;
2.4.4.3 цахим хэлбэрээр хянах.
2.4.5.салбар комиссын дүгнэлт шийдвэрийн дагуу хүүхэд хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдаагүй бол Салбар комиссын зүгээс хүүхдийн эцэг, эх болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай холбогдож зөвлөгөө өгөх, албан бичиг хүргүүлэх зэрэг арга хэмжээ авна.
2.4.6.салбар комиссын зөвлөсөн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдаагүй бол байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтооход баримталдаг эрх зүйн актад дурдсаны дагуу асаргааны тэтгэмжийг түр зогсоох арга хэмжээ авч болно.
2.4.7.хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөө үр дүнтэй байж, хүүхдийн хөгжилд ахиц гарсан бол дараагийн зорилгыг тодорхойлон, дэмжлэгийн төлөвлөгөөг дахин боловсруулна.
2.4.8.хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөө үр дүнгүй байх, эсвэл тусгайлсан нэмэлт дэмжлэг шаардлагатай тохиолдолд Салбар комисс холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг оролцуулан тухайн тохиолдлоор/кейс хэлэлцүүлэг зохион байгуулж, хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөөг дахин боловсруулна.
Хүснэгт 7. Кейс хэлэлцүүлэг зохион байгуулах
Кейс хэлэлцүүлгийн зорилго |
|
Кейс хэлэлцүүлгийн бэлтгэл ажил |
|
Кейс хэлэлцүүлэг |
|
2.4.9.салбар комисс нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлт, үнэлгээ, эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны чиглэлээр орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, олон нийт, эцэг, эх, асран хамгаалагчдад сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.
2.5.Хөгжлийн дэмжлэг, оролцоо, үйлчилгээнд хамруулах. Салбар комиссын хурлаар хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон хүүхдийн шийдвэрийн маягт болон хувийн хэрэгт хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөний чиглэл, зорилго, хэлбэр илгээсэн байгууллага, үйлчилгээ тус бүрийн хариуцах хүнийг тодорхой зааж, хөгжлийн дэмжлэг оролцооны үйлчилгээнд холбон зуучилна.
2.5.1.Хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээний төрөл:
2.5.1.1.суурь үйлчилгээ-/эрүүл мэндийн үйлчилгээ,сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, нийгмийн үйлчилгээ/;
2.5.1.2.зорилтот үйлчилгээ-/эмчилгээ, сэргээн засалтын үйлчилгээ, хөгжлийн дэмжлэг эрт оролцооны байгууллагад төвлөрсөн болон гэр бүлд суурилсан үйлчилгээ/;
2.5.1.3.хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжлийн талаар эцэг, эх, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аль аль нь тэмдэглэл /Хөгжлийн дэвтэр/ хөтөлнө.
2.6.Хөгжлийн дэмжлэг, оролцоо, боловсролын үйлчилгээнд хамруулах. Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдэд бусад хүүхдүүдийн адилаар сурч боловсрон өдөр тутмын амьдралд оролцох боломжийг бүрдүүлэхдээ сургуульд хэт ачаалал дарамт үүсгэхгүйгээр тохируулга, өөрчлөлтийг хийж сурах орчин нөхцөлийг бүрдүүлж дараах алхмын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд хүлээн авахад чиглэсэн бэлтгэлийг ханган, тохируулга хийх шаардлагатай. Үүнд:
2.6.1.сургалтын байгууллага нь хүүхдийн хэрэгцээнд нь нийцсэн орчин, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах үйл ажиллагааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын[2] дагуу зохион байгуулна;
2.6.2.барилга байгууламжийн саадыг арилгах шинээр барилга барих, хуучин барилга байгууламжийг засварлахдаа, хөгжлийн бэрхшээлтэй хүн суралцан сургуулийн өдөр тутмын амьдралд оролцоход нь хүндрэл бэрхшээл учруулахуйц материаллаг саад тотгорыг арилгах, багасгах зорилт тавих;
2.6.3."нийтлэг загвар"-ыг ашиглан орчныг бүрдүүлэхдээ дараах зарчмыг баримтална:
2.6.3.1.бүх хүн ашиглах боломжтой байх. (Адил тэгш)
2.6.3.2.хэрэглэхэд тохиромжтой байх. (Уян хатан)
2.6.3.3.хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байх. (Энгийн, ойлгомжтой)
2.6.3.4.шаардлагатай мэдээллийг шууд ойлгох боломжтой байх. (Танин мэдэх боломжтой мэдээлэл)
2.6.3.5.санамсаргүй алдаа осолд тэсвэртэй, бат бөх байх. (Алдаа осолд тэсвэртэй)
2.6.3.6.биеэс хэт хүч гаргахааргүй байх. (Бага хүч шаардагдах)
2.6.3.7.хүртээмжтэй, орон зайны хувьд хангалттай байх. (Ашиглахад хангалттай хэмжээ, зай талбай)
2.6.4.олон талт байдлыг харилцан хүлээн зөвшөөрдөг анги сургуулийг бий болгох. Юуны өмнө багш ажилтнуудын болон сурагчдын хоорондын ялгаатай байдлыг харилцан хүлээн зөвшөөрч, нэгэндээ тусалдаг анги сургууль, хамт олныг бий болгох нь хамгаас чухал. Сурагчид алдаж будлих, эсвэл сайн ойлгохгүй байх үед загнаж үгүйсгэхгүй, хүүхэд бүр айж эмээх зүйлгүй, тайван, идэвх, сонирхолтой суралцахуйц орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
Жишээ
Харааны бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүн: Харааны бэрхшээлийн хувьд, сайн хардаггүй (нарийн жижиг хэсгүүдийг сайн хардаггүй, харах талбай багатай гэх мэт), огт хардаггүй зэргээр хүүхэд бүрд харилцан адилгүй байдаг. Хөдөлгөөн ихтэй авто зам, анх удаа явж байгаа газарт зорчиход хүндрэл бэрхшээл тулгарна. - Тухайн сурагч брайл үсэг уншиж сурсан бол сурах бичиг, сургалтын материалыг нь брайл үсэгтэй болгоно. Үсэг нь том байх тусам сайн уншдаг бол үсгийг нь томоор бичсэн сургалтын материал ашиглана. - Хичээлийн явцад, багш нь "Энэ", "Тэр", "Иймэрхүү" гэх мэт заах төлөөний үг ашиглалгүй, тодорхой нэр ашиглан ярина. Мөн самбарт бичсэн зүйлийг уншиж өгнө. - Шалгалтын үед тухайн сурагчийн нөхцөл байдалд тохируулан брайл үсэг, Суралцах явцад хүүхэд тухайн бодит зүйл, эсвэл үзүүлэнд гар хүрэх, барьж үзэх боломжийг аль болох нэмэгдүүлнэ. - Сайн хардаггүй бол нэмэлт гэрэлтүүлэг ашиглах, эсвэл суудлын байрлалыг нь өөрчлөх зэргээр анхаарал тавина. - Сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцоход нь хялбар болгохын тулд эд зүйлсийг ойлгомжтой байрлуулах, явахад хялбар байлгах үүднээс босго довжоог тэгшлэх, эсвэл хөтөч хавтанцар байрлуулах, анги танхим, өрөөнүүдийн нэр дугаарыг брайл үсгээр бичих, шат гишгүүр коридорыг тод өнгөөр будах зэрэг арга хэмжээ авна. |
Жишээ
Сонсголын бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүн: Сонсголын бэрхшээлийн хувьд сайн сонсдоггүй, огт сонсдоггүй зэргээр хүүхэд бүрд харилцан адилгүй байдаг. Өнгөц харахад бэрхшээлтэй гэдэг нь төдийлөн мэдэгдэхгүй тул хүмүүс бараг анзаарахгүй байж болно. "Хүн юм асуугаад байхад үл тоолоо" гэж эндүүрэх хүн ч гарна. - Тухайн сурагч дохионы хэл сурсан бол дохионы хэлний орчуулагч, эсвэл тэмдэглэл хөтлөгч ажиллуулна. - Хичээлийн явцад, багш нь амны хөдөлгөөнөө тухайн сурагчид харагдахаар ярина. - Хэлж тайлбарлах зүйлээ тухайн сурагчид цаасан дээр урьдчилан бичиж өгнө. - Тухайн сурагч сайн сонсохгүй гэдгийг ангийн бусад сурагчдад тайлбарлаж өгөх зэргээр сурагчдын сайн харьцааг нь дэмжинэ. - Сонсоход хялбар, багшийн амны хөдөлгөөнийг харахад нь хялбар байхыг бодолцсон тухайн сурагчийн суудлын байрлалыг нь тогтооно. - Томруулсан үсэг ашиглах, эсвэл уншиж өгөх, аудио төхөөрөмж ашиглана. |
Жишээ
Бие эрхтний бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүн: Бие эрхтний бэрхшээлтэй сурагчид тулгардаг хүндрэл: Алхаж гишгэх, шатаар өгсөж уруудах, сандалд суух, ширээн дээр байгаа зүйлийг авах, хуулж бичих, хооллох зэрэг өдөр тутмын амьдрал, суралцахуйн бүх үйлдэл хөдөлгөөнд, эсвэл заримд нь хүндрэл тулгарна. - Үйлдэл хөдөлгөөнд бусдаас илүү цаг зарцуулдаг (Бичих, хувцас солих г.м.) учир цагийн зохицуулалт хийж өгнө. - Гараар бичихэд хүндрэлтэй байвал, компьютер ашиглаж болно. - Лифт болон налуу зам тавих, эсвэл шат болон коридорын хананд бариул хийж өгнө. |
Жишээ
Оюуны бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүн: Оюуны бэрхшээлтэй сурагчид тулгардаг хүндрэл: Суралцахуйгаар олж авсан мэдлэг, ур чадвар нь амархан мартагддаг, эсвэл амьдрал дээр бодитоор ашиглаж чаддаггүй. Мөн амжилттай сурсан зүйл цөөн зэргээсээ шалтгаалан өөртөө итгэх, санаачилгаараа хийж сурахад хүндрэлтэй. - Ахуй амьдралд хэрэгтэй арга технологи, биеэ авч явах байдалд сургахын зэрэгцээ нийгмийн амьдралын хэв маяг, дүрэм журмыг ойлгуулахад чиглэсэн хичээл зохион байгуулна. - Оюуны хөгжилд нь тааруулан, суралцах агуулгад нь өөрчлөлт, тохируулга хийнэ. - Хараад ойлгоход нь туслах үүднээс бодит зүйл болон фото зураг, хуваарь зэргийг ашиглана. - Өөрийгөө хүлээн зөвшөөрөх мэдрэмжийг нь дээшлүүлэхэд чиглэсэн хичээл зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ. |
Жишээ
Аутизмын хүрээний эмгэгтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүн: Аутизмтай сурагчид тулгардаг хүндрэл: Бусад хүнтэй харилцахад хүндрэл үүсэх, хэл ярианы хөгжилд нь илт хоцрогдол илрэх, ярьсан зүйлийг өөр утгаар ойлгох, зан үйлийн алхам дараалал болон аргад нь онцгой шинж илрэх тохиолдол гардаг. - Суралцах явцдаа "Хэзээ", "Хаана", "Юуг", "Хэрхэн" хийж гүйцэтгэх ёстойг нь ойлгомжтой, нүдэнд нь харагдахуйцаар үзүүлнэ. - Аль болох бодит туршлага хуримтлуулах боломжоор хангана. - Уурлаж бухимдсан үед нь тайвшруулах боломжтой орон зайг бий болгож өгнө. |
ГУРАВ.ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ
БОЛОВСРОЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ
3.1.Аймаг, дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын байгууллагад холбон зуучлах үүрэг бүхий "Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл"-ийг тухайн шатны Засаг даргын тушаалаар байгуулна.
Хүснэгт 8. Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүн, хэрэгжүүлэх чиг үүрэг
Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүн |
|
Хэрэгжүүлэх чиг үүрэг |
|
3.2.Цэцэрлэг, сургууль нь хүүхдийн онцлог хэрэгцээ, эрүүл мэндийн бодит байдалд нийцүүлэн хөгжих, сурах эрхийг хангах орон тооны бус 7-9 хүний бүрэлдэхүүнтэй "Дэмжлэгийн баг"-ийг байгуулж ажиллана.
Хүснэгт 9. Сургууль, цэцэрлэгийн орон тооны бус дэмжлэгийн багийн бүрэлдэхүүн, хэрэгжүүлэх чиг үүрэг
Дэмжлэгийн багийн бүрэлдэхүүн |
|
Хэрэгжүүлэх чиг үүрэг |
|
3.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн төвд хамруулахад
боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална.[3]
3.4.Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь энэхүү аргачлалын 3.1-д заасан зөвлөлтэй хамтран дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
3.4.1.орон нутгийн хэмжээнд тэгш хамруулан сургах боловсролын бодлогын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг удирдлагаар хангах;
3.4.2.тэгш хамран сургах боловсролыг дэмжих агуулгаар сургалтын байгууллагын багш ажилтны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, тэднийг арга зүйн удирдлагаар хангах;
3.4.3.багш нарыг хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах арга зүйгээр хангах, бага ангиас дунд ангид дэвшин суралцах хүүхдэд сэтгэл зүйн болон дасан зохицох дэмжлэг үзүүлэх агуулгаар чадавхжуулах;
3.4.4.бодлогын хэрэгжилтийг хангах төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг нэгтгэнэ;
3.4.5.сургалтын байгууллагуудын дунд туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах.
3.5.Энэхүү аргачлалын 3.1-д заасан зөвлөл нь танхимын сургалтад тогтмол хамрагдах боломжгүй хүүхдийг гэр бүлийн орчинд суурилан боловсролын үйлчилгээ /цаашид сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, сургууль, насан туршийн боловсролын явуулын багшийн үйлчилгээ гэх/-д хамруулах шийдвэр гаргаж баталгаажуулна.
3.6.Энэхүү аргачлалын 3.5-д заасан үйлчилгээг тухайн хүүхдийн хамран сургах тойргийн цэцэрлэг, сургууль, насан туршийн боловсролын төв зохион байгуулах бөгөөд тухайн байгууллагын статистикийн мэдээллийн системд бүртгэнэ.
3.7.Хувилбарт сургалт зохион байгуулах явуулын багшийг энэхүү аргачлалын 3.6-д заасан байгууллагын удирдлага томилж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батална.
3.7.1.хувилбарт сургалтад 1-5 хүүхэд хамрагдах тохиолдол анги, удирдсан багш, хүүхэд хөгжлийн танхимын багш, хичээл заадаг багш, цэцэрлэгийн хувилбарт сургалтын багшийг ажиллуулж болно.
3.8.Хувилбарт сургалтад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан хөтөлбөрийг[4] баримтлах бөгөөд тухайн хүүхдийн онцлог хэрэгцээнд үндэслэн өөртөө үйлчлэх, амьдрах чадварт суралцах энгийн чадвар дадал эзэмшүүлэх агуулгыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төлөвлөгөөний[5] дагуу төлөвлөн эцэг эх асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.
3.9.Явуулын багш, цэцэрлэгийн хувилбарт сургалтын багшийн зохион байгуулах ээлжит хичээлийн үргэлжлэх хугацааг хүүхдийн онцлог хэрэгцээ, эрүүл мэндийн байдлыг харгалзан суралцах давтамжийг дараах байдлаар тухайн байгууллагын дэмжлэгийн баг тогтооно:
3.9.1.сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан хөгжлийг дэмжих үйл ажиллагаа 7 хоногт 2 удаа 15-30 минут[6];
3.9.2.сургуулийн насны хүүхдэд зориулсан сургалт 7 хоногт 2-3 удаа 40-80 минут;
3.9.3.хүүхдийг сард 2-оос доошгүй удаа харьяалах ангийн сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд эсхүл хүүхэд хөгжлийн танхимын үйл ажиллагаанд биечлэн оролцуулах.
3.10.Цэцэрлэг, сургууль, насан туршийн боловсролын төв хувилбарт сургалтын хүрээнд энэхүү аргачлалын 3.8-д заасан сургалтаас гадна дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
3.10.1.хүүхдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн сонирхол, хэрэгцээнээс хамааруулан танхимын сургалтад богиносгосон цагаар эцэг эх асран хамгаалагчийн хамт хамруулах,
3.10.2.хүүхдийг нийгмийн харилцаанд оролцуулах, нийгэмшүүлэх зорилгоор 14 хоногт 1-ээс доошгүй удаа харьяалах анги бүлгийн үйл ажиллагаанд оролцуулах, хүүхэд хөгжлийн танхимд ирүүлж үе тэнгийнхний дунд жижиг бүлгээр ажиллуулах арга хэмжээ зохион байгуулах
3.10.3.хүүхдийн онцлог хэрэгцээнд суурилан ахуйн чиг баримжаа олгох, амьдрах чадварт сургах, сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээ зохион байгуулах;
3.10.4.хүүхдийг сургуулийн хэмжээнд зохион байгуулагдах хүүхэд хөгжлийн аливаа үйл ажиллагаанд эцэг эх асран хамгаалагчийн хамт биеэр болон цахимаар оролцуулах
3.10.5.хүүхдийн хэрэгцээнд үндэслэн суралцахад шаардагдах тохирох хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, туслах хэрэгслийн багцыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төвийн баталсан журмын дагуу хийж, хангах;
3.10.6.эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хөгжлийн төвийн ажилтнуудтай хамтран ажиллаж, тэднийг зөвлөгөө мэдээлэл, хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжих арга зүйгээр хангах;
3.10.7.хүүхдийн сурч хөгжих чадварыг дэмжсэн сургалтын хөтөлбөр, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь боловсруулахад багшид арга зүйн туслалцаа үзүүлэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
3.10.8.сургууль, насан туршийн төв нь эрх бүхий хүүхэд хөгжлийн төвд багшийг гэрээний үндсэн дээр томилон ажиллуулна.
3.10.9.явуулын болон цэцэрлэгийн хувилбарт сургалтын багш нь улирал тутам цэцэрлэг, сургуулийн заах аргын нэгдэлд хүүхдийн хөгжлийн ахиц, өөрчлөлт, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний явцын болон үр дүнгийн үнэлгээг танилцуулна.
3.11.Сургалтын үйлчилгээг удирдан, зохион байгуулах явуулын болон цэцэрлэгийн хувилбарт сургалтын багш дараах үүргийг гүйцэтгэнэ;
3.11.1.хүүхдийн боловсролын хэрэгцээг судлах (хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, эмчлэгч эмчтэй ганцаарчлан уулзах, тухайн хүүхдийн ерөнхий хөгжил, тусгай хэрэгцээний талаар мэдээлэл цуглуулах);
3.11.2.эцэг эх, асран хамгаалагчтай хамтарч хүүхдийн эрүүл мэнд, суралцах чадварын бодит байдалд тохирох ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах;
3.11.3.ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хүүхдийн ахиц, өөрчлөлтийг тооцох;
3.11.4.хүүхдийн сурах үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийн талаар тодорхойлолт боловсруулж бичих, дасгал даалгавар боловсруулах, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх;
3.11.5.хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, харилцаа, амьдрах ухаан, бие бялдрыг хөгжүүлэх ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн сургалтын үйл ажиллагаа явуулах, суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх сургалт, нэмэлт хичээл давтлага өгөх зохион байгуулах;
3.11.6.хүүхэд сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох, сургуулийн өмнөх боловсролоос ерөнхий боловсролын сургуульд, бага боловсролоос суурь боловсрол руу шилжин суралцах үед туслалцаа үзүүлэх;
3.11.7.хүүхдэд сэргээн засах, засан сайжруулах дэмжлэг үзүүлэх шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага, мэргэжилтний туслалцааг цаг тухайд нь авахад дараах үйлчилгээнд холбон зуучлах:
3.11.7.1.сэтгэл зүйч, хэл засалч, тусгай хэрэгцээт боловсролын багштай ганцаарчлан хичээллэх;
3.11.7.2.бие бялдар, хөдөлгөөний эвслийг засан сайжруулах дасгал хөдөлгөөн хийх;
3.11.7.3.сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хөгжүүлэх, хүүхдийн сөрөг зан үйлийг засах;
3.11.7.4.хүүхдийн нүүрний хувирал, дохио зангаа, дуу хоолойг анхааралтай ажиглан харилцах чадварыг хөгжүүлэх, тайвшруулах.
