A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолын хавсралт

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилго нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

1.2.Зөвлөл нь  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 заасан чиг үүрэг бүхий аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулалтын бүтцийн нэгж мөн.

 

1.3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг дээдлэн, тухайн орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашиг, санал, хүсэлтийг харгалзан хамтын удирдлагын зарчмыг баримтална.

 

Хоёр.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах, Зөвлөлийн гишүүнийг сонгох

 

2.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй Зөвлөл байгуулна.

 

2.2.Хурлын даргаас бусад Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам, эвслийн бүлэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нэр дэвшүүлэх эрхтэй.

 

2.3.Энэ журмын 2.2-т заасны дагуу нэр дэвшсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг тухайн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар нэг жилийн хугацаатай сонгоно. Зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно.

 

2.4.Сумын Хурлын Зөвлөлийн гишүүнд тухайн Хурлын төлөөлөгч нэр дэвшүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар сонгоно. 

 

Тайлбар:Энэ заалтыг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.  

 

Гурав.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах

 

3.1.Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах чиглэлээр дараах арга хэмжээг авна:

 

3.1.1.холбогдох Хурлын хороод, ажлын хэсэгт чиглэл өгөх;

3.1.2.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийн явц, үр дүнгийн талаар Засаг дарга, түүний тамгын газар болон нутгийн захиргааны агентлагийн мэдээлэлтэй танилцах.

 

3.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, хуралдааны шийдвэр, биелэлтийн талаар олон нийтэд жилд хоёроос доошгүй удаа мэдээлнэ.

 

Дөрөв.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэлийг хангах

 

4.1.Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэлийг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авна:

 

4.1.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3-т заасан ээлжит болон ээлжит бус хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож Хурлын даргын захирамжаар батлуулах;

 

4.1.2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2, 30.2.3, 31.1-д заасны дагуу иргэний гаргасан санал, санаачилгыг тухайн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх;

 

4.1.3.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах;

 

4.1.4.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Зөвлөлд ирүүлсэн материалыг хянаж, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдээс тооцоо, судалгаа, лавлагаа, мэдээллийг гаргуулж авах.

 

Тав.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах

 

5.1.Зөвлөл нь Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр дараах арга хэмжээг авна:

 

5.1.1.Хурлын хороод, ажлын хэсгийн үйл ажиллагаанд зохион байгуулалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

 

5.1.2.Хурлын хороод, ажлын хэсгийн хурлын тов, хуваарийг Хурлын даргаар батлуулах;

 

5.1.3.орон нутгийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар Зөвлөл, Хурлын хороод, ажлын хэсгийн хамтарсан хурал зохион байгуулах;

 

5.1.4.Хурлын хороод, ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг уялдуулах чиглэлээр санал гаргах.

 

Зургаа.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

6.1.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

 

6.2.Зөвлөл Хурлын даргын товлосон өдөр, цагт хуралдах бөгөөд Зөвлөл хуралдааны дэгээ өөрөө тогтооно. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Хурлын дарга батална.

 

6.3.Гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр Зөвлөлийн хуралдаан хүчин төгөлдөр болно.

 

6.4.Зөвлөл үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн талаар жилд нэг удаа Хурлын хуралдаанд тайлагнана.

 

6.5.Зөвлөлийн хуралдааныг Хурлын даргын эзгүйд түүний санал болгосноор аль нэг гишүүн удирдана.

 

6.6.Зөвлөл албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

6.7.Хурлын ажлын алба нь Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө гишүүдэд урьдчилан хүргэж танилцах, санал боловсруулах боломжоор хангах болон Зөвлөлийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх үүрэгтэй.

 

6.8.Шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн хуралдааныг цахимаар зохион байгуулж болно.

 

6.9.Зөвлөл нь Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй.

 

 

---оОо---