A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДЭГ ЗАХИАЛАХ, ХЭВЛҮҮЛЭХ, ТАТВАРЫН АЛБАДАД ХҮРГҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, БҮРТГЭХ, АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 24-ны

өдрийн 216 тоот тушаалын хавсралт

 

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДЭГ ЗАХИАЛАХ, ХЭВЛҮҮЛЭХ, ТАТВАРЫН АЛБАДАД ХҮРГҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, БҮРТГЭХ, АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Татварын алба онцгой албан татварын тэмдэг /цаашид "тэмдэг" гэх/-ийг үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий гэрээт хуулийн этгээдээр хэвлүүлэх, хадгалах, онцгой албан татвар төлөгч аж ахуйн нэгж /цаашид "татвар төлөгч" гэх/-ийн захиалгын дагуу олгох, бүртгэх, харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Монгол Улсад үйлдвэрлэсэн архи, дарс, тамхинд эх орны үйлдвэрийн онцгой албан татварын тэмдэг, Монгол Улсад импортолсон архи, дарс, тамхи /цаашид "бараа" гэх/-нд импортын онцгой албан татварын тэмдэг нааж ашиглана.

1.3.Онцгой албан татварын тэмдгийг дараах байдлаар ангилна. Үүнд:

1.3.1.эх орны үйлдвэрийн архины онцгой албан татварын тэмдэг;

1.3.2.эх орны үйлдвэрийн дарсны онцгой албан татварын тэмдэг;

1.3.3.эх орны үйлдвэрийн тамхины онцгой албан татварын тэмдэг;

1.3.4.импортын архины онцгой албан татварын тэмдэг;

1.3.5.импортын дарсны онцгой албан татварын тэмдэг;

1.3.6.импортын тамхины онцгой албан татварын тэмдэг;

1.4.Татварын алба Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн хууль, энэ журам /цаашид "хууль, журам" гэх/-ын хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй албан хаагчтай байна.

Хоёр.Онцгой албан татвар ногдох барааны бүртгэл

 2.1.Онцгой албан татвар ногдох бараа үйлдвэрлэгч болон импорлогч татвар төлөгч Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "Татварын ерөнхий газар" гэх/-д барааны бүртгэлийг хийлгэнэ. Үүнд:

 

2.1.1.үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхины нэр, төрөл, олон улсын стандартын (GS-1) бар кодыг бүртгүүлэх;

2.1.2.шинээр үйлдвэрлэх болон импортлох архи, дарс, тамхины нэр, төрөл, олон улсын стандартын (GS-1) бар кодыг урьдчилан бүртгүүлэх;

 2.2.Татвар төлөгч татварын албанаас хүлээн авсан тэмдгийг тохирох бараанд наасан зарлагын бүртгэлийг цахим татварын системд бүртгэнэ.

Гурав. Эх орны үйлдвэрийн болон импортын барааны тэмдэг захиалах, тэмдэг захиалах хүсэлтийг татвар төлөгчид буцаах

 

 3.1.Татвар төлөгч тэмдгийг цахим татварын системийн тэмдэг захиалах цэсээр дамжуулан захиалахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэх бөгөөд татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээс баримт бичгийг татан хавсаргаж болно. Үүнд:

 

3.1.1.тэмдэг захиалах тухай албан бичиг;

3.1.2.архи, дарс, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар;

3.1.3.архи, дарс, тамхи импортлох үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар;

3.1.4.аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;

3.1.5.импортоор оруулах архи, дарс, тамхины худалдан авах тухай гадаад худалдааны гэрээний хуулбар, гэрээг монгол хэлээр баталгаат орчуулгаар орчуулсныг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.1.6.барааны дээжийг эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан шинжлүүлсэн дүгнэлтийн хуулбар;

3.1.7.гаалийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлт, сорилтын дүнгийн хуулбар;

3.1.8.стандарт, хэмжил зүйн газраас олгосон тохирлын гэрчилгээний хуулбар;

3.1.9.импортоор оруулах тамхины түүхий эдийн тоо хэмжээ, түүнийг худалдан авахаар хийгдсэн гэрээний хуулбар;

3.1.10.бүтээгдэхүүнээ савлах лонх, хайрцагны тоо, түүнийг худалдан авахаар хийгдсэн гэрээний хуулбар;

3.1.11.тэмдгийн үлдэгдлийг төрөл, савалгааны хэмжээгээр;

 

3.1.12.тэмдгийн үнэ төлсөн төлбөрийн баримт.

 3.2.Татвар төлөгч энэ журмын 1.3.1, 1.3.2-ыг захиалахад 3.1.1, 3.1.2, 3.1.4, 3.1.6, 3.1.8, 3.1.10, 3.1.11, 3.1.12-т заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.

 3.3.Татвар төлөгч энэ журмын 1.3.3-ыг захиалахад 3.1.1, 3.1.2, 3.1.4, 3.1.6, 3.1.8, 3.1.9, 3.1.10, 3.1.11, 3.1.12-т заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.

3.4.Татвар төлөгч энэ журмын 1.3.4, 1.3.5, 1.3.6-ыг захиалахад 3.1.1, 3.1.3, 3.1.4, 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.1.8, 3.1.11, 3.1.12-т заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.

3.5.Татвар төлөгч эх орны үйлдвэрийн барааны тэмдэг захиалах хүсэлтийг цахим татварын системээр харьяалах татварын албанд хүргүүлнэ.

3.6.Татвар төлөгчийн эх орны үйлдвэрийн барааны тэмдэг захиалах хүсэлт харьяалах татварын албаны хууль, журмын хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй албан хаагчид Татварын удирдлагын нэгдсэн системээр ажил болон хуваарилагдана.

3.7.Татвар төлөгчийн харьяалах татварын албаны нэгжийн дарга хууль, журмын хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй албан хаагчийн тэмдэг захиалах хүсэлтийн шийдвэрлэлтэд хяналт тавьж, баталгаажуулан Татварын ерөнхий газарт Татварын удирдлагын нэгдсэн системээр хүргүүлнэ.

3.8.Татвар төлөгч импортын барааны тэмдэг захиалах хүсэлтийг цахим татварын системээр Татварын ерөнхий газарт хүргүүлнэ.

3.9.Татвар төлөгч болон харьяалах татварын албанаас Татварын ерөнхий газарт ирүүлсэн тэмдгийн захиалгыг хууль, журмын  хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй албан хаагч хянан, татвар хураалтын удирдлага, арга зүйн асуудал хариуцсан нэгжийн даргаар баталгаажуулан Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий гэрээт хуулийн этгээдэд системээр хүргүүлнэ.

3.10.Татварын албанаас тэмдгийн захиалгыг дараах тохиолдолд буцаана. Үүнд:

3.10.1.энэ журмын 3.2, 3.3, 3.4-т заасан бичиг баримтын бүрдүүлбэр дутуу;

3.10.2.энэ журмын 3.1-т заасан бичиг баримтын хүчинтэй хугацаа дууссан;

3.10.3.татварын өртэй;

3.10.4.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон;

3.10.5.татвар төлөгч дараах зөрчилтэй тохиолдолд:

3.10.5.1.татвар төлөгчийг Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль, энэ журмыг зөрчсөн гэж холбогдох байгууллагаас тогтоосон;

3.10.5.2.татварын албанаас олгоогүй, хуурамч тэмдгийг татвар төлөгч бараанд наасан зөрчилтэйг холбогдох байгууллагаас тогтоосон;

3.10.5.3.татвар төлөгчийг хуурамчаар согтууруулах ундаа үйлдвэрлэсэн зөрчилтэйг холбогдох байгууллагаас тогтоосон.

3.11.Цахим төлбөрийн баримтын системээр тэмдгийг захиалахдаа дараах мэдээллийг оруулна. Үүнд:

 3.11.1.тэмдгийн төрөл;

 3.11.2.савалгаа;

 3.11.3.барааны олон улсын стандарт (GS-1) бар код;

 3.11.4.бараанд наах тэмдгийн тоо ширхэг;

 3.11.5.татвар төлөгч тэмдэг захиалах, хүлээн авах итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байж болох бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээллийг цахим татварын системд бүртгэнэ.