3.11.8.хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид сэтгэл зүй, заслын асуудлаар зөвлөгөө өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
3.11.9.тухайн хүүхдийн анги удирдсан багштай хамтран хүүхдэд тохиолдож буй бэрхшээлийг хамтдаа шийдэж урамшуулах, идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах;
3.11.10.ангийн багштай хамтран хүүхдийн нөхцөл байдал, бие бялдарт тохируулан цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцах, хүүхдээс хүүхдэд, үе тэнгийн туслагч хөдөлгөөн өрнүүлэх.
3.12.Эцэг эх, асран хамгаалагч дараах үүрэг гүйцэтгэнэ:
3.12.1.хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, сургалт зохион байгуулах орчныг бүрдүүлж, шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнээр хангахад туслах;
3.12.2.багшийн зааврын дагуу хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ;
3.12.3.энэхүү аргачлалын 3.8, 3.10.1, 3.10.3, 3.11.2-д заасан арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцох, хүүхдийн аюулгүй байдлыг ханган хамтран оролцох.
ДӨРӨВ.ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, ХӨГЖЛИЙН ДЭМЖЛЭГИЙН
ТОГТОЛЦООНЫ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ
4.1 Эрт илрүүлэлт, хөгжлийн дэмжлэгийн тогтолцооны шалгуур үзүүлэлт. Шалгуур үзүүлэлтийг гаргахад цөөн тооны мэдээллийн эх үүсвэр ашиглана. Салбар комиссын үйл ажиллагааны нэг гол шалгуур үзүүлэлт нь хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг төрсөн үеэс сургуульд орох хүртэлх хугацаанд нь аль болох эрт илрүүлж, хөгжлийн дэмжлэг, оролцооны үйлчилгээнд хамруулах гэсэн зорилтын явцыг хэмжинэ.
4.1.1 Эрт үеийн хөгжлийн дэмжлэг оролцооны үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо. Үүнд нярай үеэс таван нас хүртэл хугацаандаа эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоог авч үзнэ. Хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхдийн эрт үеийн хөгжлийн дэмжлэг оролцооны үйлчилгээ нь маш өргөн хүрээтэй бөгөөд сургуулийн өмнөх насны хүүхэд болон нялхаст үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ, сэргээн засал, сэтгэл зүйн зөвлөгөө, гэр бүлийг чадавхжуулах, туслах хэрэгсэл, хоол тэжээл, боловсрол болон нийгмийн ажлын олон төрлийн үйлчилгээ орно.
Тооцох арга
Комиссын шийдвэрээр эрт үеийн хөгжлийн дэмжлэг оролцооны үйлчилгээнд хамрагдсан сургуулийн өмнөх насны нийт хүүхэд.
Мэдээлэл цуглуулах аргачлал.
Мэдээллийг дараах засаг захиргааны тогтолцоогоор цуглуулна:
- Төв комисс нь улсын хэмжээнд хэрэгждэг хүүхдийн эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны бүх тусламж үйлчилгээний жагсаалтыг гаргана.
- Дараа нь тухайн орон нутаг, дүүргийн захиргаанаас дээрх тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас асуумж маягтаар тав хүртэлх насны хэдэн охид, хөвгүүдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлсэн талаар хариу авна.
- Аймаг, дүүргийн салбар комиссоос ирүүлсэн тайлан мэдээг төв комисс нэгтгэж тайлан гарна. Энэхүү асуумжийг судалгааг онлайн хэлбэрээр автоматаар нэгтгэгддэг системийг ашиглан хийж болно. Автомат системийг ашиглахдаа хэд хэдэн байгууллагуудаас тусламж үйлчилгээ авсан хүүхдүүд мэдээллийг хялбар байдлаар хянахад анхаарах.
