- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 253
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.7, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.6, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалт"-ын 6.1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгайзөвшөөрөл олгох журам"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тушаалын 1 дүгээр зүйлд заасан журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгох үйл ажиллагааны хүрээнд цахим системээр дамжуулан баримт, материалыг хүлээн авах, хянах, цахим системийн хэвийн ажиллагааг хангах болон тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /А.Энхманлай/-т, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Баярбат/-т тус тус даалгасугай.
САЙД Б.МӨНХБААТАР
Барилга, хот байгуулалтын сайдын
2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн
253 дугаар тушаалын хавсралт
Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-д оруулах нэмэлт, өөрчлөлт
1. Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-д дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмэх:
1/ "1.8. Цахим систем нь "license.gazar.gov.mn" хаягтай байх бөгөөд Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 220 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн байгууллагаас төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам" болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллана. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид "зохион байгуулагч байгууллага" гэх) нь цахим системийн хэвийн үйл ажиллагааг хариуцна.";
2/ "2.6.2. Инженер, техникийн ажилтан сүүлийн 3 жилийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх /шилжилт хөдөлгөөнтэй холбоотой нэмэлт материалыг ирүүлэх/;
3/ "2.6.3. Удирдах болон инженер, техникийн ажилтан тус бүрийн диплом;";
4/ "3.2. Комиссын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулна.";
5/ "3.3. Ирүүлсэн хүсэлтийг комиссын нарийн бичгийн дарга урьдчилан судалж холбогдох тэмдэглэлийн хамт сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд комиссын гишүүдэд шилжүүлнэ.";
6/ "3.4. Комиссын гишүүд нарийн бичгийн даргын шилжүүлсэн хүсэлтүүдийг судалж, шийдвэрээ сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд багтаан цахим системд оруулна.";
7/ "3.5. Комиссын бүх гишүүд шийдвэрээ цахим системд оруулсан тохиолдолд Комиссын цахим хурлыг хүчинтэй гэж үзнэ.";
8/ "3.6. Танхимаар хурал зохион байгуулах тохиолдолд комиссын гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.";
9/ "3.7. Цахим хурлын шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байх ба комиссын гишүүдийн олонхийн саналд үндэслэнэ.";
10/ "3.8. Комиссын гишүүдийн шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдөрт багтаан хурлын тэмдэглэл, шийдвэрт комиссын дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж албажуулна.";
11/ "3.9. Геодези, зураг зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох мэргэжилтэн зохион байгуулагч байгууллагаас ирүүлсэн комиссын хурлын тэмдэглэл, шийдвэрийг Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, Сайдын тушаалын төслийг боловсруулж, баталгаажуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрийг зохион байгуулагч байгууллагад хүргүүлнэ.";
12/ "3.10. Тусгай зөвшөөрөл авах, хугацаа сунгуулах хүсэлтийг комиссын гишүүд дэмжээгүй бол энэ тухай тайлбар, үндэслэлийг зохион байгуулагч байгууллага цахим системээр дамжуулан аж ахуйн нэгжид мэдэгдэнэ.";
13/ "5.2.4. тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй, хуанлийн 30 хоног хэтрүүлсэн.";
14/ "Найм. Цахим систем хэрэглэгчдийн эрх, үүрэг, зохион байгуулалт";
15/ "8.1. Зохион байгуулагч байгууллага тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хяналт тавих, мэдээллийн сангийн программ хангамж, сервер, сүлжээний аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.";
16/ "8.2. Цахим системд шаардлагатай иргэн, хуулийн этгээдтэй холбоотой мэдээллүүдийг төрийн мэдээлэл солилцооны "ХУР" системээр дамжуулан төрийн бусад байгууллагуудаас холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээлэл солилцох гэрээ байгуулсны үндсэн дээр авч ашиглана.";
17/ "8.3. Цахим систем нь дараах 5 төрлийн хэрэглэгчийн түвшинтэй байна. Үүнд:
8.3.1. Аж ахуйн нэгж
8.3.2. Зохион байгуулагч байгууллагын мэргэжилтэн
8.3.3. Комиссын гишүүн
8.3.4. Комиссын нарийн бичгийн дарга
8.3.5. Системийн администратор";
18/ "8.4. Аж ахуйн нэгжийн эрх, үүрэг
8.4.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжийн удирдах болон инженер, техникийн ажилтан нар нь үндсэн ажилтан байх ба төрийн цахим үйлчилгээний "ДАН" системд бүртгүүлсэн байна.
8.4.2. Аж ахуйн нэгж нь "ХУР" системээр дамжин цахим системд хуулийн этгээдийн бүртгэл үүсгэж нэвтэрнэ. Хуулийн этгээд зөвхөн нэг бүртгэлтэй байна.
8.4.3. Шаардлагатай хүний нөөц, үндсэн инженер техникийн ажилтнуудыг цахим системд бүртгэн мэдээллийн сан үүсгэнэ.
8.4.4. Энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан суурь нөхцөл, шаардлагын дагуу удирдах болон инженер техникийн үндсэн ажилтнуудын боловсролын болон мэргэшлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын мэдээллийг төрийн мэдээллийн "ХУР" системээр дамжуулан баталгаажуулна.
8.4.5. Аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлийг шинээр авах хүсэлт гаргасан тохиолдолд инженер техникийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 1 сар, сунгах хүсэлт гаргасан тохиолдолд сүүлийн 3 жил тасралтгүй төлсөн байна.
8.4.6. Хэмжилтийн болон боловсруулалтын багаж, тоног төхөөрөмжийн мэдээллийг "Багаж бүртгэлийн систем"-ээс татаж цахим системд оруулна.
8.4.7. Энэхүү журмын 2.5, 2.6-д заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж, зааврын дагуу цахим системд оруулна.
8.4.8. Цахим системд бүртгэгдсэн өөрийн компанийн утас, хаяг, цахим шуудан, удирдлага, үйл ажиллагааны чиглэл, шаардлагатай хүний нөөц гэх мэт мэдээллүүдийг тогтмол шинэчилж байна.";
19/ "8.5. Зохион байгуулагч байгууллагын мэргэжилтний эрх, үүрэг
8.5.1. Аж ахуйн нэгжээс ирүүлсэн тухайн оны тайланг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хянах, гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулна.
8.5.2. Аж ахуйн нэгжээс ирүүлсэн тухайн оны тайланд цахим системээр дамжуулан гэрээг дүгнэн, тэмдэглэл үйлдэж, цахим системд оруулна.";
20/ "8.6. Комиссын гишүүний эрх, үүрэг
8.6.1. Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн материалыг энэхүү журмын 3.4-д заасан хугацаанд хянан үзэж, шийдвэрээ хөндлөнгийн оролцоогүйгээр цахим системд оруулна.
8.6.2. Холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, ашиг сонирхлын зөрчилгүй мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллана.";
21/ "8.7. Комиссын нарийн бичгийн даргын эрх, үүрэг
8.7.1. Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мэдээллийг хянан энэхүү журмын 3.3-д заасан хугацаанд комиссын гишүүдэд шилжүүлнэ.
8.7.2. Комиссын гишүүдийн гаргасан дүгнэлтийг нэгтгэн, цахим хурлын тэмдэглэл, шийдвэрийг баталгаажуулах ажлыг зохион байгуулна.
8.7.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй энэхүү журмын 3.16-д заасан хугацаанд гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулна.
8.7.4. Холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, ашиг сонирхлын зөрчилгүй мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллана.";
22/ "8.8. Системийн администраторын эрх, үүрэг
8.8.1. Зохион байгуулагч байгууллагын даргын шийдвэрээр бүх төрлийн хэрэглэгчийг үүсгэнэ.
8.8.2. Цахим системийн программ хангамж, сервер, сүлжээний аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, сургалт, нууцлалыг хангаж ажиллана.
8.8.3. Цахим системийн тухай аливаа тодруулга, тайлбар, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, зохион байгуулагч байгууллага болон комиссын гишүүдэд өгнө.";
23/ "8.9. Цахим системийг ашиглаж буй бүх төрлийн хэрэглэгчид өөрт нь эрх олгогдоогүй үйлдэл хийхээр турших, бусдын мэдээллийг өөрчлөх, системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах аливаа үйлдэл хийж цахим системийг зүй бусаар ашиглахыг хориглоно.";
24/ "8.10. Цахим системийг ашиглаж буй бүх төрлийн хэрэглэгчид цахим системийн нэвтрэх эрхийн нууцлалыг хангаж ажиллана.";
25/ "8.11. Цахим системийг ашиглаж буй бүх төрлийн хэрэглэгчдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлагыг зохион байгуулагч байгууллага хариуцахгүй.";
26/ "8.12. Системийн болон мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалтын асуудлыг зохион байгуулагч байгууллагын мэдээлэл, технологи ашиглах дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.";
27/ "Нэгдүгээр хавсралт болох Тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлага: Геодезийн инженер – 1 /Бакалавр зэрэгтэй/";
28/ "Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загвар
1.3. Хоёр тал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Геодези, зураг зүйн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, журмын хүрээнд энэхүү гэрээг байгуулж, хууль тогтоомж болон журамд заагдсан эрх, үүргийг хүлээнэ.
2.10. Барилгын тухай хууль болон "Барилгын норм, норматив боловсруулах санг бүрдүүлэх, зарцуулах журам"-д заасны дагуу Норм, нормативын санд төвлөрүүлэх хөрөнгийг улирал бүрийн дараа сарын 15-ны дотор "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ын Худалдаа хөгжлийн банкны 26 000 78 533 тоот дансанд шилжүүлж, тайланг ирүүлж байх;
2.11. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш ажлын 7 хоногийн дотор харьяалагдах татварын албанд эрхлэх үйл ажиллагааны чиглэлээ бүртгүүлсэн байх;
2.12. Геодези, зураг зүйн тусгай зөвшөөрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэхэд шаардлагатай хууль тогтоомж, эрх зүйн акт, норм, дүрэм, техникийн баримт бичиг, стандарт, журам, заавар, каталогийн фондыг тогтмол баяжуулах;
2.13. Ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийн талаарх заалтыг тусгаж, мөрдөх (ажил олгогч, ажил гүйцэтгэгч нарын хөдөлмөр хамгааллын талаарх харилцан хүлээх эрх, үүргийг тодорхой тусгах), аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
2.14. Гүйцэтгэж буй үйлдвэрлэл, үйлчилгээндээ дотоодын хяналтыг тогтмол хийх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтыг оруулж, дүгнүүлж ажиллах;
3.6. Геодези, зураг зүйн салбарт мөрдөх шинээр болон шинэчлэгдэн гарч буй хууль тогтоомж, журам, стандарт, техникийн зохицуулалт, норм, нормативын баримт бичгүүд, заавар болон эрх зүйн актуудын талаарх мэдээллээр шуурхай хангах;
3.7. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг боловсруулах, батлах, сурталчлах зэрэг үйл ажиллагааны зардлыг улсын төсөв болон Барилга байгууламжийн норм, нормативын сангаас санхүүжүүлэхэд хөрөнгө төвлөрүүлэх шимтгэлийг тус хуулийн 5.7.1 дэх заалтад заасан хувиар тооцож хөрөнгийг төвлөрүүлэх;
3.8. Мэргэжлийн хяналтын байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн дагуу илэрсэн зөрчлийг "Тусгай бүртгэл"-д бүртгэх, энэ талаар зөрчил гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан бичгээр мэдэгдэх, зөрчлийг арилгах талаар хийсэн ажлын үр дүнг харгалзан бүртгэлээс хасах;
3.9. Тусгай зөвшөөрөл эзэмжигч нь тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн, ноцтой хохирол учруулан зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг комиссийн хуралд оруулж шийдвэрлүүлэн, харьяалах татварын алба, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, нийтэд мэдээлэх;
3.10. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй, хуанлийн 30 хоног хэтрүүлсэн тохиолдолд олгогдсон Тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцож, нийтэд мэдээлэх.";
29/ "Зургаадугаар хавсралт болох Гэрээ дүгнэсэн тэмдэглэлийн загвар
4. Өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт.
2. Журмын зарим хэсэг, заалтад дор дурдсан өөрчлөлт оруулах:
1/ 1.4 дэх хэсгийн "... хуулийн 4.1.7 дахь заалт" гэснийг "... хуулийн 4.1.1 дэх заалт" гэж;
2/ 9.2 дахь хэсгийн "... зүйлийн 28.1.10 дахь заалт" гэснийг "... зүйлийн 28.1.7 дахь заалт" гэж;
3/ 2.6.2 дахь заалтын 2.6.4 гэж;
4/ 2.6.3 дахь заалтыг 2.6.5 гэж;
5/ 3.2 дахь хэсгийг 3.11 гэж;
6/ 3.3 дахь хэсгийг 3.12 гэж;
7/ 3.4 дэх хэсгийг 3.13 гэж;
8/ 3.5 дахь хэсгийг 3.14 гэж;
9/ 3.5.1 дэх заалтыг 3.14.1 гэж;
10/ 3.5.2 дахь хэсгийг 3.14.2 гэж;
11/ 3.6 дахь хэсгийг 3.15 гэж;
12/ 3.7 дахь хэсгийг 3.16 гэж;
13/ "Найм. Бусад зүйл" гэснийг "Ес. Бусад зүйл" гэж;
14/ 8.1 дэхь хэсгийг 9.1 гэж;
15/ 8.2 дахь хэсгийг 9.2 гэж;
16/ 8.3 дахь хэсгийг 9.3 гэж;
17/ 8.4 дэх хэсгийг 9.4 гэж;
18/ Хоёрдугаар хавсралтын "Маягт №2" гэснийг "Маягт №1" гэж;
19/ Хоёрдугаар хавсралтын "Маягт №3" гэснийг "Маягт №2" гэж;
20/ Хоёрдугаар хавсралтын "Маягт №5" гэснийг "Маягт №3" гэж.
3. Журмын зарим хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулах:
1/ 1.1 дэх хэсгийг "Энэхүү журмын зорилго нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Геодези, зураг зүйн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтуудын хүрээнд аж ахуйн нэгжид Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/-ийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгох, тайлан хүлээн авах, дүгнэлт гаргах, нийтэд мэдээлэх, лавлагаа олгох, хяналт тавихтай холбоотой харилцааг төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх, төрийн үйлчилгээний систем /цаашид "цахим систем" гэх/-ийг ашиглан зохион байгуулах, үүнтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.";
2/ 1.6 дахь хэсгийг "Комиссыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр /цаашид "Сайдын тушаал" гэх/-ээр байгуулах бөгөөд комиссын дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын төлөөлөл бүхий 5-аас доошгүй гишүүнтэй байна. Комисст салбарын төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.";
3/ 2.1 дэх хэсгийг "Тусгай зөвшөөрөл авах, сунгах тухай хүсэлтээ зохион байгуулагч байгууллагад цахим системээр дамжуулан гаргана.";
4/ 2.3 дахь хэсгийг "Энэхүү журмын 2.5, 2.6-д заасан бичиг баримтыг эх хувиас нь сканнердаж цахим системд оруулна.";
5/ 2.4 дэх хэсгийг "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас хуанлийн 30 ба түүнээс доошгүй өдрийн өмнө сунгуулах хүсэлтээ зохион байгуулагч байгууллагад цахимаар ирүүлнэ.";
6/ 2.5 дахь хэсгийг "Тусгай зөвшөөрөл авахад дараах бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд:
2.5.2. Удирдах болон инженер, техникийн ажилтан тус бүрийн диплом";
7/ 2.6 дахь хэсгийг "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад дараах баримт бичиг бүрдүүлнэ. Үүнд:";
2.6.1. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт";
8/ 3.1 дэх хэсгийг "Хүсэлтийг зохион байгуулагч байгууллага цахим системээр дамжуулан хүлээн авч, суурь нөхцөл, шаардлагыг хангасан эсэх, удирдах болон инженер техникийн ажилтны мэдээллийн үнэн зөв байдлыг хянах, комиссын хуралд танилцуулах, дүгнэлт гаргах ажлыг ажлын 20 өдөрт багтаан зохион байгуулна.";
9/ 4.2 дахь хэсгийг "4.1. Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу 3 жилээр олгоно.";
10/ 4.3 дахь хэсгийг "4.2. Зохион байгуулагч тал Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг аж ахуйн нэгжид цахим системээр дамжуулан мэдэгдэж энэхүү журмын гуравдугаар хавсралтын дагуу гэрээ байгуулах, энэхүү журмын дөрөвдүгээр хавсралтын дагуу гэрчилгээг гаргаж, олгох ажлыг зохион байгуулна.";
11/ Хоёрдугаар хавсралтын өргөдлийн загварын "Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газарт" гэснийг "Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт" гэж;
12/ Хоёрдугаар хавсралтын "Маягт №2" -ын "Удирдах болон ИТА-ны тодорхойлолт" гэснийг "Удирдах болон инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл" гэж;
13/ Хоёрдугаар хавсралтын "Маягт №3"-ын "Багаж, тоног төхөөрөмжийн тодорхойлолт" гэснийг "Хэмжилтийн болон боловсруулалтын багажийн дэлгэрэнгүй мэдээлэл" гэж, "Програм хангамжийн тодорхойлолт" гэснийг "Програм хангамжийн дэлгэрэнгүй мэдээлэл" гэж;
14/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 1.1 дэх хэсгийг "1.1. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.6 дахь заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.7 дахь заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 20.... оны .... дугаар сарын ....-ний өдрийн ..... дугаар тушаалыг үндэслэн нэг талаас геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгогч (цаашид "тусгай зөвшөөрөл олгогч" гэнэ)-ийг төлөөлж ............................., нөгөө талаас геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ/ зураг зүйн үйлдвэрэлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэнэ)-ийг төлөөлж "................................" ХХК-ний геодези/зурагзүйн инженер ................................ нар энэхүү гэрээг байгуулав.";
15/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 2.1 дэх хэсгийг "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эрхлэх нөхцөл шаардлагыг хангах, олгогдсон эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах;";
16/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 2.2 дахь хэсгийг "Холбогдох хууль тогтоомж, норм, нормативыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллаж, ажлын үр дүнгээ захиалагчийн өмнө бүрэн хариуцах;";
17/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 2.4 дэх хэсгийг "Тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй тайлан мэдээг батлагдсан загварын дагуу тухайн жилийн 12 дугаар сарын 20-ны дотор зохион байгуулагч байгууллага (Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар)-ын цахим систем /www.license.gazar.gov.mn/-ээр дамжуулан гаргаж, гэрээгээ дүгнүүлэн ажиллах ба хугацаа хожигдсон тайланг хүлээн авахгүй;";
18/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 2.5 дахь хэсгийг "Геодези, зураг зүйн захиалгат ажлыг Монгол Улсад мөрдөж байгаа солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоонд холбогдох норматив баримт бичиг баримтлан гүйцэтгэх;";
19/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 2.6 дахь хэсгийг "Байгууллагын удирдлага, хаяг, утас, электрон шуудан, удирдах болон инженер техникийн ажилтан, хэмжлийн багажийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг тухай бүр цахим системд оруулах;";
20/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 2.8 дахь хэсгийг "Гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөхдөө тусгай зөвшөөрлийн суурь шаардлагад заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн ажилтан болох геодези/зурагзүйн инженер боловсруулах, хянах шатанд гарын үсгээ зурж, удирдах ажилтан батлах шатанд гарын үсгээ зурж, байгууллагын тэмдгээр албажуулах;";
21/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 2.9 дэх хэсгийг "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 30 ба түүнээс доошгүй өдрийн өмнө түүнийг сунгуулах тухай хүсэлтээ зохион байгуулагч байгууллага (Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар)-д гаргах;";
22/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 3.1 дэх хэсгийг "Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн үйл ажиллагааны тайлан мэдээг Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журамд заасан хугацаанд, батлагдсан загварын дагуу жил бүр цахим систем /www.license.gazar.gov.mn/-ээр хүлээн авч дүгнэх, мэдээллийн санд нэгтгэн бүртгэж баталгаажуулах, гэрээ дүгнэсэн тэмдэглэлийг үйлдэн зөвлөмжийн хамт цахим байдлаар хүргүүлэх ба эх хувийг архивын нэгж үүсгэн хадгалах;";
23/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 3.2 дахь хэсгийг "Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн хүсэлтийг үндэслэн эрх бүхий этгээдэд холбогдох хуульд нийцүүлэн тодорхойлолт гаргаж өгөх;";
24/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 3.3 дахь хэсгийг "Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсон хүчний чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын ижил төстэй ажил, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын туршлагыг судлах, дадлага хийх, үзэсгэлэн семинар зохион байгуулах, оролцоход нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;";
25/ Гуравдугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварын 3.4 дэх хэсгийг "Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, шалгалтын дагуу ажлын удирдамж, чиглэл өгөх;";
26/ Дөрөвдүгээр хавсралт болох Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загварын 9 дүгээр заалтыг "Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаарыг 11-н оронтой /YYYYMMDD/000/ тоогоор тэмдэглэж, YYYY- эрх олгосон он, MM- эрх олгосон сар, DD- эрх олгосон өдөр, 000- тухайн жилд олгогдож буй тусгай зөвшөөрлийн дугаарыг илэрхийлнэ.";
27/ Зургаадугаар хавсралтын "1. Тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл, шаардлагын биелэлт"-хэснийн "Албан тушаал" гэснийг "Туршлага /геодезийн/зураг зүйн инженер/ ажилласан жил" гэж;
28/ Зургаадугаар хавсралтын "Танилцсан: Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга" гэснийг "Танилцсан: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга" гэж;
29/ Зургаадугаар хавсралтын "Дүгнэсэн: Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын мэргэжилтэн" гэснийг "Дүгнэсэн: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтсийн мэргэжилтэн" гэж.
4. Журмын дараах зарим хэсэг, заалтыг тус тус хасах:
1/ Журмын 4.1 дэх хэсгийн 4.1.1, 4.1.2 дахь заалтыг;
2/ Хоёрдугаар хавсралтын Өргөдлийн нүүр хуудсыг, Маягт 1, Маягт 4-ийг;
3/ Гуравдугаар хавсралтын 2.10 дахь хэсгийг;
4/ Гуравдугаар хавсралтын 2.11 дахь хэсгийг;
5/ Гуравдугаар хавсралтын 2.12 дахь хэсгийг;
6/ Гуравдугаар хавсралтын 3.6 дахь хэсгийг;
7/ Дөрөвдүгээр хавсралтын 14 дэх хэсгийг.
------oOo-----
Текст томруулах
A
A
A
