- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 01
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан Монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх асуудлыг холбогдох хөгжлийн зорилтот хөтөлбөрт бие даасан бүлэг болгон боловсруулж, Улсын Их Хуралд 2022 онд багтаан өргөн мэдүүлэх;
2/монгол хүний удмын санг цус ойртолт, удамшлын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор "Угийн бичиг"-ийг айл өрх бүрд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтлүүлэн хэвшүүлэх ажлыг орон даяар 2024 онд багтаан хэрэгжүүлэх, шаардлагатай бол холбогдох судалгаанд тулгуурлан ургийн овгийн нэршлийг шинэчлэх арга хэмжээг зохион байгуулах;
3/хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлыг зохицуулах чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд 2023 онд багтаан өргөн мэдүүлэх;
4/монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори, генийн сан байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх, шаардагдах төсвийг улсын төсвөөс санхүүжүүлэх;
5/монгол хүний удмын санг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох саналыг боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах;
6/Монгол Улсын хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах асуудлыг хөгжлийн зорилтот хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх;
7/хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, асаргаа сувилгааны чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх талаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Б.Баттөмөр/, Нийгмийн бодлогын байнгын хороо /М.Оюунчимэг/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