4.1.2.эрт илрүүлэлтийн үзлэг хийж буй аймгийн хувь: Эрт илрүүлэлтийн үзлэг хийхийг 3 сайдын тушаалаар аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон тул 9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үзлэг зохион байгуулж эхэлсэн аймгуудыг авч үзнэ. Эрт илрүүлэлтийн үзлэг шинжилгээ хийснээр хүүхдийг цаг алдалгүй сэргээн засал, хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамруулж, сургуульд суралцах боломж бүрдэнэ.
Тооцох арга
Үзлэг хийдэг аймгийн тоо ×100(%) : нийт аймгийн тоо
Ж: (11 аймаг х 100 ) : 21 аймаг =52 %
Мэдээлэл цуглуулах аргачлал.
Мэдээллийг аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газар, сумын эрүүл мэндийн төв, салбар комиссоос авна.
4.1.3.эрт илрүүлэлтийн 9, 18, 36 сартай хүүхдийн үзлэгт хамрагдсан хүүхдийн хувь: 9, 18, 36 сартай эрүүл мэнд хөгжлийн цогц үзлэгт хамрагдсан бүх хүүхдийг авч үзнэ. Эрт илрүүлэлтийн үзлэг шинжилгээ хийснээр хүүхдийг цаг алдалгүй сэргээн засал, хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамруулж, сургуульд суралцах боломж бүрдэнэ. Үүнд гэрийн идэвхтэй эргэлтээр хөгжлийг үнэлэн илрүүлсэн тоог авч үзэж болно.
Тооцох арга:
Тухайн сард үзлэгт хамрагдсан хүүхдийн тоо х100 (%): тухайн аймгийн 18 сартай нийт хүүхдийн тоо
Мэдээлэл цуглуулах аргачлал
Тухайн аймгийн 0-5 настай нийт хүүхдийн Эрүүл мэндийн газрын статистикийн албаны тоо. Үүнээс тухайн сард 9, 18, 36 сар хүрэх хүүхдийн тоог харах боломжтой. Бүх Өрхийн эрүүл мэндийн төв, Сумын эрүүл мэндийн төвөөс 9, 18, 36 сартай хүүхдийн үзлэгт хамрагдсан тоо Эрүүл мэндийн газарт мэдээлэгдэнэ.
Аргачлалын 4.1 Шалгуур үзүүлэлтүүд
Хүснэгт 10. Шалгуур үзүүлэлтүүд
Гарцын шалгуур үзүүлэлт | 2022 зорилт | 2023 зорилт | Эх сурвалж | |
4.1.1 | Эрт үеийн хөгжлийн дэмжлэг оролцооны үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо |
|
| Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлэл |
4.1.2 | 9 сартай хүүхдийн эрүүл мэнд хөгжлийн үзлэг хийж буй аймгийн тоо | 6 |
| Комиссын улирлын тайлан , Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлэл |
18 сартай хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг хийж буй аймгийн тоо |
|
| ||
36 сартай хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг хийж буй аймгийн тоо |
|
| ||
4.1.3 | Эрт илрүүлэлтийн 18 сартай хүүхдийн үзлэгт хамрагдсан хүүхдийн хувь | 80-аас доошгүй |
| Эрүүл мэндийн яамны тайлан Комиссын тайлан |
4.1.4 | Төрөлжсөн мэргэжлийн багтай аймгийн тоо | 6 |
| Комиссын тайлан |
4.1.5 | Хөгжлийн үнэлгээнд хамрагдсан хүүхдийн тоо |
|
| Салбар комиссын тайлан |
4.1.6 | Хөгжлийн үнэлгээ хийж буй аймгийн тоо | 6 |
| Комиссын тайлан, тушаал |
4.1.7 | Салбар комиссоос кейс хэлэлцүүлэг зохион байгуулж, хөгжлийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулсан хүүхдийн тоо |
|
| Комиссын тайлан |
4.1.8 | Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлтэй аймгийн тоо | 6 |
| Боловсрол, шинжлэх ухааны яамны тайлан |
4.1.9 | Эрт үеийн хөгжлийн дэмжлэг оролцооны хөтөлбөр хэрэгжүүлж буй аймгийн тоо | 80 |
| Комиссын тайлан |
Үр дүнгийн шалгуур үзүүлэлт |
|
|
| |
4.1.10 | Эрт илрүүлэлтийн үзлэгээр хөгжлийн хоцрогдол илэрсэн хүүхдийн тоо |
|
| Өрхийн эрүүл мэндийн төв, Сумын эрүүл мэндийн төвийн тайлан |
4.1.11 | Бусад үзлэг шинжилгээгээр ХБ илэрсэн 0-6 хүртэл насны хүүхдийн тоо |
|
| Өрхийн эрүүл мэндийн төв, Сумын эрүүл мэндийн төвийн тайлан |
4.1.12 | Комиссын хурлаас цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан хүүхдийн тоо |
|
| Комиссын тайлан |
4.1.13 | Комиссын хурлаас сургуульд хамруулах шийдвэр гарсан хүүхдийн хувь |
|
| Комиссын тайлан |
4.1.14 | Цэцэрлэг, сургууль, насан туршийн боловсролын төвд хамрагдсан хүүхдийн тоо |
|
| Боловсрол, шинжлэх ухааны яамны тайлан |
4.1.15 | Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний дагуу хичээллэсэн хүүхдийн тоо |
|
| Боловсрол, шинжлэх ухааны яамны тайлан |
Аргачлалын 3.2.Хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн урсгал 9, 18, 36 сартай хүүхдийн эрт илрүүлэлтийн мэдээллийг орон нутагт Сумын эрүүл мэндийн төвөөс Аймгийн Эрүүл мэндийн газарт, Аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн хөгжлийн төвд илгээнэ.
Хүснэгт 11. Мэдээллийн урсгал
Түвшин | Мэдээлэл илгээх ажилтан/байгууллага | Мэдээлэл хүлээж авах ажилтан/байгууллага | |
Суманд | Сум, баг | Сумын эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан | Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нийгмийн ажилтан, Аймгийн Эрүүл мэндийн газар |
Аймагт | Аймаг | Аймгийн Эрүүл мэндийн төв | Салбар комисс |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв | |||
Аймгийн статистик | |||
Нийслэлд | Өрхийн эрүүл мэндийн төв | Дүүргийн Эрүүл мэндийн төв | Эрүүл мэндийн хөгжлийн төв |
Дүүрэг | Дүүргийн Салбар комисс | Дүүргийн Салбар комисс | |
Комисс | |||
Нийслэл |
| Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Нийслэлийн статистикийн газар | |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв | Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар | ||
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар | Халамжийн мэдээллийн сан | ||
Улсын хэмжээнд |
| Халамжийн мэдээллийн сан | Үндэсний статистикийн хороо, Яамд, Засгийн газар, Улсын их хурал, бусад |
1
[1] Засгийн газрын 2021 оны "Дүрэм батлах тухай" А/173 дугаар тогтоол "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм"
[2] Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/184 дүгээр тушаалаар батлагдсан " Бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчин бүрдүүлэх журам"
[3] Боловсрол,Соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны "Журам батлах тухай" А/292 дугаар тушаалаар батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам", Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны "Журам батлах тухай" А/177 дугаар тушаалаар батлагдсан " Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах журам"
[4] Боловсрол шинжлэх ухааны сайдын 2018 оны А/487 дугаар тушаалаар батлагдсан "Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр"
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны А/88 дугаар тушаалаар батлагдсан " Бага, суурь, бүрэн дунд хөтөлбөр нөхөн олгох хөтөлбөр"
[5] Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2018 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан "Үлгэрчилсэн загвар аргачлал батлах тухай"
[6] Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/164 тоот тушаалаар батлагдсан "Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаанд баримтлах чиглэл"
Текст томруулах
A
A
A