- Нүүр
- Сайдын тушаал
- ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ/ДОТУУР БАЙРЫН ХҮҮХДЭД ХООЛ, ХҮНСНИЙ ХАНГАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн
А/59 дүгээр тушаалын хавсралт
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ/ДОТУУР
БАЙРЫН ХҮҮХДЭД ХООЛ, ХҮНСНИЙ ХАНГАМЖ,
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын хүүхдийн хоол, хүнсний хангамж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчдад үдийн хоолоор үйлчлэхэд энэ журмыг мөрдөнө.
1.3.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд, батлагдсан жор, технологийн дагуу хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэхэд журмын зорилго оршино.
1.4.Хүнсний хангамж, үйлчилгээнд "Хүнсний тухай хууль", "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль", "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль", "Органик хүнсний тухай хууль", "Баяжуулсан хүнсний тухай хууль", "Эрүүл ахуйн тухай хууль" болон MNS5343, MNS 6558, MNS6782, MNS6781, MNS6799 стандарт, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, норм, нормативыг тус тус баримтална.
1.5.Энэ журмыг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг үнэлэхэд ашиглаж болох бөгөөд үнэлгээ нь ил тод, нээлттэй, шударга, бодитой, хөндлөнгийн нөлөөгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
Хоёр. Хүнсний бүтээгдэхүүний хангамж,
удирдлага, зохион байгуулалт
2.1.Хүнсний хангамж, үйлчилгээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний захиалга, худалдан авалт, тээвэрлэлт, түгээлт, нийлүүлэлт, хадгалалт, чанарын шаардлага хангасан хоол, хүнсээр үйлчлэх, хяналт тавих үйл ажиллагаа тус тус хамаарна.
2.2.Цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэгч /аж ахуйн нэгж байгууллага, хоршоо, нөхөрлөл, бүлэг(нэгдэл), хуулийн этгээд/ -тэй хичээлийн жилийн эхэнд гэрээ байгуулж ажиллана.
2.2.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас хичээл, сургалт түр зогсоох тохиолдолд хоол хүнсний бүтээгдэхүүний татан авалт, хадгалалт, буцаалтын талаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэгчтэй байгуулах гэрээнд тусгана.
2.3.Гэрээний хэрэгжилтийг энэ журмын 2.4-д заасан ажлын хэсэг дүгнэнэ. Дүгнэлтийг үндэслэн гэрээг сунгах бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 8.1-т заасан орон тооны бус "Хяналтын зөвлөл"-тэй зөвшилцөн шийдвэрлэнэ.
2.4.Аймаг, нийслэлийн Засаг даргын тушаалаар байгуулсан боловсрол, мэргэжлийн хяналт, хүнсний асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг хүнс нийлүүлэгчийн гэрээний хэрэгжилтэд хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд хоёроос доошгүй удаа үнэлгээ өгч, дүгнэлт гаргана.
2.5.Улирлын онцлог, бүтээгдэхүүний хадгалалт, түүхий эдийн шинж чанарыг харгалзан бүтээгдэхүүн захиалах, нийлүүлэх хуваарийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, хүнс нийлүүлэгтэй хамтран батална.
2.6.Цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захиралтай гэрээ байгуулаагүй гуравдагч этгээдээр дамжуулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглоно.
2.7.Хоол, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний захиалга, хүлээн авах, хадгалахад дараах шаардлагыг мөрдөнө:
2.7.1.батлагдсан цэсийн дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээг бүтээгдэхүүний хорогдлыг тооцсон дүнгээр захиалга хийх;.
