A

A

A

Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн

А/07 дугаар тушаалын хавсралт

 

 

ХАМТЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЛИЙН

САНГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1 Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 32 дугаар зүйлд заасны дагуу хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх, мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

              1.2 Аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ, аймаг, нийслэл, сум дүүргийн хамтын хэлэлцээрийг харьяа нутаг, дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хамтын гэрээ, хэлэлцээр байгуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэхээр ажилтны эсхүл ажил олгогчийн төлөөлөгч хүргүүлнэ.

1.3. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр дараах шаардлагыг хангасан байна:

1.3.1. хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх, хууль тогтоомжоор ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэм хэмжээг бууруулаагүй байх, харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулсан байх;

1.3.2. хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжоос бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй байх;

1.3.3. салбарын болон ажил, мэргэжлийн онцлог, ажил олгогч болон ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шууд нөлөөлөх бусад хүчин зүйлийг харгалзсан байх.

 

Хоёр. Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх

 

 2.1 Бүртгүүлэхээр ирүүлсэн хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх эрх бүхий байгууллага хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн  дотор багтаан бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

2.2 Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэхдээ хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагаас уг гэрээ, хэлэлцээр нь хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах бөгөөд хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийг өөрчлөх тухай зөвлөмж өгөх, эсвэл хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд бүртгэхээс татгалзана. Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан шалтгаан, үндэслэлээ хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгүүлэх хүсэлт тавьсан талуудад хүргүүлнэ.

              2.3 Бүртгүүлэхээр ирүүлсэн хамтын гэрээ, хэлэлцээрт эрх бүхий байгууллага бүртгэсэн тухай тэмдэглэл хийж, мэдээллийн санд оруулж, нэгдсэн дугаар олгон тэмдэг дарна.

2.4 Хамтын гэрээ, хэлэлцээрийг эрх бүхий байгууллагаас бүртгэсэн талаарх тэмдэг нь 15x45 мм дөрвөлжин хүрээтэй тэмдэг дотор "Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэж хүрээлүүлэн бичиж, тэмдгийн голд "Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэв" гэсэн үгтэй байна.

2.5 Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийн талаар бүртгэх эрх бүхий байгууллагын дээд шатны албан тушаалтан, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.

2.6 Төрийн захиргааны байгууллагаас бүртгүүлсэн хамтын гэрээ, хэлэлцээрийг бусдад хуулбарлан дамжуулах, нийтэд мэдээлэхийг хориглоно. Бүртгүүлсэн хамтын гэрээ, хэлэлцээрийн нэг хувийг бүртгэсэн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага авч, мэдээллийн санг бүрдүүлнэ.

2.7 Бүртгэгдсэн хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд гэрээ, хэлэлцээрт оролцогч талууд хяналт тавина. Хамтын гэрээ, хэлэлцээрт хяналт тавих асуудлыг тусгайлан заагаагүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн хамтын хэлэлцээрийн биелэлтэд тухайн шатны Засаг дарга, улсын хамтын хэлэлцээрт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хяналт тавина.

 

Гурав.Хамтын гэрээ, хэлэлцээрийн мэдээллийн сан, түүний зохион байгуулалт

 

3.1 Хамтын гэрээ, хэлэлцээрийн мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

 

3.1.1. хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэсэн огноо, бүртгэлийн нэгдсэн

  дугаар;

3.1.2. бүртгэсэн байгууллага, ажилтан;

3.1.3. хамтын гэрээ, хэлэлцээр байгуулсан талууд;

3.1.4. хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжих хугацаа;

3.1.5. хамтын гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан эсэх;

3.1.6. хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацааг сунгасан эсэх;

3.1.7. салбар, салбар дундын хэлэлцээр бол бүхэлд болон хэсэгчлэн салбарын нийт ажил олгогч, ажилтныг хамааруулсан талаарх мэдээлэл;

3.1.8. хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн эсэх;

3.1.9. бусад.

 

3.2. Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх эрх бүхий байгууллагын холбогдох албан тушаалтан бүртгэсэн хамтын гэрээ, хэлэлцээрийг мэдээллийг санд тухай бүр, үнэн зөв оруулах үүрэгтэй. Мэдээллийн сангийн үйл ажиллагааг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

 

3.3. Хамтын гэрээ, хэлэлцээрийг мэдээллийн санг бүрдүүлэх, тайлагнах, хууль тогтоомжийн хүрээнд хамтын гэрээ, хэлэлцээрийн талаарх лавлагаа гаргах ажлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага гүйцэтгэнэ.

 

 

 

-----------ОоО-----------