- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
Түүнчлэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын Мансууруулах Бодис, Гэмт Хэрэгтэй Тэмцэх Алба, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, НҮБ-ын Дархлалын Олдмол Хомсдол /ДОХ/-ын Нэгдсэн Хөтөлбөр, НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас гаргасан "хорих анги болон бусад хаалттай орчин дахь Ковид-19" хамтарсан мэдэгдэлд төр засгийн зүгээс эрх чөлөө хасах, цагдан хорих явдлыг аль болох хязгаарлах, нэн ялангуяа хэт их ачаалалтай хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлуудын тоог бууруулах, хорих ялаас өөр төрлийн хариуцлагын арга хэмжээ авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсныг хуулийг баталахад харгалзан үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай хууль 5 бүлэг, 13 зүйлтэй ба 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах ба өршөөлд хамааруулах гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнчлэн дээрх гэмт хэргийн суурь гэмт хэрэг болох татвар төлөхөөс зайлсхийх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүй.
Мөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргийг бүлгээр нь, хүнийг алах, галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тариалах, худалдаалах, хэрэглэх орон байраар хангах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, байгаль орчныг бохирдуулах, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах зэрэг 38 төрлийн гэмт хэргийг, өмчийн эсрэг гэмт хэрэг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх зэрэг 19 төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өршөөлд хамааруулахгүй.
Түүнчлэн өмнө Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй. Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгаж, хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйл заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.
Өршөөлд хамааруулахгүйгээс бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бөгөөд хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байна.
Өршөөлд хамруулахгүй зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаа өршөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан.
Харин Зөрчлийн тухай хуульд заасан Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил, Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчил, гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих, хог хаягдлын тухай хууль зөрчих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих, садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих, хүүхдийн эрхийг зөрчих, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих, Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих зэрэг нийт 2 бүлэг, 38 зөрчлийг өршөөлд хамааруулахгүй.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө.
Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон, мөн зөрчлийн шийтгэлээс өршөөн чөлөөлсөн, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж, өсвөр насны 25 хүн, нийт 1800 орчим буюу нийт хоригдлын 46.4 хувь нь хамрагдана.
Түүнчлэн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 126 ялтан байна.
Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2500 орчим, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 160, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон 1200 гаруй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, нийт 4000 гаруй этгээд хамрагдана. Торгох шийтгэлтэй 193, хохирол нөхөн төлбөр гаргуулах, хөрөнгө, орлогыг хураах 74 албадлагын арга хэмжээ авагдсан хүн, хуулийн этгээд үлдэхээр байна.
Текст томруулах
A
A
A