2.7.2.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дотоод хяналтын журамд заасны дагуу хүлээн авах;
2.7.3.хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шинж чанараас шалтгаалж 7-14 хүртэлх хоногийн нөөцтэй байхаар бэлтгэн, хадгалах;
2.7.4.хүнсний бүтээгдэхүүн бүрийн шинж чанар, хадгалах горим, нөхцөлийг харгалзан зориулалтын хөргөгч, хөлдөөгч, агуулахад ангилан хадгалах;
2.8.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэгч нь дараах шаардлагыг хангаж ажиллана:
2.8.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын захиалсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг батлагдсан хуваарийн дагуу нийлүүлнэ;
2.8.2.хүнсний түүхий эд бүтээгдэхүүн нь гарал үүслийн болон лабораторийн шинжилгээний бичиг, тохирлын баталгаатай байна;
2.8.3. бүтээгдэхүүний сав баглаа боодол нь бүрэн бүтэн, үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа нь харагдахуйц, хаяг шошго нь холбогдох стандарт шаардлага хангасан монгол хэлээр хөрвүүлэгдсэн, бүтээгдэхүүн нь чийгээ алдаагүй, физик, хими, биологийн бохирдолгүй, бүтээгдэхүүний гадна бүтэц нь эвдэрч гэмтээгүй, хадгалалт, тээвэрлэлтийн горимыг баримталсан байна;
2.8.4.энэ журмын 2.8.3-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд хүнс нийлүүлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийг буцаан авч, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг ажлын 3 хоногт нөхөн нийлүүлнэ;
2.8.5.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хомсдол, болзошгүй эрсдэл үүсэж захиалгын дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй тохиолдолд сургалтын байгууллагад 1-3 өдрийн өмнө мэдэгдэж, түүхий эд, бүтээгдэхүүнийг орлуулан солих арга хэмжээ авна;
2.8.6.хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хоолны бэлдэц нийлүүлэх тохиолдолд зохих стандартын шаардлагыг хангасан байна;
2.9.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/дотуур хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дараах бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.
2.9.1.хагас боловсруулсан хоолны бэлдэц /хэрчсэн, хэвлэсэн мах, махан бүтээгдэхүүн, гурил, төмс, хүнсний ногоо гэх мэт/;
2.9.2.баяжуулсан хүнс /гурил, давс, сүү/;
2.9.3.цэцэрлэг, сургуулийн сургалт-туршилтын талбайд тарьж ургуулсан, боловсруулсан бүтээгдэхүүн.
Гурав. Цэцэрлэг, ерөнхий боловсролын
сургууль/дотуур байрын хоол үйлдвэрлэл үйлчилгээг
зохион байгуулах
3.1.Хоол үйлдвэрлэлийн газар нь хоолны газрын болон сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургуулийн орчны стандартын шаардлагыг хангасан байна.
3.2.Хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг баримтлан хоолзүйч эсхүл технологич, эмч, ахлах тогооч нь хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон хоолны цэсийг 7-14 хоногоор боловсруулан цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлаар батлуулна.
3.2.1. цэс төлөвлөлтөд хүүхдийн хоол тэжээлийн тусгай хэрэгцээ (амандаа хийх, залгих, зажлах бэрхшээлтэй, хүнсний харшил, жингийн илүүдэл, дутал, эрүүл мэндийн шалтгаант хоолны дэглэмтэй г.м)-г харгалзан хоол хоорондын цаг богино, хоол хүнсний илчлэг, норм нормативыг нэмж/багасгаж болно.
3.2.2. сүү, сүүн бүтээгдэхүүнийг 7 хоногт хоёроос доошгүй удаа, хүйтэн, сэрүүний улиралд халуун ундаа /халуун сүү, аарц, хярам, жимсгэний шүүс гэх мэт/-гаар заавал үйлчилнэ.
3.3. Цэцэрлэгийн хоолны үйлчилгээг өглөө, үд, оройн цай/хоол, их, бага үдэд хөнгөн цай байхаар зохион байгуулах бөгөөд үйл ажиллагааны онцлогоос хамааран шөнө унтахын өмнө хөнгөн цай /сүү, тараг, зутан, аарц, жимсгэний шүүс гэх мэт/-гаар үйлчилнэ.
Цагийн тайлбар: өглөө 8.00-9.00, бага үд 10.30-11.30, үд 12.30-13.30, их үд 15.30-16.30, орой 18.00-19.00, шөнө унтахын өмнө гэдэгт унтахаас 1 цагийн өмнө буюу 21.00 цагийн орчмыг ойлгоно.
3.4. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн 2 болон 3 дугаар цагийн дараа үдийн хоолны үйлчилгээг зохион байгуулж, хооллох хугацааг сургууль зохицуулна.
3.5. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээг ангид, хооллох заалтай тохиолдолд заалаар зохион байгуулна.
3.6. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдийн хоолны үйлчилгээг өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, шөнө унтахын өмнө хөнгөн цай /зутан, сүү, тараг, аарц, жимсгэний шүүс гэх мэт/ байхаар, хооллох заалаар зохион байгуулна. зохион байгуулна.
3.7. Амьсгалын замын халдварт өвчний дэгдэлтийн үед хоолны үйлчилгээг зохион байгуулахад нэг ширээнд хүүхдийг өөд өөдөөс нь харуулж суулгахгүй байх дэглэмийг мөрдөнө.
3.8.1. бие махбодод эерэг нөлөө, сөрөг үр дагавар үзүүлж болзошгүй хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний талаар хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдээлэл хүргэх;
3.9. Эцэг эх, асран хамгаалагчдад тухайн 7 хоногийн хоолны цэс /хоолны нэр, орц, найрлага, шимт бодис, илчлэг/-ийг мэдээллийн самбарт эсхүл цахим хэлбэрээр танилцуулна.
3.9.1. Эцэг эх, асран хамгаалагч нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд тэдний онцлог хэрэгцээнд нийцүүлэн мэдээлэл өгнө.
3.10. Хүүхдийг хооллохын өмнө гарыг угаалгах эсхүл халдваргүйжүүлсэн байна.
3.11. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнээс хоолны хордлого, хордлогот халдвар гарсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журмыг мөрдөнө.
Дөрөв. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн үдийн
хоолны үйлчилгээг зохион байгуулах
4.1. Хоолны цэс төлөвлөлтийг энэ журмын 3.2.1-т заасныг баримтлан эцэг эх, асран хамгаалагчтай зөвшилцөн, хооллох хэв маягт тохируулан боловсруулж, журмын 3.2-т заасан албан тушаалтнаар батлуулна.
4.1.1. өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүнээр үйлчлэх бөгөөд аутизмтай хүүхдэд сүү, цагаан идээг оруулан хэрэглэнэ.
4.1.2. хөгжлийн бэрхшээлийн төрлөөс шалтгаалан хоол хүнсний илчлэг, норм нормативыг нэмж/багасгах тохиолдолд баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх замаар шим тэжээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц хоолоор үйлчилнэ.
4.2. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн үдийн хоолны үйлчилгээний зэрэгцээ өглөөний эсхүл бага, их үдийн цайг нэмэлтээр өгнө.
4.3. Хоолны тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн хоолыг жор технологийн дагуу боловсруулж, тусгайлсан тэмдэг тэмдэглэгээ тавина.
4.4. Хоолны үйлчилгээг журмын 3.5-заасны дагуу зохион байгуулах бөгөөд хооллох хугацааг хүүхдийн биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохицуулна.
4.5. Хоолны үйлчилгээг үзүүлэхдээ энэ журмын 3.10 дахь заалтыг мөрдөнө.
4.6. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад энэ журмын 3.8-д заасан мэдээллийг тэдний онцлог хэрэгцээнд нийцүүлэн дохио, хэвлэмэл (брайл), аудио хэлбэрээр тогтмол өгнө.
Тав. Бусад
5.1. Хүүхдийн хоол, цайны үйлчилгээг эцэг эх, асран хамгаалагчид танилцуулах үйл ажиллагаа орон тооны бус "Хяналтын зөвлөл"-тэй хамтран зохион байгуулах, гарсан санал хүсэлтэд үндэслэн улирал бүр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
5.2. Энэ журмын 2.4-т заасан гэрээний хэрэгжилт дүгнэх ажлын хэсэгт хүнс, нийлүүлэгчтэй хамаарал бүхий этгээд оролцохгүй.
5.3. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын хүнсний хангамж, үйлчилгээтэй холбоотой сургалт, үйл ажиллагааны тайлан, хяналт шалгалтын дүн, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн болон шинжилгээний бичиг баримтыг байгууллагын архивд хадгална.
5.4. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсийг сургуулийн орчинд худалдан борлуулахгүй.
5.5. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын хүүхдийн хоол хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх явцад тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзвэл иргэн, хуулийн этгээд гомдлоо холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж болно.
5.6. Энэхүү журмыг зөрчсөн хүнс нийлүүлэгч болон албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх