A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 14.13 дахь зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"14.13 дугаар зүйл.Кибер аюулгүй байдлын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Шинээр нэвтрүүлсэн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн өөрчлөлт, шинэчлэл бүрд кибер аюулгүй байдлын холбогдох шалгалт хийх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Кибер халдлага, зөрчилд өртсөн хэрэглэгчид даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Эрх бүхий байгууллагын шаардсанаар мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, эсхүл хуульд заасан хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний тайланг холбогдох байгууллагад ирүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох мэдээллийн системгүй, эсхүл шаардлага хангасан кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвд холбогдоогүй бол хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний тайланг задруулсан бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Кибер аюулгүй байдлын талаар эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Кибер аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР