A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 15.33 дугаар зүйл нэмсүгэй.

Хэвлэх

"15.33 дугаар зүйл.Парламентыг үл хүндэтгэх

Хэвлэх

1.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсголын дэг, журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.             

2.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл гэрч, шинжээч мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан эсхүл тусгай шалгалтад саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Шинжээч Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дүгнэлт гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг устгасан, өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Энэ зүйлийн 1-5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаан, сонсголд оролцсон этгээд дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хүнийг нэг зуугаас гурван зуун нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянгаас дөрвөн мянган нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР