A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 66

Улаанбаатар хот

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.6, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсугай.

2. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомтын орчимд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан болон Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн Замын-Үүд авто замын боомтод авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дэх заалтын "гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд" гэснийг "6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд" гэж өөрчилсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН