A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 345

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн өмчит болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг томилох эрх бүхий этгээд, Төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээдэд тус тус үүрэг болгосугай:

1.1. гүйцэтгэх удирдлагын гэрээг 2022 оноос эхлэн нэг жилийн хугацаатай байгуулж, ажлын гүйцэтгэлийг хэмжих санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдсан тохиолдолд гэрээг сунгах;

1.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах;

1.3. тухайн жилд үнэт цаас гаргах, зээл авахдаа холбогдох хууль, журмыг баримталж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохих зөвшөөрлийг авч хэвшүүлэх;

1.4. Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд охин болон хараат төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг шинээр байгуулахгүй байх;

1.5. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хуваарьт болон хугацаа хэтэрсэн өр төлбөрийг тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар бүрэн тусгаж, өрийг төлж барагдуулах төлөвлөгөө, хуваарь баталж, батлагдсан хуваарийн дагуу өр төлбөрийг төлөх;

1.6. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлэх;

1.7. үндсэн үйл ажиллагаанаас бусад арга хэмжээг санхүүжүүлэх, хандив, тусламж үзүүлэх асуудлыг компанийн зорилго, стратеги чиглэлд нийцүүлж үр ашигтайгаар шийдвэрлэж байх;

1.8. санхүүгийн 2021 оны жилийн эцсийн болон дараа жилийн тайланг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нээлттэй хувьцаат компанид тавигддаг шаардлагын дагуу бэлтгэж, эрх бүхий этгээдэд тайлагнах.

2. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор дор дурдсан мэдээллийг олон нийт танилцах боломжтой хэлбэрээр байгууллагын цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулахыг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад үүрэг болгосугай:

2.1. гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт, гүйцэтгэх захирлын гэрээг дүгнэсэн хурлын тэмдэглэл, гэрээг сунгах эсэх шийдвэр, холбогдох мэдээлэл;

2.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захиралд тавигдах шаардлага, товч танилцуулга, ажлын туршлага, томилсон шийдвэр;

2.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах, түүнд тавигдах шаардлага, үнэлгээний тайлан, томилгооны тогтоол, шийдвэр;

2.4. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, дүрэм;

2.5. бүтэц, зохион байгуулалт, хувь оролцоо, саналын эрхийн мэдээлэл;

2.6. компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, тодруулга, санхүүгийн байдлын талаарх мэдээлэл;

2.7. тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын болон тухайн жилийн төлөвлөгөө, бусад үйл ажиллагааны мэдээлэл, тэдгээрийн хэрэгжилтийн байдал;

2.8. бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, нийлүүлэгч этгээд, гэрээний хугацаа, үнийн дүн, сонгон шалгаруулалтын аргачлал, явц;

2.9. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр;

2.10. аудитын дүгнэлт;

2.11. тухайн санхүүгийн жилд төлсөн албан татвар, төлбөр, хураамжийн талаарх мэдээлэл;

2.12. төсвийн болон бусад эх үүсвэрээс авсан болон бусдад өгсөн дэмжлэг, хандив, тусламж;

2.13. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээлэл.

3. "Эрдэнэс Монгол" ХХК, түүний хараат болон охин компаниудын үндсэн үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, үр ашгийг сайжруулах, зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, бүтцийг оновчтой болгох, компанийн дүрмийг шинэчлэх талаар санал боловсруулж, 2021 оны 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

4. Төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээ, чиг үүргийн болон үр дүнгийн шинжилгээ хийсний үндсэн дээр өөрчлөн зохион байгуулах, үнэт цаасны анхдагч зах зээлд нэмэлт хувьцаа гаргах боломжтой эсэх санал боловсруулан 2021 оны 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

5. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлэх, төслийг 2021 оны 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН