A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 388

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.7, 10.1.11, "Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зайлшгүй шаардлагын хүрээнд дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын дараахь гишүүдэд даалгасугай:

1.1. коронавирусын халдварын тархалтаас хамгаалах, урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч, уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх асуудлаар БНХАУ-ын эрх бүхий байгууллага, албан тушаалтантай 2 талын яриа, уулзалт зохион байгуулж, экспортын ачаа тээврийн эргэлтийг эрс сайжруулах, хилийн боомтод халдвар хамгааллын тусгайлсан дэглэм сахиулах ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, 2 талын гадаад харилцааны хүрээнд дипломат шугамаар харилцах шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт;

1.2. чингэлэг тээврийн асуудлаар БНХАУ-ын талаас тавьсан саналыг судалж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал барьж, ашиглалтад оруулах, гаалийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд хилийн боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд;

1.3. орчин үеийн өндөр хүчин чадал бүхий рентген, тоног төхөөрөмж бүхий гаалийн төрөлжсөн лабораторийг ашиглаж, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хэмжээ, чанар, агуулгыг тодорхойлж, хилийн хяналт, шалгалтыг чирэгдэл багатай, шуурхай зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т;

1.4. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, холбогдох дэд бүтцийн ажлыг 2022 онд багтаан дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт.

2. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, 2022 онд төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах дор дурдсан арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай:

2.1. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2022 онд төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн орлогын хуваарийг хуулийн этгээд бүрээр батлан мөрдүүлж, биелэлтэд оны эхнээс байнгын хяналт тавьж ажиллах;

2.2. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын 2022 оны ажлын үр дүнг үнэлж, дүгнэхдээ тухайн хуулийн этгээдийн төсөвт төвлөрүүлсэн ногдол ашгийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг нэн тэргүүнд харгалзан үзэх;

2.3. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2022 оны хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй төсөл арга хэмжээг тусгахгүй байх;

2.4. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг дээшлүүлж, үр өгөөжийг өсгөх, төлбөрийн чадварын үзүүлэлтийг эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авах.

3. Гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, зардлыг бууруулахад чиглэсэн дор дурдсан арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т даалгасугай:

3.1. барааг улсын хилээр нэвтрүүлэхэд хийх үзлэг, хяналт шалгалтын давтамж, хугацааг бууруулж, гаалийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан гаалийн бүрдүүлэлтийн хяналтын арга хэлбэрт нэг мөр шилжих, гаалийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг нь цахимжуулах, эрсдэлийн үнэлгээнд цахим төлбөрийн баримтын систем, мэдээллийг ашиглах;

3.2. татварын хяналт, шалгалт, гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалтын үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгжүүдэд давхардуулахгүй байх, нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх;

3.3. хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг гаалийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан экспорт, импортын гэрчилгээ олгох журмыг шинэчилж, гэрчилгээг цахимаар олгох зохион байгуулалтын арга хэмжээ авч, гадаад худалдаа эрхлэгчээс шаардах бичиг баримтын тоог бууруулах.

4. Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан хот, суурин газар газрын төлбөр ногдуулах итгэлцүүрийг тогтоож, газрын төлбөрийн орлогын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Төсвийн хэмнэлтийн горимд дараахь чиглэлийг баримтлан ажиллаж өр, авлага үүсгэхгүй байх арга хэмжээ авч, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн, төвлөрүүлэн, шууд захирагч нарт тус тус даалгасугай:

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 203 дугаар тогтооолоор хүчингүй болсонд тооцсон)

5.1. бүх төрлийн сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулах;

5.2. сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар дундаа нэг туслахтай, Засгийн газрын агентлагт хуульд өөрөөр заагаагүй бол нэгээс илүүгүй дэд даргатай, дарга нь зөвлөхгүй байх;

5.3. төрийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлдэг төсвийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд орон тооны нэг нөхөн томилгоо хийх;

5.4. бүх шатны төсвийн байгууллагын гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх, төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахууны зардал, төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төрийн байгууллагууд шинээр автомашин худалдан авах зардал, захиргааны албан контор шинээр барих зардлыг тус тус 100 хувь, бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувь, коронавируст халдварын цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагаас бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь тус тус хэмнэх чиглэл баримтлах.

6. Төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээ (цэвэрлэгээ, харуул хамгаалалт, төвлөрсөн бус халаалт, хоол үйлдвэрлэл, бүх төрлийн засвар, автомашины үйлчилгээ)-г гүйцэтгэж байгаа ажилчдыг сайн дурын үндсэн дээр өөрсдийнх нь санаачилгаар төрийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар, эсхүл хувийн хэвшлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

7. Энэ тогтоолын 6-д заасан нийтлэг үйлчилгээг төрийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхэд дараахь чиглэл баримтлахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай:

7.1. нийтлэг ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн өмчит компаниар гүйцэтгүүлэх зорилго нь гагцхүү ажилчдын цалин хөлс, тэтгэмж, урамшуулал зэрэг нийгмийн баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;

7.2. санаачилгыг төсвийн байгууллага болон түүний харьяалах дээд шатны төсвийн захирагч дэмжсэн бол түүнийг нь орон нутгийн засаг захиргаа хэлэлцэж зохих бэлтгэл хангасны үндсэн дээр Сангийн яам төсөвт холбогдох зохицуулалт хийх;

7.3. орон тооны цомхтгол хийхгүй байх, одоо ажиллаж байгаа ажилчдыг үндсэн ажилтнаар шилжүүлэн ажиллуулах, ажилчдын цалин хөлс, урамшуулал, тэтгэвэрт гарахад нь хуульд заасны дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийг одоо байгаа түвшнээс бууруулахгүй олгох талаар холбогдох гэрээнд тусгах;

7.4. холбогдох стандарт, салбар, орон нутгийн онцлогт нийцүүлж үйлчилгээний норм, норматив, тарифыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулах.

8. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, төсвийг хүрэх үр дүн, чанар, гүйцэтгэлд нь үндэслэн үр ашигтай, үр дүнтэй хуваарилах тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан дараахь арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:

8.1. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд:

8.1.1. бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив тооцох бүрэлдэхүүн, хувьсах зардлаар тооцож санхүүжүүлэх аргачлалыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах;

8.1.2. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид сар бүр олгож байгаа тэтгэлгийг суралцагчийг сургуулиа төгсөхөд нь нэг удаа олгодог байхаар холбогдох журамд өөрчлөлт оруулах санал боловсруулах.

8.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад:

8.2.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хуваарилах, санхүүжүүлэх тогтолцоог халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах;

8.2.3. төрийн албан хаагчийн цалингийн хэмжээ, сүлжээг холбогдох байгууллагуудтай хамтран салбар, ажил мэргэжлийн онцлогт нийцүүлэн судлан үзэж, улсын хэмжээнд нэг мөр шинэчлэн тогтоох санал боловсруулж танилцуулах;

8.2.4. хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал, үйлчилгээ үзүүлэх журам, үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачлалыг баталж мөрдүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, үйлчилгээний чанар, гүйцэтгэлд төрийн байгууллага хяналт тавьдаг тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээ авах.

8.3. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр дор дурдсан асуудлаар төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод:

8.3.1 эрүүл мэндийн тусламж үйлчилгээг батлагдсан төсвийн хүрээнд оновчтой, үр дүнтэй санхүүжүүлэх замаар эрүүл мэндийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах;

8.3.2. анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг хянах болон сахилга бат, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх;

8.3.3. иргэн цахимаар болон үүрэн холбооны хэрэгсэл ашиглан эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрөө хянах үйлчилгээг нэвтрүүлэх;

8.3.4. эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний тарифыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлж шинэчлэх;

8.3.5. төсвийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжин ажиллах төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах ажлыг 2022 онд багтаан дуусгах, тусламж, үйлчилгээний санхүүжилтийн зарцуулалтын сахилга бат, хариуцлагыг чангатгах;

8.3.6. эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн худалдан авалтын тогтолцоо бүрдүүлж, эмчилгээний үр дүнтэй, баталгаатай, хямд аюулгүй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж, тусламж, үйлчилгээний өртөг, зардлыг бууруулах.

8.4. Орон нутаг дахь соёл, биеийн тамир, спортын байгууллагын төсвийг үйлчилгээний чанар, хүрэх үр дүнгийн гүйцэтгэлд нь үндэслэж хуваарилах аргачлал боловсруулж санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Биеийн тамир, спортын улсын хороо (Ц.Шаравжамц)-нд;

8.5. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг салбарын төсөвтэй уялдуулж, үр дүнг үнэлэх тогтолцоо бий болгох чиглэлээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт.

9. Орон нутаг дахь нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн ашиглалтын урсгал болон их засварын зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх болсонтой холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтанд даалгасугай:

9.1. ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, сумын эрүүл мэндийн төв, соёлын төв, театр, чуулга, музей, номын сан, спорт заал, усан бассейн, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын төвийн хэвийн үйл ажиллагааг доголдуулахгүй байх, өмч хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, тогтмол зардлын өр үүсгэхгүй байхаар тооцож халаалт, засвар, үйлчилгээг эдийн засгийн хувьд үр ашигтай байдлаар зохион байгуулах, дулааны хэрэглээг тоолууртай болгох, энэ талаар Засгийн газрын холбогдох гишүүнээс агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргатай жил бүр байгуулах гэрээнд тусгуулах арга хэмжээ авч, гэрээний хэрэгжилтийг дүгнүүлж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Биеийн тамир, спортын улсын хороо (Ц.Шаравжамц)-нд;

9.2. орон нутаг дахь боловсрол, эрүүл мэнд, соёл, нийтийн биеийн тамирын үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагын барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлын хуваарилалтын төлөвлөгөө, санхүүжилт, тайлан бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Биеийн тамир, спортын улсын хороо (Ц.Шаравжамц), аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт.

10. Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай:

10.1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах, нэг маягийн зураг төсвөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний холболтын зураг, төсвийн зардлыг тухайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дүнд багтаан хэрэгжүүлэх, зураг төсвийн зардал давхардуулан олгохгүй байх;

10.2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг батлагдсан төсөвт өртөгт багтаан зураг төсвийн дагуу хэмнэлттэй, үр ашигтай, үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлэхэд бүх шатанд анхаарч ажиллах, хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системийг нэвтрүүлж ажиллах;

10.3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд Барилга, хот байгуулалтын сайдын багцад тусгагдсан зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг шуурхай зохион байгуулах, Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл боловсруулахад шаардлагатай зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгох.

11. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, батлах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавихад холбогдох хууль тогтоомжийг баримталж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

12. Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу үүссэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг тооцож өр төлбөр барагдуулах төлөвлөгөө, эргэн төлөлтийн хуваарь гаргаж улсын төсөвт төвлөрүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

13. Зээлийн хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах, дэд болон эцсийн зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээнд заасан төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

14. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН