- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.
2 дугаар зүйл.Цахим гарын үсгийн хууль тогтоомж
2.1.Цахим гарын үсгийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Төрийн нууцад хамааруулснаас бусад цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Цахим хэлбэрээр хэлцэл хийхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Иргэний хууль болон бусад хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."гэрчилгээжүүлэх байгууллага" гэж улсын бүртгэлийн байгууллага, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг;
4.1.2."нийтийн түлхүүрийн дэд бүтэц" гэж тоон гарын үсгийн хувийн болон нийтийн түлхүүрийг үүсгэх, зохион байгуулах, хуваарилах, хэрэглэх, хадгалах, хүчингүй болгох, түүнийг цахим харилцаанд нэвтрүүлж ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тогтолцоог;
4.1.3."тоон гарын үсэг" гэж энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг хангасан цахим гарын үсгийг;
4.1.4."тоон гарын үсгийн гэрчилгээ" гэж тоон гарын үсгийн нийтийн түлхүүртэй давтагдашгүй байдлаар холбогдсон хүн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг хэрэглэх эрхийг олгосон цахим баримт бичгийг;
4.1.5."тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч" гэж энэ хуульд заасны дагуу тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх тоон гарын үсгийн хувийн түлхүүр эзэмшигч хүн, хуулийн этгээдийг;
4.1.6."тоон гарын үсгийн нийтийн түлхүүр" гэж тоон гарын үсгийн хувийн түлхүүртэй математик хамааралтай, өгөгдлийг нууцлах, тоон гарын үсгийг шалгах зориулалттай тэмдэгтийн дарааллыг;
4.1.7."тоон гарын үсгийн хувийн түлхүүр" гэж тоон гарын үсгийг үүсгэх, өгөгдлийг тайлах зориулалттай тэмдэгтийн давтагдашгүй дарааллыг;
4.1.8."тоон гарын үсгийн хэрэгсэл" гэж тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан тоон гарын үсгийг үүсгэх, нийтийн түлхүүр ашиглан тоон гарын үсгийг шалгах боломжтой техник хэрэгсэл, программ хангамжийг;
4.1.9."цахим баримт бичиг" гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.9-д заасныг;
4.1.10."цахим гарын үсэг" гэж цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсаргасан, эсхүл нэгтгэсэн цахим өгөгдлийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ХЭРЭГЛЭХ
5 дугаар зүйл.Цахим гарын үсэг хэрэглэх
5.1.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн системийн тусламжтайгаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэнэ.
5.2.Хүн, хуулийн этгээдийн хэрэглэх цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй.
5.3.Хуулийн этгээд дотоод үйл ажиллагаандаа нийтийн түлхүүрийн дэд бүтэц ашиглах бол тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй.
6 дугаар зүйл.Тоон гарын үсэг хэрэглэх
6.1.Тоон гарын үсгийн гэрчилгээ /цаашид "гэрчилгээ" гэх/-д заасан тоон гарын үсгийн хувийн түлхүүр эзэмшигч 16 насанд хүрсэн хүн тоон гарын үсэг хэрэглэж болно.
6.2.Тоон гарын үсэг нь дараах шаардлагыг хангасан байна:
6.2.1.тоон гарын үсгийн хувийн түлхүүр /цаашид "хувийн түлхүүр" гэх/ ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн байх;
6.2.2.тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч /цаашид "гэрчилгээ эзэмшигч" гэх/-ийг тоон гарын үсгийн нийтийн түлхүүр /цаашид "нийтийн түлхүүр" гэх/ ашиглан таних, шалгах боломжтой байх;
6.2.3.мэдээлэлд тоон гарын үсгийг хавсаргасан, эсхүл нэгтгэсний дараа мэдээлэлд өөрчлөлт оруулсан, мэдээллийн бүрэн бүтэн эсэхийг мэдэх боломжтой байх.
6.3.Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байна.
6.4.Төрийн албан хаагч төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэж болно.
6.5.Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна.
6.6.Мэдээллийн системд хүн, хуулийн этгээдийг таньж, баталгаажуулах зорилгоор тоон гарын үсгийг ашиглаж болно.
7 дугаар зүйл.Цахим тамга хэрэглэх
7.1.Цахим тамгыг гэрчилгээнд заасан хувийн түлхүүр эзэмшигч хуулийн этгээд хэрэглэж болно.
7.2.Цахим тамгыг хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эзэмшинэ.
7.3.Цахим тамгыг хуулийн этгээдийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх этгээд итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хэрэглэж болно.
7.4.Цахим тамга энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг хангасан байна.
7.5.Хуулийн этгээд цахим тамгагүй бол энэ хуулийн 7.2, 7.3-т заасан этгээдийн тоон гарын үсгийг хэрэглэж болно.
7.6.Цахим тамгыг энэ хуулийн 7.2, 7.3-т заасан этгээдийн тоон гарын үсэгтэй хамт хэрэглэж болно.
8 дугаар зүйл.Тоон гарын үсгийн хэрэгсэл, түүнд тавигдах шаардлага
8.1.Тоон гарын үсэг үүсгэх болон хувийн түлхүүрийг хадгалах, хэрэглэхэд дараах шаардлагыг хангасан тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглана:
8.1.1.хувийн түлхүүрийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх;
8.1.2.хувийн түлхүүрийг үүсгэх болон нийтийн түлхүүрийг дамжуулахдаа түүний давтагдашгүй байдал болон нууцлалыг хангасан байх.
8.2.Тоон гарын үсгийн хэрэгслийг гэрчилгээ эзэмшигч эзэмшинэ.
8.3.Тоон гарын үсгийн хэрэгсэлд гэрчилгээний мэдээлэл, хувийн түлхүүрийг байршуулна.
8.4.Иргэний үнэмлэхийг тоон гарын үсгийн хэрэгслээр ашиглаж болох бөгөөд энэ хуулийн 8.3-т заасан мэдээллийг түүний санах ойд байршуулна.
8.5.Тоон гарын үсгийн хэрэгслийн төрөлд хязгаар тогтоохгүй бөгөөд шаардлага хангасан тоон гарын үсгийн хэрэгслийн төрлийн жагсаалтыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, нийтэд мэдээлнэ.
9 дүгээр зүйл.Цагийн бүртгэл
9.1.Цахим мэдээлэлд тоон гарын үсэг зурагдсан хугацаа, мэдээллийн бүрэн бүтэн байдлыг тогтоох зорилгоор цагийн бүртгэл хөтөлнө.
9.2.Тоон гарын үсэг зурахад ашиглах мэдээллийн систем нь цагийн бүртгэлийн системтэй холбогдсон байна.
9.3.Цагийн бүртгэл хөтлөх үйл ажиллагаа хараат бус, хөндлөнгийн байна.
9.4.Цагийн бүртгэлийн систем нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодорхойлсон сүлжээний цагийн сервертэй холбогдсон байна.
9.5.Цагийн бүртгэл хөтлөх, аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлагыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
9.6.Тоон гарын үсгээс бусад хэлбэрийн цахим гарын үсэг зурахад ашиглах мэдээллийн систем нь цагийн бүртгэлийн системтэй холбогдож болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЭРЧИЛГЭЭ, ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИГЧ
10 дугаар зүйл.Гэрчилгээ
10.1.Тоон гарын үсэг нь гэрчилгээжүүлэх байгууллагаас олгосон гэрчилгээтэй байна.
10.2.Гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:
10.2.1.гэрчилгээ олгосон байгууллагын нэр;
10.2.2.гэрчилгээ эзэмшигч нь хүн бол эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, Монгол Улсын иргэн бол иргэний бүртгэлийн дугаар, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т заасан цахим шуудангийн хаяг;
10.2.3.гэрчилгээний дугаар, гэрчилгээ олгосон он, сар, өдөр;
10.2.4.гэрчилгээний хүчинтэй байх хугацаа;
10.2.5.нийтийн түлхүүртэй холбоотой мэдээлэл.
10.3.Гэрчилгээ эзэмшигчийн хүсэлтээр энэ хуулийн 10.2-т зааснаас гадна дараах мэдээллийг гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээнд нэмж тусгаж болно:
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.3.1.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх эрхэд хийсэн хязгаарлалт;
10.3.2.тоон гарын үсэг, цахим тамгыг хэрэглэн хийх хэлцэл /гэрээ/-ийн үнийн дүнгийн хэмжээнд тогтоосон хязгаарлалт.
11 дүгээр зүйл.Гэрчилгээний хүчинтэй байх хугацаа
11.1.Гэрчилгээг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд таван жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд түүний оршин суух хугацаагаар, эсхүл гурван жилээс дээш хугацаагаар оршин суух бол гурван жилийн хугацаагаар олгоно.
11.2.Гэрчилгээний хүчинтэй байх хугацааг гэрчилгээнд заасан гэрчилгээжүүлэх байгууллагын олгосон өдрөөс дуусах өдөр хүртэл хугацаагаар тооцно.
12 дугаар зүйл.Гэрчилгээний үнэ
12.1.Гэрчилгээний үнэ нь дараах үнээс бүрдэнэ:
12.1.1.хүн, хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг, цахим тамгын үнэ;
12.1.2.тоон гарын үсгийн хэрэгслийн үнэ.
12.2.Улсын бүртгэлийн байгууллагаас иргэнд олгох тоон гарын үсгийн гэрчилгээ, хувийн түлхүүрийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулахад энэ хуулийн 12.1 дэх хэсэг хамаарахгүй.
12.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгох тоон гарын үсгийн гэрчилгээний үнийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон гэрчилгээ олгох үйлчилгээний тариф тогтоох аргачлалын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө тогтооно.
13 дугаар зүйл.Гэрчилгээний мэдээллийн сан
13.1.Гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон болон бусад мэдээллийг агуулсан мэдээллийн сантай байна.
13.2.Мэдээллийн санд дараах мэдээллийг тусгана:
13.2.1.гэрчилгээ эзэмшигч нь хүн бол эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, Монгол Улсын иргэн бол иргэний бүртгэлийн дугаар, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т заасан цахим шуудангийн хаяг;
13.2.2.гэрчилгээний дугаар;
13.2.3.гэрчилгээ олгосон он, сар, өдөр;
13.2.4.гэрчилгээний хүчинтэй байх хугацаа;
13.2.5.гэрчилгээг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон хугацаа, үндэслэл;
13.2.6.бусад.
14 дүгээр зүйл.Гэрчилгээ эзэмшигч
14.1.Энэ хуульд заасан журмын дагуу гэрчилгээ авсан хүн, хуулийн этгээд нь гэрчилгээ эзэмшигч байна.
14.2.Гэрчилгээ эзэмшигч дараах эрхтэй:
14.2.1.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх;
14.2.2.гэрчилгээг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай хүсэлт гаргах;
14.2.3.өөрийн хувийн түлхүүрийг гэрчилгээжүүлэх байгууллагад хэсэгчилсэн байдлаар хадгалуулах;
14.2.4.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхдээ энэ хуулийн 10.3-т заасан хязгаарлалт тогтоох;
14.2.5.хуульд заасан бусад.
14.3.Гэрчилгээ эзэмшигч дараах үүрэгтэй:
14.3.1.хувийн түлхүүрийг бусдад шилжүүлэхгүй байх;
14.3.2.хувийн түлхүүрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах;
14.3.3.хувийн түлхүүрийг бусад этгээд мэдсэн, эсхүл мэдэх үндэслэлтэй гэж үзвэл энэ тухай гэрчилгээжүүлэх байгууллагад даруй мэдэгдэх;
14.3.4.гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд гэрчилгээнд хамаарах хувийн түлхүүрийг ашиглахгүй байх;
14.3.5.хууль бус гэж үзсэн мэдээллийг баталгаажуулах, нууцлахад хувийн түлхүүрийг ашиглахгүй байх;
14.3.6.хуульд заасан бусад.
14.4.Гэрчилгээ эзэмшигч нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж хувийн түлхүүрийг бусдад шилжүүлсэн, хувийн түлхүүрийн нууцыг задруулснаас үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
15 дугаар зүйл.Хүн, хуулийн этгээд гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах
15.1.Гэрчилгээ эзэмших хүсэлтийг Монгол Улсын иргэн улсын бүртгэлийн байгууллагад, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр гаргана.
15.2.Монгол Улсын иргэн улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээнээс гадна нэмэлт тоон гарын үсэг хэрэглэх зорилгоор гэрчилгээ эзэмших бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүсэлт гаргана.
15.3.Хүсэлтэд дараах мэдээллийг тусгана:
15.3.1.хүсэлт гаргагчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, хуулийн этгээдийг төлөөлөх хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
15.3.2.хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн бол иргэний бүртгэлийн дугаар, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн регистрийн дугаар, хуулийн этгээдийг төлөөлөх хүний иргэний бүртгэлийн дугаар;
15.3.3.хүсэлт гаргагчийн харилцах утасны дугаар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т заасан цахим шуудангийн хаяг;
15.3.4.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх эрхэд хязгаарлалт тогтоосон эсэх;
15.3.5.тоон гарын үсэг, цахим тамгыг хэрэглэн хийх хэлцэл /гэрээ/-ийн үнийн дүнгийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон эсэх;
15.3.6.гэрчилгээнд тусгах шаардлагатай бусад мэдээлэл.
16 дугаар зүйл.Хүсэлтийг шийдвэрлэх, гэрчилгээ олгох
16.1.Гэрчилгээжүүлэх байгууллага энэ хуулийн 15.1, 15.2-т заасны дагуу хүн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч ажлын гурван өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
16.1.1.хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу гаргасан, хүсэлт гаргагчийн мэдээлэл үнэн зөв бол гэрчилгээг олгох;
16.1.2.хүсэлт гаргагчийн мэдээлэл зөрүүтэй бол хүсэлтийг буцаах.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан шийдвэрийг гаргахад хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн бол иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийг төлөөлөх хүний төлөөлөх эрх, иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийн дугаараар хүн, хуулийн этгээдийн мэдээлэл үнэн зөв, баримт бичиг нь хүчинтэй эсэхийг шалгана.
16.3.Хүн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрчилгээ авахдаа энэ хуулийн 12.1-д заасны дагуу гэрчилгээний үнийг төлнө.
16.4.Гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээ олгохдоо тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхтэй холбоотой дараах мэдээллийг хүсэлт гаргагчид тайлбарлаж өгнө:
16.4.1.хуульд өөрөөр заагаагүй бол тоон гарын үсэг хэрэглэснээр цаасан хэлбэрт байгаа баримт бичигт зурсан гарын үсэгтэй адил эрх зүйн үр дагавар үүсэх тухай;
16.4.2.гэрчилгээг эзэмших, ашиглах техникийн болон бусад нөхцөлийн тухай;
16.4.3.хувийн түлхүүрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай;
16.4.4.гэрчилгээ эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хувийн түлхүүрийг алдсан, хувийн түлхүүрийн нууцыг задруулснаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээх тухай.
16.5.Гэрчилгээг тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх зааврын хамт гэрчилгээ эзэмшигчид олгоно.
16.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрчилгээ олгохдоо гэрчилгээ эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулна.
16.7.Энэ хуулийн 16.6-д заасан гэрээнд тусгах мэдээллийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
16.8.Төрийн албан хаагчид гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулах журмыг Төрийн албаны зөвлөлийн саналыг харгалзан цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
17 дугаар зүйл.Гэрчилгээг түдгэлзүүлэх, сэргээх
17.1.Гэрчилгээжүүлэх байгууллага дараах тохиолдолд гэрчилгээг түдгэлзүүлнэ:
17.1.1.гэрчилгээ эзэмшигч гэрчилгээг түдгэлзүүлэх талаар бичгээр хүсэлт гаргасан;
17.1.2.гэрчилгээнд тусгасан мэдээлэл алдаатай, эсхүл хувийн түлхүүрийн нууцлал алдагдсан гэж гэрчилгээжүүлэх байгууллага үзсэн;
17.1.3.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчилгээг түдгэлзүүлэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;
17.1.4.эрх зүйн чадамжгүй нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон.
17.2.Гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээг түдгэлзүүлсэн тухай гэрчилгээ эзэмшигчид даруй мэдэгдэнэ.
17.3.Гэрчилгээжүүлэх байгууллага хойшлуулшгүй тохиолдолд гэрчилгээ эзэмшигчийг таньсны үндсэн дээр гэрчилгээ эзэмшигчийг энэ хуулийн 17.1.1-д зааснаас бусад хэлбэрээр гэрчилгээг түдгэлзүүлэх боломжоор хангана.
17.4.Энэ хуулийн 17.1.1-д заасан үндэслэлээр гэрчилгээг түдгэлзүүлэх талаар хүсэлт гаргасан гэрчилгээг сэргээх тухай хүсэлт гаргаснаар гэрчилгээг гэрчилгээжүүлэх байгууллага даруй сэргээнэ.
17.5.Энэ хуулийн 17.1.1-д заасан үндэслэлээр гэрчилгээг түдгэлзүүлэх хугацааг гэрчилгээ эзэмшигч өөрөө тогтоох бөгөөд уг хугацаа нь энэ хуулийн 11.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.
17.6.Энэ хуулийн 17.1.2, 17.1.3-т заасны дагуу түдгэлзүүлсэн шалтгаан арилснаар гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээг сэргээж, энэ тухай гэрчилгээ эзэмшигчид даруй мэдэгдэнэ.
18 дугаар зүйл.Гэрчилгээг хүчингүй болгох
18.1.Гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
18.1.1.гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан;
18.1.2.хувийн түлхүүр задарсан, задрах боломж бүрдсэн тухай гэрчилгээ эзэмшигч мэдэгдэж хүсэлт гаргасан;
18.1.3.гэрчилгээ эзэмшигч гэрчилгээг хүчингүй болгуулахаар бичгээр хүсэлт гаргасан;
18.1.4.гэрчилгээ эзэмшигч хүн нас барсан, эсхүл хүнийг нас барсанд тооцсон, хуулийн этгээд татан буугдсан;
18.1.5.гэрчилгээг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
18.1.6.гэрчилгээ эзэмшигч энэ хуулийн 14.3-т заасан үүргээ биелүүлээгүй.
18.2.Гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дуусаагүй нь гэрчилгээг хүчингүй болгоход нөлөөлөхгүй.
19 дүгээр зүйл.Гадаад улсын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх
19.1.Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу олгосон гэрчилгээг доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу олгосон гэрчилгээтэй адилтган хэрэглэж болно:
19.1.1.гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллага нь хууль, холбогдох журамд заасан шаардлагыг хангаж байгаа талаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан;
19.1.2.Монгол Улсын олон улсын гэрээгээр гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллагын гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн.
ТАВДУГААР БҮЛЭГ
ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА
20 дугаар зүйл.Гэрчилгээжүүлэх байгууллагын эрх, үүрэг
20.1.Гэрчилгээжүүлэх байгууллага дараах эрхтэй:
20.1.1.гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх,хүчингүй болгох;
20.1.2.хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр гэрчилгээ үүсгэх;
20.1.3.хуульд заасан бусад.
20.2.Гэрчилгээжүүлэх байгууллага дараах үүрэгтэй:
20.2.1.техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангаж, үйл ажиллагаа явуулах;
20.2.2.үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөх;
20.2.3.хүн, хуулийн этгээдийн гэрчилгээ авах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай хүсэлтийг байнга хүлээн авах зохион байгуулалт, тогтолцоог бүрдүүлэх;
20.2.4.хүн, хуулийн этгээдийн хүсэлтэд дурдсан мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах;
20.2.5.гэрчилгээтэй холбоотой бүртгэл хөтлөх, бүртгэлийг хадгалах;
20.2.6.энэ хуулийн 13.1-д заасан сангийн тасралтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
20.2.7.гэрчилгээний үндэсний сан болон бусад гэрчилгээжүүлэх байгууллагын мэдээллийн сантай тасралтгүй мэдээлэл солилцдог байх;
20.2.8.гэрчилгээг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэрчилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
20.2.9.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан жагсаалтад орсон тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглах;
20.2.10.гэрчилгээ эзэмшигчийн нууцыг задруулахгүй байх;
20.2.11.гэрчилгээг хуульд заасан журмын дагуу шалгах боломжийг бүрдүүлэх, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хуурамч гэрчилгээ олгохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах;
20.2.12.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхтэй холбоотой мэдээллийг гэрчилгээ эзэмшигчид тайлбарлах;
20.2.13.гэрчилгээг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон талаар гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэж, мэдээллийг даруй гэрчилгээний мэдээллийн санд оруулах;
20.2.14.энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийг өөрийн цахим хуудсанд байршуулан тогтмол шинэчлэх;
20.2.15.хуульд заасан бусад.
20.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 20.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
20.3.1.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харилцаа холбооны улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг хугацаанд нь биелүүлж хариу мэдэгдэх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
20.3.2.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсаны дагуу гэрчилгээтэй холбоотой бүртгэл, хяналтын талаарх үнэн зөв мэдээлэл өгөх;
20.3.3.тусгай зөвшөөрөл болон түүнийг авахад бүрдүүлсэн баримт бичигт заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ талаар ажлын гурван өдрийн дотор цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр мэдэгдэх.
20.4.Хуульд өөрөөр заагаагүй бол гэрчилгээ эзэмшигч гэрчилгээг гэмтээх, хүчинтэй гэрчилгээг хүлээн авахгүй байх, хүчингүй болгосон гэрчилгээг ашиглах тохиолдолд гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээ эзэмшигчийн өмнө үүрэг хүлээхгүй.
21 дүгээр зүйл.Гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой бүртгэл хийх
21.1.Гэрчилгээжүүлэх байгууллага нь гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг хүлээн авах, энэ хуулийн 20.2.4-т заасны дагуу холбогдох мэдээллийг шалгасан талаар бүртгэл хөтөлж, бүртгэлийг хадгална.
21.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах үүргийг гүйцэтгэх бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцтэй байна:
21.2.1.хүн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авах, мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгах;
21.2.2.гэрчилгээний мэдээллийн санд гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг оруулах, мэдээллийн санг тасралтгүй ажиллуулах;
21.2.3.энэ хуулийн 20.2.12-т заасан үүргийг гүйцэтгэх;
21.2.4.энэ хуулийн 22.1-д заасны дагуу мэдээллийг нээлттэй болгох;
21.2.5.хүсэлт гаргагчийн хувийн түлхүүрийг хуулбарлаж авахгүй байх.
21.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний үндсэн дээр бусад этгээдээр энэ хуулийн 21.2-т заасан үүргийг гүйцэтгүүлж болно.
21.4.Энэ хуулийн 21.3-т заасны дагуу гэрээний үндсэн дээр бүртгэл хийх үүргийг шилжүүлэн авсан этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл хийхтэй холбоотой өгсөн үүрэг, чиглэл, даалгаврыг зөрчсөн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуулиар хүлээх үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
22 дугаар зүйл.Мэдээллийг нээлттэй болгох
22.1.Гэрчилгээжүүлэх байгууллага дараах мэдээллийг өөрийн цахим хуудас болон төрийн үйлчилгээний нэгдсэн системд ойлгомжтой байдлаар байршуулж, тогтмол шинэчилнэ:
22.1.1.гэрчилгээ олгох журам;
22.1.2.олгосон, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон гэрчилгээний дугаар.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
23 дугаар зүйл.Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
23.1.Улсын бүртгэлийн байгууллагаас бусад этгээд гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/-тэйгээр эрхэлнэ.
23.2.Тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид олгоно.
23.3.Компанийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шинээр бий болж байгаа компанид шилжүүлж болох бөгөөд шилжүүлэн авсан компани энэ хуулийн 20.1, 20.2, 20.3-т заасан эрх, үүргийг хүлээнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
24 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага
24.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах шаардлагыг хангасан байна:
24.1.1.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журмыг боловсруулж, баталсан байх;
24.1.2.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон санхүү, хүний нөөц, техник, технологи болон мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх.
24.2.Энэ хуулийн 24.1.1-д заасан гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журмыг боловсруулахдаа гэрчилгээжүүлэх байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тодорхойлно.
25 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргана:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.2.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журам;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.3.харилцагч банкны мэдэгдэл;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.4.баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.5.кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэсэн талаарх тайлан;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.6.олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын стандартын шаардлагыг хангасан талаарх тайлан;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.7.өөр төрлийн зөвшөөрөл эзэмшдэг бол зөвшөөрлийн хуулбар.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
26 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох
26.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 17 өдрийн дотор шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.2.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 25.1-д заасан баримт бичгийг хүлээн авч дараах ажиллагаа явуулна:
26.2.1.хүсэлтийг бүртгэж, бүртгэл хийгдсэн баримтыг хүсэлт гаргасан этгээдэд өгөх;
26.2.2.хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, шаардлага хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгох тухай тусгай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэх;
26.2.3.мэдэгдэл хүлээн авсан тусгай зөвшөөрөл хүсэгч даатгалд даатгуулж, холбогдох баримт бичгийг ирүүлсний дараа тусгай зөвшөөрөл олгох.
26.3.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэлийг зааж, хариуг бичгээр мэдэгдэнэ.
26.4.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор нийтэд мэдээлнэ.
26.5.Энэ хуулийн 26.2.3-т заасан даатгалын үнэлгээний доод хэмжээг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
26.6.Тусгай зөвшөөрөлд дараах мэдээллийг тусгана:
26.6.1.тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын нэр;
26.6.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;
26.6.3.эрхлэх үйл ажиллагааны төрөл;
26.6.4.тусгай зөвшөөрлийн хугацаа;
26.6.5.тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаандтавих нөхцөл, шаардлага;
26.6.6.тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;
26.6.7.тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/.
26.7.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгоход тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
26.8.Гэрээнд тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тогтоохтой холбоотой харилцааг тусгана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
27 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
27.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа таван жил байна.
27.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө хугацааг сунгуулах тухай хүсэлтийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
27.3.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 27.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.
27.4.Тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар сунгана.
27.5.Энэ хуулийн 28.1-д заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн ажлын гурван өдрийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд холбогдох тэмдэглэл хийнэ.
27.6.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ.
27.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө гэрчилгээ эзэмшигчид энэ тухай мэдэгдэнэ.
28 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
28.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд харилцаа холбооны улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл татвараас хоёр, түүнээс дээш удаа зайлсхийсэн, татвар төлөхөөс зугтсан тохиолдолд татварын албаны хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг гурав хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж болно.
28.2.Энэ хуулийн 28.1-д заасны дагуу түдгэлзүүлсэн тохиолдолд өмнө олгосон гэрчилгээ эзэмшигч тоон гарын үсэг хэрэглэх нөхцөлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хангаж ажиллах бөгөөд түдгэлзүүлсэн хугацаанд шинээр гэрчилгээ олгохгүй.
28.3.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд ажлын гурван өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.
28.4.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тохиолдолд зөвшөөрлийг сэргээнэ.
29 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
29.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
29.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
29.1.2.хуулийн этгээд татан буугдсан;
29.1.3.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
29.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.1.5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
29.2.Тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч сунгах тухай хүсэлт гаргаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно.
29.3.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлсэн гэрчилгээний мэдээллийн санг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үнэ төлбөргүй шилжүүлнэ.
29.4.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 29.3-т заасны дагуу хүлээлгэн өгсөн гэрчилгээний мэдээллийн санг гэрээний үндсэн дээр өөр тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлнэ.
29.5.Энэ хуулийн 29.1, 29.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон эсэхээс үл хамааран гэрчилгээ эзэмшигчийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа, нөхцөл хэвээр хадгалагдах бөгөөд үүнтэй холбоотой бодит зардлыг гэрчилгээний мэдээллийн санг хүлээлгэн өгсөн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
29.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу, эсхүл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
30 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглох зүйл
30.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсанаас бусад тохиолдолд гэрчилгээ эзэмшигчийн мэдээллийг бусдад дамжуулахыг хориглоно:
30.1.1.гэрчилгээ эзэмшигч өөрт хамааралтай мэдээллийг бусдад дамжуулахыг бичгээр зөвшөөрсөн;
30.1.2.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харилцаа холбооны улсын байцаагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;
30.1.3.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчилгээ эзэмшигчийн мэдээллийг эрх бүхий этгээд шаардсан.
ДОЛДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН ТҮЛХҮҮРИЙН ДЭД БҮТЦИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
31 дүгээр зүйл.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
31.1.Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
31.1.1.нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
31.1.2.нийтийн түлхүүрийг гэрчилгээжүүлэх, гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг агуулсан гэрчилгээний үндэсний санг бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах;
31.1.3.гадаад улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагаатай үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааг нийцүүлэх чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
31.1.4.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журамд тавигдах шаардлагыг тодорхойлох, аюулгүй байдлын хяналтыг тодорхойлсон баримт бичиг батлах;
31.1.5.нийтийн түлхүүрийн дэд бүтцэд тавигдах шаардлагыг батлах;
31.1.6.энэ хуулийн 26, 27, 28, 29 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хүчингүй болсонд тооцох, энэ талаар бүртгэл хөтлөх;
31.1.7.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан үйл ажиллагаанд жилд нэгээс доошгүй удаа шалгалт хийж, дүгнэлт гаргах;
31.1.8.шаардлагатай тохиолдолд гэрчилгээжүүлэх байгууллагын энэ хуульд заасан үйл ажиллагаанд олон улсын хөндлөнгийн шинжээчээр шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулах;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
31.1.9.тоон гарын үсгийн хэрэглээг төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааны уялдаа, зохион байгуулалтыг хангах;
31.1.10.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь, хэмжээг зах зээлийн багтаамж, хэрэглэгчийн тоонд үндэслэн тогтоох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
31.1.11.хуульд заасан бусад.
/Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
32 дугаар зүйл.Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг
32.1.Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар Харилцаа холбооны зохицуулах хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
32.1.1.нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглахтай холбогдсон нийтлэг дүрэм, журам, заавар боловсруулж батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
32.1.2.нийтийн түлхүүрийн дэд бүтцийн стандарт боловсруулах;
32.1.3.гэрчилгээ олгох үйлчилгээний тариф тогтоох аргачлал батлах;
32.1.4.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журамд тавигдах шаардлага, аюулгүй байдлын хяналтыг тодорхойлсон баримт бичгийг боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
32.1.5.гэрчилгээний мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
32.1.6.энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэлийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон журам батлах;
32.1.7.хуульд заасан бусад.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД
33 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
33.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
33.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
34 дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт
34.1.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гэрчилгээ олгож байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрлөө шинэчлэх тухай хүсэлт гаргана.
34.2.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх хугацаанд хүн, хуулийн этгээдэд олгосон гэрчилгээг энэ хуульд нийцүүлэх арга хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын дотор зохион байгуулна.
35 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
35.1.Энэ хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
