A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2021 оны

105 дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Монгол Улсын Их Хурлын гишүүн /цаашид "гишүүн" гэх/ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ "… би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." хэмээн өргөсөн тангаргаа сахин биелүүлэхэд нь туслахад энэхүү Ёс зүйн дүрмийн зорилго оршино.

 

1.2.Гишүүн үйл ажиллагаандаа энэхүү дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг баримтлахын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хэм хэмжээг дагаж мөрдөнө.

Хоёр.Гишүүний ёс зүйн хэм хэмжээ

 

2.1.Гишүүн ард түмнийхээ элчийн хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө:

 

2.1.1.нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх;

2.1.2.төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэх;

2.1.3.Үндсэн хууль, хууль ёсыг дээдлэн сахиж биелүүлэх;

2.1.4.авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

2.1.5.биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх.

 

2.2.Гишүүн энэ дүрмийн 2.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөхөөс гадна дараах ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:

 

2.2.1.гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага;

2.2.2.ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн шаардлага;

2.2.3.төсөв зарцуулалт, санхүүтэй холбоотой ёс зүйн шаардлага;

2.2.4.хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой ёс зүйн шаардлага;

2.2.5.албан томилолттой холбоотой ёс зүйн шаардлага;

2.2.6.шагнал, бэлэг дурсгал хүлээн авахтай холбоотой ёс зүйн шаардлага;

 

2.2.7.Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны үеэр баримтлах ёс зүйн шаардлага.

 

Гурав.Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага

                                 

3.1.Гишүүн ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалаа дээдлэн ажиллана.

 

3.2.Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ.

 

3.3.Гишүүн өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцох үүрэгтэй.

 

3.4.Гишүүн өвчтэй буюу өвчтэй хүн асарсан бол эмнэлгийн магадалгаа, гадаад, дотоод албан томилолтоор явсан тохиолдолд томилолтын хуудсыг гишүүний ажлын алба Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.

 

3.5.Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно.

3.6.Гишүүн цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургалч үзлийн үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтална.

3.7.Олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөл болон хууль тогтоомжид заасан хөл хорио, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгийг мөрдөнө.

 

3.8.Гишүүн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл хийхийг хориглоно.

 

3.9.Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоор хэн нэг хүн, хэсэг бүлэг хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийг хориглоно.

 

3.10.Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, хууль санаачлах, боловсруулах, санал хураалтад оролцохыг хориглоно.

3.11.Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нууцын тухай хууль тогтоомжийг баримталж, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгална.

3.12.Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон бусад гишүүн, аливаа этгээдийн шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно.

 

3.13.Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа гишүүн нь Улсын Их Хурлаас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглоно.

3.14.Гишүүн бүрэн эрхийн хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачилж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа тухайн хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллахыг хориглоно.

3.15.Байнгын, дэд, түр хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласны дараа холбогдох төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагад нөлөөлөхийг хориглоно. 

 

3.16.Гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхээр заавар, чиглэл өгөх, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардахыг хориглоно.

 

3.17.Төрийн ёслол, хүндэтгэлийн болон Төрийн ордны дэг журмыг чанд баримтлахаас гадна Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхимд биеэ зөв авч явах үүрэгтэй ба бусдыг ялгаварлан гадуурхах, зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.

 

Дөрөв.Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн шаардлага

 

4.1.Гишүүн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, улс төрийн үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баримталж ажиллана.

 

4.2.Гишүүн төрийн өмчлөлийн эд хөрөнгө, техник, тээврийн хэрэгсэл, санхүүгийн нөөц болон мэдээллийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглана.

 

4.3.Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа асуудлаар гадаадын байгууллага, албан тушаалтанд амлалт өгөхгүй байх, мөн гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллагын нөлөөнд орж улсын ашиг сонирхолд харшлах үйлдэл хийхийг хориглоно.

 

4.4.Гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг гэр бүлийн болон нэгдмэл сонирхолтой этгээдийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахыг хориглоно.

 

4.5.Гишүүн бүрэн эрхийн хугацаанд эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүг төрийн байгууллагын ажил, албан тушаалд томилуулах санал болгохыг хориглоно.

 

4.6.Гишүүн бүрэн эрхийн хугацаанд хуульд зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг зуучлах, санал болгохыг хориглоно.

 

4.7.Гишүүний бүрэн эрхэд харшилсан санхүү, худалдааны болон бусад ижил төстэй хэлэлцээрт оролцохыг хориглоно.

 

4.8.Ажил үүргийн дагуу олж авсан мэдээ, мэдээллийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, бусдад ашиглуулахыг хориглоно.

 

4.9.Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын ашиг сонирхлын нөлөөнд автах, эдийн засгийн хараат байдалд орохыг хориглоно.

4.10.Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, аливаа этгээдэд нөлөөлөхийг хориглоно.
  

4.11.Гишүүн хууль тогтоомжоор хориглосон аливаа ажил, албан тушаал эрхлэх, түүнчлэн цалин хөлс, урамшуулал авах, өгөхийг шаардахыг хориглоно.

 

4.12.Хэлэлцэж байгаа асуудал нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол гишүүн энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж, санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзана.

 

4.13.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.

 

Тав.Төсөв зарцуулалт, санхүүтэй холбоотой ёс зүйн шаардлага

 

5.1.Гишүүн Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөн төсвөө үр ашигтай удирдах үүрэг хүлээнэ.

 

5.2.Гишүүн өөрт хуваарилагдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

 

Зургаа.Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой ёс зүйн шаардлага

 

6.1.Гишүүн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хууль тогтоомжид заасан хугацаанд бүрэн, үнэн зөв гаргаж, мэдүүлнэ. Энэ асуудалд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо /цаашид "Байнгын хороо" гэх/ хяналт тавина.

 

6.2.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар зөвшөөрсөн албан тушаал хавсран гүйцэтгэснээс олох орлогын хэмжээ нь гишүүний жилийн үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байвал зохино.

6.3.Гишүүн иргэдийн боловсролыг дээшлүүлэх, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор яриа хийх, илтгэл тавих, өгүүлэл, ном бичсэнийхээ төлөө урамшуулал авч болох бөгөөд энэхүү орлогоо хөрөнгө, орлогын мэдүүлэгт заавал тусгана.

 

Долоо.Албан томилолттой холбоотой ёс зүйн шаардлага

                                              

7.1.Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний харьяа байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчихыг хориглоно.

 

7.2.Гишүүн албан томилолтоор гадаадад ажиллахдаа батлагдсан удирдамж, чиглэлийг чанд баримтална.

 

7.3.Гишүүн гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа Монгол Улсын нэр хүндэд харш аливаа үйлдэл гаргахгүй байж, дипломат ёсыг чанд баримтлах үүрэгтэй.

 

7.4.Гишүүн ард түмнийхээ элчийн хувьд гадаад, дотоодод хувийн журмаар зорчих, албан томилолтоор ажиллахдаа эх орон, Улсын Их Хурлын  нэр хүндийг эрхэмлэн дээдлэнэ.

 

Найм.Шагнал, бэлэг дурсгал хүлээн авахтай холбоотой ёс зүйн шаардлага

 

8.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон медаль, төрийн бусад шагнал авахыг хориглоно.

 

8.2.Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын иргэн, хуулийн этгээдэд хууль бус давуу байдал олгох, үгсэн тохирох, амлалт өгөх, бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, эсхүл эдгээрийг хүсэх, шаардах замаар эдийн болон эдийн бус эрх олж авахыг хориглоно.

 

8.3.Гишүүн эрх мэдлийнхээ хүрээнд хянан шалгаж байгаа байгууллага, албан тушаалтнаас бэлэн мөнгө болон мөнгөөр үнэлэгдэх үнэт зүйлс, үнэ төлбөргүйгээр үйлчилгээ авахыг хориглоно.

 

Ес.Сонгуулийн сурталчилгааны үеэр баримтлах ёс зүйн шаардлага    
    
                                            

9.1.Гишүүн Улсын Их Хурлын гишүүнд сонгогдохоосоо өмнө оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, гадаад улсад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлнэ. Энэ нь нэр дэвшигчийн хамаарал бүхий этгээдэд нэгэн адил хамаарна.

 

9.2.Гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.

9.3.Гишүүн холбогдох хуульд заасан журмын дагуу сонгуульд нэр дэвших тохиолдолд бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон ажлын байр, санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг сонгуулийн сурталчилгааны ажилд ашиглахыг хориглоно.

 

Арав.Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх

10.1.Байнгын хороо гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой дараах гомдол,  мэдээлэл, хүсэлтийг хүлээн авна:

 

10.1.1.Улсын Их Хурлын даргын нэр дээр иргэд, хуулийн этгээдээс гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой бичгээр ирүүлсэн гомдол, мэдээлэл;

 

10.1.2.Байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс бичгээр ирүүлсэн гомдол, мэдээлэл;

 

10.1.3.авлига, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл гишүүн Байнгын хороонд шалгуулахаар бичгээр хандсан хүсэлт;

 

10.1.4.Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан мэдээ, тайлан.

 

10.2.Байнгын хороо гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хянан шийдвэрлэнэ.

 

10.3.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо дараах өргөдөл, гомдол, мэдээллийг хянан үзэхгүй:

 

10.3.1.нэр, хаяг, гарын үсэггүй өргөдөл, гомдол, мэдээллийг Улсын Их Хурлын дарга, Байнгын хорооноос хянан үзэхгүйгээр буцаана;

 

10.3.2ишүүн тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс өмнөх хугацаанд гарсан ёс зүйн зөрчлийн асуудлаар хандсан гомдол, мэдээлэл;

 

10.3.3.гишүүний нэр хүндийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилсон асуудлаар эрх нь зөрчигдсөн этгээдээс бусад  этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл;

 

10.3.4ишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой тухайн асуудлаар өмнө нь хандаж, албан ёсны хариу авсан бол;

 

10.3.5ишүүн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж хэвлэлийн хурал хийж, ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйсан бол;

 

10.3.6ишүүний ёс зүйн зөрчлийн асуудал нь хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тохиолдолд.

 

10.4.Гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Байнгын хорооны дарга хүлээн авч Байнгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлнэ:

 

10.4.1.гишүүн гомдол, мэдээлэлд холбогдсон гишүүнтэй уулзаж, тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх;

 

       10.4.2.гишүүн шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулж авах;

 

       10.4.3.гишүүн шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох мэдээ, мэдээллийг гаргуулж авах.

10.5.Шалгалтын явцад гишүүний ёс зүйн зөрчлийн шинж байдал нь ёс зүйн хариуцлага тооцохооргүй бол шалгалтын дүнг үндэслэн Байнгын хорооны дарга тухайн гишүүнийг дуудаж уулзан зөвлөгөө өгнө.

10.6.Шалгалтын явцад гомдол, мэдээлэлд дурдсан гишүүний ёс зүйн зөрчлийн асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзвэл шалгалтын дүнг Байнгын хорооны даргад танилцуулна.

 

10.7.Дараах тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн зөрчлийн асуудлыг Байнгын хорооны хуралд оруулах ба Байнгын хорооны хурлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу явуулна:

 

10.7.1.Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.25-д заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрэн эрхийн хугацаанд зохих журмын дагуу 2 ба түүнээс дээш удаа үнэн зөв гаргаж өгөөгүй бол;

 

10.7.2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18.1-д заасан хариуцлагыг хуралдаан даргалагчаас тухайн жилд 3 ба түүнээс дээш удаа ногдуулсан бол;

 

10.7.3.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг тухайн жилд хуралдааны /цахим/ ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын 5 өдрийн цагаас дээш гарсан бол.

 

 10.8.Энэ дүрмийн 10.7.1-д заасан хөрөнгө орлогын мэдүүлэг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээллээр, 10.7.2-д заасан хариуцлага нь тухайн өдрийн нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны тэмдэглэлээр, 10.7.3-д заасан ирцийн бүртгэл нь Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан албан ёсны баримтаар баталгаажна.

 

 10.9.Гишүүнд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18.1-д заасан хариуцлага хүлээлгэсэн тухай хуралдааны тэмдэглэл, гишүүдийн хуралдааны ирцийн мэдээллийг Хуралдаан зохион байгуулах хэлтсээс сар бүр Байнгын хороонд ирүүлнэ.

10.10.Гишүүний чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны ирцэд бүртгүүлэн, хуралдаанаар асуудал хэлэлцэх, санал хураалтад оролцсон идэвхийн талаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд оролцохдоо танилцуулж болно.

Арван нэг.Ёс зүйн шаардлагыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага

 

11.1.Байнгын хороо гишүүний ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэж ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын хариуцлага ногдуулна:

11.1.1.сануулга өгөх;

11.1.2.уучлал гуйхыг үүрэг болгох;

11.1.3.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах.

 

11.2.Энэ дүрмийн 11.1-д заасан хариуцлагыг Байнгын хорооны тогтоолоор ногдуулна.

 

11.3.Гишүүн энэ дүрмийн 11.1.2-т заасан хариуцлага хүлээх шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор сайн дураараа биелүүлж, энэ тухайгаа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, гишүүн тухайн гишүүнд ногдуулсан ёс зүйн хариуцлагыг биелүүлээгүй талаар олон нийтэд албан ёсоор мэдээлнэ.

 

11.4.Гишүүнд энэ дүрмийн 11.1.3-т заасан хариуцлага ногдуулсан тухай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны тогтоолыг Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.

 

11.5.Гишүүний ёс зүйн зөрчлийн хэм хэмжээ нь гэмт хэргийн болон авлигын шинжтэй бол Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар харьяаллын дагуу холбогдох байгууллагад албан бичгээр шилжүүлнэ.

 

11.6.Энэ дүрмийн 11.1-д заасан хариуцлагыг гишүүнд ногдуулсан талаар Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс ажлын 5 өдрийн дотор нийтэлнэ.

 

11.7.Гишүүний үйлдсэн ёс зүйн зөрчилд энэ бүлэгт заасан хариуцлагын төрлийг давхардуулан ногдуулахгүй.

 

11.8.Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол гишүүнд 11.1-д заасан хариуцлага ногдуулж болохгүй.             

 

11.9.Байнгын хорооны хуралдаанаар гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн эсэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар гомдол, мэдээлэл гаргасан иргэн, байгууллагад албан бичгээр хариу өгнө.

 

Арван хоёр.Бусад

 

12.1.Энэ дүрмийн хэрэгжилтийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хариуцаж, хяналт тавьж ажиллана.

 

12.2.Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээний тодорхой асуудлаар нарийвчилсан журмыг батлан мөрдүүлж болно.

 

 

 

 

---оОо---