- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэгт доор дурдсан агуулгатай 11.33 дугаар зүйл нэмсүгэй:
"11.33 дугаар зүйл.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль зөрчих
1.Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхэлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хурааж, хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгийг гүйлгээ хийх, шилжүүлэх, арилжих, хадгалах, удирдах нөхцөл, боломжийг тасралтгүй хангаж ажиллаагүй бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтан болон холбогдох этгээд нь хуульд заасан мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээрийн хянан шалгагчид саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөөгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Виртуал хөрөнгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгож худалдсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хурааж, хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, түүний эрх бүхий албан тушаалтан болон холбогдох этгээд нь хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, эсхүл үүргээ хэрэгжүүлээгүй, түүнийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
