A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 28

Суугаант

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох" тухай тогтоолын нэг дэх заалтад заасан хувь хэмжээг 2021 онд үүссэн хүн, малын гоц халдварт өвчин, удаа дараагийн шороон шуурганы нөхцөл байдлаас шалтгаалж малчин, мал бүхий өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор нэг малын тоо толгойд ногдуулах татварын хэмжээг тэмээ 1000 /Нэг мянга/-н төгрөг, адуу 1000 /Нэг мянга/-н төгрөг, үхэр 1000 /Нэг мянга/-н төгрөг, хонь 200 /Хоёр зуу/-н төгрөг, ямаа 250 /Хоёр зуун тавь/-н төгрөг байхаар өөрчилсүгэй.

2.Энэхүү тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсний дараа татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Э. Адъяабаатар)-д үүрэг болгосугай.

3.Малын тоо толгойн албан татварыг 2022 оноос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга (Э.Адъяабаатар)-д даалгасугай.

ДАРГАД. БАТСАЙХАН