3.12.Тэмдгийн захиалгын үнэн зөв байдлыг захиалагч татвар төлөгч хариуцна.

Дөрөв.Үнэт цаас үйлдвэрлэх үйлдвэрт тэмдэг хэвлүүлэх

 захиалга өгөх, хэвлэх, хүргэх

4.1.Татвар төлөгчийн ирүүлсэн тэмдэг захиалах хүсэлтийг татварын алба баталгаажуулан, тэмдэгт нууцлал бүхий код үүсгэж үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий гэрээт хуулийн этгээдэд цахимаар хүргүүлнэ.

4.2.Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий гэрээт хуулийн этгээд зөвхөн Татварын ерөнхий газраас ирүүлсэн нууцлалын код бүхий тэмдгийг хэвлэнэ.

4.3.Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий гэрээт хуулийн этгээд Татварын ерөнхий газраас хүргүүлсэн тэмдгийн захиалгыг тоо хэмжээнээс хамаарч дараах хугацаанд үйлдвэрлэнэ. Үүнд:

4.3.1. 1 – 100,000 ширхэг хүртэлх тэмдгийг ажлын 5 өдөр;

4.3.2. 100,001 – 5,000,000 ширхэг хүртэлх тэмдгийг ажлын 10 өдөр;

4.3.3. 5,000,001 ширхэгээс дээш тэмдгийг ажлын 15 өдөр;

 

4.4.Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий гэрээт хуулийн этгээдээс хэвлэгдэн татвар төлөгчид олгоход бэлэн болсон тэмдгийг гэрээнд заасан цэгт хүргүүлнэ.

Тав.Онцгой албан татварын тэмдгийг татвар төлөгчид олгох

 

 5.1.Татвар хураалтын удирдлага, арга зүйн асуудал хариуцсан болон санхүү, хөрөнгө оруулалтын нэгжийн албан хаагчдын Татварын удирдлагын нэгдсэн системээр олгогдсон зөвшөөрлийг үндэслэн татвар төлөгчид тэмдгийг олгоно.

 5.2.Энэ журмын 5.1-т заасан зөвшөөрлөөр Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий гэрээт хуулийн этгээдээс татвар төлөгчид тэмдгийг хүлээлгэн өгч болно.

 5.3.Том татвар төлөгч хариуцсан нэгжид бүртгэлтэй татвар төлөгчийн эх орны барааны болон импортын барааны тэмдгийг Татварын ерөнхий газраас олгоно.

5.4.Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс эх орны үйлдвэрийн барааны тэмдгийг Татварын ерөнхий газраас хүлээн авч татвар төлөгчид олгоно.

5.5.Татварын ерөнхий газраас аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст тэмдгийг олгохдоо баталгаат шуудан болон эрх бүхий этгээдээр дамжуулан олгож болно.

Зургаа.Эх орны үйлдвэрийн болон импортын архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдгийг хадгалах

6.1.Татварын алба үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий гэрээт хуулийн этгээдээс, татвар төлөгчөөс буцаан ирүүлж буй тэмдгийг зориулалтын өрөө, тасалгаанд хадгална.

6.2.Зориулалтын өрөө, тасалгаа нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

6.2.1.тэмдгийг хадгалах тавиуртай байх;

6.2.2.тэмдэг хадгалах өрөө тасалгаа нь цонхтой бол төмөр хаалттай байх;

6.2.3.албаны бусад өрөөнүүдээс тусгаарлагдсан байх;

6.2.4.харуул хамгаалалттай, хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмжөөр тоноглогдсон байх;

6.2.5.болзошгүй аюулаас сэргийлж тэмдгийг газраас 20 сантиметрээс багагүй өндөрт байрлуулах;

6.2.6.эрх бүхий ажилтан нь тэмдэг хадгалдаг өрөө тасалгааны хаалгыг түгжиж, лацдаж, аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын албаны мэдэлд шилжүүлэх;

6.2.7.эрх бүхий ажилтан дохиоллын систем, цоож болон лацанд аливаа эвдрэл гэмтэл учраагүй, бүрэн бүтэн байгааг нотолсоны дараа хадгалдаг өрөөг нээх;

6.2.8.дохиоллын систем, цоож болон лацанд аливаа эвдрэл гэмтэл учирсан нь илэрвэл тухайн татварын албаны даргад нэн даруй мэдэгдэж, түүний зааврын дагуу ажиллана.

6.3.Татвар төлөгч татварын албанаас хүлээн авсан тэмдгийг зориулалтын өрөө, тасалгаанд хадгална.

Долоо.Онцгой албан татварын тэмдгийг бараанд наах

7.1.Тэмдгийг зөвхөн эх орны үйлдвэрийн болон импортын барааны лонх, хайрцагт нааж ашиглана.

7.2.Монгол Улсад үйлдвэрлэсэн барааны тэмдгийг наах үүргийг үйлдвэрлэгч хариуцна.

7.3.Импортолсон барааны тэмдгийг наах үүргийг импортлогч хариуцна.

7.4.Татвар төлөгч өөрийн хэрэглээнд ашиглаж буй тэмдэг наах тоног төхөөрөмжийн техникийн боломжид үндэслэн харьяалах татварын албанд тэмдгийн хэмжээнд өөрчлөлт оруулах санал хүргүүлж болно.

7.5.Тэмдгийг архи, дарсны лонх, тамхины хайрцагт дараах шаардлагын дагуу наана. Үүнд:

7.5.1.архи, дарсны лонхны таг буюу хоолой, тамхины хайрцагт нягт тогтохоор, лонх хайрцгийг онгойлгох үед тэмдэг гэмтэж, дахин ашиглах боломжгүй болохоор наах;

7.5.2.тэмдгийн мэдээлэл өгөх хэсгийг архи, дарсны лонхны тагны төв хэсэгт тааруулж лонхны хоолойг дагуулан наах;

7.5.3.тамхины тэмдгийг тамхины хайрцагны нээгдэх хэсгийг холбож наах;

7.5.4.шаардлагатай тохиолдолд тэмдэг наах байдлыг ашиглаж буй тоног төхөөрөмжид нийцүүлэн харьяалах татварын албанд хүсэлт гаргаж, зөвшөөрлийн дагуу өөрчилж болно.

7.6.Монгол Улсаас экспортолж буй бараанд тэмдэг наахгүй.

Найм.Онцгой албан татварын тэмдэг буцаан өгөх

8.1.Татварын албанаас хүлээж авсан тэмдэгт тогтоосон загварын бус, үйлдвэрлэлийн явцад гэмтэж ашиглах боломжгүй болсон тэмдгийг татвар төлөгч нэгтгэн комисс томилон акт үйлдэж, хувийг хавсарган хагас жил тутамд харьяалах татварын албанд албан бичгээр мэдэгдэнэ.

8.2.Татвар төлөгч үйлдвэрлэлийн явцад гэмтсэн тэмдгийг дараах шаардлагын дагуу харьяалах татварын албанд хүлээлгэн өгнө. Үүнд:

8.2.1.ашиглах боломжгүй болсон тэмдгийн мэдээлэл агуулсан хэсгийг харуулах байдлаар цаасан дээр тэгш нугалаасгүй наасан байх;

8.2.2.тэмдэг урагдаж тасарсан тохиолдолд түүний тасархай хэсгүүдийг хооронд нь нийлүүлж наасан байх;

8.2.3.тэмдгийн мэдээлэл харагдахааргүй урагдаж тасарсан тохиолдолд гэмтэлтэй тэмдгийн жагсаалтад оруулахгүй байх;

8.3.Бараанд наах боломжгүй болсон тэмдгийг харьяалах татварын албанд хүлээлгэн өгсөнөөр тэмдгийн зарлагын бүртгэлд тохирох төлвийг сонгож, тайлангаас хасалт хийнэ.

8.4.Татвар төлөгчийн харьяалах татварын алба татвар төлөгчийн үйлдсэн актын дагуу тэмдгийн тоо ширхэгийг тоолж хүлээн авна.

8.5.Татвар төлөгчийн харьяалах татварын алба энэ журмын 9.4-т заасан татвар төлөгчөөс хүлээн авсан тэмдгийг Татварын ерөнхий газарт ажлын 5 хоногийн дотор ирүүлнэ.

Ес.Онцгой албан татварын тэмдэг устгах

9.1.Татварын албанд ирүүлсэн хуучин загварын, урагдаж гэмтсэн, ашиглах боломжгүй болсон тэмдгийг Татварын ерөнхий газрын ажлын хэсэг устгалд оруулна.

9.2.Тэмдэг устгах ажлын хэсгийг Татварын ерөнхий газрын дарга томилно.

9.3.Тэмдгийг шатаах байдлаар устгана.

9.4.Устгал хийхтэй холбогдон гарсан зардлыг татварын алба хариуцна.

9.5.Татвар төлөгчийн хүсэлтээр тэмдэг устгах тохиолдолд устгал хийхтэй холбогдон гарсан зардлыг татвар төлөгч хариуцна.

9.6.Тэмдэг устгах ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч байлцуулан дүрс бичлэг хийж, тэмдэглэл үйлдэж баталгаажуулна.

9.7.Тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана. Үүнд:

9.7.1.устгах тэмдгийг зөөвөрлөхөөс эхлээд дуусах хүртэлх эхэлсэн болон дууссан огноо, цаг;

9.7.2.устгах тэмдгийг зөөвөрлөсөн тээврийн хэрэгслийн улсын дугаар, өнгө, марк, жолоочийн мэдээлэл;

9.7.3.ажлын хэсгийн гишүүд болон хөндлөнгийн гэрчийн мэдээлэл;

9.7.4.дүрс бичлэгийн камерны загвар.

9.8.Тэмдэглэлд ажлын хэсгийн гишүүд болон хөндлөнгийн гэрч гарын үсэг зурснаар баталгаажина.

9.9.Тэмдэг устгасан тухай актыг 2 хувь үйлдэн, 1 хувийг татвар төлөгчид, үлдсэн хувийг тэмдэг устгасан ажлын тайлан болон энэхүү журмын 10.6, 10.7-д заасан материалтай хамтатган архивын нэгжид хүлээлгэн өгнө. Мөн хуулбарыг Татварын ерөнхий газрын холбогдох нэгж, татвар төлөгчийн харьяа нэгжид хүргүүлнэ.

9.10. Устгасан тэмдгийн бүртгэлийг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд энэ журмын 10.2-т заасан ажлын хэсгийн нарийн бичиг бүртгэн, ажлын хэсгийн даргаар баталгаажуулна.

Арав.Онцгой албан татварын тэмдгийн хяналт

10.1.Татвар төлөгчийн тэмдгийн захиалга, зарлагын бүртгэлд татварын албаны хууль, журмын хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй албан хаагч хяналт тавьж ажиллана.

10.2.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, татвар хураалтын удирдлага, арга зүйн асуудал хариуцсан нэгжийн дарга, мөн нэгжийн хууль, журмын хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй албан хаагч Татварын удирдлагын нэгдсэн системээр нийт татвар төлөгчийн тэмдгийн захиалга, зарлагын бүртгэлд хяналт тавих боломжтой байна.

10.3.Татвар төлөгчийн харьяалах татварын албаны нэгжийн дарга, хууль, журмын хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй албан хаагч Татварын удирдлагын нэгдсэн системээр тэмдгийн захиалга, барааны бүртгэлд хяналт тавих боломжтой байна.

10.4.Татвар төлөгч иргэн цахим төлбөрийн баримтын системээр тэмдэг, барааг шалгана.

Арван нэг.Хүлээлгэх хариуцлага

 11.1.Энэ журмыг зөрчсөн татвар төлөгчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Арван хоёр.Бусад

12.1.Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий гэрээт хуулийн этгээд Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Санхүү, хөрөнгө оруулалтын нэгжтэй сар бүр тооцоо нийлнэ.

 

--- оо00оо ---

 

 

1