- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар 55
Улаанбаатар хот
УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2. Улсын төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, гүйцэтгэх захирлыг томилж, үйл ажиллагааны санхүүжилтийг 2022 оны хувьд батлагдсан төсвийн багцаасаа, цаашид жил бүрийн төсвийн төсөлдөө тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.
3. "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 77
Улаанбаатар хот
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ, ТӨВИЙН ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5, 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн бодлогын зөвлөмж, мэдээллээр хангах үүрэг бүхий Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, тус зөвлөлийн ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2025 оны 199 дүгээр тогтоолоор нэмэлт орсон. Энэ зүйлийг Засгийн газрын 2025 оны 22 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2."Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг хариуцан салбарын оролцогчдын үйл ажиллагааны уялдааг хангаж, судалгаа, шинжилгээ хийх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий "Эдийн засгийн хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай.
3."Эдийн засгийн хөгжлийн төв"-ийн дүрмийг 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.
4."Эдийн засгийн хөгжлийн төв"-ийн орон тооны хязгаарыг 45 байхаар тогтоосугай.
5.Төвийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, үйл ажиллагааны санхүүжилтийг 2025 оны батлагдсан төсвийн багцаас, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаар тогтоол, "Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
