- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"ХОРИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
26.1.Кибер орчинд хууль бусаар халдах
1.Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хандалтад хязгаарлалт тогтоосон, ноцтой саад учруулсан бол хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн бол хоёр жилээс арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
6.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:
6.1.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;
6.2.төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд; төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээнд; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
26.2.Кибер орчинд хууль бусаар халдах, программ хангамж, техник хэрэгсэл бүтээх, бэлтгэх, борлуулах, ашиглах, тараах
1.Энэ хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан; программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг:
2.1.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;
2.2.төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн системд; төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээнд; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Цахим мэдээллийн сүлжээнд" гэснийг "Кибер орчинд" гэж, 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын "цахим сүлжээ" гэснийг "кибер орчныг" гэж, 29.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "цахим сүлжээ" гэснийг "кибер орчин" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Кибер аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
