A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/6.22 дугаар зүйлийн 2-4 дэх хэсэг:

"2.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, эсхүл хуулбарлаж өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар:-Энэ зүйлд заасан "Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил" гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно."

2/6.27 дугаар зүйл:

"6.27 дугаар зүйл.Хүний хувийн мэдээлэл хамгаалах

Хэвлэх

тухай хууль зөрчих

1.Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх, эрх чөлөөг зөрчиж, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэж болох шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР