- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ИТГЭЛЦҮҮР, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 7 дугаарт нийтлэгдсэн/.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 07
Мандалговь
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ИТГЭЛЦҮҮР, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
Нэг.Дундговь аймгийн нутаг дэсгэрийн онцлог, эдийн засгийн давуу тал, байгаль экологийн хэв шинж, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх "Сайнцагаан сумын газрын төлбөрийн бүсийн зураг"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Сайнцагаан сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар, "Сайнцагаан сумын газрын төлбөрийн бүсчлэлийн 1м.кв газрын төлбөрийн хувь хэмжээний нэгтгэл"-ийг гуравдугаар хавсралтаар, "Сайнцагаанаас бусад сумдын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г дөрөвдүгээр хавсралтаар, Сайнцагаанаас бусад сумдын газрын төлбөрийн бүсийг тухайн сумын хил заагаар нэг бүстэй байхаар тооцон тус тус баталсугай.
Хоёр.Газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг мөрдүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ц.Мөнхбат)-д үүрэг болгосугай.
Гурав.Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг Хууль зүй Дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж хэрэгжүүлсүгэй.
Дөрөв.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ш.Энхсүх)-д үүрэг болгосугай.
ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
