- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам
ДЭЭРХ ЗАРЛИГ 2023 оны 12 сарын 18 өдрийн 142 тоот зарлигаар нэмэлт өөрчлөлт хийгдсэн олно.
Хавралтыг ЭНДЭЭС орж үзнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ... дугаар сарын ... -ны өдрийн ... дугаар зарлигийн хавсралт
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД
ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь цэргийн алба хаагчид цэргийн цол олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. "Цэргийн цол" гэж Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т заасныг ойлгоно.
1.3. Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох үйл ажиллагаа нь шударга ёс, хууль дээдлэх үндсэн зарчмыг баримталж, нээлттэй, ил тод явагдана.
1.4. Энэхүү журам нь батлан хамгаалах, төрийн цэргийн байгууллагууд, тагнуул, төрийн тусгай хамгаалалтын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад цэргийн цол олгоход хамаарна.
1.5. Цэргийн алба хаагч, цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн цолд хүндэтгэлтэй хандаж, эрхэмлэн дээдэлнэ.
1.6. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасан албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг, Монгол Улсын сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагын цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг хуульд заасны дагуу тогтооно.
1.7. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу баталж, бүртгүүлсэн цэргийн цолны нийтлэг стандартыг үндэслэн энэ журмын 1.4-т заасан байгууллагын дарга өөрийн байгууллагын албан тушаалын цэргийн цолны зэрэглэлийг боловсруулж, эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулна.
1.8. Оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтэн зөвхөн дайчилгаатай сургууль, цугларалтад хамрагдах үедээ албан тушаалын цэргийн цолыг хэрэглэнэ.
Хоёр. Цэргийн цол олгох үндэслэл
2.1. Офицер, ахлагчид албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл, мэргэжил боловсролын түвшин, цэргийн алба хаасан хугацаа, ажлын үр дүн, сахилга бат, ёс суртахуун, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг үндэслэн цэргийн цол олгоно.
2.2. Дээд болон ахлах офицер, тэргүүн ахлагчийн цолыг олгохдоо Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан шалгуур үзүүлэлтээс гадна дараах боловсролын зэргийг харгалзан үзнэ:
2.2.1. Дээд офицер нь Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, түүнтэй дүйцэхүйц шатны сургууль /коллеж/ төгссөн, цэргийн ухаан, аюулгүй байдал, хууль, эрх зүйн магистр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй эсэх;
2.2.2. Хурандаа нь цэргийн академи /коллеж/ төгссөн, цэрэг, аюулгүй байдал болон цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр магистр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй эсэх;
2.2.3. Хошууч, дэд хурандаа нь цэргийн болон цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй эсэх;
2.2.4. Тэргүүн ахлагч нь бакалавр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй эсэх.
Гурав. Цэргийн цол олгоход баримтлах хугацаа
3.1. Офицерт цэргийн цолыг шат дараалан олгохдоо дараах хугацааг баримтлана. Үүнд:
3.1.1. дэслэгчээс-ахлах дэслэгч 36 сар;
3.1.2. ахлах дэслэгчээс-ахмад 36 сар;
3.1.3. ахмадаас-хошууч 48-аас 72 сарын хооронд;
3.1.4. хошуучаас-дэд хурандаа 60-аас 84 сарын хооронд;
3.1.5. дэд хурандаагаас-хурандаа 60-аас 84 сарын хооронд;
3.1.6. хурандаагаас-бригадын генерал 48 сар ба түүнээс дээш.
3.2. Ахлагчийн цэргийн цол хоорондын хугацаа 48 сар ба түүнээс дээш байна.
3.3. Дээд офицерын цол хоорондын хугацаа 24 сар ба түүнээс дээш байна.
3.4. Дээд офицерын болон ахлах офицерын хурандаа цолны зэрэглэл бүхий албан тушаалд нэгээс доошгүй жил ажилласан офицерт дараагийн цол олгуулахаар тодорхойлно.
3.5. Офицер, ахлагч өөрийн эдэлж байгаа цэргийн цолны ангилал, зэрэглэлээс 1 буюу түүнээс дээш ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд томилогдсон тохиолдолд цол хоорондын хугацааны хоёрны нэг ба түүнээс дээш хувийг хангасан бол Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтан энэ журмын 2.1, 2.2-т заасныг баримтлан дараагийн цэргийн цолыг олгож болно.
3.6. Энэ журмын 3.5-д заасны дагуу дээд офицерын болон ахлах офицерын хурандаа цолыг олгох тохиолдолд 5.3, 6.2-т заасан зөвлөлийн зөвлөмж гарсан байна.
3.7. Цэргийн цол олгох хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг хамааруулна.
Дөрөв. Цэргийн цол олгуулах санал гаргах
4.1. Салбарын захирагч цэргийн жинхэнэ албаны ахлагч, түрүүч, байлдагчид цэргийн цол олгуулах саналыг цэргийн нэгтгэл, ангийн захирагчид гаргана.
4.2. Цэргийн нэгтгэл, анги, байгууллагын захирагч /дарга/ цэргийн жинхэнэ албаны офицер, ахлагчид цэргийн цол олгуулах саналыг цол олгох эрх бүхий албан тушаалтанд гаргана.
4.3. Батлан хамгаалах, төрийн цэргийн байгууллагууд, төрийн тусгай хамгаалалтын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга, төрлийн цэргийн командлагч нар ахлах офицерын хурандаа цол олгуулах саналыг холбогдох материалын хамт Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад гаргаж, ирүүлнэ.
4.4. Дээд офицерын цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид энэхүү журмын 1.4-т заасан байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын хуралдаанд танилцуулан дараах албан тушаалтнууд гаргаж, ирүүлнэ. Үүнд:
4.4.1. Монгол Улсын Засгийн газраас тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын офицерт;
4.4.2. Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн офицерт;
4.4.3. Улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хилийн цэргийн офицерт;
4.4.4. Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн онцгой байдлын байгууллагын офицерт;
4.4.5. Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дотоодын цэргийн офицерт;
4.4.6. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицерт.
4.5. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалын офицерт дээд офицерын цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид гаргаж, ирүүлнэ.
4.6. Дайчилгаатай сургууль, цугларалтад оролцсон оногдуулан бүртгэгдсэн цэргийн цолны зэрэглэл бүхий бэлтгэл үүрэгтэнд цэргийн цол олгох саналыг сургууль, цугларалт зохион байгуулсан нэгтгэл, ангийн захирагч Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад гаргана.
Тав. Цэргийн цол олгох
5.1. Төрийн цэргийн болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, төрлийн цэргийн командлагч Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан цэргийн цолыг олгоно.
5.2. Офицер, ахлагчийн цолыг анхны цолноос эхлэн шат дараалан олгоно.
5.3. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын шийдвэрээр "Ахлах офицерын хурандаа цолны орон тооны бус зөвлөл"-ийг байгуулна.
5.4. Зөвлөл нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас тус бүр 1, олон нийтийн төлөөлөл 2, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.
5.5. Зөвлөл нь энэ журмын 4.3-т заасан санал, материалыг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, байгууллага хамт олны саналыг харгалзан ахлах офицерын хурандаа цол олгох эсэх талаар зөвлөмж гарган танилцуулах чиг үүрэгтэй ажиллах ба зохион байгуулалтын асуудал, хуралдааны дэгээ өөрөө тогтооно.
5.6. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан ахлах офицерын хурандаа цолыг жилд 2 удаа тушаал гарган олгох ба тушаал хоорондын зай хагас жил байна.
5.7. Тагнуулын байгууллагын алба хаагчид ахлах офицерын хурандаа цолыг энэ журмын 2.1, 2.2, 2.2.2-т заасныг үндэслэн 5.6-д заасан хугацааг баримтлан Тагнуулын Ерөнхий газрын даргын тушаалаар олгоно.
5.8. Үндэсний болон гадаадын цэргийн академи /коллеж/, их, дээд сургуульд суралцаж байгаа офицерт сурлага, сахилга, ёс зүйн байдал, ажиллаж байсан албан тушаалын цэргийн цолны зэрэглэлийг харгалзан энэ журмын 3.1.1-3.1.4-т заасан хугацааг баримтлан ахлах офицерын дэд хурандаа хүртэлх цэргийн цолыг олгож болно.
5.9. Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан офицер, ахлагчийн албан тушаалд иргэнийг томилбол цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас баталсан цэргийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтад хамруулж, цэргийн тангараг өргөсний дараа эрх бүхий албан тушаалтан цэргийн анхны цолыг олгож, цаашид албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл, энэ журмын 3.1, 3.2-т заасан хугацааг баримтлан дараагийн цэргийн цолыг олгоно.
5.10. Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу бэлтгэл офицер, ахлагчийг цэргийн жинхэнэ албанд эгүүлэн авбал мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар халагдах үед нь хэрэглэж байсан цэргийн цолыг сэргээн олгож, дараагийн цэргийн цолыг энэхүү журмын 3.1-3.3-т заасан хугацааг баримтлан олгоно.
Зургаа. Цэргийн дээд офицерын цол хүртээх
6.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд цэргийн алба хаагчид цэргийн дээд офицерын цол хүртээх эсэхийг шийдвэрлэнэ.
6.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд "Цэргийн дээд офицерын цолны орон тооны бус зөвлөл"-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасныг үндэслэн байгуулж, ажиллуулна.
6.3. Зөвлөл нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, батлан хамгаалах болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын удирдлага, олон нийтийн төлөөллийг оролцуулсан нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн дарга, гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, чөлөөлнө.
6.4. Зөвлөл нь энэ журмын 4.4, 4.5-д заасан санал, дүгнэлтийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, байгууллага хамт олны саналыг харгалзан цэргийн дээд офицерын цол олгох эсэх талаар зөвлөмж гарган танилцуулах чиг үүрэгтэй ажиллах ба зохион байгуулалтын асуудал, хуралдааны дэгээ өөрөө тогтооно.
6.5. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар цэргийн дээд офицерын цол хүртээж болохоор заасан байгууллагын дарга, удирдах албан тушаалтанд энэ журмын 2.1, 2.2, 2.2.1-д заасныг баримтлан цэргийн дээд цол хүртээх эсэхийг шийдвэрлэнэ.
6.6. Цэргийн дээд офицерын цолыг 43-аас 62 насны хооронд хүртээх хязгаарыг баримтална.
6.7. Цэргийн дээд цолтой офицерыг ангилал, зэрэглэлгүй албан тушаалд томилохгүй бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар цэргийн дипломат ажилтнаар, хэрэв эрдмийн зэрэг, цолтой бол сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллуулж болно.
Долоо. Бусад зүйл
7.1. Цэргийн цолыг дор дурьдсан байдлаар олгохгүй:
7.1.1.шагнал, урамшууллын хэлбэрээр;
7.1.2.цол алгасч;
7.1.3.албан тушаал, цолны зэрэглэлгүй цэргийн алба хаагчид;
7.1.4.цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаагүй иргэнд.
7.2. Эрх олгогдоогүй албан тушаалтан цэргийн цол олгохгүй.
7.3. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб энэ журмын хэрэгжилтийн талаарх мэдээлэл, санал, хүсэлт зэргийг хүлээн авч, шийдвэрлэнэ.
7.4. Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран энэ журмын хэрэгжилтэнд хоёр жил тутамд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гарган Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид танилцуулна.
7.5. Энэ журмын 7.1-д заасныг зөрчиж цэргийн цол олгосон албан тушаалтанд болон энэ журмыг зөрчсөн этгээдэд эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
7.6. Цэргийн цолыг хасах, хураан авах, бууруулах зэрэгтэй холбогдсон асуудлыг эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
7.7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ журамд нэмэлт, өөрчлөлт оруулна.
--- оОо ---
1
Текст томруулах
A
A
A